Жишиг: Живхний хаягдлыг импортлогч компаниудад нь хариуцуулья

Хүүхдийн живх буюу нэг удаагийн шээс шингээх зориулалттай тэр зүйл орчин цагт та бидний өдөр тутмын зайлшгүйхэрэглээ, цаг хэмнэж, хөдөлмөр хөнгөвчлөх гол хэрэгсэл болсон билээ. Тэгвэл энэ ач тустай эд нь хог болсон хойноо байгальд маш хортой тул тусгайлан устгах арга хэмжээ авдаг аж. Импортлогч улс бол тухайн импотолсон улс нь устглаа харицдаг жишигтэй. Хөгжингүй орнуудад бол дахин боловсруулах үйлдвэр саяхнаас л бий болж байна. Өөрөөр хэлбэл, манай улс нэг удагийн живхийг устгах үүргийг импортлогч компанид нь хариуцуулах, эс бөгөөс энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахад бодлогоор дэмжлэг үзүүлэх цаг болжээ.
Eguur.mn энэ удаад нэг удаагийн живхтэй холбоотой сэдвийг хүргэж байна.
ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛААС Ч ОЙРЫН АЮУЛ
Монголчууд бид өнөөдөр уран, цөмийн хаягдал гэхээр сэртэсхийх хэрнээ байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй, түүгээр ч зогсохгүй үр удмыг минь аажмаар бөхөөх чимээгүй тахал биднийг аль хэдийнэ нөмөрснийг анзааралгүй явж байна.
Хор хөнөөлийг нь бодвол “Чимээгүй тахал” гэж нэрлэж ч болохоор энэ аюул бидний өдөр тутмын хэрэглээ болсон, ялангуяа залуу ээж, аавуудын хамгийн үнэнч туслагч болдог живхэнд бий гэвэл та итгэх үү.
Та итгэхгүй ч байж мэднэ. Гэхдээ живхний хэрэглээ хор нөлөөтэй болохыг судалсан эрдэмтдийн судалгааны тайлан, байгаль экологид үзүүлж буй хөнөөлийн талаар доорхи баримттай танилцсаныхаа дараа шийдвэрээ гаргана уу.
ЖИВХ ҮР ҮНДЭСГҮЙ БОЛГОНО
Эрэгтэй хүний хамгийн чухал, магадгүй хамгийн эмзэг эрхтэн бол төмсөг. Насанд хүрсэн эр хүний хувьд төмсөгний халуун нэмэгдэх тусам эр бэлгийн эс буюу сперматозойдын идэвх буурдаг.
Харин нялх эрэгтэй хүүхдийн хувьд... бойжилтод нь сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Төмсөгний хэвийн өсөлт хөгжилт, үйл ажиллагааг хангахын тулд биеийн дулаанаас 3-5 хэм бага орчин хэрэгтэй. Иймд төмсөг хэвлийд бус хуухнагт байдаг. Гэхдээ төмсөг хамгаалалтын рефлекстэй, тодруулбал хуухнагт хүрэх, цохих, эмч төмсөгийг тэмтэрч үзэх үед, даарах эсвэл өвдөх үед төмсөгийг дээш татдаг булчин агшиж төмсөг цавь орчимд ордог.
Хүүхдийг хоёр нас хүртэл нь живх хэрэглэснээр тухайн хүүхэд крипторхизм хэмээх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай болдог байна
Эрдэмтэд том хүний төмсөгний дулааныг 45 хэм хүртэл нэмэгдүүлж туршихад маш таагүй үр дүн гарч байжээ. Тэдгээр эрдэмтэд эрэгтэй хүүхдэд памперс өмсгөсөн тохиолдолд биеийн дулаанаас 5С орчим хэмийн илүү дулаан үүсдэг гэдгийг мөн баталсан байна.

Төмсөгт артер венийн судас байдаг, температурын хэвийн бус байснаас болоод судас буруу байрлалтай болж хувирвал үзүүлэх хор уршиг нь зүйрлэшгүй юм.
Хүүхдийг хоёр нас хүртэл нь живх хэрэглэснээр тухайн хүүхэд крипторхизм хэмээх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай болдог байна. Энэ нь нэг ба хоёр талын төмсөг хуухнагт бууж байрлалгүй, хэвлийн хөндийд буюу цавины сувагт саатдаг төрөлхийн байрлалын эмгэг юм. Жирийн үед хүүхдийн хуухнаг чөлөөтэй байдаг, харин живх өмссөнөөр биед наалдаж байрладаг учир төмсөг байх ёстой байрандаа очилгүй саатаж, улмаар эмгэг үүсдэг байна.
Крипторхизмыг хугацаа алдаж, хожуу эмчлэх тохиолдолд үргүйдэл үүсгэж, үр удмаа үлдээх боломжгүй болгохоос гадна удаан хугацаагаар эмчилгээ хийгээгүй үед хорт хавдрын эдэд шилжих магадлалтай өндөртэй. Хорт хавдар болох магадлал нэг талын крипторхизмын үед 62, хоёр талын криптохизмын үед 89.5 хувь хүрдэг байна.
Мөн судалгаагаар хоёр талын крипторхизм 100 хувь үргүйдлийг үүсгэдэг бол нэг талын крипторхизм 54-76.6 хувь үргүйдлийг үүсгэдэг (Schirren, 1965). ЭНЭШТөвийн Андрологийн кабинетаар ирж үзүүлсэн 430 үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10 (2,33 хувь) нь крипторхизмтай байсан байна /О.Амаржаргал, Б.Энхравдан, Ж. Раднаабазар, Г.Эрдэнэтуяа нарын 2006 онд хийсэн судалгааны тайлан/.
Эдүгээ дээрх судалгаа хийгдсэнээс хойш 16 жил өнгөрсөн байна. Манайд энэхүү өвчнийг памперс буюу живхтэй холбож судалсан судалгааны бүтээл байдаг эсэхийг хайгаад олсонгүй. Харин хойд хөршид бол төмсөгний бойжилт, өсөлтөд памперс сөргөөр нөлөөлж байгааг аль хэдийнэ судлаж тогтоожээ.
БАЙГАЛЬД 300-500 ЖИЛ ХАДГАЛАГДДАГ
Эртний Грекийн домог /миф/-т бурхдын хаан Зевс, элч тэнгэр Хермес нар арьсаар хийсэн өмсгөлд шээж байсан талаар өгүүлсэн нь живх эрт дээр үеэс хүн төрөлхтний хэрэглээ байсныг гэрчилдэг.
Гэвч жинхэнэ оргил үе нь 1965 оноос буюу Procter & Gamble-ийн зохион бүтээгч Виктор Миллз супер шингээгч бүхий нэг удаагийн живхийг зохион бүтээж, олноор нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тэр үеэс эхэлжээ. “Pampers” хэмээх тэрхүү брэнд нь жинхэнэ байлдан дагуулалт хийж, дэлхийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг болсон юм. Одоо ч гэсэн Орос болон бусад оронд “Памперс” гэдэг үг живх гэсэн утгыг илэрхийлсээр байгаа билээ.

Шинэ зүйл ашиг өгөхийг мэдсэн компаниуд живхний үйлдвэрлэлд хүчээ үзэж эхэллээ. АНУ-даа хамгийн томд тооцогддог Kimberly Clark хэмээх цаасны компани 1968 оноос “Huggies” гэж нэрлэсэн анхныхаа живхийг хийх туршилтыг эхлүүлэв. Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд ноёрхогч “Procter and Gamble” ч живхний үйлдвэрлэлээс асар их ашиг олсон, одоо ч олсоор байгааг бид мэднэ.
Живхний хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдэх талаар нухацтай бодож эхлэх хүртэл энэ бизнес үнэхээр хамгийн орлоготой нь байж, 1990-ээд онд ч гэсэн энэ салбарт шинэ шинэ үйлдвэрүүд шил шилээ даран нээгдэж байсан юм.
Нэг удаагийн гэхээсээ илүү олон удаа хэрэглэх папмперсыг түлхүү оруулж ирэх, мэдлэг мэдээллийн тал дээр нийгмийн хариуцлагаа хүлээж ажиллах цаг болжээ.
Харин 2000-аад оноос буюу живхний байгаль экологи болон нярайн биед үзүүлдэг байж болох сөрөг нөлөөний асуудал сөхөгдсөнөөс хойш хөгжингүй орнуудын төр засаг, томоохон аж ахуйн нэгжүүд энэхүү асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлсэн юм.
Нэг хүүхэд өсч том болтлоо дунджаар 4000 ширхэг памперс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Европ тивийн нийт хог хаягдлын хоёр хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхгийг хэрэглэдэг ажээ. Хэрэглэсэн живхийг булж устгасан тохиолдолд хөрсөнд 300-500 жил хадгалагдах чадвартай бөгөөд энэ нь байгаль орчинд онцгой аюултай гэсэн үг юм.
Живх үйлдвэрлэгч томоохон компаниуд 2000-аад оноос эхлээд “биологийн” гэж нэрлэсэн живхийг үйлдвэрлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд олон удаа хэрэглэдэг живх бүтээх ажил мөн нэгэн зэрэг эхэлсэн юм. Эдүгээ дэлхий нийтийн чиг хандлага нэг удаагийн живхнээс татгалзаж, олон удаа ашигладаг живх хэрэглэх замаар экологид учруулах хор хөнөөлийг нь багасгах тийшээ явж байна.

Харин манай улс энэ асуудалд одоохондоо анхаарал хандуулах “завгүй” явсаар ирлээ.
Гэхдээ одооноос энэ цалгар назгай байдлаа орхиж, байгалиа, ирээдүй болсон үр хойчийнхоо эрүүл мэндэд анхаарал тавих цаг ирээд байна. Импортлогч компаниуд ч гэсэн дэлхийн чиг хандлагыг даган нэг удаагийн гэхээсээ илүү олон удаа хэрэглэх папмперсыг түлхүү оруулж ирэх, мэдлэг мэдээллийн тал дээр нийгмийн хариуцлагаа хүлээж ажиллах цаг болжээ.
Эхний ээлжинд живх импортолдог хэдэн компанитайгаа нийлээд живхний хаягдалтайгаа тэмцэх нь чухал байна. Гаднын улс оронд живхийг дахин боловсруулж, олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Англид байшингийн дээвэр хийдэг бол Мексик мөөг ургуулах хөрс болгодог гэнэ. Герман зэрэг улсад эрчим хүчний эх үүсвэр ч болгодог. Манайд яг одоо ийм үйлдвэр хэрэгтэй байна.
Монголд олон том компаниуд хүүхдийн живх импортлон, худалддаг. Эдгээр компаниуд нийгмийн хариуцлагаа үүрээд, хог хаягдлаа шийдэх талаар анхаарч ажиллах цаг болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.