Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск хиймэл оюун ухаанаар АНУ-ын засгийн газрын ажил эрхлэхээр төлөвлөж байна уу

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск хиймэл оюун ухаан ашиглан АНУ-ын засгийн гарын зарим ажлыг эрхлэхээр төлөвлөж байж магадгүй гэж хүмүүс таамаглаж байна. Гэхдээ мэргэжилтнүүд ийм ажилд хиймэл оюун ухаан ашиглах нь маш муу санаа гэж үзэж байгаа юм.

Маск Засгийн газрын үр ашгийн хэлтсээр (DOGE) дамжуулан холбооны засгийн газрын олон мянган ажилтныг халсан. Харин үлдсэн ажилчдаас долоо хоног бүр тухайн долоо хоногтоо юу хийж бүтээснээ тодорхойлсон таван зүйл бүхий имэйл илгээхийг шаардсан юм. Үүний улмаас “DOGE”-д долоо хоног бүр олон зуун мянган имэйл ирэх нь ойлгомжтой. Маск эдгээр имэйлийг боловсруулж, хэнийг цомхотгохгүй үлдээхээ тодорхойлоход хиймэл оюун ухаан ашиглаж байгаа аж. Мөн Маск зарим төрийн алба хаагчдыг хиймэл оюун ухаанаар солихоор төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.

Одоогийн байдлаар хиймэл оюун ухаанаар төрийн алба хаагчдыг солих тухай асуудлын нарийн ширийн мэдээлэл нь тодорхойгүй байгаа юм. Конгресс дахь Ардчилсан намын гишүүд энэ тал дээр мэдээлэл өгөхийг шаардаж буй.

Мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг сайн туршиж, баталгаажуулалгүйгээр холбооны засгийн газрын ажилд ашиглах нь гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Пенсильваны их сургуулийн хууль, улс төрийн шинжлэх ухааны профессор Кэри Коглианез “Хиймэл оюун ухаантай хэрэгслийг хариуцлагатай ашиглахын тулд тэдгээрийг тодорхой зорилгын дагуу бүтээх хэрэгтэй. Шалгаж, баталгаажуулах ёстой. Үүнийг хийж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэжээ.Коглианез хэлэхдээ хэрвээ хэнийг ажлаас нь чөлөөлөхийг хиймэл оюун ухаан ашиглаж хийх болбол алдаа гаргах магадлал их хэмээсэн юм.

Харин Мичиганы их сургуулийн профессор Шобита Партхасарати “Энэ бол маш буруу санаа. Хиймэл оюун ухаан яаж ийм шийдвэр гаргах талаар бид юу ч мэдэхгүй. Хэрхэн сургасан, суурь алгоритм, ямар өгөгдөл, ямар учраас найдвартай шийдвэр гаргаж чадна гэж бид итгэх ёстойг мэдэхгүй” гэжээ.

Мэргэжилтнүүд ингэж санаа зовж байгаа ч АНУ-ын засгийн газрын агентлагууд хиймэл оюун ухааныг ашиглахаар төлөвлөсөн хэвээр байна. Тухайлбал АНУ-ын Төрийн департамент Хамас бүлгийг дэмжиж байж болзошгүй гадаад иргэдийн визийг цуцлахын тулд сошиал аккаунтуудыг нь хиймэл оюун ухаанаар шалгахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button