Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг нээлттэй хэлэлцэхээр боллоо

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эхэллээ. Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцож байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож буй.
Тэгвэл шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан хэдий ч хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргажээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн нээлттэй явуулахахаар болов.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж буй.
Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.