Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Айлчлалын тойм: Том төслүүдэд Польш хөрөнгө оруулж, боловсрол, ХАА салбарт Чех дэмжлэг үзүүлэхээр тохиролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Хүрэлсүх энэ оны хоёр дахь айлчлалаа өнгөрсөн өдрүүдэд Бүгд найрамдах Чех Улсад хийлээ. Харин энэ цаг мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.

Иймд энэ долоо хоногт болсон эдгээр томоохон айлчлалуудыг тоймлон хүргэж байна.

-Соёл урлаг, түүхээ онцолж, 100 гаруй жилийн найрсаг харилцааг бататган сэргээсэн Чехийн айлчлал-

Бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Павел манай талыг урьсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад гурван өдрийн айлчлал хийлээ.

Чех бол Европын холбооны гишүүн орон тул манай гуравдагч хөрш. Мөн Европын орнуудаас хамгийн олон монгол хүн оршин суудаг улс. Тэр утгаар дипломат харилцаа тогтоосон 1990 оноос хойш бидний хувьд Чех яах аргагүй чухал орон болж хувирсан.

Харин энэхүү айлчлалаар 100 гаруй жилийн уламжлалт найрсаг харилцааг сэргээн баталгаажуулж, соёл урлаг, оюун санааны олон тэмдэглэлт үйл ажиллагааг хийлээ. Түүнчлэн эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаа ч илэрхийлсэн. Мэдээж хоёр орны харилцааг "Иж бүрэн түншлэл"-ийн хэмжээнд ахиулан тунхагласан нь онцоллоо.

Айлчлал эхэлсэн өдөр ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прагийн шилтгээний хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр үг бичиж үлдээсэн. Үүндээ “...монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г дэлхий дахинд тогтоож байсан лугаа адил дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэжээ.

Улмаар албан ёсны хэлэлцээ эхэлсэн бөгөөд, харилцааны бэлгэ тэмдэг болох хэмжээний харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, салбар салбарт идэвхтэй хамтран ажиллана гэж харилцан тохиров. Мөн НҮБ хийгээд олон улсын нөхцөл байдал тойрсон сэдвээр тодорхой санал солилцсон байна.


Мөн энэхүү айлчлалаар талууд нэг тунхаглал, хоёр хэлэлцээр, гурван санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсан хэлэлцээрт дараах агуулгууд багтав.

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал. Үүгээр дипломат харилцааны шатлалаа ахиулж, баталгаажуулсан.
  •  “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”. Энэ хүрээнд гэмт хэргийг илрүүлэх, олж тогтоох чиглэлд хоорондоо шууд харилцаж, шуурхай хамтран ажиллах ойлголцолд хүрсэн. Мөн кримонологи, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар судалгаа хийнэ, мэргэжилтнүүдийг сургана.
  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”. Үүгээр “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг Чехэнд сургах боломжоор хангав. Мөн жил бүр хоёр улсын хэл, соёлыг суралцах зуны сургалт хамтран зохион байгуулахаар боллоо.
  • “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Энэ хүрээнд ХАА, МАА-ын чиглэлээр хамтарч ажиллахаа бататгаж, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргана.
  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Үүгээр бол дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалахын тулд хамтарч ажиллана. Чех бол тахь сэргээн нутагшуулсан туршлагатай юм байна.
  • “Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Энэ хүрээнд спортын холбоод болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, менежмент болон цахимжуулалтад мэдлэг туршлага солилцоно.

-Ерөнхийлөгч Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүлж, Морин хуурын чуулга Прагийн шилтгээнд тоглов-

Түүнчлэн уг айлчлалаас онцлох нь Монгол Улсын морин хуурын чуулга Прагийн шилтгээнд 100 дахь гадаад тоглолтоо хийсэн үйл явдал байв. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чех геологичид хүндэтгэл үзүүлсэн тус айлчлалын хамгийн сонирхолтой үйл явдал боллоо.

Үйл явдлыг дэлгэрүүлбэл, Айлчлалын сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. 98 настай М.Краутер 1960-аад онд Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийг ахлагчаар ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийг Монголоос мордохын өмнө энэхүү геологичид хүндэтгэл үзүүлэхийг уриалж байсан. Үүн дээр ч мэдрэг хандсан нь гадаад, дотоод аль аль талдаа оновчтой алхам боллоо.

Харин соёл урлаг, оюун санааны агуулгаар морин хуурын чуулга тоглолтоо хийж, "Чингис хаан" музей үзмэрүүдээ дэлгэсэн нь анхаарал татлаа.

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав. Тоглолтыг Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхсон.

Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил  бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барьжээ. Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниум-д тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь боллоо.

Ийнхүү удаан хугацааны хамтын ажиллагаатай, гуравдагч хөршийн томоохон баталгаа болсон Чех улстай “Иж бүрэн түншлэл” тогтоож, хэд хэдэн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэхээ баталгаажуулснаас гадна өөрийн орны гадаад бодлогын амбицыг оновчтой илэрхийлсэн түүхэн айлчлал болон өндөрлөв.


-Хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргасан Польшийн айлчлал-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад хоёр өдрийн айлчлал хийж буй.

Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт өнгөрсөн 2024 оны хавар манай улсад төрийн айлчлал хийсэн. Цар тахалын үед яригдаж хойшилсоор өнгөрсөн жил биелэлээ олсон уг айлчлал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл албан тушаалд сууснаас хойш анхны томоохон айлчлал байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх айлчлалын хариу болгож Польш Улсад 12 жилийн дараа айлчилж буй нь энэ юм.

Польш улсын түүхийг сөхвөөс манай улстай төстэй томоохон үйл явдал нийгэмд нь өрнөсөн байдаг. Мөн хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийнх давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн тул найрсаг харилцаа, харилцан түншлэлээ таслалгүй өнөөдрийг хүрэв. Харин энэ удаагийн айлчлал өмнөх айлчлалуудаас онцлохуйц том, үр дүнтэй боллоо.

Энэ удаагын айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн нар хэд хэдэн хэлэлцээ байгуулж албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ хүрээнд айлчлалаар талууд дараах хэлэлцээг байгуулж, тохиролцоонд хүрлээ.

  • Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, геологи, дэд бүтэц, тээвэр ложистик, боловсрол, шинжлэх ухаан, археологи, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов.
  • Польшийн тал “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
  • Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт польшийн тал дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, мэргэжилтнүүд бэлтгэн, туршлагаа хуваалцана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулахаар тогтлоо.

Мөн хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд хоёр улсын төр, засгийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа. Үүнд:

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошэвски нар гарын үсэг зурлаа.
  • Улс төрийн яриа хэлэлцээ, парламентын хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг нарийвчлан тогтлоо.
  • “Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, польшийн талаас Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Гжегож Цессак нар гарын үсэг зурлаа.
  • Монгол Улсад эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтэд европ стандарт нутагшуулах, бүртгэл, аюулгүй байдал, тандалт судалгааны мэдээлэл солилцоно. Монгол Улсад аюулгүй, чанартай баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
  • “Хамтран ажиллах тухй Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Дайны урлагийн сургууль хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ректор Сүрэнхорлоогийн Дашзэвэг, польшийн талаас Дайны урлагийн сургуулийн ректор Мечислав Гоцул нарын гарын үсэг зурлаа.
  • Хамтарсан судалгаа, шинжилгээ, сургалт, хурал, семинар зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сонсогч, багш, ажилтнуудын харилцан солилцооны чиглэлээр хамтран ажиллана.  Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутагт харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийн ур чадварыг улам нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. 
  • “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Марек Конажевски нар гарын үсэг зурлаа.
  • Талууд 1960-аад оны дунд үеэс түүх, угсаатан зүй, палеонтологи, биологийн салбарт идэвхтэй хамтарч ирсэн. Хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, цар хүрээ, чиглэл өргөжин тэлж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төслийн тоо нэмэгдэх, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах,  академи хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно.
  • “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академийн Палеобиологийн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Зоригтын Бадамхатан, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Палебиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски,
  • Академиуд 1963-1971 онд Монголын говьд палеонтологийн хамтарсан хээрийн судалгаа хийж байсан түүхтэй. Үүний дүнд үлэг гүрвэл, хөхтөн, мөлхөгчид зэрэг эртний нугаламт амьтдын томоохон хэмжээний цуглуулга бий болсны зэрэгцээ  шинжлэх ухааны олон сонирхолтой нээлт хийсэн. Академи хоорондын хамтын  ажиллагаа шинэ түвшинд гарч палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлэх үндэс суурь тавигдлаа.
  • “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний телевиз хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, польшийн талаас Үндэсний телевизийн орлогч захирал Павел Сосновски нарын гарын үсэг зурлаа.
  • Хамтын ажиллагааг эхлүүлэх, хоёр улсын түүх, өв соёлыг харуулсан хамтарсан уран бүтээл хийх, хүний нөөцийг чадавхжуулах замаар монгол, польш хоорондын түүх, өв соёл, байгаль орчин, соёлын солилцоог өргөн нэвтрүүлгийн салбарт хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой баримт бичиг юм.
  • “Хамтран ажиллах тухай Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Польшийн Хэвлэлийн агентлаг хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь, польшийн талаас Хэвлэлийн агентлагийн ерөнхий редактор Войцех Тумидалски нар гарын үсэг зурлаа.
  • Улс төрийн харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, бизнес, аялал жуулчлал, соёл урлаг, түүхийн талаарх мэдээ,  мэдээллийг харилцан солилцож, мэдээллийн сувгаараа нийтэд түгээнэ. Хамтын ажиллагааг идэвхжүүлж, сэтгүүлчид болон бусад мэргэжилтний солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, мэдлэг, туршлага солилцоно.
  • “Монгол кино нэгтгэл болон Бүгд Найрамдах Польш Улсын Баримтат ба уран сайхны кино үйлдвэр хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Монгол кино” нэгтгэлийн захирал Бүдсүрэнгийн Түмэн-Өлзий, польшийн талаас Баримтат ба уран сайхны кино үйлдвэрийн орлогч захирал Агнешка Бендковска нар гарын үсэг зурлаа.
  • Хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, кино зураг авалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, сургалт явуулах, кино үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд бэлтгэх, орчин үеийн киноны тоног төхөөрөмжийн худалдан авалт, түрээс, арчилгааны талаар туршлага солилцоно.
  • “Монгол Улсын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Ягеллоны их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Их сургуулийн ректор Баянжаргалын Очирхуяг, польшийн талаас Ягеллоны их сургуулийн ректор Пётр Едынак нар гарын үсэг зурлаа.
  • Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судалгаа хийх боломж бүрдэнэ. Оюутан, багш нарын солилцоогоор дамжуулан соёлын харилцааг гүнзгийрүүлж, боловсролын салбарын олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулна. Залуу судлаачид европын санхүүжилттэй тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдах, монгол оюутнууд Польшид суралцах, судалгаа хийх, тэтгэлэгт хамрагдах боломж бүрдлээ.
  • “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Ф.Шопены нэрэмжит хөгжмийн их сургуулийн ректор Томаш Штрал нар гарын үсэг зурлаа.
  • Монгол Улсын Консерватори 2011 оноос Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг тус улсын Элчин сайдын яамтай хамтран дөрвөн удаа зохион байгуулсан. Цаашид монголын үндэсний болон шинэ хөгжмийн бүтээлүүдийг сурталчлах, уран бүтээлийн эмхэтгэл, ноот, партитур зэргийг тус сургуульд тоглох зэргээр хамтарна. 
  • “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын К.Шимановскийн нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко нар гарын үсэг зурлаа.
  • Багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, хөгжмийн зохиолчдын бүтээлийг солилцох, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бага хурал зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Төв аймаг, Бүгд Найрамдах Польш Улсын Мазовецки муж хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Лхагвасүрэнгийн Төмөрчөдөр, польшийн талаас Мазовецки мужийн Удирдах зөвлөлийн гишүүн Янина Орзеловска нар гарын үсэг зурлаа.
  • Оюутан, багш, судлаачдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын арга хэмжээ зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцох, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

-Ерөнхийлөгч нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, үг бичив-

Айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, үг бичив.

Ингэхдээ Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ. Энэ үйлдэл нь хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд нөлөөлөхүйц зөв алхам болов.


Мөн уг айлчлалын бас нэгэн онцлох үйл явдал нь Ерөнхийлөгчид тус улсын Сенатын дарга Малгожата Кидава-Блоньска бараалхсан явдал.

Энэ уулзалтын үеэр талууд боловсрол, шинжлэх ухаан, геологи, палеонтологи, соёл, кино урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Цаашлаад Ерөнхийлөгчийн айлчлал Польш, Монголын бизнес форум, Польшид суралцаж буй “Илгээлт-2100” хөтөлбөрийн оюунтуудыг хүлээж авах зэрэг үйл ажиллагаагаар үргэлжилж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Borgil
Borgil
3 сар 15, 2025 11:05

Shall hudlaa baahan sanamj bichig zurj ntr. manai irged geree gej oilgood davhchina kk yun ch olon honog yavdiin, gadny ailchlaluud 1 honogt, zarim n buur hedhen tsagt amjuulah jisheenii,

Зочин
Зочин
3 сар 15, 2025 13:46

Польш бас л сайхан худлаа шүгэлддэг улсууд шүү. Сэгсэлзүүр Газрын тос боловсруулах үйлдвэр ээ харчих. Тэрийгээ цэгцлээч

Зочин
Зочин
3 сар 16, 2025 18:28
Reply to  Зочин

Газрын тосны үйлдвэр нохойн баас болсон ш дээ! Угаасаа ардын намынхан авлига хулгай л хийж чадна, үйлдвэр энэ тэр юм барина байгуулна гээд том том шаадгийн, тэгээд л байхгүй молиго худлаа ярина, худлаа амлана тэгээл дуусаа!

зочин
зочин
3 сар 17, 2025 11:09

манай эдийн засагт нөлөө үзүүлэх ямарч юм �##�га даа

Холбоотой мэдээ

Back to top button