Нийгмийн

"Ид шидийн уут аян ”-д тав дахь удаа ӨВЛИЙН ӨВГӨН болж буй О.Мөнхсүлдтэй ярилцлаа

Хотын захын буйдхан гэрт шинэ оноо угтах өдрүүд хэрхэн өрнөдөг вэ. Үүнийг олон жил тольдож, нийгмийнхээ хөндүүр цэгийн байр байдлыг байж болох чангаараа хашгирч буй газар бол “Лантуун дохио” ТББ юм. Эднийх жил бүр шинэ оны босгон дээр “Ид шидийн уут”-ыг задалж аз жаргалыг түгээдэг уламжлалтай.

Тэгвэл шинэ оноо угтахын өмнөх зорилтот бүлгийн өрхүүдийн байр байдал, өвлийн өвөө байх тэрхэн агшнаас үлдсэн дурсамж, мэдрэмжийн талаар "Ид шидийн уут аян ”-д тав дахь жилдээ өвлийн өвөө болсон О.Мөнхсүлдтэй ярилцлаа.

-Өвлийн өвгөн болох танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Өвлийн өвгөн болж хүүхэд багачуудтай уулзах нь намайг өөрөөр мэдрүүлдэг. Наятай ч бай, найман настай ч бай бүгдийг нь "Миний хүү” гэж дууддаг учраас хүндлүүлсэн мэдрэмжийг энэ жилийн орсон 38 өрхийн 400 орчим хүүхэд, тэдний гэр бүлээс авлаа. Энэ утгаараа намайг хараад "Өвөө” гээд үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа хүүхдийг харах сайхан. Бид бэлэг тарааж явахдаа баг болдог бөгөөд нэг баг дөрвөөс зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Яг ийм 17 баг энэ жил гарсан.

Өвлийн өвгөн болоод үргэлж хотын зах хязгаараар явж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүрэхийг зорьдог л доо. Ингэхдээ хамгийн ихээр баяр төрүүлдэг зүйл нь хүүхдийн нүд өөрчлөгдөж, гялалзахыг харах юм. Намайг хүүхдүүдтэй ярилцаж байх зуур алиалагч, цасан охид маань хөгжөөж, тэднийг илүү чөлөөтэй байлгахын тулд бүхий л эрчмээ зарцуулна. Анх ороход бидэн рүү харсан хүүхдийн харц гарах үед жаахан ч гэсэн оч үсрээд дуу нь чангардаг. Үүнийг харах нь л бидний тухайн айлд орсон зорилго юм шүү дээ.

-Бэлэг өгөх хүүхдүүдээ хэрхэн сонгодог вэ?

-Бид зорилтот айлыг хайдаг. Үүний тулд судалгаа хийнэ. Анх хорооноос нь зорилтот өрхийн судалгааг автал хамаатны болон төрөл төрөгсдийнхөө боломжийн амьдралтай айл руу дагуулсан. Тиймээс бид хорооноос судалгааг авалгүй өөрсдөө дөрвөн долоо хоногийн турш айлуудаар явж судлахын зэрэгцээ дэлгүүр болон худгийн хүмүүсээс асууж зорилтот айлуудаа олсон.

Сургууль, хорооноос нь асуугаагүй очиж байгаа учраас тухайн айлынхаа хувьд бид хэзээ ч төлөвлөөгүй зочид байдаг. Төсөөлөөгүй байхад нь ороод баяр түгээх юм бол тэр айлд шинэ оны өмнө гэнэтийн эерэг уур амьсгалыг оруулж, жаргал түгээлээ хэмээн баярлацгаана.

-Хамгийн анх өвлийн өвөө болж байсан сэтгэгдлээс хуваалцаач.

-Анх өвлийн өвөө болоод хүүхдүүдэд бэлэг өгч явах үед зургийг маань хэдэн талаас дараад байгаа нь худлаа санагдаад, үнэнийг хэлэхэд таалагдаагүй. Тэр үед зураг авч байгаа нь ямар үр дүнтэй вэ гэдгийг ойлгоогүй байсан хэрэг. Дараа нь бодох нь ээ ийм нөхцөлд хүүхдүүд амьдарч байна гэдгийг харуулахын сацуу нийгэмд бидний түгээж чадах нөлөөлөл тэр байсан.

-Өвлийн өвгөн болж ороод хүүхдүүдтэй ярилцдаг тухайгаа түрүүн хэлсэн. Юун тухай ярьдаг юм бэ?

-Айл болгоны уур амьсгал өөр байдаг учраас тухайн хүүхдээ харж байгаад дуу, шүлэг уншуулж, дуртай зүйлийг нь мэдэж авна. Хүүхдийн нүд рүү харж байгаад ярилцах, сонсохыг илүүд үздэг. Тиймээс юуг ярихыг хүсэж байгааг нь мэдэрнэ. Миний хүүхдийг хэн гэдэг, том болоод ямар мэргэжилтэй болох вэ, юу мөрөөддөг вэ, ямар ямар найз байдаг, тэдэнтэйгээ хамт юу хийдэг вэ гэх мэтээр ярилцана.

Мөрөөдсөн, зорьсон зүйлгүй хүүхдүүдэд шинэ он гарна гэдэг амьдралд нэгэн шинэ хуудсыг нээж байдаг учраас миний хүү ирэх онд өөрийн хүсэл, мөрөөдлөө олоорой, найзуудтай болж түүнээсээ аз жаргал мэдэрч, тэмүүлэлтэй болох хэрэгтэйг ойлгуулахыг хичээнэ.

-Айл болгоны уур амьсгал өөр гэлээ?

-Зарим айл бусдын нүдээр муухай харагдаж болох ч тэр айлын хувьд хамгийн тухтай гэр нь. Новширсон ч бай хаалганы цаана Монголын айлын нэг өдрийн амьдрал өрнөж байсан. Харин байгаа орчных нь хувьд биш хүүхэдтэйгээ харьцах хандлагын хувьд миний орсон дийлэнх айл муу байсан. Ээж, аавууд нь хүүхэдтэйгээ гоё харьцахгүй "Тэг, ингэ” гээд л захирч, зандраад байсан.

-Үүний шалтгааныг юунаас болж байгаа гэж анзаарав?

-Монголд дөнгөж 30 хүрч байгаа ч тав, зургаан хүүхэдтэй залуу эмэгтэйчүүд их байна. Ийм залуудаа олон хүүхэдтэй болчхоор стрессээ даахгүй байх шиг л санагдсан. Дөнгөж суръя, мэдье, хорвоотой танилцъя гэх наснаасаа тасралтгүй 10 жил ээж болчихсон учраас төрсний дараас стрессээсээ ч салаагүй олон жил амьдарчээ, тэд.

Гэр бүлийн төлөвшил, хүүхэдтэй хэрхэн зөв харьцах талаараа ямар ч мэдлэггүй байхдаа ийм олон хүүхэдтэй болчихсон учраас хоолыг нь таслахгүй юм шүү гэж л боддог мэт. Манай багийн орсон 38 айлаас тав нь хүүхдүүдээ хаяад шоронд орсон байсан. Зарим нь архинд орсон байв. Харин үлдэж хоцорсон хүүхдүүдэд төрсөн ээж, аавын энэрэл дутах нь хамгийн наад захын асуудал болж үлдэх жишээтэй.

-Та таван жил өвлийн өвгөн болсон учраас зорилтот бүлгийн хүүхдүүдийн байр байдлыг ерөнхийд нь мэдэх байх. Энэ жилийн тухайд өмнөх онуудаас юугаараа ялгаатай байсан бэ?

-Амьдралд юу ч тохиож болох учраас зорилтот бүлэгт жилийн өмнө амьдрал нь уруудаад орж ирсэн айлууд цөөнгүй байлаа. Энэ жилийн тухайд айлуудын стресс нэмэгдэж, хүүхдийн тоо өссөн байна. Хоёроос дээш хүүхэдтэй айлууд хүүхдийн мөнгөөрөө л амьдарцгааж байна.

Нөгөө талдаа тухайн айлын хандлага үнэхээр зөв бол хэцүү жилд ч амьдралаа дордуулахгүй байж болно. Бүлтгэр үрийнхээ төлөө хичээж, тэмүүлж амьдрах хэрэгтэй. Нэг айлд ортол ажил хөдөлмөр хийх насны таван залуус байсан. МСҮТ төгссөн, ажил хийх боломжтой ч амьдралын төлөө тэмцэхгүй байгаа нь харагдсан.

-Айл руу ороход ямар дүр зураг та бүхнийг угтдаг вэ?

-Аав ээж нь архи уугаад олон найзуудаа цуглуулчихсан. Охин үрс нь өмдгүй тоглоцгоож буй дүр зураг энэ жилийн дурсамжаас тод үлджээ. Тийм зүйлийг хүүхдүүддээ харуулаад сууж байгаа эцэг эхийг хараад яана даа л гэж бодогдсон.

Энэ жил ганц ажиглагдсан эерэг зүйл нь бидний орсон айлууд бүгд пүн хийсэн дулаахан гэрт хүүхдүүд маань байсан. Өмнөх жилүүдэд маш зэврүүн өдрүүдэд хүйтэн гэрийнхээ мухарт гудсан доогуураа шургасан хүүхэдтэй олон таарч байв. Арга бараад хог түлнэ. Харин энэ жил сайжруулсан түлшний үнэ буурсантай холбоотой тэд маань дулаан гэрт байгаа нь сэтгэлд жаахан ч гэсэн оч өгч байна.

-Уг нь өвлийн өвөө болоод айл руу ороод гарсныхаа дараа хүүхдийг баярлуулсан шүү гээд сэтгэл хөнгөрөөд гарах атал улам хөндүүрлээд гарсан юм шиг санагдлаа.

-Энэ мэдрэмж надад жил бүр төрдөг. Яг одоо тэдэнд тусалж чадахгүй ч цаашдаа би нөлөөлөгч болоод тусална даа гэж өөрийгөө тайтгаруулдаг. Коронавирус гарснаар Монгол Улсын эдийн засгийг унагаасан ч айлуудын хандлагад л асуудал байгаа гэж харсан.

Өмнөх жилүүдэд намайг өвөө болж явах үед хүүхдийн дуу цангинаад инээд цалгидаг байсан бол энэ жилийн хүүхдүүд дуу муутай, юмны араар нуугддаг. Алиалагч, цасан охид маань үнэхээр сайн байсан тулдаа л тэднийг нааш ил гаргаад, амнаас нь үг унагааж байсан. Хүүхдүүд дуу, шүлэггүй, асуусан асуулт ойлгохгүй гайхах тохиолдол их байлаа. Ерөнхийдөө хүнтэй яаж харьцах учраа олохгүй хүүхдүүд их байсан гэж болох юм. Баярлалаа гэж хэлж чадахгүй, бэлгээ булааж авах зэргийн төлөвшилтэй байгаа нь нийгмийн харилцаанд муу орсныг харуулаад буй.

Түүнчлэн таван настай хэлд бүрэн ороогүй, ярианы бэрхшээлтэй хүүхдүүд маш их байсан. Гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг "Энэ номын гарчгийг өвөөдөө уншаад өгөөрэй” гэхэд чадахгүй, зарим үсгээ мэдэхгүй хүүхэд маш олон байлаа.

-Хичээл сургууль хэвийн бус хэмнэлээр хичээллэж байгаа учраатэр болов уу?

-Тийм. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь аав, ээж нь хүүхдийнхээ ирээдүйд анхаарахгүй байгааг эндээс ажиглаж болно. Монгол хүүхдүүд өдий зэрэгтэй сураад байгаа нь багш нар тултал эрчим хүчээ шавхан байж энэ зэрэгтэй сургадаг шиг санагдсан. Хичээл орохгүй байгаа учраас хүүхдүүд ихэвчлэн найз байхгүй. Таван настнууд анх удаа өвлийн өвгөн харж байгаа тухайгаа хэлж байсан.

"Дуу дуулж мэдэх үү” гэж асуухад гурав дөрвөн хүүхэд л бүтэн дуу дуулсан. Хичээлдээ бүрэн яваагүй байж болох ч ээж, аав нь хүүхдүүддээ юм заадаггүй нь харагдаж байгаа.

-Энэ бүх аяллыг хийсний дараа үүнд хэн нэгэн нөлөөлөөсэй гэж та бодож байна уу, Ярилцлагынхаа төгсгөлд хэнд хандаж, юуг хэлмээр байна вэ?

-Хотын зах болоод төвийн амьдрал асар их ялгаатай байгаа байдалд төр нөлөөлж, анхаарах хэрэгтэй. Халамжаар бус иргэдийг хүчээр ч хамаагүй ажил хийлгэх хэрэгтэй. Ажил хийх насан дээрээ хэвтдэг залуус, ажил хийлгүй арван жил гэртээ хүүхдээ асарсан эх, архинд живсэн 30 настангууд маш их юм. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын дэргэд ийм үлгэрлэл байгаа учраас маш их санаа зовж байна. Үлгэр дуурайл болж буй хүмүүсийн хандлагыг өөрчлөөсэй. Хөдөлмөр эрхлэхгүй байгаа учраас тэд нийгмийн харилцаанд орж төлөвшихгүй байна. Тэгээд л хүүхдээ төлөвшүүлж чадахгүй байгаа байх.

20-иод настай залуус бид хотын захаар яваад ийм зүйлийг бодож байхад нөлөөлж, шийдвэр гаргаж, алсыг харж чаддаг хүмүүс яагаад юу ч хийхгүй байгаа юм бол гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Aimshigtai xund orchind xumuus xuuxduudee amidruulj baina daa Tedgeer xuuxduud Mongoliin ireedui gej bodoxoor denduu xaramsaltai

Холбоотой мэдээ

Back to top button