Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор 87 иргэн амиа алдсан байна

Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 2124 тохиолдол бүртгэгдсэнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тухайлбал, өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 712 тохиолдол бүртгэгдэж, 87 иргэн амиа алджээ. Энэ нь 2023 оныхтой харьцуулбал 49 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийм төрлийн осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд олонх нь уул уурхай, батлан хамгаалах, барилга, авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажилладаг байна.
Иймд тус яамныхан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт тогтолцооны зургаан шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа онцоллоо. Үүний хүрээнд 2025-2028 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог сайжруулахаар төлөвлөжээ. Мөн хөдөлмөрийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилт, эрт илрүүлэг зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх юм байна. Түүнчлэн эрдэм шинжилгээ судалгаа, статистикийг хөгжүүлэн, салбар бүрд мэргэжлийн ажиллах хүчин бүрдүүлэх үндэсний тогтолцооны шинэчлэл хийнэ хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.