Д.Болорхүү: Технологийн салбарт чиний суурь мэдлэг, ур чадвар, асуудал шийдвэрлэх логик сэтгэлгээ өмнөөс чинь “ярьдаг”

Хилийн чанадад сурч, мэргэжлээрээ ажиллаж, дэлхийн технологийн хөгжлийн нэг хэсэг болж яваа монгол залуусын төлөөлөл бол ХБНГУ-д робот үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй Д.Болорхүү юм. Германы "Эжааль роботс" (Agile robots) компанид ажилладаг түүнтэй бид цахимаар холбогдож, робот хэрхэн бүтдэг, энэ салбарт ажиллахад ямар мэдлэг, ур чадвар шаардлагатай байдаг тухай ярилцлаа.
-Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач. Ямар мэргэжлээр сурч, хэрхэн роботын салбарт ажиллах болсон бэ?
-Намайг Дариймаагийн Болорхүү гэдэг. Анх 2009 онд ХБНГУ-д суралцахаар ирээд, Дрездэний Техникийн их сургуулийг цахилгаан техник, автоматжуулалтын инженерээр төгссөн. Сургуулиа төгсөөд тэндээ эрдэм шинжилгээний ажилтнаар жил гаруй хугацаанд ажиллаад, Мьюнхен хот руу шилжиж роботын инженерээр ажиллаад 10 орчим жилийг үдэж байна.
-Робот бүтээх сонирхол анх хэзээ төрсөн бэ. Энэ салбарыг сонгоход тань нөлөөлсөн онцгой хүчин зүйл юу байв?
-Оюутан байхдаа цахилгаан техник болон автоматжуулалтын онолыг практиктай уялдуулах явцад робот техник, удирдлагын системд илүү сонирхолтой болсон. Ялангуяа их сургуулийн лабораторид төрөл бүрийн роботууд дээр ажиллах боломжтой байсан тул энэ мэргэжлийг сонгоход дөхөм болсон.
-Германд ажиллаж, робот бүтээх хүртэл ямар зам туулсан бэ. Гадаадад ажиллах анхны боломж хэрхэн нээгдсэн тухайгаа хуваалцаач?
-Би оюутан байхдаа чөлөөт цагаараа төрөл бүрийн робот хийдэг байсан. Удирдлагатай машинаас эхлээд өөрөө тэнцвэрээ олдог (segway) робот ч хийж байсан учир сургуулиа төгсөөд ажилд ороход дөхөм байсан гэхэд болно.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
-Германд манай салбарт ажлын уян хатан цагтай байх нь элбэг. Ажилдаа хүссэн үедээ ирээд, хүссэн үедээ тардаг. Долоо хоногт 2-3 өдөр гэрээсээ ажиллана. Ажлын өдөр ихэвчлэн багаараа богино хугацааны хурал хийж, өдрийн төлөвлөгөөгөө ярилцахаас эхэлнэ. Тэгээд л кодоо бичих, симуляци болон туршилтын робот дээр кодоо турших гэх мэтээр л өнгөрдөг дөө.
Робот бүтээх нь техникийн шаардлага тодорхойлохоос эхлээд эхний бүтэц боловсруулах, суулгац систем архитектур программ бичих, туршиж тестлэх болон чанарын баталгаажуулалт хүртэл олон үе шаттай. Би роботын суурь түвшний суулгац систем (embedded/firmware), микро контроллерын моторт удирдлага, их биеийн удирдлагийг түлхүү хариуцан ажилладаг.
-Та одоо яг ямар төрлийн робот бүтээж байгаа вэ. Тэдгээр нь хаана, ямар үүрэг гүйцэтгэж, ямар асуудлыг шийддэг вэ?
-Манай компани үйлдвэрийн зориулалттай төрөл бүрийн даацын робот гарууд (industrial arm robots) болон хүн төрхтэй (humanoid) роботууд дээр ажилладаг. Миний хувьд автомашины үйлдвэрт өргөн ашиглагддаг робот гаруудын удирдлага, программ хангамж дээр ажиллаж байгаа. Сүүлийн үед хүн төрхтэй роботын төслүүд дээр түлхүү ажиллаж байна. Эдгээр нь үйлдвэрийн хүнд, хортой, аюултай, эсвэл маш өндөр нарийвчлал шаардсан угсралтын ажлуудыг гүйцэтгэж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг.

-Ирээдүйд олон хүний ажлын байрыг робот орлоно гэдэг. Таныхаар ирэх 5-10 жилд ямар мэргэжлүүд хамгийн их өөрчлөгдөх бол?
-Ойрын жилүүдэд робот болон хиймэл оюун зарим ажлын байрыг орлох нь үнэн. Ялангуяа нэгэн хэвийн давтамжтай, мөн хүнд үйлдвэрлэл, үйлчилгээний болон ложистикийн салбарын зарим ажил робот руу шилжинэ. Гэхдээ энэ нь хүмүүсийг ажилгүй болгох гэхээсээ илүү ажлын шинж чанарыг өөрчилж, хөнгөвчлөхөд чиглэх болов уу. Жишээ нь, роботыг удирдах, хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх цоо шинэ ажлын байр, мэргэжлүүдийг бий болгоно гэж боддог.
-Хиймэл оюун роботын хөгжилд хэрхэн нөлөөлж байна. Өнөөдрийн роботууд хүний хийдэг ямар түвшинд ажлыг гүйцэтгэж байна вэ?
-Сүүлийн үеийн хүн дүрст роботууд хиймэл оюуны ачаар тэнцвэрээ олоод бараг хүн шиг алхах чадвартай болсон. Үүнийг мэргэжлийн хэллэгт модель хүчээр дасгаж сургах гэж нэрлэдэг. Одоо бол хүнээс илүү моторик хөдөлгөөнтэй атлетик тамирчин шиг болсон. Гэвч өөрөө шийдвэр гаргаад гэр цэвэрлэдэг ч юм уу, хадаас бариад юм хадах, байшин барих гэх мэт даалгаврыг бол арай л чадахгүй байна. Гэхдээ роботууд тэр байтугай юмыг хийнэ гэдэг нь бол цаг хугацааны асуудал юм.
-Германд робот, инженерчлэлийн салбарын ажлын орчин, уур амьсгал ямар байдаг вэ?
-Зөвхөн робот, инженерчлэл гэлтгүй бүх ажил мэргэжилд сахилга бат, хариуцлага, дүрэм журам, стандарт, аюулгүй байдлыг чанд баримталдаг. Манай салбарын хувьд босоо биш, хөндлөн тогтолцоотой учраас шинэ залуу инженер ч даргадаа санаа бодлоо нээлттэй хэлэх боломжтой. Ажлын цагийн уян хатан менежмент болон бүтээмж, үр дүнд суурилсан үнэлгээ, хамт олны зарчимч хэрнээ хүндэтгэлтэй харилцаа зэрэг нь таалагддаг. Эрт ажилдаа ирээд ажлаа дууссан бол эрт тарах нь хэвийн үзэгдэл.
-Роботын салбарт ажиллахын тулд ямар мэдлэг, ур чадвар, боловсрол чухал вэ. Заавал инженер мэргэжилтэй байх шаардлагатай юу?
-Роботын компани, эсвэл энгийн компани ялгаагүй л нэг бүтэцтэй. Хүний нөөцийн ажилтан, прожект менежер гэх мэт инженерийн бус мэргэжилтэй хүмүүс зөндөө байдаг.
-Нууц биш бол Таны бүтээсэн роботын өртөг хэд орчим байдаг вэ? Нэг робот бүтээхэд хэр хугацаа шаарддаг вэ?
-Үйлдвэрлэлийн роботуудын өртөг даац, нарийвчлал, зориулалтаасаа хамаараад хэдэн арван мянган еврогоос эхлээд зургаан оронтой тоо хүртэл хэлбэлздэг, нэлээд үнэтэй технологи. Учир нь нэг цоо шинэ роботын загварыг хийж эхлээд туршилт, сертификатжуулалт масс үйлдвэрлэлд шилжүүлэхэд багадаа 3-5 жил шаардагддаг.
-Та робот бүтээхдээ алдаа гаргаж, бүх ажлаа эхнээс нь хийх шаардлагатай болж байсан уу. Тэндээс юу сурсан бэ?
-Инженерчлэл гэдэг өөрөө алдаа болон туршилт (trial and error) дээр үндэслэж хөгждөг салбар. Тоног төхөөрөмж болон буруу бичсэн кодноос алдаа гараад, олон өдрөөр асуудлыг эхнээс нь хөөх үе зөндөө гарна. Тэр болгоноос системд шаардлагатай туршилтын автомат тест алдааг эрт илрүүлэх процесс ямар чухал болохыг суралцдаг.

-Германд технологийн чиглэлээр ажиллахад заавал герман шаардлагатай юу. Англи хэлтэй байхад болох уу гэж танаас залуус асуухыг хүсэх байх?
-Олон улсын IT болон роботын компаниудад англи хэл ажлын үндсэн хэл болдог тул энэ салбартаа бол англиар яриад, ойлголцоод байх боломж бүрэн бий. Гэсэн хэдий ч герман хэлтэй байх нь өдөр тутмын амьдрал, нийгмийн харилцаа, хамт олонтойгоо илүү ойлголцохоос эхлээд бусад салбарын компаниудтай холбоо тогтоож өсөж дэвшихэд асар том давуу тал болдог шүү гэж хэлмээр байна.
Хамгийн чухал шалгуур бол таны бодит ур чадвар, мэргэжлийн ёс зүй, мөн асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар байдаг. Мөн үнэнч шударга байх нь нэн чухал. Чадахгүй бол чадахгүйгээ хэлчихдэг байх. “Би энийг чадна” гэх мэт намтар дээрээ худлаа бичдэг хүмүүстэй зөндөө таарч байсан.
-Монголд эзэмшсэн суурь мэдлэг, боловсрол одоогийн ажилд тань хэр нөлөөлж байна вэ?
-Монголд сурч байхдаа математик, физикийн хичээлд сонирхолтой сайн байсан тулдаа ХБНГУ-д сургуулиа төгсөж чадсан гэж боддог. Суурь шинжлэх ухааны мэдлэг сайтай байхад ямар ч нарийн технологи, инженерийн асуудлыг анхны зарчмаас нь логиктойгоор задлан шинжилж, шийдэх боломжтой байдаг. Энэ ташрамд, Дорнод аймгийнхаа математик, физикийн багш нарт их баярлалаа гэдгээ хэлье.
-Таны хувьд гадаадын технологийн салбарт өөрийгөө таниулж, мэргэжлээрээ өсөж хөгжихөд ямар бэрхшээл тулгарсан бэ?
-Анх энд ирэхэд хэл соёлын болон өөрийгөө илэрхийлэх тал дээр бага зэрэг эмээх зүйл гардаг байсан ч сургуулиа төгсөөд герман хэл минь сайжирчхаар ямар ч асуудалгүй болсон. Технологийн салбарт ер нь өөрийн мэдлэг, ур чадвар, асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй логик сэтгэлгээ чинь чиний өмнөөс “ярьдаг”. Тэгэхээр чадвараараа хүлээн зөвшөөрөгдөхөд бэрхшээл аяндаа багасаж эхэлнэ.
-Монголд робот, автоматжуулалтын технологийг уул уурхай, үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт нэвтрүүлэх ямар боломж байна гэж хардаг вэ?
-Боломж бий. Ялангуяа уул уурхайн салбарт хүнд үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах, аюултай бүсэд зайнаас удирдлагатай эсвэл автономит робот ашиглах нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлнэ. Мөн эрүүл мэндийн салбарт оношилгоо, аналитик тал дээр, боловсролын салбарт хүүхэд залууст роботын инженерчлэлийн сургалтаар дамжуулан логик сэтгэлгээг хөгжүүлэх боломжууд олон байна.
-Ирээдүйд Монголдоо робот бүтээх, технологийн төсөл хэрэгжүүлэх бодол бий юу. Энэ салбарт орохыг хүсэж буй залууст та юу зөвлөх вэ?
-Тийм ээ, би ойрын таван жилдээ эх орондоо буцаж суурьшин, робот болон автоматжуулалтын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, залуусыг сургаж бэлтгэх зорилготой байгаа. Нэг үе монголчууд гадаадад гарна гэхээр “хар ажил хийдэг” гэж ойлгох нь түгээмэл байсан бол өнөөдөр дэлхийн технологийн томоохон компаниудад олон монгол залуу инженер болоод цаашаа дэвшин ажиллаж байна. Харамсалтай нь, Монголын Засгийн газар гадаадад боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсан чадварлаг залуусаа эх орондоо буцаан татаж, ажиллуулах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, бодит алхам хийхгүй байгаад нь үнэхээр эмзэглэдэг.
Ялангуяа Монголын одоогийн нөхцөлд энэ залуус өөрийн ур чадвар, мэдлэгийн түвшинд үнэлэгдсэн ажилд оръё гэхээр заавал “танил тал” голчилсон тогтолцоотой байгаа нь чадварлаг мэргэжилтнүүдийг эх орондоо очиход маш том чөдөр тушаа болдог. Үүний улмаас эрдэм мэдлэгтэй, чадвартай, туршлагатай монгол залуус Герман, Америк, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд өндөр цалинтай алба ажилдаа тушигдаж үлддэг. Эцэст нь эх орныхоо биш, тухайн орныхоо нийгмийн хөгжлийн нэгэн хэсэг болж үлдэхэд хүрдэг нь харамсалтай санагддаг даа.
Монгол залуустаа хандаж зөвлөхөд, гүүглээс бэлэн хариулт хайлгүй, суурь академик мэдлэг болох математик, физик болон програмчлалын хэлээ гүнзгий эзэмшээрэй. Асуудлын шалтгааныг логикоор нь хөөж олдог системтэй сэтгэлгээтэй болох нь хамгийн чухал.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол залуус гадаадад ингэж мундаг явж байхад эх орондоо очихоор танил тал хардаг гээд үнэн үгийг нь хэлжээ.
Suur shinjleh uhaanii medlegtei, matematik fizik sain baih ystoi gedgiig mash zov helsen bna.
Германд роботын инженер болчихсон монгол залуу маш зөв чухал зүйлсийг ярьжээ, бахархмаар юм.
Google-ees belen hariult haihgui, suuri shinjleh uhaanaar n oilgoj surah n l hamgiin gol zvil.
Үнэхээр л чадвартай залуусаа эх орондоо татаж чадахгүй, танил талын нүүр царай хардаг нь харамсалтай үнэн шүү.
Germanyn tehologiin salbart 10 jil ajillana gedeg bol uneheer mundag amжилт шүү.
Робот хүртэл ажилд ороход инженерүүд ямар их цаг зарцуулж, алдаа туршилтаар явдгийг гоё тайлбарлажээ.
Huniig ur chadwaraar n bish tanil talaar n unelj baigaa tsagt chadvartai zaluus hezee ch butsej irehgui dee.
Монголынхоо боловсролын систем, тэр дундаа орон нутгийн багш нартаа талархал илэрхийлсэн нь гоё юм.
Ooroo biye daaj surraltsaj, hicheej yawsanii ur dun yaj garahiig boditod haruulj bna.
Үг бүр нь үнэн бөгөөд залуучуудад маш том сургамж, мотиваци өгөх ярилцлага болжээ.
Matematik fizik hoyr l huniig logik setgelgeetei bolgodog doo, bas l unen ug.
Д.Болорхүү шиг мундаг боловсон хүчнүүдээ эх орондоо очиж ажиллах таатай орчныг л бүрдүүлэх хэрэгтэй байна.
Angli hel surah n bas l gol shuluur yum shuu, gadnii tom kompaniud yarihad asuudalgui bolno.
Компаниуд нь хүртэл ямар ч дарга цагргүй, хөндлөн тогтолцоотой байдаг нь ажиллахад таатай санагдлаа.
Robot, hiimel oyunii ireedui yamar baigaa talaar mash tohircomtoi bodit tailbar uguud yavchihaj.