Хуулийн мэдлэгт #13: Засгийн газрын үйл ажиллагаа, тайлан, үнэлгээ
Хуулийн мэдлэгт цувралын арван гурав дахь дугаарт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа болон ажлын тайлан, үнэлгээний талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Бидний мэдэж байгаачлан Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэж, Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг. Харин Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага юм. Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог ба бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуульд зааснаар 4 жил байдаг.[1]
Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн нэгдсэн хуралдаанд төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцдог.[2]
Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын Их Хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу ажиллаж, ажлын тайланг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Улсын Их Хурлын Тамгын газраас хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлдэг байна. [3]
Улсын Их Хурлын Тамгын газар нь үнэлгээг дараах байдлаар хэмждэг. Үүнд:
• “үр дүнтэй” буюу 100 хувийн хэрэгжилттэй;
• “тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70-99 хувийн хэрэгжилттэй;
• “эрчимжүүлэх шаардлагатай” буюу 31-69 хувийн хэрэгжилттэй;
• “үр дүнгүй” буюу 0-30 хувийн хэрэгжилттэй.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 6 бодлогын хүрээнд нийт 259 зорилт, 982 арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 2023 оны байдлаар 218 арга хэмжээний хэрэгжилт 0-30 хувиар үнэлэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжилтийг 73.8 хувьтай гэж үнэлж ирүүлсэн бол Улсын Их Хурлын Тамгын газраас 66.8 хувьтай буюу “Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай” гэж тус тус үнэлжээ.[4]
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын намаас Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан ба УИХ-аас “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг 2024 оны 08-р сарын 27-ны өдөр баталсан байна.[5]
Тус хөтөлбөрт үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, эрх зүйт төрийн үндсэн зарчмуудыг удирдлага болгон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын шинэчлэл, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.
Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК

Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.
Эх сурвалж:
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 6-р зүйл
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 44-р зүйл
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 117-р зүйл
- https://www.parliament.mn/nn/16710/
- https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141368141311












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.