Нийгмийн

Онцгой байдлын алба хаагчдын 38 хувь нь хоол боловсруулах замын эмгэгтэй гарчээ

Гамшиг, гал түймэр, ослын голомтод бусдын амь насыг аврахын төлөө хамгийн түрүүнд ордог хүмүүс бол Онцгой байдлын алба хаагчид. Тэд өндөр температур, утаа, хорт хий, хүнд ачаа, сэтгэл зүйн дарамт зэрэг эрсдэлтэй орчинд ажилладаг учраас эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэл нь зөвхөн тухайн алба хаагчийн асуудал биш. Аврагчийн биеийн бэлэн байдал муу байх нь гамшиг, ослын үед үзүүлэх тусламжийн чанар, улмаар иргэдийн амь нас, аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Гал сөнөөгч, аврагчдын ажил мэргэжлийн осол, гэмтлийн түвшин нийт ажиллах хүчний дунджаас 2-3 дахин өндөр байдаг байна. Мөн дэлхий даяар гал сөнөөгчдийн зүрх судасны өвчнөөс шалтгаалсан эндэгдэл нийт тохиолдлын 40-45 хувийгэзэлдэг гэх судалгааг дурджээ.

-Эрсдэлтэй ажил нь аврагчдын эрүүл мэндэд давхар ачаалал болж байна-

Онцгой байдлын алба хаагчид ажлынхаа онцлогоос шалтгаалан нуруу, үе мөч, булчин, зүрх болон амьсгалын эрхтэнд их хэмжээний ачаалал авдаг. Үүн дээр ажлын байрны осол, гэмтэл, нойр амралтын хэмнэл алдагдах, стресс зэрэг хүчин зүйл нэмэгддэг байна.

Судалгаагаар олон улсад гал сөнөөгчдийн 70 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай гэж тогтоогдсон бөгөөд энэ нь хөдөлмөрийн чадвар буурах, гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн биеийн тамирын тогтмол сургалт хийдэг гал сөнөөгчдийн гэмтэл авах эрсдэл 25-30 хувиар бага, стрессийн түвшин 20-40 хувиар, үе мөч, нурууны гэмтлийн тохиолдол 15-25 хувиар бага байдаг талаар судалгаанд дурджээ.

Монгол Улсад ч энэ асуудал анхаарал татаж байна. "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд орон даяар явуулсан үзлэг шалгалтаар Онцгой байдлын алба хаагчдын дунд хоол боловсруулах замын эмгэг 38 хувь, бөөр шээс ялгаруулах замын эмгэг 26 хувь, зүрх судас, мэдрэлийн гаралтай эмгэг 20 хувь, бусад төрлийн эмгэг 16 хувийг тус тус эзэлж байна.

Харин урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгээр амьдралын буруу дадал хэвшил, хооллолт, стресс, хөдөлгөөний хомсдол, суугаа ажил зэрэгтэй холбоотой элэгний өөхлөлт 19 хувь, бүсэлхийн нугаламын эмгэг 15.8 хувь, цусны даралт ихдэлт 9.8 хувь, өөх тосны солилцооны алдагдал 4.2 хувь, чихрийн шижин 2.6 хувь илэрчээ.

Энэ нь аврагчдын эрүүл мэндийн асуудал зөвхөн ажлын үеийн осол гэмтлээр хязгаарлагдахгүй, өдөр тутмын амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвхтэй ч холбоотойг харуулж байна.

-Бие бялдрын бэлтгэл хангалтгүй бол аврах ажиллагааны гүйцэтгэлд нөлөөлнө-

Онцгой байдлын алба хаагчийн үндсэн үүрэг нь гамшиг, ослын үед иргэдийн амь насыг аврах, эд хөрөнгийг хамгаалах, хохирлыг бага байлгах нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд алба хаагч эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн хувьд өндөр бэлэн байдалтай байх шаардлагатай.

Гэвч нийслэл болон орон нутгийн алба хаагчид бие бялдрын бэлтгэлээ тогтмол хийх боломж, зориулалтын орчин, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байна. Одоогоор Аврагч спорт хорооны нөөц бололцоонд тулгуурлан нийслэл болон орон нутгийн алба хаагчдад зориулсан мэргэжлийн багшийн цахим сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа ч энэ нь хангалттай шийдэл биш. Ялангуяа орон нутгийн аврагч нарын хувьд бие бялдраа хөгжүүлэх зориулалтын орчин, техник тоног төхөөрөмж хомс байгаа нь бэлтгэл сургуулилалтыг тогтмол, чанартай явуулахад хүндрэл учруулж байна.

Түүнчлэн тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байх нь алба хаагчдын өөрийн эрүүл мэнддээ анхаарах сонирхлыг бууруулж, биеийн жин болон ерөнхий хөгжлийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Онцгой байдлын алба хаагчийн бие бялдрын бэлтгэл нь энгийн дасгал хөдөлгөөнөөс ялгаатай. Тэдний хувьд авхаалж самбаа, хурд, хүч, уян хатан байдал, тэсвэр зэрэг үндсэн чадварыг хөгжүүлэх шаардлагатай.

Иймээс Онцгой байдлын аврагчдын бие бялдрыг сайжруулах төслийг орон даяар хэрэгжүүлж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг чанартай хэрэгжүүлэхийн зэрэгцээ алба хаагчдыг эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлэн байлгах чадварыг дээшлүүлэхээр болжээ.

Мөн халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолт, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх, амны хөндийн эрүүл мэндэд анхаарах, дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулах, эрсдэлт хүчин зүйлээс зайлсхийх зэрэг арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.

Энэ хүрээнд алба хаагчдын бие бялдрын үзүүлэлтийг үнэлэх, тусгай хөтөлбөр боловсруулах, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий танхим тохижуулах, сургалт бэлтгэлийг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button