Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт өглөөний 10.17 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ханх сум орчимд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан юм. Энэ газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн билээ.
Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд долоо болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь найм хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд дөрвөн удаа бүртгэгдсэн байдаг аж.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа зургаан магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл таван удаа бүртгэгджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.