"Ноорог"-ийг тойрсон өнөөдрийн өрнөл

“Ноорог” медиагийн хамт олныг урд шөнө ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс байцаасан нь өнөөдрийн онцлох сэдэв болж байна.
- Ямар үндэслэлээр шалгаж буйгаа анхлан мэдэгдээгүй
- Урьдчилж асуугаагүй мөртлөө байршлыг мэдэж очсон
- Өмгөөлөгчгүй байхад хувийн гар утсыг нь шалгасан
- Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй байхад нууц хадгалах бичигт гарын үсэг зуруулахыг оролдсон
- Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх хүсэлтээ илэрхийлээд байхад үүрийн 06.30 цаг хүртэл суулгасан
- Эрүүгийн хуулийн 19.9 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” заалтад үндэслэн, баривчлах хүсэлт прокурорт гаргасан зэрэг мэдээллийг “Ноорог”-ийн зүгээс хэвлэлийн бага хурал хийхдээ өгөөд буй.
“Ноорог” медиагийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад тооцогдохгүй ч контент бүтээгч, пи-ар агентлаг гэж явдаг бөгөөд үүнийг Гүйцэтгэх захирал О.Уламсайхан ярилцлага өгөхдөө тодотгож байв.
Үнэн хэрэгтээ нийтэлж, нэвтрүүлж буй контентуудынх нь цөөн хувийг улс төрийн агуулга эзэлдэг, тэр нь либерал үзэл баримтлалтай, баримтад тулгуурласан байдгаар онцлог. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл явцыг баримтжуулсан “18 хоног” киногоо үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байсан.
Ийм залуу хамт олныг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” хэмээх, 20 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар шалгана гэдэг анхнаасаа анхаарал татсан юм. Түүнчлэн, энэ цагдаа биш Тагнуулын ерөнхий газрын эрхлэх асуудлын хүрээн дэх агуулга билээ.
Энэхүү үйл явдал олон нийтийн эрх чөлөөний сэрэмж өндөр байгааг тодхон илтгээд байна.
Харин тэднийг хэвлэлийн бага хурал хийхээс өмнө хэд хэдэн сайтаар “MCS группээс санхүүжиж, тролл баг ажиллуулсан, жагсаал өдөөсөн нь илэрчээ” гэх утгатай мэдээлэл түгээж таарлаа. Улмаар эрх баригч намын захиалгаар цагдаагийн байгууллага ажилласан уу, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдав уу гэдэг хардлага бөгөөд шүүмжлэл цахим орчинд хүчтэй давлагаалж байна.
Дараа нь ЦЕГ-аас албан мэдээлэл өгөв. Ингэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ямар нэг хууль зөрчөөгүй. Тэдний контент, нийтэлж нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбоотой ямар нэг шалгалт хийгээгүй. Харин иргэний гомдлоор, хувь хүний нууцад халдсан, задруулсан, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ прокурорт мэдэгдсэн. 19.9 заалтын талаар мэдэхгүй байна, цахим орчинд л ийм мэдээллүүд түгсэн” гэж хэллээ.
Иргэний гомдол гэдэг нь, ЦЕГ-ын цахим хуудас руу нэгэн иргэн өөрийн Фэйсбүүк хаягаар дамжуулан “Ноорог-ийн контентоос болж хүн амиа хорлох гээд байна” хэмээн бичсэн явдал гэв. Энэ чатыг өөрийн нүдээр харсан, байцаагч үзүүлсэн гэдгийг О.Уламсайхан хэлж буй.
Тэгэхээр ерөнхий дүр зургаар бол,
- Нэгэн иргэн ЦЕГ руу Фэйсбүүкээр мэдээлэл өгсөн (гомдол гаргасан)
- Үүнийг хойшлуулшгүй мөрдөн шалгах шаардлагатай гэж үзэн, прокуророос зөвшөөрөл авсан (Баривчлах зөвшөөрөл биш)
- Улмаар нэгжлэг хийж, тэднийг байцаасан
- Энэ явцдаа “Та нарыг цаашид Эрүүгийн хуулийн 19.9-өөр баривчилна” гэх агуулгаар мэдээлэл өгсөн л гэж ойлгогдож байна.
Өмгөөлөгч нарын хэлснээр, хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй байгаа учраас хэргийн зүйл заалт тодорхой болоогүй байна. Одоо зүйл заалт ярих эрт байгаа гэсэн үг.
Тэгэхээр 19.9 гэсэн ноцтой бөгөөд процессын хувьд яригдах болоогүй заалтыг яагаад байцаагч “Ноорог”-ийн залууст хэлэв. Айлгах гэсэн оролдлого мөн үү? Нөгөөтээгүүр, иргэн ЦЕГ руу чат бичээд л, тэр дагуу нь ийм сүржин ажиллагаа явагдсан гэвэл дэндүү хийсвэр юм. Тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг тууштай зогсдог, эрх баригч намыг шүүмжилдэг залуу бие даасан медиа энэ асуудалд өртөөд байгаа нь анхаарал татаж буй.
Одоогийн байдлаар “Ноорог”-ийн найман залуу өмгөөлөгчийн хамт эхний мэдүүлгээ өгсөн. Мөн тэдний техник хэрэгсэл, гар утсыг хураан авсан. Цаашлаад мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа зүйл заалтыг тодорхой болгож, хэргийг прокурорт шилжүүлэх хүлээлттэй байна.
Үүний дараа “Ноорог”-ийнхон ямар хувь хүний нууцад халдаж задруулсан юм, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үнэн үү гэдэг нь ойлгомжтой болно.
2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө л гэхэд эрх баригч намаас зөвхөн “Ноорог”-ийн эсрэг чиглэсэн хуудас нээн ажиллуулж байв. Мөн нэн даруй MCS-тэй “нааж” мэдээлсэн өнцгүүд олноор гарч ирсэн учраас, энэ бүхний цаана зорилго байна гэж хардах үндэслэлүүд бүрдээд байна.
О.Уламсайханы хувьд “Бид тролл баг ажиллуулаагүй. Бизнесийн зарчмаар бүх л групп компаниудтай хамтран ажилладаг, бүх хэвлэл мэдээллийн байгууллага адилхан тэгдэг. Манай бэлтгэж байгаа кинонд тодорхой нэр бүхий улстөрч рүү чиглэсэн өнцөг, улс төрийн зорилго байхгүй” хэмээн мэдэгдээд байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хууль арай л Сул байна шүү.Яагаад энэ хэдэн бацаанд барьца�##�агдчихсан юм шиг Чөлөөтэй явуулаад ,Яриулаад байна.Ингэхээр л бүүр Давардаг юм.Сайн ш�##�га.Мэдээлэл битгиы өгүүл.Нөгөө л хэдэн Хар хэрээ шиг УИХ-ын гишүүд,Троллууд бас Хөхүүлэн дэмжигчид АРАЙ арай л бна.Сайн ш�##�га.Дандаа захи�##�гат л сэвэлт шүү.ЗГ -ын гишүүд ,Нам дотроос нь явуулдаг Танил техинологи бна..Ер нь иймэрхүү бусармаг үйл ажиллагааг Таслан сэргийлэх хэрэгтэй.