САЙН МЭДЭЭ: Ахмад шатарчид Ази тивийн Дэд аваргууд боллоо

Азийн шатрын холбооноос 2020 оны 7-р сарын 14-21-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээний 65-аас дээш насны эрэгтэй ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Гавьяат дасгалжуулагч, ДШХ-ны мастер Ж.Лхагва хоёрдугаар байрт, эмэгтэй ангилалд Ахмадын багийн хошой Дэлхийн аварга, Спортын мастер Д.Сэржмядаг хоёрдугаар байрт тус тус шалгарч Олон улсын шатрын өдөр тохиож буй энэ сайхан өдөр Ахмадын Ази тивийн дэд аваргууд боллоо.

Тэмцээний финалын шатанд Ази тивийн долоон бүс тус бүрээс эхний гурван байрт шалгарч финалын шатны тэмцээнд оролцох эрхээ авсан бүсийн аваргууд болох 19 ахмад шатарчин өрсөлдсөнөөс тэмцээний туршид Казахстан улсын тамирчин Примбетов Мараттай хамт тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байсан ДШХМ Ж.Лхагва сүүлийн өрөгт хожигдол хүлээж 0.5 онооны зөрүүтэй хоёрдугаар байр эзэлсэн бол СМ Д.Сэржмядаг тэмцээний хоёрдугаар хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч тоглон сүүлийн хоёр өрөгт Казахстан улсын хүчтэй тамирчид болох ОУМ Нукин Тулегэн, тус тэмцээний аварга Примбетов Марат нартай таарч тоглон хоёр дараалан тэнцсэн үзүүлэлтээр мөн эмэгтэй ангилалд хоёрдугаар байрт эрэмбэлэгдлээ.

Олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг болох Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад шатарчиддаа болон тэмцээнийг цахим орчинд өндөр хурдны интернет, сүүлийн үеийн компьютерт тулгуурлан тоглох бололцоо нөхцөлийг хангаж өгсөн Мэдээлэл технологийн үндэсний паркийн хамт олондоо Монголын Шатрын Холбоо нийт шатрын их гэр бүлийн өмнөөс талархал дэвшүүлж байна.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.