Б.Хүдэртулга: "BD Essential" Олон улсын эрүүл мэндийн даатгалын шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ

Эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ өвдөж, эмнэлэгт хэвтэх шаардлага гарсан үед илүү тод мэдрэгддэг. Гэнэтийн өвчлөл, мэс засал, хэвтэн эмчлүүлэх зэрэг хүлээгдэж байгаагүй, гэнэтийн шинжтэй эмчилгээний зардал өрхийн төсөвт хүндээр тусах эрсдэлтэй. Тиймээс даатгал нь эмчилгээний зардлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу хариуцахаас гадна өвчтөн болон түүний гэр бүлд ирэх санхүүгийн эрсдэлээ хамгаалах ач холбогдолтой.
“БОГД ДААТГАЛ” ХК дотоодын болон олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнээр даатгалын зах зээлд манлайлан ажиллаж, түүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ач холбогдол, хүртээмжтэй байдалд анхааран, бүтээгдэхүүн хөгжил дээр анхаарч ирсэн бөгөөд хувь хүнд зориулсан “BD Essential” бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ. Бид тус компанийн гүйцэтгэх захирлын орлогч, давхар даатгал хариуцсан захирал Б.Хүдэртулгатай эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, бүтээгдэхүүний ялгаа, нөхөн төлбөрийн бодит жишээ болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа.
- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Энэхүү ярилцлагаа эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ямар ач холбогдолтой вэ гэдгээс эхэлье.
- Эрүүл мэндийн даатгал бол зах зээл дээр хурдацтай хөгжиж байгаа, хүмүүст даатгалын ач холбогдлыг хамгийн ихээр ойлгуулдаг, үр өгөөж хүргэдэг, хувь хүний хариуцлагыг ойлгуулж нэмэгдүүлдэг, бүтээгдэхүүний нэг. Сүүлийн арван жилд хувийн арилжааны эрүүл мэндийн даатгал ихээхэн хөгжиж, хувь хүн болон байгууллагын ажилтнуудад чиглэсэн хоёр үндсэн хэлбэрээр хөгжиж байна.
Эрүүл мэндийн даатгал нь гэнэтийн, өндөр өртөгтэй эмчилгээний зардлаас сэргийлэх, санхүүгийн эрсдэлийг бууруулах хэрэгсэл юм. Мөн эмчилгээ шаардлагатай болсон үед зардлаа хэрхэн төлөх талаар санаа зовох дарамтыг багасгаж, даатгуулагчид сэтгэл зүйн томоохон дэмжлэг болж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулан, хариуцлагатай байх зарчим, ойлголт, сонирхлыг нэмэгдүүлж байдаг. Хөрөнгө, хариуцлагын даатгалын хувьд даатгалын тохиолдолтой холбоотой хохирлын нэхэмжлэл харьцангуй бага байдаг ба эрсдэл учраагүй бол нөхөн төлбөр нэхэмжлэх үндэслэл үүсдэггүй. Харин эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүн өвдөж, гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд эмчилгээний зардлаа нэхэмжлэн, нөхөн төлбөр авах боломжтой. Нөгөө талаас байгууллагуудын хувьд эрүүл мэндийн даатгал нь хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг болж, тогтвортой хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, бүтээмжийг өсгөх, компанийн үнэ цэн болсон ажилтнуудын эрхэм болсон эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарах боломжийг олгож байна. Байгууллагууд цалин, урамшууллаас гадна ажилтнуудынхаа нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, гэнэтийн эмчилгээний зардал гарахад хамгаалах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор даатгалд хамруулах нь нэмэгдэж байгаа.
- Монголд нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий. Үүнээс гадна хувийн, арилжааны эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар ямар нэмэлт боломж нээгдэх вэ?
- Нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь монгол улсын иргэдийг чанартай тусламж, үйлчилгээгээр хангах, тэднийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, нийтийн эрх ашгийн суурь механизм юм. Гэвч өнөөгийн практикт улсын эмнэлгүүдийн ачаалал, зохион байгуулалтаас шалтгаалан иргэд хүссэн цагтаа, сонгосон эмчээрээ тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Үүнээс гадна төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөлийн зөрүүтэй байдал нь даатгуулагчдын хэрэгцээг бүрэн хангахад тулгарч буй гол асуудлуудын нэг болж байна.
Харин хувийн арилжааны эрүүл мэндийн даатгал нь бүтээгдэхүүний багц, хамгаалалтын нөхцөлөөс хамааран улсын болон хувийн эмнэлгээр үйлчлүүлэх, үндсэн хамгаалалтад багтах цочмог, архаг өвчинтэй холбоотой хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн холбогдох эмчилгээний зардлаа даатгуулах боломж олгодог. Мөн үндсэн хамгаалалтаас гадна урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмслэлт, шүд, вакцинжуулалт болон хараа зүйн хамгаалалтыг нэмэлтээр авах боломжтой. Гэхдээ даатгалын багцын хамрах хүрээ, хамгаалалтын хэмжээ, даатгалд хамрагдахгүй нөхцөл зэрэг нь эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний багцаас хамаарч өөр байдаг тул даатгал сонгохдоо гэрээний нөхцөлийг нягтлах хэрэгтэй.
- Монголын хэрэглэгчдэд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн даатгалыг хүргэхэд хэр хэмжээний судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил шаардагдсан бэ?
- “БОГД ДААТГАЛ” ХК 1995 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш бид хувь хүн, байгууллагад зориулсан даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хүргэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ байнга сайжруулан ажиллаж ирсэн. Өмнө нь эмчилгээний зардал, ажил олгогчийн хариуцлага, гэнэтийн ослын даатгал зэрэг хүний амь нас, эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүнтэй байсан. Бидний монгол улсын даатгалын зах зээлд оруулсан томоохон хувь нэмрийн нэг нь дэлхийн жишигт нийцсэн олон улсын эрүүл мэндийн даатгалыг монголын даатгалын зах зээлд нэвтрүүлсэн үйл явдал юм.
Бид эрүүл мэнд, амьдралын даатгал, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч AXA групптэй 2015 оноос хойш хамтын ажиллагааг эхлүүлж, олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг монголд нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн өндөр хамгаалалт, өргөн боломж бүхий эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчдад хүргэн, амжилттай ажиллаж байна. Бүтээгдэхүүнийг анх зах зээлд нэвтрүүлэхдээ AXA давхар даатгалын эрүүл мэндийн даатгалын мэдлэг, туршлагаа бүхий төслийн баг монголд ирж, зургаан сарын турш дотоодын зах зээлийн судалгаа хийн ажилласан ба үүний үр дүнд хэрэглэгчдийн хэрэгцээ, манай улсын нийгэм эдийн засаг болон зах зээлийн онцлог, хөгжил, нийгмийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалд суурилан бүтээгдэхүүнийг хамтран хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн. Өнөөдөр бид олон улсын эрүүл мэндийн “BD +Global Healthcare” даатгалын бүтээгдэхүүнийг хамгаалалт үйлчлэх газар нутаг, хамгаалалтын хязгаар болон бусад нөхцөлөөр ялгаатай таван багцаар хэрэглэгчдэд санал болгож байна.
Олон улсын эрүүл мэндийн даатгалын хураамж нь даатгуулагчийн нас, хамгаалалтын хамрах хүрээнээс хамаардаг онцлогтой. Анх энэхүү бүтээгдэхүүнийг хувь хүн, байгууллага болон монгол улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд зориулан санал болгож байсан бөгөөд хураамж нь харьцангуй өндөр хэдий ч хамгаалалтын цар хүрээ нь түүнд тохирсон өргөн хүрээнд байдаг.
Олон улсын эрүүл мэндийн даатгалаас гадна бид дотоодын эрүүл мэндийн даатгалын “ЭРХЭМ” бүтээгдэхүүнээ энэхүү олон улсын даатгалын гэрээний нөхцөл, хамгаалалт, үндсэн суурь зарчимд тулгуурлан хөгжүүлсэн. Даатгалд хамрагдах эрсдэл, үл хамаарах нөхцөл, багцын хамгаалалт зэрэг үндсэн зарчмуудыг ижил төстэй байдлаар боловсруулсан хэдий ч дотоодын эрүүл мэндийг даатгалын бүтээгдэхүүний хураамжийг монголын хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцүүлэн тогтоож, үйлчлэх газар нутгийг зөвхөн монгол улс болон ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрээр хязгаарласан. Тиймээс даатгалын хамгаалалтын хязгаар болон даатгалын нөхцөлүүд нь олон улсын бүтээгдэхүүнээс ялгаатай байдаг.
- БОГД ДААТГАЛ ХК-ийн эрүүл мэндийн даатгалын чиглэлээр салбартаа тэргүүлэх онцлог, давуу тал нь юу вэ?
- Бид компанийн үнэ цэнэ болсон харилцагчдад байнга анхаарал хандуулан, итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байна. Харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн чадварлаг багийн тусламжтайгаар хүргэхийн зэрэгцээ гэрээ байгуулсны дараах үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхийг зорин ажилладаг. Үүнд нөхөн төлбөр олгох үйл явц онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Бид дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэгч "AXA" групптэй 11 жилийн турш тогтвортой хамтран ажиллаж, олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг монголын зах зээлд амжилттай хөгжүүлэн нэвтрүүлсэн баялаг туршлагатай. Өнөөдөр бид энэхүү олон улсын стандарт, хуримтлуулсан туршлага болон мэргэжлийн багийн өндөр ур чадварт тулгуурлан, дотоодын эрүүл мэндийн даатгалын салбарт өндөр хамгаалалт, найдвартай үйлчилгээг харилцагчдадаа үзүүлж байна.
Мөн даатгуулагч гишүүдэд энгийн, амар хялбар аргаар нөхөн төлбөрийг түргэн шуурхай, төвөггүй байдлаар нэхэмжлэн авах нөхөн төлбөрийн аппликэйшнийг хөгжүүлэн гаргаж, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Бидний харилцагч манай оффист ирэхгүйгээр нөхөн төлбөрийн холбогдох материалаа аппликэйшнээр илгээж, нөхөн төлбөрийн эмчийн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр материалын иж бүрдлийг хангагдсаны дараа нөхөн төлбөрөө өөрийн дансандаа авах боломжтой. Бид гэрээний нөхцөлийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй дурын эмнэлэгт үйлчлүүлэх боломж олгодог бөгөөд шаардлагатай тохиолдолд эмчилгээний төлбөрийг эмнэлэг рүү шилжүүлэх шууд төлбөрийн үйлчилгээг ч үзүүлдэг. Энэ нь харилцагч эмчилгээний зардлыг урьдчилан өөрөөсөө бүрэн гаргах шаардлагаас үүдэх санхүүгийн дарамтыг бууруулахад тусалдаг.
Бид монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан ажилладаг томоохон групп компаниуд, жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний ажилтнуудад эрүүл мэндийн даатгалын иж бүрэн хамгаалалтыг өндөр түвшинд, найдвартай байдлаар үзүүлж байна.
Давхар даатгалын өндөр хамгаалалт бүхий бүтээгдэхүүнээр дамжуулж эрсдэлийг хамгаалж, харилцагчдад итгэлтэй, найдвартай байдлыг хүргэн, томоохон хэмжээний эмчилгээний зардлыг хамгаалж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхөн төлбөрийн менежментийг зөв хэрэгжүүлж, даатгуулагч гишүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн нь бидний давуу тал болж харилцагчдад хүрч байна.
- Бодит амьдрал дээр эрүүл мэндийн даатгал харилцагчийг хэр хэмжээний санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг вэ?
- Эрүүл мэндийн даатгалын хамгийн чухал ач холбогдол нь таныг томоохон хэмжээний гэнэтийн эмчилгээний зардлаас хамгаалах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд байдаг. Бид нөхөн төлбөрийн менежментийг зөв хэрэгжүүлж, эрсдэлийг удирдаж, олон тооны нөхөн төлбөрүүдийг шийдвэрлэж байсан арвин туршлагатай. Эдгээрээс нэг тохиолдлыг онцлоход манай харилцагчдын дунд хорт хавдрын эмчилгээ, тархины мэс заслыг гадаадад, тэр дундаа Япон улсад хийлгэсэн тохиолдол бий. Эмчилгээний зардал 250 сая төгрөгт болсон байсан бөгөөд бид гэрээний дагуу тухайн эмнэлэг рүү төлбөрийг шууд шилжүүлж, харилцагчийг санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалсан.
Яаралтай гэнэтийн өвчлөл, осол гэмтэл, цочмог өвчин болон, архаг өвчний сэдрэлийн үед өндөр өртөгтэй эмчилгээ шаардлагатай болж болно. Хамгаалалтын хязгаарын хувьд олон улсын эрүүл мэндийн даатгалын хамгаалалтын хэмжээ багцаас хамаарч 100 мянган ам.доллароос 2.5 сая ам.доллар хүртэл байдаг ба газар нутгийн хамрах хүрээ харилцан адилгүйгээр монгол улс, дэлхий дахинд үйлчлэхээр байдаг. Ийм хэмжээний өндөр хамгаалалт нь эмчилгээний зардлыг даатгалын гэрээний дагуу хариуцах замаар тухайн хүн болон гэр бүлд нь ирэх санхүүгийн ачаалал, дарамтыг үлэмж хэмжээгээр бууруулдаг.
Олон улсын эрүүл мэндийн даатгал өндөр өртөгтэй эмчилгээний үед том хэмжээний зардлын эрсдэлийг хамгаалахад чиглэдэг. Харин даатгалын хураамж, хамрах хүрээ нь хүн бүрийн хэрэгцээ, санхүүгийн боломжтой нийцэх шаардлагатай.
Эрүүл мэндийн даатгалын багцын эрсдэлийн мэдээллийг шинжлэн үзсэний үндсэн дээр байгууллагын ажилтнуудад зориулсан даатгал болон хувь хүний эрүүл мэндийн даатгалын хүртээмж, хамрагдалт, хамрах хүрээ ялгаатай байсныг судалсан нь нь шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх нэг үндэслэл болжээ.
- Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр олон жил ажиллахад байгууллагын болон хувь хүний даатгалын хэрэглээ хэрхэн ялгаатай байгаа нь ажиглагдсан бэ?
- Эрүүл мэндийн даатгал үндсэндээ хувь хүн болон групп бизнес буюу байгууллагын ажилтнуудад зориулсан гэсэн хоёр хэлбэрээр зах зээл дээр хөгжиж байна. Байгууллагууд ажилтнуудынхаа хураамжийг бүрэн эсвэл тодорхой хэмжээгээр төлж даатгалд хамруулдаг бол хувь хүн даатгалын хураамжийн зардлаа өөрөө бүрэн хариуцдаг. Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч, тэдэнд үнэ цэнэ өгч ажилладаг үлгэр жишээ компаниуд ажилтнуудаа хувийн арилжааны эрүүл мэндийн даатгалд хамруулах нь түгээмэл чиг хандлага болоод байна.
Хувь хүнийг даатгалд хамруулахдаа тухайн хүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг асуулгын маягтаар тодруулж, түүнд тохирсон тусгай андеррайтинг хийж, багцын хамгаалалт, даатгалын нөхцөлийг санал болгодог. Жишээ нь архаг өвчний эмчилгээ эхний жилдээ хамрагдахгүй, хоёр дахь жилээс үйлчлэх нөхцөлтэй хийгддэг бол харин байгууллагын даатгалын багцад гэрээний нөхцөлөөс хамааран цочмог болон архаг өвчний үндсэн хамгаалалтаас гадна шүд, жирэмслэлт, хараа зүй, урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалт зэрэг нэмэлт хамгаалалтуудыг оруулах боломжтой.
Бид AXA давхар даатгагчтай даатгалын зах зах зээл, мэдээ тайлан, борлуулалтын мэдээллээ солилцож, бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр байнга анхаарч, санал солилцож, бизнесийн процесс сайжруулалтыг тогтмол хийн ажилладаг. Бидний дата мэдээллээс харахад манай олон улсын эрүүл мэндийн даатгалын багцад байгууллагын даатгал дийлэнх хувийг эзэлж, хувь хүний даатгалын хамралт харьцангуй бага байсан. Иймээс хувь хүнд тусгайлан зориулсан бүтээгдэхүүнийг хөгжүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж, зах зээлийн судалгаан дээр суурилан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийн зохицуулагч байгууллагаас зөвшөөрлийг авч, хувь хүнд тусгайлан чиглэсэн “BD Essential” эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.
Миний хувьд ХБНГУ-д оюутан байхдаа спортын гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлага гарч, даатгалаараа зардлаа бүрэн төлүүлж байсан. Тэр туршлага даатгалын ач холбогдлыг өөрийн биеэр ойлгоход нөлөөлсөн болов уу гэж хардаг. Германд оюутнууд эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах зохицуулалттай бөгөөд оюутнуудад зориулсан хөнгөлөлттэй нөхцөл ч байдаг. Манай улсад зарим хүмүүс, тэр тусмаа залуу хүмүүс ирээдүйд учирч болох эрсдэлийг тооцохгүй “Бидэнд одоогоор ноцтой өвчин байхгүй учраас эрүүл мэндийн даатгал авах шаардлагагүй” гэж бодох нь бий. Гэвч гэнэтийн өвчин, осол гэмтэл нас харгалзахгүй тохиолдож болно шүү дээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд өндөр зардал гарах эрсдэлтэй учраас хүмүүс өөрийн нөхцөл, санхүүгийн боломжид тохирсон даатгалын хамгаалалтыг эртнээс бодолцох хэрэгтэй.
- Монгол улсад ямар өвчлөл зонхилж байна вэ? Эрүүл мэндийн даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл ямар байна вэ?
- Эрүүл мэндийн салбарын улсын статистик мэдээлэл болон манай компанийн дотоод дата шинжилгээнээс харахад, хорт хавдрын өвчлөл маш өндөр эрсдэлтэй байгаа төдийгүй нийт зонхилон тохиолддог өвчлөлүүдийн дотор тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Нарийвчилж үзвэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд, тэр дундаа ходоодны шарх, үрэвсэл, ходоод болон улаан хоолойн хавдар, уушгины хорт хавдар зэрэг хүнд хэлбэрийн өвчлөлүүд давамгайлж байгаагаас гадна тулгуур эрхтний (нуруу, үе мөчний) эмгэг, зүрх судас, томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын бусад өвчлөлүүд, осол гэмтлээс үүдэлтэй тохиолдлууд нэлээд өндөр хувийг эзэлж байна. Хүүхдүүдийн хувьд ялангуяа улирал солигдох шилжилтийн үед томуу, томуу төст өвчний өвчлөл хамгийн түгээмэл байна.
Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын тоон мэдээнээс харахад адил тоон мэдээ харагддаг ба БНСУ-д гэхэд л ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр хувьтай байдаг ч ходоодны хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг өргөн хүрээнд зохион байгуулснаар эрсдэлийг бууруулж чаддаг. Манай улсын хувьд ч урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн хүртээмж чухал асуудал юм. Бид эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнтэй хослуулсан урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээг мөн санал бүтээгдэхүүний багцад нэмэлтээр санал болгодог. Зах зээлийн хувьд 2025 онд ердийн даатгалын нийт хураамж 575.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15.5 хувиар өссөн. Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын цэвэр хураамж 2024 онд 75.5 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 88.4 тэрбум төгрөг болж, ойролцоогоор 17 хувиар өссөн чиг хандлага харагдаж байна. Арилжааны хувийн эрүүл мэндийн даатгал сайн дурын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд байгууллагууд ажилтнуудаа хамруулах нь түгээмэл. Харин хувь хүний арилжааны эрүүл мэндийн даатгалын хамрагдалт, хүртээмж сул байгаа ч цаашид өргөжих боломжтой зах зээл гэж харж байна.
Хувь хүмүүст эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг чанартай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд БОГД ДААТГАЛ ХК “BD Essential” бүтээгдэхүүнийг хөгжүүлжээ. Энэ бүтээгдэхүүн олон улсын эрүүл мэндийн даатгалын үндсэн багцын хамгаалалтаас ялгаатай бөгөөд зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн зардлыг хамгаалахад чиглэж буй аж. Тиймээс ямар зардал хамрагдах, ямар нөхцөл үйлчлэхийг нь тодруулъя.
- Тэгвэл BD Essential бүтээгдэхүүнийг ямар хэрэгцээнд зориулж боловсруулсан бэ? Хамрах хүрээ, нөхцөлийнх нь талаар хуваалцвал?
- BD Essential нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн зардлыг хамгаалахад чиглэсэн бүтээгдэхүүн юм. Байгууллагын даатгалын багцад цочмог болон архаг өвчин, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үйлчилгээ болон бусад нэмэлт хамгаалалтууд багтсан байдаг бол харин “BD Essential”-д хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой зардлыг хамгаалж, хувь хүн болон байгууллагын ажилтнууд энэхүү даатгалд хамрагдах боломжтой юм.
Хэвтэн эмчлүүлэх үед богино хугацаанд ч тухайн өвчтөнд дарамт болохуйц, өндөр хэмжээний эмчилгээний зардал гэнэт үүсэх эрсдэлтэй байдаг. Жишээлбэл, хүн гэнэтийн өвчлөл эсвэл ослын улмаас эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж байна гэж үзье. Ор хоногийн төлбөрийг хоногийн дунджаар 100 мянган төгрөгөөр тооцоход (ердөө 1 сая төгрөг болох ч) үүн дээр нарийн мэргэжлийн зөвлөгөө, шинжилгээ, оношилгоо, мэс засал болон эмчилгээний бусад зардлууд нэмэгдсэнээр нийт төлбөр богино хугацаанд 1.5-аас 2.5 сая төгрөгт хүрдэг. Иймэрхүү гэнэтийн нөхцөл байдалд эрүүл мэндийн даатгалын хамгаалалт нь хувь хүн болон өрхийн санхүүд ирэх эдийн засгийн дарамтыг үлэмж хэмжээгээр бууруулах гол хөшүүрэг болдог.
“BD Essential”-ийн хүрээнд хэвтэн эмчлүүлэх зардлаас гадна эмнэлэгт хэвтэхийн өмнөх болон дараах эмчилгээ, яаралтай тусламж, зөөн тээвэрлэлт багтана. Мөн даатгалын гэрээ эхэлснээс хойш шинээр илэрсэн хорт хавдар болон бөөрний дутагдалтай холбоотой хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн эмчилгээний зардлыг гэрээний нөхцөлийн дагуу хамгаалдаг. Харин амбулаторийн үйлчилгээ, ердийн үзлэг, шинжилгээ, оношилгоо хамрагдахгүй.
Бүтээгдэхүүн хоёр багцтай ба “BD Essential” Basic багц нь 100 мянган ам.долларын хамгаалалттай бөгөөд Монгол улс болон ӨМӨЗ оронд үйлчилнэ. “BD Essential” Smart багц нь 500 мянган ам.долларын хамгаалалттай, АНУ-аас бусад дэлхийн улс оронд үйлчлэх нөхцөлтэй. Хураамж нь даатгуулагчийн нас болон сонгосон багцаас хамаарна.
Бид 2 багцыг тухайн даатгуулагчийн даатгуулах сонирхол, зорилго, эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлсэн. Монгол улсад эмчилгээ хийлгэх хэрэгцээтэй хүн болон гадаад улс оронд ажил, бизнес, хувийн аяллаар тогтмол зорчдог хүнд тохирох хамгаалалт ялгаатай байж болно. Бид бүтээгдэхүүнээ илүү хувь хүн өөрийн сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн багцаа сонгон, даатгалд хамрагдаж, хэвтэн эмчлүүлэх үеийн гэнэтийн эмчилгээний зардлын хамгаалалтыг авах боломжийг олгох зорилгоор нэвтрүүлсэн.
- Хэвтэн эмчлүүлэх үеийн эмчилгээний зардал гэр бүл, өрхийн санхүүд ачаалал өгдөг. Үүнтэй холбоотой бодит жишээ бий юу?
- Бидний ойр орчинд хэн хүнд учирдаг нэг тохиолдол надад тодхон санагдаж бана. Хувиараа бизнес хийдэг манай нэг танилын хувьд гэнэт даралт нь ихсэж, эмнэлэгт үзүүлэхэд уушгины хатгаа гэж оношилсон тохиолдол бий. Тэр хүн даатгалгүй байсан бөгөөд долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа хоёр сая орчим төгрөгийн зардал гарсан байсан. Эмчилгээний төлбөрөө төлөхийн тулд зээл авахад хүрсэн юм. Тэр танил маань эмнэлгээс гарсны дараа бид хоёр уулзахад “Танай бүтээгдэхүүн байсан бол хэвтэн эмчлүүлсэн зардлаа даатгалаар төлүүлэх боломжтой байжээ” гэж ярьж байсан. Хэрэв тухайн хүн “BD Essential”-ийн даатгалтай байсан бол хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлыг гэрээний дагуу бүрэн төлүүлэх боломжтой байлаа. Гэнэтийн эмчилгээний зардал хэн бүхэнд тохиолдож болно. Хувь хүн, гэр бүл өөрсдийн өрхийн төсвөө тооцоолж, орлого, зарлагаа урьдчилан харж, санхүүгийн төлөвлөлт хийсэн байдаг. Гэтэл гэнэт эмнэлэгт хэвтэх шаардлага үүсэж, эмчилгээний хүлээгдэж байгаагүй зардал гарвал тухайн өрхийн төсөвт ихээхэн дарамт учруулж болно. Даатгалын зорилго нь ийм эрсдэлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу бүрэн хамгаалж, даатгуулагчид санхүүгийн дэмжлэг, хамгаалалт үзүүлэхэд чиглэдэг.
- BD Essential багцын хамгаалалтын дүн 100 мянгаас 500 мянган ам.доллар хүртэл байдаг юм байна. Даатгалын компани ийм өндөр дүнтэй эрсдэлийг хариуцах санхүүгийн чадамж, эрсдэлийн удирдлагаа хэрхэн зохицуулдаг вэ?
- Бид “Quota Share Treaty” буюу эрсдэлийг тодорхой хувиар хуваалцах хэлбэрийн давхар даатгалын хамгаалалтыг ашигладаг. Даатгалын компани эрсдэлийн тодорхой хэсгийг давхар даатгагчтай хуваалцаж, санхүүгийн найдвартай байдлаа хамгаалах, том хэмжээний эрсдлээс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, зах зээлээ тэлэх, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэн эрсдэлийн удирдлагын зөв менежментийг хэрэгжүүлэн ажилладаг. “BD Essential” Basic багц 100 мянган ам.доллар, “BD Essential” Smart багц 500 мянган ам.долларын хамгаалалттай учраас бид ийм хэмжээний эрсдэлийг удирдахдаа эрсдэлийн хуваалцах зарчим бүхий давхар даатгалын найдвартай хамгаалалтад тулгуурладаг.
Нэгдүгээрт, энэ нь харилцагчдад найдвартай хамгаалалт санал болгох боломж бүрдүүлдэг. Хоёрдугаарт, том хэмжээний эрсдэлийн тодорхой хэсгийг давхар даатгагчтай хуваалцсанаар компани санхүүгийн найдвартай, тогтвортой байдлаа хадгалж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах боломжтой. Мөн давхар даатгагчийн мэдлэг, туршлагаас суралцаж, бүтээгдэхүүнээ байнга хөгжүүлэн олон улсын даатгалын зах зээл, дэлхийн жишигт нийцсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэх боломж бүрдэж байдаг.
Бид даатгуулагчдын хохирлын нэхэмжлэл, материалыг хянаж, гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгодог. Харин харилцагч гадаадад байх үед давхар даатгагч AXA-гийн сүлжээ эмнэлгүүдээр шууд төлбөрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн байдаг. Жишээлбэл, гадаадад эмчилгээ хийлгэхэд өндөр зардал гарах нөхцөл үүсвэл бид эмнэлэгт төлбөрийн баталгаа гаргаж өгч, гэрээний дагуу эмчилгээний зардлыг шууд шилжүүлэн даатгуулагчийн өмнөөс төлдөг. Ингэснээр харилцагч эмчилгээний төлбөрийг бүхэлд нь урьдчилан өөрөөсөө гаргах шаардлагагүй болох боломжтой.
- БОГД ДААТГАЛын хувьд байгууллагын эрүүл мэндийн даатгалын хүрээнд ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих ямар ажил зохион байгуулдаг вэ?
- Эрүүл мэндийн даатгал нь гэнэтийн эмчилгээний зардлаас хамгаалах хэрэгсэл боловч хувь хүн эрхэм болсон эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өөртөө болон хайртай дотнын хүмүүсийнхээ өмнө хүлээж байгаа хамгийн том хариуцлага гэж би үздэг. Идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүйн эрүүл мэнд, зөв, тэнцвэртэй хооллолт, гүн нойр зэрэг нь эрүүл амьдралын чухал дадал зуршил болдог. Идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл тархи, зөв сэтгэлзүй нь эрүүл амьдралын үндэс болдог. Олон улсад эрүүл мэндийн даатгалын компаниуд даатгуулагч гишүүддээ сэтгэл зүйн эрүүл мэнд, идэвхтэй дасгал хөдөлгөөн, зөв, тэнцвэртэй хооллолт зэрэг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хөтөлбөр, арга хэмжээний талаар зөвлөгөө өгч, эрсдэлийг бууруулах чиглэлд илүү их анхааран ажилладаг. Бид ч харилцагч байгууллагуудын ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөөг тухайн гэрээний хугацаанд тогтмол давтамжтай зохион байгуулдаг. Тухайлбал, зөв хооллолт, шим тэжээл, сэтгэл зүйн эрүүл мэнд, идэвхтэй дасгал хөдөлгөөний чиглэлээр мэргэжлийн, тухайн салбарын чиглэлийн мэргэжлийн эмчтэй хамтран ажиллаж, зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажилладаг. Ингэснээр эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлбөр олгох үйлчилгээгээр хязгаарлахгүй, ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, урьдчилан сэргийлэх дадлыг дэмжих ажлыг хамтад нь цогцоор нь хэрэгжүүлэх ач холбогдолтой.
- Эрүүл мэндийн даатгал сонгохоор төлөвлөж буй иргэдэд та юуг хамгийн түрүүнд анхаарахыг зөвлөх вэ?
- Юуны өмнө даатгалын компанийн туршлага, андеррайтинг арга зүй, мэргэжлийн баг, нөхөн төлбөрийн менежмент, харилцагчийн халамж үйлчилгээ зэргийг анхаарах хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүний гэрээний нөхцөл болох үндсэн хамгаалалт, хамрах хүрээ, нэмэлт хамгаалалт болон нөхөн төлбөр олгох нөхцөлийг сайтар харьцуулах нь чухал. Олон улсын эсвэл дотоодын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний аль нь өөрийн хэрэгцээнд нийцэж байгааг эсэхийг тооцох шаардлагатай. Даатгалын компани өөрийн туршлага дээр суурилан эрсдэлийн талаар илүү их мэдээлэл хуримтлуулж, түүндээ үндэслэн үнэ хамгаалалтын зохистой харьцаа бүхий бүтээгдэхүүний андеррайтинг хийдэг. Андеррайтинг гэдэг нь компанийн бүтээгдэхүүний багц болон даатгуулагчийн эрсдэлийг үнэлж, тэдгээрт тохирох хураамж болон хамгаалалтын нөхцөлийг тогтоох, багцын эрсдэлийг зөвөөр удирдах үйл явц юм. Үүнээс гадна тухайн компаниас үйлчилгээ авсан хүмүүсийн сэтгэгдэл, зах зээл дээрх нэр хүндийг судалж болно. Эрүүл мэндийн даатгалд хэрвээ та хамрагдах гэж байгаа бол сонголт хийхээсээ өмнө зах зээлийн талаар багахан харьцуулсан судалгаа хийгээд, өөрийн даатгуулах сонирхол, санхүүгийн хэрэгцээнд нийцсэн хамгаалалттай, даатгалын нөхцөл нь ойлгомжтой, нэмэлт үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөе.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.