СПОРТ

Дараа жилээс хөлбөмбөг, футзал хөлбөмбөгийг хөгжүүлнэ

МХБХ-ны Зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тогтоолоор 2020 оноос хөлбөмбөг, футзалын хөлбөмбөгийн төрлийг хөгжүүлэхийг баталсан.

Бодлогын хүрээнд МХБХ-ны мэргэжилтэн О.Аззаяа Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-нд ажиллаад сар гаруй хугацаа өнгөрчээ. Футзалын чиглэлээр 2016 оноос эхлэн түлхүү анхааран ажиллаж, мэргэшсэн О.Аззаяа нь одоогоор АХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтэст ажиллаж буй. Тэрээр наймдугаар сараас АХБХ-ны Техникийн хэлтэс, 10 дугаар сард АХБХ-ны Клуб лиценцжүүлэх хэлтэст ажиллаад эх орондоо эргэн ирж, МХБХ-ны Футзалын хөгжил болон Клуб лиценжүүлэх хөтөлбөрүүд дээр ажиллах гэнэ.

О.Аззаяа футзалын хөлбөмбөгийг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар:

“Футзал бол нийт хөлбөмбөгчдийн ур чадварыг хөгжүүлэх асар том нөөц, хүчин зүйл. Товчхондоо бол Хөлбөмбөгийн “Grassroots” гэж боддог. Ялангуяа манай орон шиг хүйтэн цаг агаар давамгайлдаг бүс нутагт бол Футзал нь хөлбөмбөгийн салшгүй хэсэг” хэмээжээ. Түүнчлэн футзалын төрлөөр хүчтэй өрсөлдөгч орон болох, Монгол Улсын нэрийг Азид төдийгүй олон улсад тодоор цуурайтуулах үндсэн зорилготой АХБХ-ны мэргэжилтнүүдээс санал, зөвлөгөө авч МХБХ-ны Футзалын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна. Футзал, Хөлбөмбөг сална гэж ярих нь бага зэрэг өрөөсгөл санагддаг. Учир нь футзал бол хөлбөмбөгийн шүхэр доор байрладаг, дагуул төрөл гэж ойлгох хэрэгтэй. Сална гэхээр шүхрээсээ гараад явна гэсэн үг биш. Бидэнд футзалын төрлөөр амжилт гаргах боломж, нөөц их байгаа учраас, футзалыг хөгжүүлэх тусгай хөтөлбөр шаардлагатай болсон юм. Монголын хөлбөмбөгт энэ томоохон өөрчлөлт ирж байгаа учраас эхэн үедээ асуудал, бэрхшээлүүдтэй тулна гэж таамаглаж байна. Хэдий тийм ч үндсэн зорилгодоо хүрэхийн тулд багаар, тууштай ажиллах нь тун чухал байна. Энэ дашрамд онцлоход, АХБХ-нд ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлж өгсөн МХБХ-ны бүх удирдлагууд, нийт хамт олон, дэмжигч та бүхэндээ баярлалаа гэж хэлье” хэмээн ярьжээ.

Түүнчлэн футзал, хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагч, цаашлаад шүүгчид нь тусдаа болох ажил 2020 оноос эхэлнэ хэмээн МХБХ-ноос мэдээллээ.

А.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button