Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Иран нар энэ долоо хоногт энхийн хэлэлцээг үргэлжлүүлж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.04.14/ мэдэгдэл хийхдээ Ираны дайныг дуусгах хэлэлцээ энэ долоо хоногт Пакистанд үргэлжилж магадгүй гэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёр тал Пакистаны нийслэл Исламабадад уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Үүний улмаас АНУ Иранд төлбөр төлж Ормузын хоолойг давж буй хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн.

Трампаас гадна Пакистан, Иран, Персийн булангийн орнуудын албан тушаалтнууд энэ долоо хоногийн сүүлээр уулзаж магадгүй гэжээ. Гэхдээ Ираны нэгэн өндөр албан тушаалтан мэдээлснээр хэзээ уулзах нь тодорхойгүй байгаа юм. Амралтын өдрүүдэд хийсэн хэлэлцээнд АНУ-ын төлөөллийг Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс ахалж оролцсон. Ванс мягмар гарагт АНУ-ын Жоржиа мужид болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ, Трамп Ирантай том зөвшилцөлд хүрэх хүсэлтэй байгаа гэжээ. Гэвч хоёр улсын хооронд итгэлцэл байхгүй байна гэдгийг Ванс онцолсон юм.

АНУ-аас Иранд төлбөр төлсөн онгоцнуудын хөдөлгөөнийг хориглоно гэсэн нь Ираны дургүйцлийг хүргэсэн. Гэхдээ дипломат харилцаа үргэлжилж магадгүй гэдгийг харуулсан шинж тэмдгүүд байгаа учир Брент маркийн газрын тосны фьючерс баррель нь 100 ам.доллароос бага буюу 94 ам.доллар орчим арилжиж байна. Брент маркийн газрын тос нь дэлхийн жишиг болдог. Гэвч энэ нь дайн эхэлснээс өмнөх үетэй харьцуулахад 25 хувиар өндөр үнэ.

Израил, АНУ нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгсний улмаас газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн 20 хувь дамждаг Ормузын хоолойн хөдөлгөөн бараг зогссон. Ормузын хоолойн тээвэрлэлт зогссоны улмаас дэлхий даяар гели, бордоо, хөнгөн цагаан, хуванцар зэрэг чухал түүхий эдийн нийлүүлэлт ч мөн хэцүүдээд байгаа. Дайны улмаас 5 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна.

АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн дарга асан Жо Кент гуравдугаар сард ажлаа гэнэт өгөхдөө Ираны дайныг Израилын хүслээр л Вашингтон эхлүүлсэн гэж мэдэгдсэн. Мөн Израил гал зогсоох тохиролцоог нураахын тулд ажиллана гэж тэр анхааруулсан юм. Түүний анхааруулсны дагуу гал зогсоох тохиролцоонд хүрснээс нэг хоногийн дараа Израил Ливаныг бөмбөгдсөн. Иран болон Пакистан мэдэгдсэнээр Ливан гал зогсоох тохиролцоонд орсон байсан билээ. Мөн Трамп эхэндээ Ливаныг гал зогсоох тохиролцоонд оруулахыг зөвшөөрсөн ч дараа нь бодлоо өөрчилсөн гэдгийг дипломат эх сурвалжууд мэдээлсэн.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button