100 мянган иргэний гарын үсэг цуглуулсан өргөдлийн хувь заяа хэрхдэг вэ

D-Parliament цахим системээр дамжуулан 100 мянган иргэний дэмжлэг авсан өргөдөл УИХ-ын түвшинд хэлэлцэгдэх боломжтой. Гэвч босго давсан санал бүр хууль болж, иргэдийн хүссэн өөрчлөлт бодит амьдралд хэрэгжиж чадсангүй. Заримд нь ажлын хэсэг байгуулж, судалгаа хийхээр болсон бол зарим нь хэрхэн шийдвэрлэгдсэн тухай мэдээлэлгүй хэвээр байна. Тэгвэл 100 мянган хүний дуу хоолой парламентын босгоор давсны дараа юу болж байна вэ?
Иргэд төрийн бодлого, хууль тогтоомжид өөрсдийн байр суурийг илэрхийлэх нэг боломж нь УИХ-ын D-Parliament цахим системийн нийтийн өргөдөл юм. Татварын дарамтыг бууруулах, цалинтай ээжийн тэтгэмжийг нэмэх, төрийн албан тушаалтны хангамжийг хязгаарлах, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх зэрэг нийгэмд тулгамдсан олон асуудлаар иргэд өргөдөл гаргаж, бусдын дэмжлэгийг цуглуулан парламентын түвшинд шаардлагаа хүргэх боломжтой болсон.
2023 оны аравдугаар сарын 17-нд нийтийн өргөдлийн системээр дамжуулан иргэдийн санал авах ажиллагаа эхэлснээс хойш НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг бууруулах, цалинтай ээжийн тэтгэмжийг нэмэх, гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах зохицуулалтыг цуцлах зэрэг олон нийтийн анхаарал татсан хэд хэдэн санаачилга 100 мянган дэмжигчийн босгыг давжээ.
Хамгийн сүүлд гэхэд Оюу толгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай өргөдөл 2026 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 100 мянган хүний дэмжлэг авч, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага хангасан байна.
Гэхдээ 100 мянган гарын үсэг цуглуулсан нь тухайн саналыг шууд хууль болгоно гэсэн үг биш. Харин холбогдох Байнгын хороо асуудлыг хэлэлцэж, хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах боломж бүрдэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, иргэдийн шаардлага төрд дөнгөж хүрч эхэлж байгаа болохоос хүссэн шийдвэр нь гарчихсан гэсэн үг биш юм.
-Босго давсан өргөдлүүдийн зарим нь ажлын хэсгийн шатанд гацжээ-
D-Parliament системийн нийтийн өргөдөлд 33 мянган иргэн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянгад хүрвэл холбогдох Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянгад хүрвэл хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах боломжтой. Энэ бол иргэдийн саналыг парламентын шийдвэр гаргах үйл явцтай холбосон зохицуулалт юм.
Гэвч босго давсан өргөдлүүдийн шийдвэрлэлтийг харвал иргэдийн дэмжлэг бодит өөрчлөлт болж хувирах хүртэлх зам урт байна.
Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас нэмэгдүүлж таван хувь болгох тухай өргөдлийг 105,649 иргэн дэмжсэн. 2023 оны аравдугаар сарын 17-нд системд байршуулсан уг санал ердөө зургаан хоногийн дотор 100 мянган дэмжигчтэй болжээ.
Үүний дараа Төсвийн байнгын хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уг асуудлыг судалж, татварын орчныг сайжруулах тооцоо, судалгаа хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Мөн арваннэгдүгээр сарын 10-нд УИХ-ын 94 дүгээр тогтоол баталж, санал, дүгнэлт гаргахыг Төсвийн байнгын хороонд даалгасан байна.
Гэвч нийтийн өргөдлийн системд 2025 оны дөрөвдүгээр сарын 17-нд оруулсан хамгийн сүүлийн мэдээллээр ажлын хэсэг байгуулж, судалгаа хийх үүрэг өгсөн тухай л тэмдэглэжээ. Иргэдийн хүссэнээр НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосон шийдвэр одоогоор гараагүй байна.
Үүнтэй төстэй өөр нэг санаачилга бол нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар бууруулах тухай өргөдөл. Иргэн Ш.Хүрэлтулгын 2023 оны аравдугаар сарын 20-нд гаргасан уг өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжсэн бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сарын 10-нд Төсвийн байнгын хороо хэлэлцжээ.
Гэвч уг асуудлыг НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналтай холбоотой өмнө байгуулсан ажлын хэсэгт хамтатган судлуулахаар шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн дэмжлэг авсан хоёр томоохон санаачилга ажлын хэсгийн түвшинд очсон ч татвар, шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан шийдвэр гараагүй юм.
Харин иргэдийн дэмжлэг хууль тогтоомжид бодит өөрчлөлт оруулж чадсан ганц нэг жишээ бий. Иргэн Н.Номун-Эрдэнийн санаачилсан гадаадын иргэнд Монгол Улсын газар нутгийг эхний удаа 60 жилээр, дахин 40 жилээр сунгаж нийт 100 жил ашиглуулах зохицуулалтыг цуцлах тухай өргөдөл 100,268 хүний дэмжлэг авчээ. Уг асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг иргэд тавьсан бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн баталсан байна.
Энэ бол нийтийн өргөдлийн системээр дамжуулан иргэдийн тавьсан шаардлага хууль тогтоох байгууллагын түвшинд шийдвэрлэгдсэн бодит жишээ юм.
2026 онд ч нийтийн өргөдлийн системээр дамжуулан иргэд олон асуудлаар дуу хоолойгоо нэгтгэсээр байна.Тухайлбал, иргэн Д.Гансаруулын санаачилсан оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэл хийх тухай өргөдөл 100,238 хүний дэмжлэг авчээ. Монгол Улсад оршуулгын газрын байршил, газар ашиглалт, хамгаалалт, менежмент, чандарлах болон газарт оршуулах үйл ажиллагааг нэгдсэн бодлого, стандартаар зохицуулах бие даасан хууль шаардлагатай гэж санаачлагч үзсэн байна. Энэ асуудлаар бие даасан хуулийн төсөл боловсруулж, холбогдох байнгын хороод дээр хэлэлцэгдэж буй.
-Гишүүдийн 12 сарын тэтгэмжийг цуцлах санал одоо ч хэлэлцэх шатандаа байна-
УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсны дараа ажил эрхлээгүй тохиолдолд 12 сарын хугацаанд үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгох зохицуулалтыг хүчингүй болгох тухай өргөдөл мөн 100 мянган хүний дэмжлэг авчээ.
Иргэн Ц.Батболдын санаачилсан уг өргөдөл 2025 оны аравдугаар сарын 27-нд 100,376 хүний дэмжлэгтэйгээр бүртгэгдсэн байна. УИХ-ын тухай хуулийн 41.9 дэх хэсэгт заасан энэ зохицуулалт нь төрийн өндөр албан тушаалтанд бусад иргэнээс давуу байдал олгож байгаа хэмээн санаачлагч үзжээ.
Улмаар Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсны дараах тэтгэмжийн зохицуулалтыг хүчингүй болгох асуудлыг судалж эхэлсэн байна. УИХ-ын албан ёсны төслийн мэдээллийн хуудсанд уг асуудал хэлэлцэх шатанд байгаагаар бүртгэгджээ.
Гэвч ажлын хэсэг байгуулсан нь хуулийн заалтыг хүчингүй болгосон гэсэн үг биш. Иргэдийн шаардсан өөрчлөлтийг хуульд тусгах, эсэх нь парламентын дараагийн шийдвэрээс хамаарахаар байна.
-Өргөдлийн явцыг мэдээлэх журам ч бүрэн шийдэгдэхгүй өнөөг хүрэв-
Нийтийн өргөдлийн системийн хамгийн том асуудал нь иргэд санал өгөх боломжтой болсон ч тухайн санал цаашид хэрхэн шийдвэрлэгдэж байгааг тогтмол хянах, мэдээлэл авах боломж хангалттай биш байгаа явдал юм.
Үүнийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өөрсдөө ч хөндөж, 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны хуралдаанаар нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн явцыг өргөдөл гаргагчид мэдээлэх журмын төслийг хэлэлцсэн байна.
Ажлын хэсгээс өргөдөл, гомдлыг системд байршуулсны дараа шийдвэрлэлтийн явцыг тухай бүр тайлагнах, тусгай цэс үүсгэх, өргөдөл гаргагч хүсвэл Байнгын хорооны хуралдаанд асуудлаа танилцуулах боломж бүрдүүлэх зэрэг саналыг гаргажээ. Гэвч уг журмыг батлахын тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна.
100 мянган иргэн нэг асуудлаар дуу хоолойгоо нэгтгэж чадсан бол төр түүнийг зүгээр нэг статистик тоо болгон үлдээж болохгүй. Иргэдийн гарын үсэг парламентын хаалгыг нээхээс гадна төрөөс бодит хариулт, шийдвэр нэхэх эрхийг нь баталгаажуулах учиртай.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 мянган хүний гарын үсэг цуглуулна гэдэг чинь ямар их хүч хөдөлмөр билээ, тэгээд байхад л ажлын хэсэг гэдэг нэрийдлээр дарж байдаг нь харамсалтай.
D-Parliament systemeer damjuulaad irged duu hooloigoa hurglee geed ter bur huuli bolood baigaa yum alga l daa.
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно гээд л хэчнээн олон хүний гарын үсэг цугларлаа даа, одоо болтол ямар ч үр дүн алга.
Turiin shидвар gargah uil ajillagaa n hurgsen ch gelee shuud huuli bolohgui bolhoor l irged uzeed l unaj bna shd.
Гишүүдийн 12 сарын тэтгэмжийг цуцлах санал дээр хүртэл ямар их юм болж байна аа, өөрсдийнхөө эрх ашгийг л бодохоос ард түмнийг бодохгүй юм даа.
100 myangan irgen ngen dug duulgaad ch tur zasag dooshoo anhaaral tahihgui bga n unen shuu.
Иргэдийн санал хүсэлтийг зүгээр л тоо баримт болгоод үлдээчихдэг байдлаа болимоор юм.
Ajlyn heseg baiguulaad l larsad ni margaand ni gatsdag uls tur shuu dee ene chini.
Гадаадын иргэнд газар өгөхгүй байх хууль батлагдсан шиг бусад санал санаачилгууд дээр нь яагаад зоригтой шийдэж болдоггүй юм бэ.
Irged maani ch gesen uursdiin erhee medej d-parliament-aar damjuulj duu hooloigoa hurgej bga n mash zov alham shuu.
Zasgiin gazar bolon uih-iinhan d-parliament-iin ur duniig ur ashigtai bolgoj huleen avch ajillah estoi.
Оршуулгын газрын асуудлаас эхлээд нийгэмд тулгамдсан олон асуудлаар иргэд л бүгдийг нуруундаа үүрч байна даа.
Statistikiin toonii toloo l 100 myangan hun hүlgee tavih bish bodit ur dun l heregtei bn.
Niitiin urgudliin juram bas l latsaldaj bgaa n haragdaj bna, uurchlult hiih gazar doruud ni udaj bna daa.
D-parliament bol zүger l irgediin uurl ajiglah ngen talbar bish bodit shiidver garch baih estoi.