Өнөөдөр Доналд Трамп тангараг өргөнө
Өнгөрсөн арваннэгдүгээр сард явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсан. Тэрбээр өнөөдөр /2024.01.20/ Вашингтон хотод тангараг ажлаа албан ёсоор хүлээн авах юм. Тангараг өргөх ёслол болохын өмнөх өдөр Вашингтон хотод хэсэг хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Трамп анхны удаа тангараг өргөхөд Вашингтоны гудамжнуудад үймээн самуун дэгдэн, дэлхийн бусад орнуудад ч гэсэн жагсаал болж байв.
Тэгвэл одоо Трампын хоёр дахь тангараг өргөх ёслолын тухай мэдвэл зохих мэдээллийг хүргэе.
Ёслол хэзээ эхлэх вэ
Вашингтоны цагаар 05:00 минутад (Улаанбаатарын цагаар 18:00) ёслолыг үзэх хүмүүсийг шалгах аюулгүйн байдлын хаалга нээгдэнэ. Үүний дараа 09:30 минутад Конгрессийн тангараг өргөх ёслолын нэгдсэн хороо (JCCIC) мэдэгдэл хийж, дуу хөгжмийн үзүүлбэрүүд эхлэх юм. Тангараг өргөх ёслол 11:30 минутад (Улаанбаатарын цагаар 00:30 минут) эхэлж 12:00 минутад (Улаанбаатарын цагаар 01:00) Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс дараа нь Ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөнө.
Ёслол дотор орчинд явагдана
АНУ-ын ерөнхийлөгчид задгай талбайд, олон мянган хүний өмнө тангараг өргөдөг. Тэгвэл цаг агаар таагүй, хүйтэн байх урьдчилсан мэдээ гарсан тул тангараг өргөх ёслолыг Конгрессын ордны дугуй өрөөнд зохион байгуулах болсон гэдгийг Трамп баасан гарагт /2025.01.17/ мэдэгдсэн юм.
Трамп өөрийн эзэмшдэг Truth Social платформ дээр “1985 онд Роналд Рейган хэрэглэж байсан шиг тангараг өргөх ёслол, залбирал болон бусад үг хэлэх ёслолыг АНУ-ын Капитолын дугуй өрөөнд зохион байгуулахыг тушаасан. Рейган тэр үед хүйтэн уур амьсгалын улмаас дотор зохион байгуулж байсан. Энэ удаа ч гэсэн адил” хэмээжээ.
Хамгийн сүүлд тангараг өргөх ёслолыг дотор зохион байгуулсан нь Трампын дурдсанаар 1985 онд Ерөнхийлөгч Рейганы тангараг өргөх ёслол байсан юм. Тухайн жил мөн тангараг өргөх ёслолын парадыг цуцалсан байдаг. Харин энэ жилийн парад мөн дотор орчинд болох аж.
Хэн хэн ёслолд оролцох вэ
Тангараг өргөх арга хэмжээнд зориулж 220 мянган тасалбар хэвлэжээ. Тус ёслолд Ерөнхийлөгч Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон гэх мэт улс төрийн томоохон зүтгэлтнүүд оролцоно. АНУ-ын улс төрийн зүтгэлтнүүдээс гадна дэлхийн орнуудын төрийн төлөөлөгч нар тус ёслолд хүрэлцэн ирнэ. Үүнд БНХАУ-ын Ерөнхийлөг Ши Жиньпинийг төлөөлөн БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Хан Жэнь, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони гэх мэт эрхмүүд багтаж буй.
Мөн технологийн магнатууд болох “Tesla” компанийн захирал Илон Маск, “Alphabet”-ийн Сундар Пичай, “Amazon”-ий Жефф Безос, “Apple”-ийн Тим Күүк, “OpenAI”-ийн Сэм Алтман, “Meta”-гийн Марк Зукерберг нар оролцох юм.Нээлтийн ёслолд кантри хөгжмийн од Кэрри Андервуд дуулна.
Мишель Обама, Конгрессийн гишүүн Нэнси Пелоси гэх мэт Ардчилсан намын хэд хэдэн хууль тогтоогч нар ёслолд очихгүйгээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Axios, CNBC, New York Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.