Нийгэм мэдээ

Шилдэг өвлөн уламжлагчаар 57 жил эсгий урлал хийж буй Д.Цэндсүрэн тодорлоо

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарчээ.

Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл “Эсгий ширмэл урлал” өвийг тэрбээр өөрийн ээж Д.Долгороос долоодугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа аж.

Өдгөө 72 настай тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эхлэн амжилттай оролцож иржээ. Мөн соёлын биет бус өвийн “Уламжлалт гар урлал”-ын ай сав, түүний төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 2006-2023 онуудад 11 аймгийн 28 сумын 900 гаруй иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгуулсан байна.

Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1976-1980 онд VI, 1981-1985 онд VII, 1986-1990 онд VIII таван жилийн гавшгайч, 2018 онд “Тэргүүний ардын авьяастан”, 2019 онд “Алтан гадас” одон, 2022 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.

Ташрамд дурдахад, тус журмын дагуу

2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа,

2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж,

2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа,

2021 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа,

2022 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөөмийч Д.Цэрэндаваа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдаж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button