Гадаад мэдээДЭЛХИЙ

Тэд бидний тухай: Монголын малчид дэлхийн эдийн засгаас гадуур амьдарч байна

"Intellinews" сайтад манай улсын талаар оруулсан нийтлэлийг орчуулан хүргэе.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд коронавирусний тахал дэгдсэнээс хойш хүнд байдалд орсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч, мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш хоёр оронтой тоогоор унасан. Украины дайны нөлөөгөөр Оросоос импортлож буй шатахууны үнэ хоёр дахин өссөн байна.

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2022 оны дундаж инфляц 13.6 хувь, хүнсний инфляц 15.4 хувь байна гэж мэдээлэв. Эмнэлгийн салбарын ханш 17, гутлын үнэ 18.5 хувиар өссөн байна.

Далайд гарцгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хамгийн энгийн хүнсний бүтээгдэхүүнээс бусад нь хуурай замаар импортолдог энэ улсад инфляцын өндөр түвшин болон бусад өвчин нь аймшигтай хослол болж, дундаж иргэдийн амьдралыг улам хүндрүүлдэг.

Монголын экспортын гол бүтээгдэхүүн нь уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс, металл бөгөөд Хятад улс гол худалдан авагч нь. Гэсэн хэдий ч 2020-2022 онд экспортын асуудал хүндрэлтэй байсан бөгөөд Бээжингийн ковидыг хязгаарлах хатуу бодлогын хүрээнд Хятадын хил хаагдсан. 2022 оны сүүлээр Хятад улс "Тэг ковид" дэглэмээ цуцалж, хилээ нээв. Экспорт бага зэрэг сэргэсэн ч Монгол Улс Хятадын эдийн засаг удааширч, дэлхийн эдийн засаг хямарсан, инфляц өндөр, тээврийн зардал нэмэгдсэн зэрэгтэй тулгарсан. Үүний зэрэгцээ тус улсын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмөр нь тийм ч таатай үеийг өнгөрүүлээгүй байна.

Хятад руу экспортлох шинэ төмөр зам баригдаж байгаа ч санал болгож буй үнэ болон Монголын түүхий эдийн эрэлт буурчээ. Түүнчлэн Хятад улс ашигт малтмалын зарим худалдан авалтаа Монголоос татгалзаж, Австралийн талд шилжүүлсэн. Улмаар энэ оны Монголын эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж буй.

АШУҮИС-ийн мал аж ахуйн мэргэжилтэн, эдийн засгийн багш Д.Лхагвадоржоос нөхцөл байдал ямар хүнд байгаа, хотын иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлав. "Инфляц өндөр, автомашин, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурч байна. Худалдан авах чадвар буурсан. Доллар, юань, еврогийн ханш өсөж байна. Хүмүүсийн амьдрал улам хэцүү болж байгаа" гэв.

Өрхийн өр нэмэгдэж байгаа нь эргэлзээгүй. Үүнийг монголчууд гадаад, тэр дундаа Солонгост ажлын байраар явах хандлага нэмэгдэж буйгаас харж болно. Цалин инфляцыг гүйцэхгүй байгаагаас гадна банкны хүү инфляцаас доогуур байхад банканд хадгалагдсан мөнгө үнэндээ үнэ цэнээ алдаж байна. Үүний үр дүнд гэр бүлийн худалдан авах чадвар буурав.

Хотын оршин суугчид хэчнээн хэцүү байгаа ч Монголын хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг нүүдэлчин малчид илүү их зовж байна. Өсгөж буй малаараа амьдрах боломжтой ч гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо, хувцас болон гэр ахуйн эд зүйлс, машин, мотоцикль, тавилга гэх мэт өөрсдөө хийж чадахгүй тодорхой бүтээгдэхүүнүүд бий. Үндсэндээ мах, цагаан идээнээс бусад бүх зүйл. Маш бага мөнгөн орлоготой малчин өрхүүд хэт ачаалалтай тулгарч амьдарч байна.

Малчдын орлогын эх үүсвэр бол мах, ноолуур. 2021 он махны экспортод сөргөөр нөлөөлсөн. 2022 онд махны экспорт өмнөх жилээс илүү гарсан байна. Харамсалтай нь малчдын ноолуураас авах мөнгө багассан.

64 настай Б.Алтанхуяг Булган аймгийн малчин. Хүүхдийнх нь тав нь насанд хүрсэн, гэр бүлтэй, хотод амьдардаг бол сургуулийн насны нэг хүүхэд, нэг зээ нь эхнэртэй нь үлджээ. Тэрбээр "Хүүхдэд боловсрол олгоход ойролцоогоор 500 ам.доллар зарцуулдаг. Аймшигтай нь өнөө үед мөнгөний үнэ цэн юу ч биш болсон. Айл бүр одоо байгаа нөхцөл байдалтай тэмцэж байгаа" гэв.

Малчид өөрсдөө малгүй үлдэхгүй л бол хот руу нүүхгүй ажээ. Хэдэн жил тутам Монголд цаг агаарын байгалийн үзэгдэл тохиолдолж, зуны гангийн нөлөөлөл нь дараагийн хахир өвлийн зудтай нийлдэг. Энэ нь асар их тооны малыг устгадаг. Мал сүргээ бүхэлд нь эсхүл цаашид амьдрах боломжгүй болсон айлууд хот руу нүүдэг байна. Малчин байсан хүмүүс Улаанбаатарт гэр хороололд ихэвчлэн амьдардаг. Гэртээ нүүрс түлж дулаацдаг. Үүнийг дагаад агаарын бохирдол асар их болно. Боловсрол, ажлын ур чадвар дутмаг учраас ихэнх нь маш ядуу хэвээр байсаар.

Хээр талд үлдэж буй малчдын хувьд хүүхдүүдээ хот руу явуулж боловсрол эзэмшүүлж, сайн сайхан амьдралын замыг сонгуулдаг ч асар их мөнгөний дарамттай тулгардаг. Хээр талд сургууль олдохгүй тул хичээлийн жилд хүүхдүүдтэй нь хамт амьдрах хамаатан садан байхгүй тохиолдолд хотын сургуулиудын төлбөртэй дотуур байранд байх ганц сонголт бий. Аймгийн сургуулийн боловсрол дунджаар нэг хүүхдэд 500-1000 ам.долларын үнэтэй байдаг. Малчид жилийн 4000 ам.доллароос бага хэмжээний мөнгөн орлоготой байдаг. Зардал нь асар их гэсэн үг.

Өнөө үед хүүхдээ малчин болгох гэсэн малчдын тоо цөөрч байгаа. Малчид ерөнхийдөө хүүхдээ сурч, хүмүүжүүлэхийг хүсэх болсон. Тэр тусмаа тэдний охид. Энэ нь хөдөө амьдрах гэр бүлийн тоог багасгадаг ажээ. Хүүхдүүд сургуулиа төгсөөд тал нутаг руу буцдаггүй нь хөдөө орон нутагт хүйсийн тэнцвэргүй байдлыг улам бүр нэмж буй. Олон залуу эрэгтэй малчинд эхнэр олдохгүй байна.

Цастай хээр талд морь, тэмээ унан сууж буй малчны хувьд хэдэн мянган бээрийн алсад байх Украин хэмээх газар дайн болж, эсвэл Бээжинд Ши Жиньпиний гаргасан шийдвэрээс болж амьдрал хүндэрсэн гэж төсөөлөхийн аргагүй болов уу. Малчин хүнд хэцүү мэргэжил боловч өвөг дээдсийн олон мянган жилийн турш уламжилж ирсэн зүйл тул мал болон гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай хандах ажил юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

монголд угаасаа эдийн засаг гэж байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button