"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүнийг хяналтанд авч, ажиглаж байна"

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.03.28/ менингоккокт халдвар болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр, Менингоккокт халдварын дөрвөн тохиолдол батлагдлаа. Хамгийн сүүлд Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд эндсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, амь тэмцсэн байдалтай аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан учраас харамсалтайгаар нас барлаа.
Манай улсад тууралтат халдварын улирал үргэлжилж байна. Тиймээс халуурсан, тууралт гарсан шинж тэмдэгтэй хүүхдээ яаралтай эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. Менингоккокт халдвараар нас барсан хоёр тохиолдол цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас болсон. Тиймээс халуурсан шинж тэмдэг илэрсэн бол тууралт гарахаас нь өмнө эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Менингококкт халдварын үед огцом өндөр хэмээр халуурах бөгөөд тууралт гарах нь хүндэрснийг илтгэнэ.
Мөн өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 114 тохиолдол, сэжигтэй 123, эдгэрсэн 32 тохиолдол байна. Сүүлийн үед улаанбурхан, салхин цэцэг, хоолны хордлого ихээр бүртгэгдэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа, "Улаанбурхан өвчний хавьталд орсон 7220 хүнийг хяналтад авч, ажиглалт хийж байна. Анх хоёрдугаар сарын 14-нд бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн тохиолдлоос хойш сүүлийн 14 хоногт улаанбурхан өвчний халдвар огцом нэмэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймгуудад хамгийн ихээр бүртгэгдэж, тохиолдлын тоо буурахгүй байна. Батлагдсан тохиолдлыг насны хувьд авч үзвэл 10-14 насныхан илүүтэй өвчилж байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.