Э.Содномпилжээ: Цаашид дэлхийн чансааг тэргүүлж буй амжилтаа хадгална...

Өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож аваргалсан “Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт МУГТ Э.Содномпилжээ эх орондоо ирж, өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Дэлхийн цомоос хүртсэн уг медаль нь манай улсын энэ оны пауэрлифтингийн олон улсын тэмцээний анхны медаль болж байгааг тэрээр дурьдсан юм. Харин түүний тив дэлхийн чанартай тэмцээнээс авч буй долоо дахь медаль буюу "Дэлхийн цом"-оос авсан дөрөв дэх алтан медаль юм.
Түүний хүчтэй өрсөлдөгчид энэ удаагийн тэмцээнд хараахан ирж амжаагүй ч гэлээ амжилтаа дахин бататгаж хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэнээ ярьж байна. Энэ сарын 15-нд эх орондоо ирсэн тэрбээр маргаашнаас дараагийн тэмцээний бэлтгэлд орж байгаа гэлээ.
Харин Токиогийн олимпид оролцох эрхээ 2020 оны 3-р сар хүртэл цуглуулж баталгаажуулах бөгөөд дэлхийн чансаанд тэргүүлж байгаагаа хадгалсаар байх болно хэмээн мэдэгдлээ.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.