2024 оны тойм, нийгэм: Эмээгийнхээ тэтгэврийн зээлээр дэлхийг өндөлзүүлсэн Б.Аюуш буюу Mzinho

2024 оны нийгмийн салбарын онцлох үйл явдлаас тоймлон хүргэж байна.
Зуд, ослоор эхэлж, улс төрийн сонгуулиар өрнөж, олимп, спортын амжилтуудаар үргэлжилж, утааны асуудлаар үдэж байна, бид нэгэн жилийг. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. Эмээгийнхээ тэтгэврийн зээлээр анх компьютер авч, улмаар дэлхийн цахим тоглоомын ертөнцөд Монгол нэрийг дуурсгаж чадсан "The MongolZ" багийн 16 настай Б.Аюуш буюу Mzinho-г Eguur News агентлаг оны онцлох дүрээр нэрлэлээ.
Ашдын сайхан бэлгэдэл буурал эмээгийнхээ ерөөлөөр тив дэлхий, тэрбум хятадуудыг өндөлзүүлж чадсан өхөөрдөм бондгор хүүгийн намтар, амжилтын эхлэл болон түүхийг энд бас багтаав.
-11 жилийн түүхтэй "The MongolZ" ба 17 настай Б.Аюуш “Mzinho”-
2013 онд "Dota 2" багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан "The MongolZ" 2015 оноос эхлэн "CS2" буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол дэлхийд нэрээ цуурайтуулан амжилтын түүхээ бүтээж байна. Тэд өнөөдрийн өндөрлөгт хүртлээ багаа маш олон гишүүнээр сэлгэсэн бөгөөд дэлхийн тавцан дээр гарсан энэ бүрэлдэхүүнийг өнгөрсөн онд бий болгосон.
Онцолбол, одоогийн бүрэлдэхүүнд "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд Б.Гарьдмагнай “bLitz”, М.Содбаяр “Techno4K”, Б.Өсөхбаяр “910”, Б.Аюуш “mzinho”, М.Азбаяр “Senzu” гэсэн тамирчдаас гадна дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу “maaRaa” нар багтана.
Бидний онцолж буй Б.Аюуш 2019 оны "MESA League S1"-ийн үеэр 12 настайдаа ахыгаа дэмжихээр ирж байсан нь өнөөдрийн дэлхийд хүчтэй, өсөх ирээдүйтэйд тооцогдох тоглогчийг төрүүлэх анхны жим байсан. Тэрбээр 14 настайгаасаа CS 2-ын мэргэжлийн түвшинд “w2c”, “The Black Company”, “The Shine”, “Flaggers” багуудад тоглож байв.
2021 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн The Mongolz багт тоглож, өнгөрсөн онд албан ёсоор 16 нас хүрч The MongolZ багийн үндсэн гишүүн болсон юм.
Mzinho нэгэн ярилцлагадаа “Гэр бүлийнхэн маань нэг ч удаа боль гэж байгаагүй. Ялангуяа эмээ минь анх ах бид хоёрт чадна гэж бодож байвал үүнийгээ тултал хий гэж хэлээд компьютер авч өсгөн” гэжээ. Ингэхдээ эмээ нь тэтгэврийн зээлээр компьютер авч өгсөн. Ах, дүү хоёр ингээд B1 давхрын PC-нээс "ажлаа" эхэлсэн нь хожим Азийн CS 2-ын түүхэнд салхи хагалах шинэ түүх бичнэ гэж хэн санах билээ.
Шинэ бүрэлдэхүүний гайхам амжилтаас цухас дурьдахад,
- "The MongolZ" анхны тэмцээн болох "CS Major Copenhangen"-д оролцож, elimination stage-д шалгарсан анхны Монгол баг
- Абу Даби хотноо "CS2"-ын “yaLLa Compass 2024” тэмцээнд ялж, Counter-Strike тоглоомын "Major" тэмцээнд оролцох эрхийг олгох бүсийн чансаа тогтоох тэмцээн буюу “PGL "Major Copenhagen 2024” тэмцээнээс шалгарч анхны стикэрээ авсан
- Түүхэн дэх хамгийн өндөр шагналтай тэмцээн “Thunderpick Championship 2024”-т түрүүлж аваргаа бататгасан
- "Perfect word Shanghai Major 2024" тэмцээнд оролцох эрхээ авч, плэй-оффын шатанд шалгарч азиуд европын хүчтэй багуудтай эн тэнцэх хэмжээнд чансаагаа харуулсан.
Тэд 2024 онд оролцсон тэмцээнүүдээсээ хүртсэн шагналын орлогоороо дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа.
- PGL Major Copenhagen 2024: XV-XVI дугаар байр 20 мянган доллар
- ESL Pro League Season 19: IX-XII байр 23,5 мянган доллар
- yaLLa Compass 2024: Аварга, 200 мянган доллар
- Esport World Cup 2024: IX-XII байр 25 мянган доллар
- Skyesport Championship 2024: Дэд аварга-70 мянган доллар
- IEM Rio 2024: VII-VIII байр 6 мянган доллар
- ESL Pro League Season 20: IX-XII байр 23.5 мянган доллар
- IEM Cologne 2024: IX-XII байр 16 мянган доллар
- ESL Challenger at Dreamhack Summer 2024: V-VI байр 3 мянган доллар
- IEM Katowice 2024: XVII-XX байр 4.5 мянган доллар
- Elisa Masters Espoo 2024: III-IV байр 15 мянган доллар
- Thunderspick World Championship 2024: Аварга, 500 мянган доллар
- Perfect word Shanghai Major 2024: V-VIII байр 45 мянган доллар
Нийлбэр дүнгээрээ "The MongolZ" жилийн дотор 951,500 доллар буюу 3 тэрбум 254 сая 130 мянган төгрөгийн шагнал хүртжээ.
Тэд тэмцээнд оролцсон улсынхаа аль эсвэл эх орныхоо хуулиар, шагнал урамшууллаасаа татвар төлөх ёстой. Тэмцээнд оролцсон улсдаа бай, шагналаасаа татвар төлөөгүй бол Монгол улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар татвар төлнө.
Дэлгэрүүлбэл, ХХОАТ-ын хуулийн 19 дүгээр зүйл
19.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
- 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр
- 19.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр
- 19.2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч албан татвар төлөгч тайлант жилд олсон орлогоо өөрийн хүсэлтээр энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орлогод хамруулан, албан татвар ногдуулан төлж, тайлагнаж болно.
Мөн 21.2.Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дoор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна
- 21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;
- 21.2.2.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд 5 хувиар;
- 21.2.3.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд 40 хувиар;
- 21.2.4.энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар;
Дээрх хуулиас харахад, манай улс E-Sport-ыг урлаг спортын хүрээнд хамруулан нийт бай шагналын 5 хувийг улсдаа татвар болгон хураан авах юм. Тэгвэл The MongolZ багийнхан энэ онд олсон нийт орлогынхоо 162,706,500 төгрөгийг улсдаа татвар болгон төлжээ.
-Хариуцлагагүй Монгол зан, хамгаалалтгүй аврагч нар, эрх баригч нарт “зуугдсан” сэтгүүлч-

Шинэ оны аймшигт ослоор эхлэв. Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам газ ачсан автомашин дэлбэрч, онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан.
Хэрэгт холбогдуулан “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татсан. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаандаа явж буй.
Орон сууц нь шатсан иргэдэд нийслэлээс байр түрээслэх мөнгө олгож, амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууц олгосон. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт 12 сар дуншсаар өчигдөр л /2024.12.25/ хотын дарга Х.Нямбаатар “Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207-р байр хоёр барилгын дунд баригдсан учир гар аргаар нураана” гэв.
Гал, усны аюул руу буй биеэрээ л яваад орчихдог хамгаалах хэрэгсэл муутай аврагчдын асуудал ингээд зогссонгүй дөрвөн сарын дараахан буюу /2024.04.08/ “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, нэгэн аврагч нас барав.
Харин энэ онд 38 мянга орчим гэмт хэрэг гарснаас 12 хоногийн зайтай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн 20 настай залуугийн хэргийг сөхөхөөс өөр аргагүй.
- Эхний хэрэг: Сүхбаатар дүүрэгт зургаадугаар сарын 9-ний өдөр үйлдэгдсэн байдаг. Тодруулбал 32 настай эмэгтэй З-ийг хөнөөж хувцасны шүүгээнд хийсэн.
- Дараагийн хэрэг: Хан-Уул дүүрэгт 16 настай эмэгтэй Ш-ийг хэрцгийгээр хөнөөж чемодан дотор цогцсыг хийсэн.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд таван зүйл ангиар буруутгагдаж 4 жил 9 сарын ял сонссон. Тэрбээр анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, дахин шүүгдсэн боловч ялыг хэвээр үлдээсэн билээ.
Харин одоо Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд жирийн дэглэмтэй 407 дугаар хорих ангид ял эдэлж байна.
-Парисын дэвжээг донсолгосон монгол тамирчид, хүсэл зоригоороо Английг зорьсон эрэмгий зоригт залуу, анхны гэх бүхний эзэн алтан охин М.Анхцэцэг-

Энэ онд хоймор нутгаас төрсөн шавилхан биетэй Б.Баасанхүү тив дэлхийд эх орон, элгэн саднаа цуурайтуулан Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн юм.
14-хөн настай охин их спортод хөл тавьж жүдо бөхийн дугуйланд явж эхэлсэн Б.Баасанхүү Абу Даби хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий 48 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт Ассунта Скуттог унаж шидэх мэхээр хаяснаар 24 насандаа дэлхийн аварга болсон түүхтэй.
Парисын олимпод шөвгийн дөрөвт шалгарч Испанийн шигшээ багийн тамирчин Мартинезтэй барилдаж, нэмэлт цагт цэвэр ялалт байгуулснаар мөнгөн медалийн болзол хангасан юм. Анхны олимподоо Японы шигшээ багийн тамирчин дэлхийн гурван удаагийн аварга, Цүнода Нацүмитай учраа таарсан нь түүнийг хэдий хэр чадалтайг илтгэж, олон улсад дуурсагдах нэрээ тодоор бичиж, үлдээсэн юм.
Паралимпын төрлөөс У.Сүрэнжав аваргын алтан медалийг хүртэж, паралимпын медальт анхны эмэгтэй тамирчин болж алдар нэрээ цуурайтуулав.
Таеквондочин тамирчин Г.Болор-Эрдэнэ, бөөрөнцөг түлхэлтээр Ц.Баттулга, поуэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ нар мөнгөн медаль хүртсэн баярт үйл явдлууд энэ оны онцлох үйл явдал мөн. Сэтгэл зүйчгүй, хоол зүйчгүйгээр баг тамирчдыг явуулсан гэх шүүмж ихээхэн гарсан ч тамирчид маань өөрсдийн чадал, бор зүрх, тэсвэр тэвчээрээ харуулан Парисын тэнгэрт эх орныхоо далбааг дөрвөнтөө мандуулсан юм.
"Алтан охин" М.Анхцэцэг арав гаруй жилийн турш хичээллэсэн их спортоосоо зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Тив, дэлхийн бүхий л амжилтыг түүчээлсэн тэрбээр гадаадын улс орнуудаас ирсэн хэд хэдэн хүсэлтийг хүлээж аваагүй, “Зөвхөн Монголдоо” үлдсэнийг нь мартамгүй.
Хөлбөмбөгийн фанат залуу унадаг дугуйтайгаа 19 улсаар дамжиж, 14 мянган км замыг туулан Англид очсон гайхам хийгээд бахархам үйл явдал болов. Хөлбөмбөгийн аваргуудтай хамт тоглож байна гэх багийн мөрөөдөл нь бодит болж Лондонгийн, Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд хөл тавьж, хүслээ биелүүлсэн юм. Б.Очирваань бүхий л зүйлийг боломжтойг нь баталсан.
-Арав гаруй жилийн түүхтэй Плэйтайм бууриа сэлгэж, ARA фестиваль эрчийг авч, The Hu эх орондоо ирэв-

Плэйтайм энэ жил бууриа сэлгэж, шинэ талбайд илүү олон хүний багтаамжтайгаар зохион байгуулагдав. Үүний зэрэгцээ өнгөрсөн жилээс эхэлсэн ARA фестиваль эрчийг авч, залуучуудыг нэгтгэсэн нь манай улсад урлагийн салбар хөгжингүй байгаагийн илрэл юм.
2000-аад оны эхэн үед шуугиулж явсан хамтлагууд өнгөрсөн зун төв цэнгэлдэх хүрээлэнд хэд хэдэн удаа тоглолтоо хийв.
Дэлхийг донсолгоод байгаа The Hu хамтлаг эх орондоо анхны бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн нь бидний бахархалт нэгэн үйл явдал байлаа. 10 гаруй жилийн өмнөөс бэлтгэгдэж, уран бүтээлээ туурвиж, Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан тэднийг эх орондоо үзэх ховор нандин үйл явдал байв.
-Нийт нутгийн 77 хувь цөлжиж, 7.4 сая малаа зуданд алдаж, 1585 тонн буудай, ногоо хураав-

Бэлчээрийн мал аж ахуйтай монголчууд байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж 19 аймгийн 232 сум өртөж 7.4 сая толгой мал хорогдож, нийгэм, эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Хот нь харласан малчин амиа хорлож, цасанд боогдсон айлуудын хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, арга хайсан нэг нь автобусны жолооч болохоор нийслэлийг зорьж, утаа түгжрэл улам нэмэгдэхэд “нэмэр” болов.
Монголын малчдын холбоо малчдынхаа зээлийг тэглүүлэхээр арга саам хэдэнтээ хайсан ч, эрх баригчид гэдийсээр “Шинэ хоршоо” гэх хөтөлбөрөөр сонгуулиа амжилттай хийж чадсан юм. Гэхдээ энэ нь тийм ч хүртээмжтэй бус бас л намын нөлөөлөл, бүлэглэлийн байдлаар хэрэгжиж, яг хүрэх цэгтээ очоогүй нь харамсалтай. Үүний цаана бэлчээрийн даац, малын чанар, сүргийн бүтэц, малын ашиг шимийн үнэ ханш гээд малчдын бүхий л зүйл асуудал хэвээрээ, шийдэлгүй.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 65 сая тоо толгой малтай. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6 байдаг бөгөөд энэ жилийн зудад 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан юм.
Дэлхийн Банк Группийн 2024 оны 10-р сард гаргасан тайланд дурдсанаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвараа бэхжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох нүүрснээс хамаарлаа бууруулах шаардлагатайг онцолсон. Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2023 оны хооронд 2.52°С-аар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалт, талхагдлаас үүдэн Монгол орны нийт нутгийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. 2024 оны 11-р сард болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааны чухлыг онцоллоо.
Төвийн аймгуудын нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутаг болгохоор зорьж буй манай улс энэ онд 405.3 мянган тонн улаан буудай, 460 мянган тонн хүнсний ногоо, 160.7 мянган тонн тэжээлийн ургамал, 560 мянган тонн тосны ургамал хураав.
-Цахилгааны үнийг дагасан хөөс ба гэнэт тараасан ногдол ашиг-

Эрчим хүч: Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэх тухай шийдвэрийг энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс гаргасан. Ингэхдээ цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчилсэн. Гэтэл үнээ нэмсэн ч ачааллаа дийлэхгүй байна гэх шалтгаанаар тогны хязгаарлалтыг хийх болсон. Хэзээний л хүйтний эрч чангарах үеэр эрчим хүчний дутагдалд ордог бэрхшээлээсээ мөн л салж чадалгүй он гаргах нь.
Хэзээ, хаана таслахыг хэлж мэдэхгүй гэсэн тул лаа, чүдэнз, газ, усаа бэлдэн “дулааны шугам хөлдөхөөс өмнө л ирээсэй” хэмээн бөмбөгнөн чичрэх өвөл үргэлжлэх төлөвтэй байна.
Тогны үнэ нэмэгдэх үеэр мөн зарласан нэг шийдвэр бол дулааны тарифын өөрчлөлт. Хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх тухай зарлаагүй ч 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн билээ. Гэтэл тог дулааны үнэ нэмнэ гэх мэдээлэл гармагц бүхий л бараа бүтээгдэхүүн тодорхой хэмжээгээр өсөж, түрээслэгчид төлбөрөө нэмсэн байдалтай буй.
Үнийн өсөлт: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх оны эцсээс 7.7 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Харин эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлэв.
Мөн инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 сард 8.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байлаа.
Хэрэглээний бараа үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа үйлчилгээг судалдаг бөгөөд үүний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна.
Харин мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 11 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өссөн байна. Үүнд үхрийн махны үнэ 14.6 хувиар, адууны махны үнэ 9.3 хувь, хонь, ямааны махны үнэ 17.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Бид анх удаа үндэсний хуримтлалын сангийн ногдол ашгаасаа хүртэхээр болов: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2024.12.20/-нд өөрийн биеэр мэдээлэл хийв. Энэ үеэрээ хэд хэдэн мөнгөний мэдээлэл хэлсэн.
- Нэг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны 1072 хувьцааны ногдол ашиг хэмээх 121,500 төгрөгийг иргэдийн дансанд олгов. Гурав хувааж олгох бөгөөд үлдсэнийг нь ирэх оны нэг, хоёрдугаар сард дахин олгох юм. Гэхдээ энэ удаагийнхыг нь "Аудитын тайлан гараагүй байхад олголоо" гэх шүүмжлэл дагуулаад буй.
- Хоёр, Үндэсний баялгийн сангийн "Ирээдүйн өв сан" дөрвөн их наяд төгрөгтэй болсныг дуулгав. Харин Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг цугларсан тул иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламжтай үүсгэж, "E Mongolia" системд харагдахаар байршуулсан.
-Гүйцэтгэлийн санхүүжилтдээ тонгоруулж, курсын багшаар амь аргацаасан амин салбарууд-

2020 онд Эрүүл мэндийн тухай багц хуульд өөрчлөлт орж нэг эх үүсвэрийн буюу стратегийн худалдан авалт бий болсон. 2024 онд ЭМЯ төр, хувийн эмнэлэг дээр тоо хэмжээ тохирч 1,9 их наяд төгрөгийн үйлчилгээ авахаар гэрээлсэн. Гэвч энэ тэгш боломжид ашиг сонирхол, ахиу авах хүсэл давамгайлснаар оны эцэст иргэд архаг хууч өвчин, рашаан сувилал гэх мэт аминаас хол “асуудлуудаараа” үйлчилгээ авах боломжгүй болов.
Шинэ засгийн газрын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гал унтраах мэдээллийг үе үе хийснээр оноо арайхийн давах гэж байгаа нь энэ. Нийгмийн сүлжээнд ЭМД-ын сангийн мөнгийг идчихсэн гэх мэдээлэл давалгаалавч дарга нар даатгалын сан дампуураагүй, 1,9 их наядад л тааруулж зарлагаа гаргана, санд үлдэгдэл мөнгө бий хэмээн мэдэгдэж буй.
Уг сан “Чингис хаан” банк, “Капитал” банкнаас 136,4 тэрбум төгрөгийн авлагатай. Үүнээс “Капитал” банкаас 77 тэрбум төгрөгийг салгаж авсан, “Чингис хаан” банкны авлага шүүхийн шатанд яваа гэдэг. Дээрээс нь энэ оноос эмийг зөвхөн жороор олгох шийдвэрийг ажил хэрэг болгон мөрдөж эхэлсэн нь салбарын нэр хүнд ард түмний дунд “салбайтал” унасан. Даралтаа ихдэхээр, толгойгоо өвдөхөөр, хүүхдээ ханиахаар эмийн санчтайгаа зөвлөлдөж байгаад эм аваад ууж дадсан монголчуудад оновчгүй, мулгуй шийдвэр гэж нэрлэгдсэн. Томуу, томуу төст өвчний халдвар нэмэлт ор дэлгэсэн ч хүрэлцэхгүй болж, эмч нарын өрөө, дотрын тасаг зэргээ суллан зориулж байгаа. Иргэд хүссэн эмээ авах боломжгүй болсноор эмнэлгийн ачаалал ийн өслөө хэмээж буй.
Монгол Улсын боловсролын систем тулгарч буй зарим нийтлэг асуудал ихтэй. Чанар хүртээмж, багшийн хүрэлцээ, сургалтын материал, техник хэрэгслийн хомсдолтойн дээр хэт их онолын ачааллаар булж практик ур чадвар, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, санхүүгийн боловсрол, харилцааны ур чадвар зэрэг практик хичээлүүд хангалтгүй заадаг.
Эдийн засгийн байдал, орчин нөхцөлөөс шалтгаалан чанартай боловсрол эзэмших боломж харилцан адилгүй, төрийн сургуулиудын ачаалал өндөр, ангийн хүүхдүүдийн тоо олон байгаа нь багш нарт хүүхэд нэг бүрт анхаарах боломжийг хязгаарладаг. Сургалтын систем уялдаа муутай гэх мэтээр тоовол зөндөө. Мөнхийн асуудалт сэдэв нь багш нарын цалин хөлс, нийгмийн баталгаа хангалтгүй, энэ нь чанартай боловсон хүчнээр дутах гол хүчин зүйл нь.
Энэ оны хичээлийн шинэ жил эхлэхэд боловсролын салбар 4000 гаруй багшийн дутагдалтай эхэлсэн. Багш нар нь хаачсан бэ гэхээр хувийн сургуулиудын хүсэлтээр багшаар оччихдог, бас гадагшаа хөдөлмөр эрхлэхээр явдаг. Аргаа барсан манай энэ салбар нэгэн мэргэн арга бодож олсон нь багшаар ажиллах сонирхолтой иргэдийг 45 хоногийн сургалтаар бэлтгэж, дутагдалтай орон тоогоо нөхөх. Тодорхой шалгуурууд тавьж байгаа л даа. Гэхдээ л...
Өнгөрч буй онд хүүхэд багшдаа зодуулсан тохиолдол 30 гаруй бүртгэгдсэн байна. Хүүхэд зодсон багш ажлаа өгдөг, эсвэл 100-300 мянгаар торгуулдаг. Хичээлийн II улирлаас өнөө 45 хоног бэлтгэгдсэн багш нар орж ирнэ. Дахин нялх үрс балмад багшийн уур, стрессийн бай бүү болоосой.
-Огшсон бахархсан, харууссан, хичээж зүтгэсэн-
Аравдугаар Богд шашны сургалттай дунд сургуульд эрдэмд шамдаж, 44 настай шинэ хамба бурхны номыг крилл үсгээр хэвлэж, монгол хэлээр уншиж, их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг эхлүүллээ.
Бойнд орох гэж буй адууг амжиж очиж худалдан авч авардаг "Адууны асрамжийн газар"-ын Б.Наранбадрах Нобелийн шагналтнуудын хүндэтгэлийн зоогт хүртэл уригдав. Монголын оюун ухааны тамирчид бахдам амжилтаа бататган энэ онд олон улсын 70 дахь тэмцээндээ оролцож, 1495 дахь медалиа хүртлээ.
Хүчилтөрөгчийн багаа нөхөж өмсдөг өргөсөн тангарагтаа үнэнч эвий аврагчид бусдын төлөө амиа зольж, "Эрх чөлөө" гэх үгийг ажлынхаа самбар дээр бичээд хорих анги руу ачигдсан хоёр хүүгийн ээж сэтгүүлч бүсгүй торны цаана амьдралынхаа таван жилийг үдэх болов.

Автобусны жолооч, талбайн цэвэрлэгч нарын цалин нэмэгдэж, 3 саяд хүрч "нар нь гарав". Цахилгаан, дулааны үнэ нэмэх сургаар наймаачид өргөн хэрэглээний барааны үнийг хайр найргүй нэмж, монголчуудын хэрэглээний сагсны агуулга хэрчим талх, хэсэг мах, давс сонгинохноор хязгаарлагдав.
Утаа, томуу, үнийн хөөрөгдөлд ээрэгдсэн нийгмийн амьдралын нэгэн оны төгсгөлд эрх баригчид үндэсний хуримтлалын хадгаламжид чинь мөнгө хийлээ, бас хувьцааны ногдол ашгаа хувааж өглөө шүү гэсээр хүн бүр 121,500 төгрөг өгч "гийгүүлэв".
Сэтгүүлч: Т.НАНДИН-ЭРДЭНЭ, Б.ОТГОНБАЯР, О.ОНОН
Зургийн эвлүүлгийг: О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Unereeg zuugdsan ntr gehed hetsuu lde. Setguulchiinhee erh medliig hetruulen ashiglaj heterhii hunii ner tord haldsan. Muu muuhaig ni barimttai delgej boloh ch hezee ch setguulch hun hund hoch ogood tuugeer ni tawlan tohuurhah ysgui. Setguul zuin ys zui oort ni bhgui haranhui buduuleg gdgee olon udaa batlaad tuundee tohiroh yl shiitgeliig l awsan todii. Jisfee ni ghed l ng ail buh m#laa aldchihaad bhd 8n ishig gj hergiig toorogduulj hohirogchdiig niigmiin daisan bolgoson hun shde. Bi law setguul zui boogdood bn gj haraague, harahchgui. Hurteh ystoigoo l hurtsen todii. Magdgui mash bagaar hurtsen bh, yrdoo 4.9hon jil shde
Өнөрөөг хэлмэгдүүлсэн дээ.Ниъйгэмд бузар булай юм хийж Өнөрөөгөөр авилг�##� хээл хахууль бусад бузар булайгаа ухуулсан хүмүүс зорилготойгоор Өнөрөөг шоронд хийсэн дээ .Ер нь үнэнийг хэлсэн болгоныг шоронд хийдэг болоод байгаа шүү.Энэ чинь л коммунизмын үзэл суртлын нэг зэвсэг .Хүнийг амьдаар нь сэтгэл зүйгээр тамлах бохир арга . Дээрхи сэтгэгдэл бичигч нөхөр ч бас бохир заваан үйлдлээ Өнөрөөгөөр уудлуулсан өш хонзон нь буц�##�сан хүн гэдэг нь мэдэгдэж байна .
Монгол з�##�уучуудын нэр дэлхийд цууурайтана дэлхийд
Нэр төрөөс өөр юм боддоггүй мулгуучууд
Товч тодорхой байлаа баярл�##�аа
Монголын бүх ард түмэн хувьцааны мөнгө гэж авлаа Төр засаг ахмадууд хүсээгүй байхад сонгуульд сан�##� авах зорилгоор нэг сая төгрөг өгчихөөд хувьцааг нь хааш ашиг өгөхгүй байгаа нь хэний буруу болж байнаа Өдрөөс өдөрт хорогдож байгаа хөгшчүүлээр тоглож наадаж ханах болоогүй юу Та нарыг дэлхийд ирээгүй байхад бид энэ улсын төлөө бүх байдгаа зориулсан юм шүү
Хортой утаан мана дундаас Улс төрчид, дарга нарын муу муухайг монгол эмээ, хүүхдүүд маань л цайруулж баярлуулж бөөн харын дунд гэгээтэй мэдээ өгөх юм даа! Аюуш хүүгийн башийханд амжилт хүсье