Улс төрийн мэдээ

8 хоногийн өмнө МАН-ын УЗ-өөр ЗГХЭГ-ын даргад дэмжигдсэн Б.Бат-Эрдэнийг өнөөдрийн чуулганд танилцуулах уу

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг “Бодь интернэшнл”-ийн 110 сая ам.долларын хээл хахуулийн хэрэгт “Одоогийн ЗГХЭГ-ын дарга холбоотой, Б.Энхбаяр $10 саяыг авсан” хэмээн нэрийг нь цоллосон. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн нэр ч дурдагдсаны дараа тэрбээр ажлаа өгөхөө мэдэгдсэн бөгөөд “Төрийн тэргүүн ажлаа өгч шалгуулна гэж байхад би ч гэсэн тэгнэ” хэмээгээд Б.Энхбаяр сайд өргөдлөө өгсөн билээ. Өргөдлийг нь хүлээн авч, даруй шийдвэрлэсэн.

Орны томилгоог У.Хүрэлсүхийг ажлаа өгсний маргааш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох тогтоол баталсан байдаг. Хэдийгээр Ерөнхий сайд танхимын сайд нараа томилж чөлөөлнө гэж заасан ч ийнхүү МАН-ын Удирдах зөвлөл шийдсэн гэсэн үг. Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх, МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хүн гэдэг. У.Хүрэлсүх Засгийн газар дахь өөрийн нөлөөллөө бууруулахгүй гэсэндээ түүнийг томилуулахаар зүтгүүлж байгаа талаар хөшигний ард багагүй яригдсан.

Үүнийгээ өөрөө ч батлах шиг "Энэ томилгоог өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тохирсон байсан. Ингээд Ерөнхий сайд Н.Учрал Удирдах зөвлөлд танилцуулж, баталсан. Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно" хэмээчихсэн. Ерөөс ам алдвал барьж болдоггүй гэдэг нь болж, өнгөрсөн баасан гарагийн чуулганд танилцуулагдаж чадсангүй. Нэг танхимд багтаж мэдэх сайд нарын төлөөлөл ч түүнд сайнгүй, Засгийн газрын "гал тогоог барих" чухал албан тушаалд тэнцэхгүй, дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлээд буй. Ямартай ч эл суудалд хэн суух вэ гэдгээс Н.Учрал У.Хүрэлсүх хоёрын түнжин харагдах нь.

Үндсэн хуулийн 39.4-т зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлж, огцруулна. Улсын Их Хурал танилцуулгыг сонсдог ч шийдвэр гаргадаггүй. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлж байгаа тул энэ удаагийн томилгоог түүнд танилцуулна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button