УЕПГ: Д.Тогтохсүрэнгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа, хэрэгсэхгүй болгоогүй
УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс критикал минерал" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн нь албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй талаар бид мэдээлсэн.
Хэргийн дэлгэрэнгүй агуулгыг ЭНД дарж унших боломжтой.
Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл цацагдав. Энэ талаар УЕПГ-аас тодруулахад тус мэдээллийг үгүйсгэж "Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Мөрдөн шалгаж байгаа" гэв.
Д.Тогтохсүрэн бол МАН-ын "ялсан" талын төлөөлөл. МАН 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхын суудал авах үед аймгийн Засаг даргын эрэмбээс өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хоёр ч удаа парламентад гишүүнээр сууж, 2024 оны сонгуулиар бүдэрсэн. Гэсэн ч "Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргын суудалд томилогдож очсон юм.
Эх сурвалжийн мэдээллээр Д.Тогтохсүрэн Төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт холбогдсон гэгдэж буй. АТГ-ынхан урьдаас шалгаж байсан бөгөөд /2026.01.26/-ны өдөр баривчилж, Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан шалгаж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Гэтэл хугацаанаасаа 13 хоногийн өмнө буюу /2026-02-16/-ны өдөр суллагдсан.
Суллаж, хилийн хориг тавьсан шалтгааныг шүүгч "хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээж байсан юм.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.