Нийгмийн

Шинээр Төмөр замын газар байгуулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ

УИХ-ын чуулган хуралдлаа.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Тогтоолын төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус танилцуулав.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд “төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх”-аар тус тус заасан. Гэвч Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг тусгалгүй орхигдуулсан гэж Зам, тээврийн сайд  төслийн танилцуулгадаа дурдав. Мөн ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газартай байдаг. Манай улс хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг гүйцэтгэсээр ирсэн гэлээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2007 онд хууль батлагдаж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдэн, төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны байдлаар 42.5 сая тонн болж 2.8 дахин өсчээ. Энэ салбарт нийт 15 мянга орчим хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байсан бол ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замуудтай нийлээд сүлжээний нийт урт 4200 км болж 3.7 дахин өссөн байна. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэх тооцоолол гарч байгааг сайд тодотгосон.

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөсөн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэнийг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төриин захиргааны байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай байхаар зохицуулсныг дурдаад хууль санаачлагч Зам, тээврийн яам болон "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв"-ийн орон тоо болон нөөцийг ашиглан төсөвт дарамт учруулахгүйгээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулан үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсныг дурдав. Мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа төмөр замын агентлаг байгуулах зайлшгүй шаардлага болон Төрийн хэмнэлтийн тухай хуультай зөрчилдөх эсэх, мөн агентлагийн бүтэц орон тоо, цалингийн шатлал, төсвийн талаар тодруулав. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариултдаа, төмөр замын агентлагтай байна гэдэг холбогдох хуулийн заалт бий. Мөн тухайлсан агентлаггүй байсан шалтгаан нь Монгол Улс өмнө нь орос, монголын хамтарсан төмөр замтай байсан учраас энэ үүргийг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг давхар хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой гэв. Мөн Монгол Улс төр, хувийн хэвшлийн хүрээнд цөөнгүй төмөр замтай болсон тул төрөөс тэдгээр төмөр замуудын хөдөлгөөнийг нь удирдах, зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Бусад улс оронтой тэгш харилцаатай байх үүднээс "Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв" дээр суурилж байгуулагдаж буй тул төрийн бүтэц данхайх, холбогдох хуультай зөрчилдөх зэрэг ямар нэгэн дарамт үүсэхгүй хэмээн тайлбарлаж байлаа.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button