Гадаад мэдээДЭЛХИЙ

Гаднын орнуудад Чингис хааны нэртэй тамхи, соус худалдаалдаг

Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тус хуралдаанаар Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байдаг. Гишүүд тус хуулийн төслийг дэмжсэнтэй холбогдуулан гаднын орнуудад Чингис хааны нэртэй ямар бүтээгдэхүүн зардгийг харцгаая.

АНУ-ын “Gurkha Genghis Khan” навчин тамхи

Энэ навчин тамхийг Кайзад Хансотиагийн үүсгэн байгуулсан “Gurkha Cigar Group” компани үйлдвэрлэдэг юм. “Gurkha Genghis Khan” навчин тамхийг АНУ-ын дэлгүүрүүдэд одоо ч зардаг байна. Тус навчин тамхины “Churchill хэмжээтэй хувилбарыг Хондураст үйлдвэрлэдэг аж. “Cigars Direct” худалдааны сайтаас харвал нэг ширхгийг нь 12.47 ам.доллароор зарж байна.

“Cigar Aficionado” нэртэй навчин тамхины тухай сэтгүүл “Double Corona” хувилбарыг нь үнэлэхдээ 100-гаас 90 оноо өгч байжээ. “Cigarpro.ru” сайтаас харвал “Gurkha Genghis Khan”-д ОХУ-д 30 ширхэгтэй төмөр хайрцгаар худалдаалагддаг аж. Нэг хайрцаг нь 3 мянган рублиэр худалдаалагдаж байна.

Японы “Jingisukan” буюу “Чингис хаан” нэртэй хоол

"Jingisukan" хоол, зургийн эх сурвалж: Recipe Tin Japan

Японд “Jingisukan” нэртэй хонины махыг ил гал дээр шарж бэлтгэдэг хоол байдаг. Тус хоолыг Чингис хааны нэрийг япон хэл рүү галиглан нэрлэжээ. Мөн Японд “Jingisukan” олон төрлийн савласан хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг байна. Тодруулбал Японы “7-11” ая тухтай хүнсний сүлжээ дэлгүүр “Rambu Jingisukan” нэртэй онигири гаргаж байжээ. Мөн “Sapporo Gourmet Foods” компани “Genghis Khan Caramel” нэртэй чихэр гаргаж байсан юм.

“Jingisukan” нэртэй бүтээгдэхүүнүүдийн хамгийн алдартай нь “Bell Foods” компанийн “Jingisukan no Tare” нэртэй соус юм. Японы Хоккайдо аралд энэ соусыг өргөн хэрэглэдэг байна. Энэ брэнд Японоос гадна бусад улсуудад ч хүрчээ. Тодруулбал 2013 онд байгуулагдсан “Bell Foods Viet Nam” компани “Genghis Khan no Tare” соусыг худалдаалж эхэлсэн байна.

Казахстаны Чингис нэртэй тамхи

Зургийн эх сурвалж: Colligatum

Казахстанд Чингис нэртэй тамхи Монголын Оюуны өмчийн газрын албан ёсны зөвшөөрлөөр худалдаалагдаж байжээ. “Өдрийн сонин” мэдээлснээр тэрхүү зөвшөөрлийг 2016 он хүртэл хүчинтэй олгосон юм.  Уг тамхийг “JTI Central Asia” компани үйлдвэрлэдэг байжээ. “JTI” нь Монгол, Казахстан, Киргизстанд салбартай үйл ажиллагаа явуулдаг тамхи импортолдог компани юм.

Эх сурвалж: Cigars Direct, Cigar Pro, Parsi Khabar, RecipeTin Japan, Japan Times, Өдрийн сонин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button