НИЙГЭМНийгэм ярилцлага

С.Майхүү: Tribeca кино наадмын үеэр нэгэн гадаад охин намайг тэврээд "Та дэлхийн эмэгтэйчүүдийн бахархал шүү” гээд уйлсан

“Ээжээ, та намайг хэнтэй найзалдаг, ямар хоолонд дуртай, юу хийхийг хүсдэгийг мэдэхгүйгээр үхэх гэж байгаа юм уу” гэж охин минь хэлсэн. Тэр үг надад үнэхээр хүнд туссан".

2026 оны нэгдүгээр сар. С.Майхүү хүндээр өвдөж, ухаан алдан түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Түргэний машин ээжийг нь аваад явсны дараа том охин нь гэртээ ч оролгүй хоёр цаг гадаа зогссон байна. Дүү нь эгчийгээ дуудаж, гэртээ орохыг хүсэхэд сая нэг орж иржээ. Харин ээждээ хэлсэн охиных нь үг зургаан жилийн турш нүүрс тээврийн замд амьдралаа зориулсан бүсгүйн сэтгэлд гүн үлджээ.

Хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөж, тэднийхээ ирээдүйг гэрэлтүүлэх гэж гэрээсээ хол явсан ээжид охиных нь энэ үг өөрийгөө эргэн харах шалтгаан болсон байна. “Хүүхдүүдийнхээ хөлд орж, хэлд орсныг харж чадаагүй. Би яг ээж нь мөн үү гэж бодох үе бишгүй байсан” хэмээн ярих түүний амьдралд бахархах ч, харамсах зүйл ч олон.

Өдгөө 37 настай С.Майхүү Монголын нүүрс экспортын тээврийн замд 11 дэх жилдээ хүнд даацын машин жолоодож явна. Тэрбээр анх 26 настайдаа улсын хэмжээнд экспортын нүүрс тээврийн 35 дахь эмэгтэй жолоочоор бүртгүүлж байсан бол өнөөдөр энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо 2000 орчимд хүрчээ.

Түүний амьдралыг найруулагч Ч.Хоролдорж зургаан жилийн турш дагаж, “Цагаан хадны өнгө” баримтат киног бүтээсэн юм. Кино 2026 оны зургаадугаар сарын 7-нд АНУ-ын “Tribeca” кино наадамд нээлтээ хийж, “Улаанбаатар” олон улсын кино наадамд шилдгээр шалгарсан төдийгүй “Sheffield DocFest”, Бусаны болон Цюрихийн олон улсын кино наадмуудад шалгарч оролцжээ. Одоо тус бүтээл IPTV-гээр үзэгчдэд хүрч буй.

Түүний түүх бол зөвхөн нэг эмэгтэйн нүүрс тээврийн замд туулсан амьдрал биш. Үр хүүхдээ тэжээхийн тулд гэр бүлээсээ алс хол хөдөлмөрлөж буй мянга мянган ээжийн амьдралын төлөөлөл болсон дүр зураг юм. С.Майхүүгийн ярилцлагыг таалан болгооно уу.

-Таныг анх харахад 100 гаруй тонн нүүрс ачсан хүнд даацын машин жолооддог гэхэд итгэмээргүй шавилхан биетэй байсан. Машин техниктэй ойр өссөн үү?

-Би айлын том охин. Өвөө маань насаараа тээвэрчин хийсэн, аав маань 40 гаруй жил тээврийн салбарт ажилласан хүн. Аав цэргийн ангийн жолооч байсан болохоор биднийг дагуулж, эх орны хаана ч томилолтоор явдаг байлаа. Би багаасаа л машины бүхээгт өссөн. Аавынхаа хажууд сууж, араа сольж, жолоо мушгиж тоглодог хүүхэд байлаа. Бусад охин хүүхэлдэйгээр тоглож байхад би машин л сонирхоно. Нэг удаа аав маань надад зориулж өөрийн гараар жижигхэн машин хийж өгсөн юм. Жолоо, араа, суудал гээд жинхэнэ машинд байдаг бүх зүйлтэй. Тэр машин миний хүүхэд насны хамгийн нандин дурсамжуудын нэг.

Зургадугаар ангид байхдаа мотоцикл унаж сурсан. Аав минь мэддэг чаддаг бүхнээ охиндоо зааж өгдөг байлаа. Тэр үед би аав шигээ жолооч болно гэж боддог байсан эсэхээ сайн мэдэхгүй ч машин техникт үнэхээр сонирхолтой хүүхэд байсан.

-Нүүрс тээврийн жолооч болох шийдвэрийг гаргахад юу нөлөөлсөн бэ?

-Амьдралын шаардлага л намайг энэ ажил руу хөтөлсөн. Хоёр том хүүхдийнхээ ааваас салж, ганц бие ээж болсон. Хамт амьдарч байхдаа банкнаас зээл авсан байсан юм. Би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учраас зээлийг төлөх шаардлагатай болсон. Тухайн үед мэдлэг муутай байсан юм уу, аймхай байсан юм уу, ямар ч байсан өөрийнхөө төлөх ёстой өр гэж бодсон.

Анх Hyundai Accent машинаар таксинд явдаг байлаа. Жолооны үнэмлэхгүй байхдаа ч аавынхаа машинаар такси хийж, хоёр хүүхдээ тэжээхийн тулд ажилласан. 2013 онд албан ёсоор жолооч болсон. Харин 2015 оны наймдугаар сард Шивээхүрэн боомтод ажиллахаар очиж, эхлээд зочид буудлын цэвэрлэгчээр ажилласан юм.

Тэр үед тээврийн жолооч нарын дунд ганцхан эмэгтэй жолооч явдаг байлаа. Нэг удаа хил рүү явахдаа тэр эгчийн машинд сууж, жолоо барьж байгааг нь хараад би ч бас чадах юм байна гэж бодсон. Удалгүй нэг жолоочоос ачаагүй машиныг нь унаж үзэх зөвшөөрөл авч, жолоодож үзлээ. Тэгээд л энэ ажлыг хийж чадна гэдэгтээ итгэсэн.

-Анх том машин барихад айдас төрөөгүй юу?

-Мэдээж айдас байсан. Би анх богино чиргүүлтэй, харьцангуй бага даацтай North Benz машин барьж эхэлсэн. Дөрвөн сар ажиллахдаа 14-15 эргэлт хийдэг байлаа. Машинаа эвддэггүй, эргэлтээ тасалдаггүй гээд дарга маань ч ам сайтай болсон. Дараа нь түрээсийн машинтай компанид орж, цалингаа 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэж л нүүрс тээврийн замд хөл тавьсан даа.

“Борц, гоймон дуусчихсан, тархины гэмтэл маань сэдэрч бүхээгтээ уйлж суусан удаа ч байсан, гэхдээ болиогүй”

-Таныг энэ ажилд ороход санхүүгийн шалтгаан нөлөөлсөн гэж хэллээ. Харин өнөөдөр 11 жил энэ салбарт ажиллахад юу таныг тогтоож байна вэ?

-Энэ ажилдаа би үнэхээр хайртай. Анх өр төлөх, хүүхдүүдээ тэжээх гэж эхэлсэн ч яваандаа өөрийн минь нэг хэсэг болсон. Нүүрс тээврээс хэд хэдэн удаа гарах гэж оролдсон. Улаанбаатарт очиж үсчин хийж үзсэн, өөр ажил бодож ч үзсэн. Гэхдээ л буцаад ирдэг.

Би хүнд хэцүү үе тохиолдлоо гээд харимаар санагддаггүй байсан. Нүүрс ачихаар дугаарлаад гурав хоног машиндаа даарч хонох үе ч бий. Хоол хийх борц, гоймон дуусчихсан, тархины гэмтэл маань сэдэрч уйлж суусан удаа ч байсан. Гэхдээ буцаж харихаас илүү уурхай хурдан ачаасай, хилээр хурдан гарч, оочер маань ирээсэй л гэж боддог байлаа.

-Энэ ажил таны амьдралд олон боломж авчирсан ч гэр бүлээсээ хол байх хамгийн том төлөөсийг төлүүлжээ. Хүүхдүүдээ орхиод ажиллах ямар байдаг вэ?

-Би гурван хүүхдээ орхичихсон. Энэ сэдвийг ярих надад үнэхээр хэцүү. Хүүхдүүд маань хөл, хэлд орж, сургуульд орж, өсвөр насны баяраа тэмдэглэж байхад нь би харж чадаагүй. Хамт байж чадаагүй. Заримдаа “Би яг ээж нь мөн үү” гэж өөрөөсөө асуудаг. Үнэхээр гэр бүлээ орхигдуулсан ээж. Хүүхдүүд маань харьцангуй том болсон учраас миний ажлын онцлогийг ойлгож, ээжийгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ээж минь ажлаа болиод бидэнтэй хамт байгаасай гэж хүсдэг гэдэгт би эргэлздэггүй

Хоёр том хүүхэд маань нэг жил гурван сарын зайтай. Том охин маань 12 дугаар ангид, хүү маань 11 дүгээр ангид сурдаг. Бага охин маань ах, эгч хоёроосоо нэлээд зайтай. Том хоёр маань дүүгээ аваад явчихдаг.

-Охин тань танд “Ээжээ, та намайг хэнтэй найзалдаг, ямар хоолонд дуртайг мэдэхгүйгээр үхэх гэж байгаа юм уу” гэж хэлсэн байна. Тэр үг таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?

-2026 оны нэгдүгээр сард би хүндээр өвдөж, ухаан алдаад түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн юм. Түргэний машин намайг аваад явсны дараа том охин маань гэртээ оролгүй хоёр цаг гадаа зогссон гэдэг. Хүү маань “Эгч ээ, та орж ирээч, хаашаа алга болчихов” гэхэд сая нэг орж ирсэн гэсэн.

Тэр үед охин минь надад “Ээжээ, та намайг хэнтэй найзалдаг, ямар хоолонд дуртай, юу хийхийг хүсдэгийг мэдэхгүйгээр үхэх гэж байгаа юм уу” гэж хэлсэн. Тэр үг надад үнэхээр хүнд туссан.

Би хүүхдүүдээ сайхан амьдруулахын тулд л ажиллаж байгаа. Гэтэл тэднийхээ амьдралд хамт байж чадахгүй, юу мэдэрч, юу хүсэж байгааг нь мэдэхгүй явж байдаг. Хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа хөдөлмөр маань заримдаа хүүхдүүдээс минь өөрөөс нь холдуулж байгаа юм шиг санагддаг.

Нүүрс тээвэр, уул уурхай, хүнд машин механизмын салбарт ажилладаг бүх аав, ээжид тулгардаг хамгийн том сорилт бол үр хүүхдийнх нь “яагаад” гэсэн асуулт. Яагаад ээж байхгүй байгаа юм, яагаад аав ирэхгүй байгаа юм гэдэг. Энэ асуулт эцэг эх бүрийн зүрхийг базлуулдаг байх.

“Эмэгтэй хүн ийм ажил хийж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн”

-Та 26 настайдаа экспортын нүүрс тээврийн 35 дахь эмэгтэй жолоочоор бүртгүүлсэн. Өнөөдөр 2000 орчим эмэгтэй энэ салбарт ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?

-Анх намайг жолооч болж байхад эмэгтэйчүүд маш цөөхөн байсан. Одоо бараг 2000 болсон гэдэг. Энэ бол том өөрчлөлт. Тэр үед чингэлэг тээвэр байгаагүй, задгай тээвэр хийдэг байлаа. Чиргүүлийнхээ хаалгыг өөрөө онгойлгож, өөрөө хаана. Одоо чингэлэг тээвэрт шилжсэнээр ажлын нөхцөл харьцангуй өөрчлөгдсөн.

Эмэгтэй хүн машинаа барьж чадахгүй, хөдөлгөж чадахгүй байх гэж үл ойшоох явдал гарна. Зарим нь урдуур шахаж орно. Адилхан "алалцаад л" явдаг.

-Эрэгтэйчүүд давамгайлсан салбарт эмэгтэй хүн ажиллахад хамгийн хүндрэлтэй зүйл нь юу вэ?

-Машин эвдрэхээр л хэуүү. Хийтэй дугуй гэхэд 100-120 килограмм жинтэй. Түүнийг өөрөө солино, өөрөө нөхнө. Гэхдээ хүн хүний өмнөөс амьдардаггүй учраас бүх зүйлээ өөрөө хийж сурах хэрэгтэй гэж боддог.

Энд гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэж ирсэн аавууд, өвөө нар ажилладаг. Тэднийг бараадаж, хэн нэгнээс байнга тусламж гуйж энэ ажлыг хиймээргүй санагддаг. Тиймээс л өөрөө чадна гэж бодож ажилладаг.

-Нүүрс тээврийн замд осол аваарь их гардаг. Та өөрөө ч ноцтой осолд орж байсан гэсэн.

-Би 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд Шивээхүрэн боомтод ажиллаж байхдаа чиргүүлтэйгээ хамт унаж осолдсон. Тэр үед миний унаж байсан машин техникийн хувьд бүрэн бус байсан. Замдаа унтардаг болчихсон байлаа. Үүнээс болж машинтайгаа унаж, нуруу нугасандаа том бэртэл авч, толгойдоо гэмтэл авсан.

Энэ техник 120-135 тонн ачаатай явдаг. Өөрийнх нь жинтэй нийлээд бараг 170-180 тонн болно. Ийм том машиныг жолоодно гэдэг их ур ухаан шаарддаг.

Сүүлийн жилүүдэд олон сайхан залуус ослоор амиа алдаж байна. Зам сайжрах тусам жолооч нарын хянамгай байдал сулардаг юм уу даа. Осол аваарь өдөр бүр шахам тохиолддог.

-Жирэмсэн байхдаа ч нүүрс тээвэрт явсан гэсэн. Энэ нь таны амьдралд нөхөж баршгүй гарз авчирсан тухай кинонд гардаг.

-Кинонд гардаг тэр хүүхдээ би зургаан сартайд нь дутуу алдсан. Төрүүлэхийг маш их хүсэж байсан ч ажлаа хийсээр байгаад охиноо алдсан. Одоо байгаа бага охин маань ч гэдсэндээ байхад нь машинаар явсаар байгаад төрсөн хүүхэд.

Том гэдэстэй байхдаа ч машинаа бариад, маш их ядардаг байлаа. Жирэмсэн хүн хүнд ачаатай машин барьж ажиллана гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ тухайн үед энэ ажилдаа дэндүү хайртай, бас амьдралаа авч явах шаардлагатай байсан.

“Камераас зугтахыг хүссэн ч зургаан жилийн амьдралаа үлдээсэн”

-Найруулагч Ч.Хоролдорж тантай анх хэрхэн холбогдсон бэ?

-Бид 2019 оны нэгдүгээр сард фэйсбүүкээр анх холбогдсон. Тухайн үед би жолооч нарын эрх ашгийг хамгаалдаг сайн дурын тэмцэгч байлаа. Шивээхүрэн боомтод тээвэр гацаж, жолооч нар Хятадын талаас Монгол руу орж ирж чадахгүй болсон юм. Тэр үед би жолооч нараа хамгаалж лайв хийсэн.

Үүнээс болж Хятадын цагдаад баригдаж, БНХАУ-ын нэр төрд ноцтой халдсан гэх үндэслэлээр 26 хоног гав, гинжтэй байцаагдсан. Тэр тэмцлийн үеэр намайг сошиалаас олж хараад Ч.Хоролдорж холбоо барьсан. Тухайн үед Францын Парис хотод суралцдаг оюутан байсан юм. Курсын ажил хийх санал тавьсан.

Би өөрийгөө гол дүрд санал болгоогүй. Шивээхүрэнд надтай адил ганц бие, хоёр хүүхэдтэй өөр нэг эмэгтэй жолоочийг санал болгосон. Гэвч тэр эгч зураг авалтад оролцож чадаагүй учраас анхны 12 минутын бичлэгт би өөрөө орсон.

2020 онд Ковид дөнгөж гарч байхад Франц талаас бичлэгээ баримтат кино болгох санал ирсэн. Ингээд л зургаан жилийн ажил эхэлсэн дээ.

-Зургаан жилийн турш камерын өмнө амьдрахад хамгийн хэцүү нь юу байв?

-Асар их зориг шаардсан. Кинонд миний жирэмсэн үе, хүүхдээ алдчихаад уйлахгүй гэж тэвчиж суусан үе, нөхөртөө хаягдаж байгаа үе гээд амьдралын хамгийн хүнд хэсгүүд дүрсэнд үлдсэн.

Хувийн амьдралаа олон нийтэд харуулах надад таалагддаггүй байсан. Олон удаа уурлаж, больё гэдэг байсан. Заримдаа амьдралын хамгийн хүнд мөчид камер хажууд байна. Бүхээг дотор зураглаач хамт явна. Надад тэр бүхэн амар байгаагүй.

Гэхдээ одоо бодоход миний 30-37 нас хүртэлх амьдрал дүрсэнд үлджээ. Гурван хүүхэд маань ээжийгээ дурсах амьд дүрстэй болсон. Хүн мөнх биш шүү дээ. Тэр утгаараа кино маань миний хүүхдүүдэд үлдэх том дурсамж юм.

-Амьдралаа дэлгэцээс харахад өөрийгөө хэрхэн хүлээж авсан бэ?

-Киногоо өргөн дэлгэцээр үзэхдээ өнгөрсөнд үлдсэн Майхүүгээс уучлалт гуйхыг хүссэн. Нэгдүгээрт, өөрийгөө ямар их зовоож, ямар хүнд амьдрал туулсныг харсан. Хоёрдугаарт, яг ямар орчинд ажиллаж байгаагаа өөрөө ч анзааралгүй явжээ гэдгээ ойлгосон.

Амьдралд уналт, босолт байдаг юм байна. Би кино гарлаа гээд өөр хүн болоогүй. Яг л Майхүүгээрээ байна. Олны танил болоод хэн нэгэн ирж том дэмжлэг үзүүлсэн зүйл ч алга. Харин Европын орнууд, Америк тивээр явж, Tribeca кино наадамд оролцож, Францын Парис хотод киноныхоо дуу оруулалтын ажилд очсон. Энэ л миний хувьд том боломж байлаа.

-Олон улсын кино наадамд оролцохдоо таны сэтгэлд хамгийн тод үлдсэн мөч юу байв?

-2026 оны зургаадугаар сарын 7-нд Tribeca кино наадмын нээлтэд оролцсон юм. Тэнд нэг охин намайг тавьж чадахгүй тэврээд уйлж байсан. Хэл ус мэдэхгүй, өөр үндэстэн, өөр орны хүн шүү дээ. Тэгээд “Таныг харахад яг ээжийгээ харж байгаа юм шиг санагдлаа. Та дэлхийн эмэгтэйчүүдийн бахархал шүү” гэсэн.

Тэр үед хүн хэдий чинээ дулаан байж чадна, төдий чинээ хэл, соёл, үндэс угсаа ялгалгүй бие биедээ хайраа өгч чаддаг юм байна гэдгийг ойлгосон.

“Би чамайг уучилсан шүү”

– Нүүрс тээврийн зам таны амьдралд зөвхөн ажил хөдөлмөр бус, хувийн амьдралын тань чухал үйл явдлуудтай холбогджээ. Бага охиныхоо аавтай танилцсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Бага охины маань аав миний жолооны багш байсан юм. Анх бүхээгт нь хамт суугаад араагаа яаж сольж, машинаа яаж барьж, эргэлт дээр хэрхэн дарж байгааг нь харж явдаг байлаа.

2015 онд дараалалд зогсож байхад би жолооны ард, нөхөр маань машины орон дээрээ хэвтэж байсан. Дараалал урагшлахад би “Хүүе, яавчихлаа” гэсэн чинь “Чи жолооч болно гээд байдаг биз дээ? Өөрөө хөдлөхгүй юу” гэсэн. Тэгээд л анх удаа машинаа өөрөө хөдөлгөж үзсэн.

Би нөхөртөө гомддоггүй. Надад энэ сайхан мэргэжлийг зааж өгсөн, сайхан охин үлдээсэн буянтай хүн. Сайн аав, хүүхэдтэйгээ холбоотой байдаг. Бид хоёрын амьдралын зам нийлээгүй болохоор л хоёр тийшээ болсон байх.

Энэ далимд хэлэхэд, би чамайг уучилсан шүү. Аавыгаа алдаад хүнд хэцүү байхад минь чи намайг орхиод явсан. Магадгүй миний дэргэд байх хэцүү байсан байх. Одоо ханилж байгаа хүнийхээ дэргэд жаргалтай байгаа бол чи ч гэсэн жаргах хэрэгтэй. Тийм болохоор би чамайг уучилсан гэж хэлмээр байна.

-Өнөөдөр таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?

-Хүүхдүүд минь. Хэзээ ч, юугаар ч, хэнээр ч солихгүй хамгийн том баялаг. Би хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж байгаа гэж боддог. Тэднийг өнөөдрөөс илүү сайхан амьдралтай байлгахыг хүсдэг. Гэхдээ тэднийхээ дэргэд байж чадаагүйдээ харамсах үе бий. Одоо бол хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хүсэж байна.

-Цаашид эмэгтэй тээвэрчдийн төлөө хийхээр төлөвлөсөн ажил бий гэсэн.

-Монгол эмэгтэй хүнд даацын машин жолоодож, экспортын тээвэрт орсны 20 жилийн ой 2027 онд тохионо. Энэ бол бид өөрсдөөрөө бахархаж тэмдэглэх ёстой түүхэн үйл явдал.

Тиймээс нүүрс тээвэрт хамт ажилладаг эмэгтэйчүүдтэйгээ баг бүрдүүлж, 2026 оны арванхоёрдугаар сарын 25-нд эмэгтэй тээвэрчдийн нэгдсэн баярын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор зохион байгуулах газар, ивээн тэтгэгчээ хайж байгаа. Экспортын тээвэр эрхэлдэг компаниуд, бидний тээвэрлэж буй нүүрсний томоохон уурхайнууд хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

Нүүрс тээврийн анхны эмэгтэй жолооч бол Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Дэлгэрмаа эгч. Одоо тэтгэвэртээ гарсан. Бидний өмнө энэ замыг гаргаж өгсөн эгч нарынхаа түүхийг дараагийн залуу үеийнхэнд өвлүүлэх хэрэгтэй. Хүн хэдий урт насалсан ч зуу хүрдэггүй. Тиймээс ахмад эмэгтэй жолооч нарынхаа түүхийг баримтжуулж, эмэгтэй тээвэрчдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийг хүсэж байна.

Засгийн газар биднийг сонсоосой, УИХ-ын гишүүд биднийг хараасай гэж хүсэж байна. Хоёр мянган гэдэг бага тоо биш. Тэдний бараг 60-70 хувь нь ганц бие ээжүүд байдаг.

Энд ажиллаж байгаа ээжүүдийн ард хэчнээн хүүхэд орхигдож байгаа вэ? Хэчнээн хүүхэд ээжийнхээ хайраар дутуу өсөж байгаа вэ? Энэ бол маш эмзэг сэдэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Nuurs teevert 11 jil zutgesen S.Maihuunii amidraliig harsn chin unheer setgel undur baina shuu

Зочин
Зочин

Улаанбаатар хотоос хол хүнд хүчир замаар явж үр хүүхдээ тэжээж байгаа ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх ёстой

Зочин
Зочин

Tribeca kino naadamd oroltsood gadaad ohin tevreed uilsan n mongol emegtein huchiig haruullaa

Зочин
Зочин

Хүнд даацын машин барина гэдэг эр хүний ч хийж чадахгүй хүнд ажил, тэгэхэд эмэгтэй хүн хийж яваа нь бахархал

Зочин
Зочин

2000 garui emegtei teeverchid baigaa gsn chin mash tom zuil shuu, zasgiin gazar anhaarah l estoi

Зочин
Зочин

Хүүхдүүдээ орхиод хол явах ямар хэцүү байдгийг энэ ээжийн ярианаас тод харж болж байна

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Цагаан хадны өнгө баримтат киног үзэхэд хүний сэтгэлийг маш их хөдөлгөсөн үнэхээр гоё уран бүтээл болсон байсан

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Ганц бие ээжүүд үр хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдгийн амьд жишээ бол яах аргагүй С.Майхүү юм

Зочин
Зочин

Улс орны эдийн засгийг авч яваа нүүрс тээврийн гол ачааг үүрч яваа эмэгтэйчүүддээ төр засгаас анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna

Зочин
Зочин

Ээжээ та намайг мэдэхгүйгээр үхэх гэж байгаа юм уу гэдэг үг хүний зүрхийг зүсээд л гарчих шиг боллоо

Зочин
Зочин

Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd

Зочин
Зочин

Олон улсын тайзан дээр Монгол ээжийн тэсвэр хатуужлыг гайхуулж яваа энэ бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй

Зочин
Зочин

Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna

Зочин
Зочин

Улаанбаатар хотод болох эмэгтэй тээвэрчдийн баярын арга хэмжээнд нь амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button