“Хүүе ээ, барилдаан дуусахад 13-хан секунд дутуу байсан шүү дээ. Олимпын алтан медаль салхинд хийслээ” гэж алдарт дасгалжуулагч, бөх тайлбарлагч Х.Намшир харамсан өгүүлсэн удаатай. Түүнийг төдийгүй монгол түмнийг ингэж дуу алдуулж, “гомдоосон” хүчтэн бол Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын начин Жамцын Даваажав юм.

Монголчууд бид Бээжингийн олимпоос 28 жилийн өмнө буюу “Москва-1980”-аас аваргатай болох тун дөхсөн. Ийн тодотгосон нь учиртай. Эл наадмын чөлөөт бөхийн 74 кг-д барилдсан Ж.Даваажав эхний тойргуудад Камеруны бөх Тонье, Пакистаны Жума, Европын аварга, Румыний Ж.Пырколэбу, Италийн Р.Николон нарыг өвдөг шороодуулсан. Тавдугаар тойрогт олимп, дэлхийн аварга, алдарт бөх Павел Пинигинтэй найман минут, 40 секунд барилдахдаа 2:2-оор тэнцэхэд нь идэвхгүй барилдлаа гэж хоёуланг нь ялагдсанд тооцжээ.

Зургадугаар тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт, Чехословакийн Д.Карабентай өрсөлдсөн. Ялбал аваргын төлөө барилдах эрх өвөртөлнө, дийлдвэл ганзага хоосон үлдэнэ. Тийм хүнд үед тэрбээр өрсөлдөгчөө 7:5-аар өвдөг шороодуулан олимпын аваргын төлөө барилдах эрх өвөртлөв. Яг энэ мөчид буюу нөгөө дэвжээн дээр Болгарын тамирчин Валентин Райчев эзэн орны бөх П.Пинигинийг цэвэр ялж, шигшээд шалгарсан. Ингэснээр олимпын дэвжээнд Төрийнхөө дууллыг эгшиглүүлэхийн төлөө барилдах хоёр хүчтэн тодорсон юм.

“Москва-1980” эхлэхээс хоёр сарын өмнө ОХУ-д болсон тэмцээнд тэд учраа таарахад болгар эр ганц оноо алдалгүй, 7:0-ээр дийлсэн. Тэгэхэд В.Райчев Ж.Даваажавын баруун хөлөнд нь суун оноо түүсээр ялсан юм. Манай бөх түүнд нэлээд дүгнэлт хийн, баруун хөлөө урагш тавьж өрсөн нь болгар эрийг нэлээд тэвдүүлсэн гэдэг. Энэ нь ч үр дүнгээ өгч, гурван оноо авав. Гэтэл улам хошуучлах гэж дайрахдаа хоёр оноо алдсан. Ийнхүү ана мана барилдсаар 5:5 болов. Барилдаан дуусахад 13 секунд дутуу.
Тэнцээгээр дуусахад л нийт барилдааны үр дүнгээс шалтгаалж Ж.Даваажав олимпын аварга болох байв. Гэтэл эл өдөр тэр бус В.Райчевын од гийсэн юм. Манай тамирчны дутуу мэх бүхнийг баллах нь тэр. Болгар эр хариу мэх хийн, Ж.Даваажав төдийгүй Монгол Улс атгаад байсан олимпын алтан медалиа хэдхэн секунд дутуу байхад алдсан юм.

Түүнийг олимпын дэд аварга болоод эх орондоо ирэхэд нь хүмүүс азгүй бөх гээд төдийлөн тоогоогүй гэдэг. Тэр ч бүү хэл “Хариуцлагагүй барилдсан” гээд шоронд хийх, шийтгэх тухай яриа ч гарсан юм билээ. Тухайн үед Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Ж.Даваажав 1992 онд “Таван цагариг”-т ярилцлага өгөхдөө “Би зургаа алхаад л В.Райчев арагшаа ухраад л цаг дууссан. Тийм гоомой мэх хийлгүй, хамгаалж өрсөлдсөөр барилдааны цагийг дуусгахад л олимпын аварга болох байсан” хэмээн харамсан өгүүлсэн байдаг.

ДАШТ-д хоёр удаа өрсөлдөхдөө IV, V байрт шалгарсан түүнд 10 жилийн дараа буюу 1990 онд Гавьяат тамирчин цол олгосон юм. УАШТ-ий зургаан түрүүтэй, улсын начин цолоо хоёр удаа баталсан тэрбээр 48-хан насандаа бурхан болсон. Монголчууд “Токио-1964”-ын дэвжээнд анх өрсөлдсөнөөс хойш дөрвөн олимп дараалан мөнгөн медаль хүртсэн чөлөөт бөхийнхний амжилт түүнийхээр тасраад өдий хүрсэн нь харамсалтай.

Ж.Даваажавын тухай олимпын хүрэл медальт, Ардын багш Ч.Дамдиншарав “Бид хоёр олон жил хамт ажилласан, багш, шавийн барилдлагатай хүмүүс. Олимпын дэд аварга болоод эх орондоо ирэхэд нь тааруу барилдсан гээд түүний амжилтыг төр үнэлээгүй. “Москва-1980”-ын дэвжээнд тавдугаар тойрогт барилдахад нь П.Пинигин уруулыг нь сэт мөргөсөн. Цусаа тогтоохын тулд урууландаа баахан хөвөн чихэж байгаад өрсөлдсөн юм билээ. Сэтэрхий ураалтай хүч сорихдоо В.Райчевыг ялж яваад дийлдсэнд нь одоо ч харамсдаг. Олимпоос медаль хүртсэн тамирчид түмэндээ хүндлэгдэн, шагналд умбаж явахад Ж.Даваажав л олонд чичлүүлж, арай л шийтгүүлээгүй үлдсэн дээ” гэв.

Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай “Олимпын медальт монголчууд” номдоо “Москвагийн олимпын наадамд сайхан барилдсан бөхчүүдийнхээ амжилт, ялалтыг үнэлж дүгнэлгүй, бүр хатуухан хэлбэл тоолгүй орхисноос үүдээд сайн юм болоогүй. Тэнгэр, бурхан ч хилэгнэсэн байж мэднэ. 1980 оноос хойш Монголын чөлөөт бөхчүүд олимпоос алт, мөнгөн медаль авч чадахгүй өдий хүрч байна. Тэд 1968, 1972, 1976, 1980 оны олимпод дараалан шигшээд шалгарсныг уншигчид санаж байгаа. “Мехико-1980”-аас хойш одоо хэдэн жил өнгөрөөд байгаа билээ. Москвагийн наадмын мөнгөн медальт Ж.Даваажав маань увайгүй зарим хүнээр олонтаа азгүйгээрээ дуудуулсаар яваад “Би ер нь азгүй хүн байх аа” гэсэн гутранги бодолтой явсан ч байж мэдэх юм. Би л хувьдаа түүнийг азтай, хийморьтой, эртэй, бяртай, мэхтэй, ухаантай сайхан бөх байсныг залгамж үеийнхэнд хэлье” хэмээн онцолсон байдаг.
Монголын олимпын медальтнуудын холбооноос санаачилгаар Булган аймгийн Тэшиг суманд Ж.Даваажав агсны хөшөөг сүндэрлүүлэх болсон билээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ж.Даваажав агсанг сайн мэднэ, танина. Харамсалтайгаар амиа алдсан даа.
Энэ сэтгүүлч үнэн дүп мал байна даа. Москва 1980 биш билүү.
Монгол улсын төр засаг болон Чөлөөт бөхийн холбоо энэ түүхэн хүний үр хүүхэд гэр бүлд нь хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй Сэтгүүлч тэр талаар дурдсан бол талархууштай байлаа. Олонд таниулж мэдээ бэлтгэхдээ дараа нь бодолтой бичээрэй. Ялахын төлөө л бүх хүчээ гаргасан барилдаан болсон гэж боддог. Шагналт байранд орсон гэж урамшуулах байтал урамыг нь хугалсан ард түмэн дээ дэндүү ч их шуналтай юмдаа. Тухайн үеийн нэг хүний үзэл суртал нөлөөлсөн ч байж мэднэ.
Sain boh,sain hun,gehdee zaaval hoshoo bosgoh hereg bnu..
Үнэлж байгаа бол хөшөө босгох хэрэгтэй
Ялахын төлөө бүх хүчээ зориулсан гэж боддогдоо.Сайхан барилдсан
Хөшөө босгоход яагаад болохгүй гэж.