МАН-ын өрөөр айлгах тактикыг АН өвлөж авчээ

Монгол Ардын Нам 2012-2016 онд сөрөг хүчин байхдаа нийгмийг хамарсан хүчтэй акциуд хийж, тэр нь зүй ёсны нөлөөллөө сайн үзүүлдэг байв. Тухайлбал, тухайн үеийн МАН-ын генсек Ж.Мөнхбат төв талбай дээр сонгуулийн тооллогын хар машин шатааж, нэг төгрөгийг ам.доллартай харьцуулан харуулах зэргээр нөлөөллийн ажлууд хийдэг байсан.
Тэдгээрээс олон нийтэд хамгийн сайн хоногшиж, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд зүй ёсоор нөлөөлсөн зэйсээр "Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо" гэх мессиж байв. Нүүдэлчин соёл иргэншилтэй, зах зээлийн нийгэмд шилжсэн хэдий ч өр ширтэй байхаас айдаг монголчуудын сэтгэлгээнд "АН биднийг ер нь өрөнд оруулж гүйцлээ" гэсэн дүгнэлт шуудхан орсон гэгддэг.
Уг нь Ардчилсан Нам хамтарсан засгийн газар байгуулж ажилласан энэ үед манай улс Засгийн газрын баталгаатай бондууд гаднаас босгож, нийгмийн олон салбарууддаа хөрөнгө оруулалт хийж чадсан. Гэвчиг "Монголчууд өрөнд орж дууслаа" гэсэн айлгах тактик үүнтэй зэрэгцээд, амжилттай хэрэгжсэн юм.
2016 оны УИХ-ын сонгуулаас хойш нэг нам засаглаж, Төрийн гурван инститүци нэг намын бүрдүүлбэр болсон энэ үед хүчтэй сөрөг хүчний дуу хоолой улам бүдгэрсээр буй. АН өнгөрөгч хоёр парламент дамнан, УИХ дахь намын бүлэг байгуулах босгыг гишүүдийн тоогоороо дөнгөж давсан хэдий ч гишүүдээ намаасаа хөөх, түдгэлзүүлэх зэргээр хүчээ сулруулсаар байв.
Ийм байдлаар парламентад ч, нийгмийн индэр дээр МАН сөрөг хүчингүй, ганцаар тоглосоор найман жил болж байна. Энэ хооронд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны сүүлийн үзүүлэлтээр 33 их наяд хүрч, 2016 оноос хойш 9 их наядаар тэлснийг доорх баганаас харж болно.

Өр ингэж өссөөр байгаа. Үүнийг одоо АН өгөөш болгон ашиглах болов. АН-ын дарга Л.Гантөмөр орон нутгуудаар тойрохдоо "МАН биднийг өрөнд оруулж гүйцлээ. АН засаглавал ингэж их өр тавихгүй. Бид өрнөөс гаргана" гэх агуулгаар ярьж байна. Энэ нь яг л пирамид тогтолцоотой сүлжээний бизнесийн ухуулга шиг сонсогдох агаад, "толгойтой", сайн лидер гэгдэж буй С.Баярцогт нь хүртэл өрийн асуудлыг сөхөж ярих болжээ.
Цаашид Монгол Улсын өрийн хэмжээ аль ч нам засагласан шуудхан нэгнээс нь хамаараад буурчихгүй. Бид жил бүр улсын төсвөөсөө гадны зээлийн хүүгийн төлөөсөнд 1 их наяд гаруйг төлдөг. Үүнийг татвар төлөгчдийн нуруун үүрүүлэхдээ төсөв батлагчдын хэн нь ч төдийлөн тайлбарлахгүй өнгөрөөсөөр ирсэн.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг,
- 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас,
- 2016 оны төсвийн жилд 88 хувиас,
- 2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас,
- 2019 оны төсвийн жилд 75 хувиас,
- 2020 оны төсвийн жилд 70 хувиас,
- 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас,
- 2023 оны төсвийн жилд 65 хувиас,
- 2024 оны төсвийн жилээс эхлэн, 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж тусгаж өгсөн.
Уг нь өрийн таазыг 2021 онд 60 хувьд барихаар өмнөх Засгийн газрын үед хуульчилсан ч эрх баригчид өөрсдөдөө зориулан, 70 хувь болгон өсгөж баталсан. Эдүгээ сонгуулийн жилд 60 хувиар өрийн таазаа барихаар ажиллаж байгаа нь энэ юм. Ерөнхийдөө Засгийн газраас "Аль ч улс орнууд өрийн таазаа нэмж байгаа. ДНБ өсөхийн хэрээр дагаад таазаа өндөр болгож, эдийн засгийн тэлнэ" гэх мессижийг өгөх болсоор удав.
Сөрөг хүчин байх үедээ бол эрх баригчид өрийн таазыг яг хадны мангаа мэт ойлгуулж байсан ч яг засгийн ажлыг аваад явахаар дэлхий өөр чигт урсаж буйг ингэж анзаарсан хэрэг.
Дэлхий нийтээр чөлөөт эдийн засгийн урсгалыг түлхүү барьж, Итгэлт баяны хэлдгээр "мөнгөө гудсан доогуураа хийх биш, аль болох хөдөлгөөнд оруулах" тактикаар урагшилж буй энэ үед Ардчилсан үзэлтэй нам нь өрөөр айлгаад явна гэдэг хачин жигтэй асуудал билээ. Яг намынхаа үзэл санааг өрөөс айх айдастай холбоод харахаар уг нь эсрэг тэсрэг урсгал л гармаар.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 жилийн турших өр 2016 онд нэг хүнд 15 төгрөг гэж байв.МАН засаг аваад 7 жилд уул уурхай ,түүхий эдийн үнэ өндөр байх хугацаанд өрийг өрөөр дарж нэмж өр тавьсаар 2023 онд нэг хүнд 30 төгрөгний өр үүсгэв.Ажил гэж байхгүй ээ.Дарханы зам , нефтьний үйлдвэр, мухар төмөр зам гэх мэт урагшладаггүй ажил зөндөө.ПОПУЛИЗМ бол с�##�хи
МАН АН гэх шиг топ хулгайч луйварчид нь улс орныг удирдаж самарч дуусаж байхад ичихгүй л попроод явах гэж