Үер автсан бүс нутагт үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатнуудыг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Энэ ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд иржээ.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг хариуцлагатай үүргийг цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэсэн.
Ялангуяа хүний эрх ноцтой зөрчигдөж байсан тосгон сууринд ажиллагааны бааз шинээр байгуулан энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, 1000 гаруй километр алслагдсан зайд НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг амжилттай хамгаалах зэрэг чухал үүргүүдийг үер усанд автсан бүс нутагт амжилттай гүйцэтгэж, өндөр ачаалалтай, онцгой хариуцлагатай ажилласныг сайшаалаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагийн 11 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.