УЛС ТӨР
ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томиллоо

Өнгөрсөн баасан гарагт /2019.09.27/ ЗХЖШ (Зэвсэгт хүчний жанжин штаб)-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар албан ажлаа хүлээлгэн өгсөн. Иймээс Ерөнхийлөгчийн зүгээс бригадын генерал Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг саналаар оруулаад байсан юм. Үүнийг МАН-ын бүлгийн болон байнгын хорооны хуралдаанаар дэмжээд буй.
Ингээд өнөөдрийн /2019.10.04/ УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд уг асуудлыг хэлэлцэж гишүүд санал хураалгав. Хуралдаанд 52 гишүүн оролцсоны 40 нь байнгын хорооны уг шийдвэрийг дэмжсэн тул Д.Ганзориг ЗХЖШ-ын даргаар томилогдлоо.
Бригадын генерал Д.Ганзориг 38 настай ОХУ, БНХАУ, АНУ-д цэргийн мэргэжлийн эрдэмд суралцсан бөгөөд
- 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч,
- 1997- 2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид химийн албаны дарга, сургагч багш,
- 2002 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг Сахиулах ажиллагааны Үндэсний сургалтын Төвийн орлогч дарга, төлөвлөгч офицер,
- 2003-2008 онд ЗХЖШ-ын Энхийг Сахиулах Ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн,
- 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга,
- 2010-2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд референт,
- 2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч, бодлогын хэлтсийн дарга,
- 2014 оны 11 дүгээр сараас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга албан тушаалд ажиллаж байна
гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.