УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм | 3.5 тэрбумын дуулиант эксел файлаас "түгжил" тодруулах марафонд хөтөлсөн ээлжит бус чуулган

Долоон хоногийн настай, ганцхан асуудал хэлэлцэх товтой ээлжит бус чуулган парламентын түүхэн дэх хамгийн үр дүнгүй чуулган болов. Энэ үест Н.Учралын кабинетын үнэн төрх илчлэгдлээ. Маргаан дэгдээсэн эксел файл байсныг Л.Энх-Амгалан сайд хүлээн зөвшөөрлөө. АН улс төрийн ээлжит акцаа Н.Учралд олгож буй боломж гэж нэрийдлээ. Бас МАН-ын хагарал улам тодорч 30, 38-ын талынхан төрийн түгжил тодруулах марафон эхлүүллээ. Ингээд харвал тун чиг өрнүүн долоо хоног өрнөсөн мэт боловч иргэдийн амьдралд нэмэртэй ганц шийдвэргүй л өнгөрлөө.


Ээлжит бус чуулган зарлах ганц л шаардлага байсан. Нэг өдрийн өмнө ч болтугай улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн 2026 оны төсвийг тодотгож, түүнтэй холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах. Энэ ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөөнд нийт дөрвөн удаагийн хэлэлцүүлэг, найман байнгын хорооны хуралдаан тусгагдсан байв. Долоо хоногийн эцэст гэвч дөрвөн хэлэлцүүлгээс ердөө хоёрыг л явуулж чадсан бөгөөд төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд буцаан шилжүүллээ. Өөрөөр хэлбэл, чуулган хаагдах мөчид анхны зорилго нь бүрэн биелсэнгүй.

Ирц бүрдэхгүй, цаг үрсэн байнгын хороодын хуралдаанууд

Хамгийн анхаарал татсан асуудлын нэг бол байнгын хороодын ажлын зохион байгуулалт байлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өглөө 10 цагт товлогдсон ч дөрвөн гишүүний ирц дутсанаас болж үд дунд хүртэл эхэлж чадаагүй. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд бүртгэлтэй 29 гишүүнээс ердөө 19 нь ирсэн. Бусад хороодын ирц ч 50 орчим хувиас арай дээгүүр байлаа. Улс орны төсвийн бодлого, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамж, хөрөнгө оруулалт зэрэг иргэд бүрт хамааралтай асуудлыг хэлэлцэх ёстой хугацаанд ийм түвшний ирц ажиглагдсан нь парламентын хариуцлагын асуудлыг дахин ил болгов.

3.5 тэрбум төгрөгийн сургуулийн санхүүжилтийн дуулиан Н.Учралын танхимын үнэн төрх, МАН-ын хагарлыг тодруулах, нэгнээсээ төрийн түгжил хайх хөшүүрэг болов

Энэ удаагийн чуулганы жинхэнэ "гол сэдэв" нь төсвийн ерөнхий агуулга биш, 3.5 тэрбумыг Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий сургуульд төсвөөс олгохоор судлагдсан агуулга байв. Уг асуудал Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хөндөгдөж, Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очирын амаар баталгаажсан. Мөн Л.Энх-Амгалан сайд ч хүлээн зөвшөөрөв. Ингэхдээ тухайн дуулиант 3.5 тэрбумыг "Их засаг кинг" сургуульд олгохоор тусгаагүй. Зүгээр судлагдаж байсан агуулгыг багтаасан эксел файлыг сугалж улс төр хийсэн төрийн түгжил бий гэв. Үүнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын бүлэглэл буйг онцолж, О.Саранчулуун гишүүнийг ч нэр цохсон юм.

Харин нэр дурдагдсан гишүүдийн зүгээс "Ажлаа хийснийхээ хариуд төрийн түгжил гэх нэр зүүж буйдаа гомдолтой байна. Л.Энх-Амгалан сайд аа хуулийн байгууллагад хөтлөлцөж очоод шалгуулъя" хэмээсэн юм.

Ташрамд дурдахад, ням гарагт Ерөнхий сайд Н.Учрал 3.5 тэрбумтай холбоотой өөр рүү нь ирсэн галыг С.Амарсайханаар унтрааж мэдэх агуулга хөндсөн. Тухайлбал, "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" хэмээн өөрийн цахим хуудсанд нийтэлж эхний сануулгаа өгсөн. Сануулга гэж хэлсний учир нь Н.Учрал С.Амарсайханыг шуудхан явуулчхаж чадахгүй. Учир нь эрх баригч намынхаа ноёрхлыг таслан зогсоох, Засгийн газрыг унагаахад хэзээд бэлэн сөрөг хүчнийхэнтэй С.Амарсайхан нарын 30-ийн талынхан нэгдчихсэн Н.Учралын Засгийн газар огцрох амархан болно. Үүнийг Н.Учрал сайн мэдэж буй.

Ямартай ч ээлжит бус чуулгантай долоон хоногийн ил өрнөл нь ийм. Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган албан ёсоор үүдээ нээнэ. Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Намрын улс төр дөнгөж л эхэлж байна...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button