Г.Тэмүүлэн: “Оюутолгойд хоосон контейнер нийлүүлдэг” гэх асуудал бүлгийн хурлаар яригдаагүй

Өнөөдөр /2019.11.18/ МАН-ын бүлэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн байна. Тодруулбал, тус гэрээний алдаа дутагдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцжээ. Оюутолгойд бараа нийлүүлэх нэрээр хоосон контейнер нийлүүлдэг гэх яриа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Эл асуудлын талаар сэтгүүлчид тодрууллаа.
-Өнөөдрийн МАН-ын бүлгийн хурлаар ямар асуудлыг хэлэлцэв?
-МАН-ын бүлгийн хурлаар Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулж гарах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. 2018 оны гуравдугаар сард УИХ-ын даргын захирамжаар Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тус ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажиллаад үр дүнгээ 2019 оны тавдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн санал зөвлөмжтэй холбогдуулан Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан 10 гишүүн ажиллаж тогтоолын төслөө боловсруулаад дууссан байна. Энэхүү төслөө бүлгийн хуралд танилцууллаа. Удахгүй УИХ-ын чуулганд оруулан танилцуулахад бэлэн болсон байна.
-Ямар дүгнэлт гарсан бэ?
-Тогтоолын төсөл 7 зүйл, заалттай. Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдаж байсан. Энэ арван жилийн гэрээний үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого чиглэлүүдийг тогтоолын төсөл гаргасан. Тодруулбал, үр өгөөжийн түвшин ямар байх ёстой, бид цаашид ямар бодлого баримтлах ёстой вэ зэрэг. 34 хувийг эзэмшсэнээр авах үр өгөөжийг ямар байдлаар орлуулах боломж бололцоо байна вэ. Үүнтэй дүйцэхүйц үр өгөөжийг АМНАТ-өөр, эсвэл бүтээгдэхүүн авах гэрээний нөхцөлөөр байдаг ч юм уу, үүнийг оруулах ямар хувилбарууд байж болох вэ гэдэг асуудлыг тогтоолын төсөлд оруулсан. Тогтоолын төсөл нь Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн санал зөвлөмжүүдийг биелүүлэх үүрэг даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгч байгаа гэсэн агуулгатай. Эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол маань ТЭЗҮ шүү дээ. Төслийн ТЭЗҮ-ээр бол Монголын тал төслийн нийт хугацаанд 118 тэрбум долларын борлуулалтын орлогоос 45 тэрбум долларыг авна гэсэн тооцоолол хийсэн. Нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй үр өгөөжийг Монголын тал авах нь ээ гэсэн агуулга бий. Нөгөө тал 47 хувийг авах нь ээ.
-Хөрөнгө оруулагч талаас манай талтай тохиролцож, зөвшилцөлд хүрэх боломж бий юу. Мөн саяхан Сангийн сайд асан Баярцогт Оюутолгойн гэрээтэй холбоотой ном гаргахдаа “Монголчууд өөрсдөө энэ гэрээгээ ойлгохгүй байна” гэх утгатай зүйлийг ярьсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бололцоо байгаа юу гэдэг асуудал бий. Аливаа бизнес хэлцэл гэдэг асуудал байнга өөрчлөлтөд орж байдаг. Тухайн хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн сүүлийн заалтад “Талууд харилцан тохиролцож байж энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна” гэдэг заалт байдаг. Тэгэхээр хэдэн ч удаа, хэзээ нэмэлт өөрчлөлт оруулж болно, гэхдээ хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх ёстой.
-Оюутолгойд бараа нийлүүлэх нэрээр хоосон контейнер нийлүүлдэг гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү. Бүлгийн хурал дээр энэ асуудал яригдсан уу?
-Тийм асуудал яриагүй. Гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудал нь Засгийн газрын хариуцах ёстой асуудал.
П.УРНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.