УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Сүхбаатар дүүргийн 15 дугаар тойрогт Б.Эрдэнэсүхийн оронд нөхөн сонгууль зургаадугаар сард явуулна

2024 оны орон нутгийн сонгуулиар бүрдсэн нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчөөс байсхийгээд л элдэв гэмт хэрэг, зөрчил, авлига, албан тушаалын асуудалд нэр холбогддог болов. Энэ удаагийн хотын парламентын төлөөлөгчдийн 40 нь МАН-ынх, тав нь АН-аас сонгогдсон.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Засаг  дарга, орлогч нараасаа эхлээд төлөөлөгчид нь АН, МАН-гүй л хууль, шүүхийн байгууллагын хаалга татдаг болж. Гэвч 6.6 тэрбум төгрөг “угаасан” гэх хэргээр гурван сар орчим цагдан хоригдсон Т.Даваадалайгаас эхлээд суллагдангуутаа ажилдаа орчихсон, зүв зүгээр хэвийн ажиллаж, амьдраад явах.   

Тэгвэл өнөөдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг (2026.09.28) шүүхээс "Эхнэрээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, биед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн" зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, дөрвөн жил зургаан сарын хугацаатай нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхээс өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаас хохирогчийн сэтгэл санааны хохиролд 43.5 сая төгрөгийг Б.Эрдэнэсүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү тэрбээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болов.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1.3-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 38.3-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно" гэжээ.

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар тойрог, АН-аас сонгогдсон Б.Эрдэнэсүхийн  оронд нийслэлийн ИТХ-д суух төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн товыг хуулиараа 60 хоногийн дотор зарлах ёстой. Нөхөн сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт зарлан явуулах хуультай.   

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 76.2-т "Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэж заасан бөгөөд Б.Эрдэнэсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жилийн хугацаа үлдсэн тул нөхөн сонгууль явуулах боломжтой гэсэн үг.

Ташрамд, өнгөрсөн тавдугаар сард л гэхэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланг ажлаас чөлөөлөгдөхдөө өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулж, 210 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн түүнд холбогдох хэргийг прокурорт буцаасан билээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button