Энтертайнмент

Бурханд ойр ч, чөтгөрөөс холгүй

Бага тайзан дээрх “Хүн гөрөөс”

Хүмүүс бидний дотор хэчнээн өөр өөр дүр оршиж байдаг юм бэ? Нэг нэгнийгээ хэчнээн их танихыг хүсэж, нууц бүхнийг нь тайлахыг хичээдэг шигээ өөрсдийгөө бид хангалттай шинжлэн таньсан байдаг юм болов уу? Өөрийгөө жаргалтай байлгахын төлөө өрөөлийг зовоохтой тулгарч, харин өрөөлийг зовоохгүйн тулд өөрөө зовлонг туулах хэрэгтэй болох зөрчил дундаас бүр их зовохгүйг нь л сонгох ээдрээт энэ жүжиг бол “Хүн гөрөөс” юм.

Өдгөөгөөс 30 орчим жилийн өмнө П.Баярсайхан зохиолчийн бичсэн “Хүн гөрөөс” жүжиг анх 1991 онд Г. Доржсамбуугийн найруулгаар УДЭТ-ын тайзнаа амилж байсан бол 2022 оны босго алхаад шинэхэн бага театр “Bee theatre”-ын тайзнаа УГЗ, АЖ Б. Мөнхдоржийн найруулгаар ахин амиллаа. П. Баярсайхан зохиолч өөрийн санаагаа алив зүйлсээр бэлгэдэн далдалж, түүнийг хэрхэн ухаарч, тайлахыг уншигч, сонирхогчид өөрсдөд нь үлдээдэг онцлог “Хүн гөрөөс” жүжигт нь ч тусчээ. Үүнийг зураач Т. Аянга, найруулагч Б. Мөнхдорж нар ч алдагдуулалгүй, харин бүр ч тодруулан, дүрийн дотоод сэтгэл, тухайн орчин нөхцөл зэргийг сонирхолтой байдлаар шийдвэрлэн харуулав.

Үзэгчдийг дотогш ормогц бага зай талбайг авсаархнаар хус модтой ой болгон тохижуулсан байх бөгөөд хөхөө шувуу донгодох дуунаар угтав. Угтаж авсан уур амьсгал, тайз чимэглэл нь жүжгийн зохиол дахь “Их ойн дундах бяцхан чөлөө ... Эл чөөлөн дэх майхан, ширээ, сандал ... хэв хэвээрээ ...” гэх хэсгийг эрхгүй санагдуулна.  

“Хүн гөрөөс” жүжиг хоёрхон хүний харилцан яриан дээр үндэслэн хүний мөн чанар хийгээд үнэн мөнийг нээсэн, харахад бага ч, үзэгчдэд өгөх зүйлийн цар хүрээгээр тун өргөн зохиол юм. Гэм, нууц өөрөө далд байх тусмаа хүндээр ялладаг чанар, бурхан ч чөтгөр ч болж чаддаг хүний үнэн хайрууг жүжиг илэрхийлж байна. Гэвч өмнө нь өгүүлсэнчлэн үзэгч, уншигч зохиолыг хэрхэн тайлах нь зөвхөн өөрт нь үлддэг онцлогтой. Гэр бүлийн хүрээний асуудлаас хүний оршихуйн философи руу түрэн цалгисан, санаанаас үл гарч, зүрхэнд хүрэх жүжиг тул уншиж байсан удаатайгаас үзэж байгаагүй надад тайзан дээр хэрхэн амилах нь догдлол, хүлээлтээр дүүрэн байв.

Эвлэсэн шоо хэвэндээ удсангүй

Жүжиг эхэлмэгц Оюумаа /Б.Одгэрэл/ жаргалтайгаар гарч ирж, дуулан хөхөөнөөс өөрийгөө хэд наслахыг асууж байна. Тэгэхдээ рубик шоо эвлүүлж, тэр шоо нь эвлэчихнэ. Уг шоогоор Оюумаагийн дотоод сэтгэл зүйн байр байдал, нөгөө талаараа түүний бүх л амьдралыг илэрхийлсэн, жижиг зүйлд том агуулгыг багтаасан шийдэл байв. Өөрөөр бол хууран мэхлэлт, сэтгэлийн шарх, харуусал цөхрөлөөр дүүрсэн тэрхүү хэцүүхэн амьдралыг өөрийн эрс шийдвэр, тэсвэр тэвчээрээр даван туулсны хойно жаргалын орондоо, баяр хөөрөөр дүүрэн байгаа нь амьдралын эмх замбараагүй бүх зүйл байх байрандаа орж, эвлэчих шиг л санагдсаныг илэрхийлсэн болов уу. Гэвч эвлэсэн өнөөх шоо тэр хэвэндээ тийм ч удаан байсангүй. Жүжиг үргэлжлэн үргэлжилсээр мартахыг хүсдэг, орхихыг хүсдэг гунигт дурсамжууд далдаас сэргэж, зовлонтой нүүр тулах үед шоо эвлэхэд бэрх болон өөрчлөгдөж, сүүлдээ Оюумаагийн гарнаас ч унана.  Энэ мэтээр майхан, цусанд будагдсан цамц, машин гэх мэт бага тайзыг бүрдүүлэх жижиг хэсэг бүрд уг зохиолын утга агуулгыг шигтгэж, тэд үзэгчдэд зохиолыг өгүүлж байлаа. Майхан Дэлэгийг, цус болчихсон цамц тэд аль хэдийн энэ хэрэгт будагдсаныг, гэрэлтүүлэг үнэний мөн чанарыг гэрчлэх мэт. Мөн гөрөөсийг орхиж боломгүй.

Маргаан өндөрлөвч, хурц гэрэл үзэгчид рүү туссаар

Жүжгийн утга санааг тодруулах үүргийг гэрэлтүүлэг болоод дэвсгэр ая тун ч сайн биелүүлжээ. Уур амьсгал өөрчлөгдөж, үйл явдлын эргэлтүүд гарах үед гэрэл өнгөө сольж байв. Тэр тусмаа зохиолын оргил хэсгүүдийн нэг болох тэд хоорондоо амьдралын үнэн мөнийн тухай маргах үед орчин бүхэлдээ харанхуйлж, тайзны дэргэд ганцаар ёлтойн үлдэх хурц гэрэлтүүлэг онцгой содон үүргийг гүйцэтгэв. Дэлэг Оюумаагийн ярианд итгэхгүй, шалгаах үедээ хурц гэрлийг түүний нүүр рүү нь тусгаж үнэнийг илчлэх гэж оролдоно. Дараа нь маргаан бүр л эрчимжиж, гэрэл хоёулан дээр нь тусаж, эцэст нь Дэлэг өөрийн мэдэлгүй хийсэн үйлийнхээ араас хурц гэрэл рүү эгцлэн харж, наманчилж байгаа нь үнэний хүнд хэцүү агаад хурц чанарыг нь тодруулсан мэт шийдэл байлаа. Хамгийн сонирхолтой нь тэрхүү маргаан өндөрлөвч, хурц гэрэл үзэгчид бидэн рүү туссаар байх аж. Гэрэл бидэнд нэгийг өгүүлж байна.

Хоёр дүр нэгэнт хөнөөчихсөн Сугарыг хэрхэх талаар шийдвэр гаргалтын үед З. Хангалын зохиосон “Тань рүү нүүж явна” ая эгшиглэж байв. Энэ сонголт үзэгчдийн сонирхлыг ихэд татсан нь илт. Үнэхээр л С.Оюуны зохиол “Тань руу нүүж явна” кино бидний сэтгэлд гүнээ хоногшсон гэдгийг дурдууштай. Жүжгийн эцэст нь Оюумаа, Дэлэг хоёр асуудалд илүү хүнлэгээр хандаж, ХҮН гэдгээ ухамсарлах үед энэ ая эгшиглэж байгаа нь нэгэнтээ бидний сэтгэлд хоногшсон ухаарлыг сэрээж, нөгөө талаараа аяыг дахин шинээр, өөрөөр мэдрэхэд нөлөөлсөн оновчтой нэгдэл байв. Энэ мэтээр ажиглаж харж, цаашдаа бодож баймаар, бодох тусам өөр өөрөөр эргэцүүлэхээр шийдсэн шийдлүүд элбэг байх ажээ.

Оюумаа, Дэлэг хоёр хоёул нууцтай. Түүнийгээ бусдаас байтугай өөрсдөөсөө ч нууж, булшлахыг хүсдэг. Бага театрын тайзнаа хоёр жүжигчин үзэгчдэд хандан нууцаа дэлгэж байна. Бидэнд зовлонгоо уудалж, өөрийгөө илчилж, мөн наманчилж байна. Ийн үзэгчид болоод жүжигчид хооронд холбоо үүсэж, тэд нэг нэгнээ бүр ч илүү ойлгох шиг. Эдгээрээс үзэхэд бага театрын зорилгоо болгосон үзэгчид болоод тайз хоорондын орон зай, мэдрэмжийг ойртуулах гэсэн онцлог нь хангалттай сайн биелэн, үзэгчид энэ удаа хөндлөнгийн шүүгчид бус жүжгийн нэгэн хэсэг, дүр нь болж уусжээ.

Дүрүүдийн мөн чанарыг өөр дээрээ мэдэрхүй

Жүжигчдийн хувьд нэг нэгнээ тун сайн мэдэрч ажилласан. Хоёр жүжигчин дүрүүдийн мөн чанарыг өөр дээрээ мэдэрч, илэрхийлэн гаргах тус тусын үйл хэргээ сайтар биелүүлсний хамт нэг нэгнийхээ дүрийг таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн харагдана.  Оюумаагийн хүчирхэг, шийдэмгий, хурц зан чанарыг гол болгож бүтээжээ. Эмэгтэй хүний тэсвэр хатуужлыг жүжигчин Б.Одгэрэл Оюумаагийн дүрээр үлгэрлэн харууллаа. Гэвч нөгөө талаараа Оюумаагийн өрөвч зөөлөн, дөлгөөхөн байдал багахан дутчихав уу даа гэх сэтгэгдлийг төрүүлэв. Эх зохиолын эхний үзэгдэл дээрх дүрслэлээр Оюумаа өрөвч зөөлөн, гэнэн ч гэмээр санагдана. Жишээ нь Оюумаа амь тавьж буй гөрөөсийг харчхаад “Нүд нь нулимстай юм. Энэ чинь уйлж байна. Ямар өрөвдмөөр юм бэ?” хэмээж байхад жүжигт болохоор зэрэг Оюумаа гөрөөстэй хөргөө татуулж тэгэхдээ бүр үнсэнэ. Дараа нь хараахан үхээгүй гөрөөс байсныг нь мэдчихээд сэжиглэж, нулимж уруулаа арчина. Энэ нь Оюумаагийн дүрийн гэгээлэг чанарыг бууруулчхав уу даа гэмээр. Мөн зарим илэрхийллүүд багахан хүчилсэн байртай, үзэгчдээс холдсон зүйл өдий төдий байсныг дурдах нь зүйтэй болов уу. Дэлэг бол их хөгжүүн, мөн л туулсан зовлондоо шаналж явдаг, эрс шийдэмгий бөгөөд зан чанар, болж буй үйл явдлаас үүдэлтэй сэтгэл хөдлөл, байр байдлыг нь жүжигчин тун сайн илэрхийлсэн ч зохиолын зарим афоризмууд, үг хэллэг дээр алдаа гаргах байдал ажиглагдсан. Тэрхүү алдаа мадгийг хойноос нь эвлэгхэн засаж залруулан үргэлжлүүлж байсан ч цаашдаа анхаарууштай болов уу.

Нууцаа булшлах буюу сүүлчийн эхлэл

Жүжиг жаргалтай байдлаар төгсжээ. Тэд хоёул аз жаргал ирэхэд итгэж, Сугарын булшийг улаан гараараа ухаж байна. Эрс тэс зүйлсийг хооронд нь нийлүүлэн сүлэлдүүлсэн энэ төгсгөл үзэгчдэд ч мөн итгэл найдвар төрүүлсэн харагдана. Гэм нууц байх тусмаа хүндээр ялладаг. Нэг нэгэндээ жинхэнэ өөрийгөө, амьдралаа илчлэн гаргаж байгаагаараа далдлах тусам цухалзан, дотроос шимэгчлэн байдаг нууцыг булшилж, харин Сугарыг гарган,  хийсэн үнэн мөндөө итгэж, хүлээн зөвшөөрч буйгаараа энэ үнэхээр л жаргалтай төгсгөл юм.

Монголд ховорхон байдаг, хөгжүүлэх шаардлагатай төрөлд багтдаг бага театр үзэгчдэд тайзыг илүү ойртуулах, гүн гүнзгий мэдрэмжүүдийг төрүүлэх зорилгоо сайтар биелүүлэв. Үзэгчид дүрүүдийн зовлонг ойлгож, түүнийг нь хуваалцсаар төгслөө. Хөнгөхөн гунигтай хэрнээ итгэл найдвараар дүүрэн сэтгэгдэлтэйгээр тэд буцсан болов уу. Эцэст нь хүний дотор бурхан ч, чөтгөр ч хоёул багтдаг ажээ. Бурхантай өөрсдийгөө ойр хэмээн үзэж, түүнд итгэж найддаг ч үнэндээ жигшээд байдаг нөгөө туйл нь болох чөтгөрөөс ч тийм холгүй.  Нээрээ л буу үүрсэн чөтгөр ч гэж юу байх вэ дээ. Харин хүн л буу үүрдэг шүү дээ.

МУИС-ийн утга зохиол судлалын ангийн оюутан М.Маралмаа

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button