Ярилцлага

О.Жаргалсайхан: Би болж өгвөл л Мүракамитай уулзмааргүй байна

Орчуулагч О.Жаргалсайхантай манай сэтгүүлч М.Тэнгисийн өнгөрөгч тавдугаар сард ярилцсаныг сэргээн нийтэлж байна.

Товлосон цагаасаа нэлээд хоцроод ирэхэд тэр цэлгэр өрөөний нэг буланд цэцгэн хээтэй ном өмнөө дэлгэн уншиж суулаа. Хоцорсондоо санаа зовонгуй мэнд мэдэхэд минь толгойгоо дээш өргөөд хэдэн зуун жил насалсан хүн шиг мишээсэн нь сэтгэлд үлджээ. Тэр бол орчуулагч О.Жаргалсайхан. Японы нэрт зохиолч Харүки Мүракамигийн “1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” романуудын орчуулагч. Тэр одоо Мүракамич болох шахаад буй ч сүрт “Гэнжийн туульс”-ын захаас нь хэлтэлж буулгасан гавьяатай, чадалтай, даацтай Япон соёлын өвийг өөртөө тээгч, агуулагч нэгэн. Түүнтэй будаг нь ханхалсан шинэ романых нь талаар, сүүлийн хэдэн жил автан амьсгалж буй Мүракамийнх нь талаар, мөн бас бус хувь сонин сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа.

-Таны шинэ Мүраками, “Торгон цэргийн хороон даргын аллага” миний өмнө байна. Хэвлэлтээс гараад удаагүй, хэдэн гурван сарын л нүүр үзээд буй зузаан ном. Орчуулагчийн хувьд жаахан хүүхэд шиг баярлаж, бахдах зүйл мөн биз?

-Ер нь орчуулга гэдэг өөр хөдөлмөр л дөө. Номон дотор өгүүлбэрүүд хэвтэж байдаг. Харин орчуулагчид хэвтээ байсан өгүүлбэрийг босгож ирээд илэрхийлдэг онцлогтой. Бичигдчихсэн хэвтэж буй өгүүлбэрүүдийг сэрээж босгодог. Үүгээр нь орчуулгыг нэг төрлийн уран бүтээл гэж хэлж болно. Заримдаа босгох бол хэвтүүлэхээс илүү хэцүү зүйл гэж боддог юм. Хэвтүүлэх ажил бол яах вэ, хэвтдэгээрээ хэвтэнэ, хэвтүүлнэ. Харин босгоно гэдэг, түүнийг зөв ойлгож, өдөөж, сэрээнэ гэдэг том хөдөлмөр.

Цаашлаад Мүракамигийн бичээд хэвтүүлчихсэн зүйлийг сэрээж босгоно гэдэг их өвөрмөц л дөө. Хэцүү гэж би хэлэхгүй. Гэхдээ миний уншсан зохиолчдоос Мүракамигийн зохиолоо хэвтүүлж буй арга нь их өвөрмөц, түүнчлэн нэлээд бодож боловсруулсан байдаг. Мань эр өөрөө бас тийм ч амархан хэвтүүлчихдэггүй шиг байгаа юм. Цуварсан өгүүлбэрүүдээ дандаа эргэж засдаг, анализ хийдэг.

Миний хувьд утга зохиолын орчуулга гэдэг маш хариуцлагатай ажил. Өөрийн юм шиг үзэж, өөрчилж болдоггүй хариуцлагатай бөгөөд нухацтай хөдөлмөр шүү дээ. Босон суун хийнэ гэж байхгүй. Тухайн зохиолч чухам юу бодож бичсэн бэ гэдэг асуудлын хүрээ их том. Тэгэхээр орчуулгын ажлыг нэгэн төрлийн технологи гэж нэрийдвэл дөхөж очно. Яагаад гэвэл надад бас өөрийн гэсэн технологи байж гэмээ нь тэдгээрийг босгоно шүү дээ.

Баярлах, догдлох тухайд, яах ч аргагүй миний бүтээл болж л гарч байгаа юм. Би бичээгүй ч миний босгосон өгүүлбэрүүд иржийгээд, хүлээгээд байж байна гэдэг миний хувьд уран бүтээл болдог.

-Та сүүлийн жилүүдэд дандаа Мүракамитай ажиллалаа. Энэ хэд дэх нь болж байна вэ?

-Анхных нь “1Q84” гэж гурван боть гарсан. 1500 орчим хуудастай том бүтээл.  Харин Тазаки Цүкүрүгийн тухай роман бол 500 орчим хуудастай, ингээд 2000. Энэ “Торгон цэргийн хороон даргын аллага” бол мөн 1500 орчим хуудастай. Ингээд ерөнхийдөө 4000 орчим хуудасны асуудал ярина, Мүраками дээр /инээв. Сурв/. Романы тоогоор яривал гурав дахь нь болж байна даа.

-“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа шинэ романыг “толь шиг шинж чанартай” гэж тодорхойлсон тань анхаарал татсан. Хувь орчуулагчид энэ роман Мүракамигийн бусад романуудаас юугаараа өөр байв аа. Мүраками өөрөө нэлээд сүүлд бичсэн юм билээ?

-Тийм, хамгийн сүүлчийн роман нь л даа. Мүраками өөрийнхөө утга зохиолын амьдралын бүх туршлагыг энэ романдаа гаргаж, шингээсэн юм шиг санагдсан шүү. Түүний хувьд өөрөө өөрийгөө давсан, хамгийн сайн зохиол нь гэж би хэлнэ. Яагаад гэвэл уншигчаа хүртэл ашиглаж байна. Бид бол зохиолчийн оюун санааг ашиглаж, уншиж таашаал авдаг. Гэтэл Мүраками сүүлийн энэ романдаа уншигчдаа өөрөө ашиглачихсан. Хоёул эхлээд гол баатраас нь ярья. 36 настай, нэр байхгүй. Эхнэр нь болохоор “та” гээд байдаг. Хөрөг зураг зуруулдаг хүмүүс нь “зураач” гэж яриад байдаг. Галт тэрэгний буудлын зургийн дамжаанд “багш” болчихдог. Найз нөхөд нь болохоор “чи” гэдэг, нэрээ нууцалсан нөхөр байгаа шүү дээ. Цаг үе нь яах ч аргагүй орчин үе бололтой. Ухаалаг утас ашиглаж байна, үйл явдлын хүрээг нь харахаар орчин цаг байгаа юм. Тэр зураач дандаа цаасан дээр л зургаа зураад байна. Тэр цаасан дээр зурсан юмыг нь Мүраками бичээд байгаа. Гэтэл бид нар тэрийг нь уншиж, өөрсдөө тархиндаа зурж байна. Нэг ёсондоо Мүракамид уншигчид нь ашиглуулчихсан. Тэр утгаараа онц сонирхолтой роман болсон.

Мөн “1Q84” дээр ч гардаг оюун санааны өөр ертөнцийн хүмүүс бас энд гарч байна. “Идей” гэж нэрлэгдээд байгаа. Тэр “Идей” нь хүн, хий үзэгдэл гэхээс илүү хүний оюун санаа бололтой. Бидний оюун санааг суга татаж гаргаж ирээд, биежүүлж бодитжуулаад яриулсан. Тэгэхээр тэр “Идей” бол миний, та бидний дотор байх шиг. Бидний дотор байгаа зүйлийг ухаж гаргаж ирээд, хөдөлгөөнд оруулаад, яриулаад. Тэгээд биднийг бүр зовоогоод. Ингэж чадаж байгаа нь бол зохиолчийн уран чадварын л асуудал юм даа.

Гэхдээ Мүракамийг хэзээ ч давахааргүй хүмүүс түүний тухай ярихдаа “Дандаа өмнөх юмаа давтдаг, хэдэн өгүүлэмжээ л үргэлж тойрдог” гэдэг л дээ. Үүнийг зохиолыг идейг мэдэрсэн яриа гэж хэлэхэд хэцүү юм. Зохиолын дотор байгаа зүйл өөрт нь идей болж суугаагүй, зөвхөн өнгөц зүйлсийг нь харсан тийм тайлбарууд л гэж би ойлгодог.

-Тийм ээ, Мүракамигийн тухай олон зүйл хэлэгддэг. “Өмнөхөө үргэлж давтдаг, нэгэн ижил өгүүлэмжтэй, үр өгөөжгүй хоосон шидэт реализм” гэхчлэнгээр?

-Мүраками гэдэг энэ хүн утга зохиолын ертөнцөд өөрөө идей болж суусан. Одоогоор түүнийг давчихсан хүний амнаас би тиймэрхүү үг сонсоогүй байна. Хоёрт, хүмүүс шинэ юманд дургүй байдаг л даа. Эрч хүчтэй, хуйларч орж ирж байгаа хуй салхинд дургүй байдаг. Энэ салхины хүч, өнцөг, хурд, халуун нь тийм ч таатай тусахгүй л дээ. Нүүдэлчин монголчуудын хувьд малаа хариулаад явж байхдаа гэнэтхэн хуй салхинд нэрвэгдэх тийм ч азтай явдал биш. Мөн бидний утга зохиолын ертөнцийн хүрээ жижигхэн. Уран зохиолын халуун ногоотой, жан цуутай, чихэрлэг, гашуун альтернатив амтыг бага амталцгаасан.  Их хол ертөнцийн утга зохиол орж ирээд удаагүй байна. Энэ нь манай утга зохиолын урьдын хөрсөн дээр цэцэг болж буух уу, өвс болж буух уу гэдгийг дүгнэх арай болоогүй.

-Та утга зохиолын бус орчуулгыг илүүтэй хийж ирсэн хүн. Гэнжийн туульс”-ыг хүртэл захаас нь орчуулж хэлтэлсэн, чадалтай орчуулагч. Харин Мүракамийн юу нь ингэтлээ таныг зүггүйтэн татдаг юм бол гэж гайхах юм?

-Би амьдралынхаа 30 жилийг япон хэл, соёлтой холбосон байна. 1986 онд МУИС-ийн Япон хэлний ангийг төгсөөд дараа нь Токиогийн боловсрол, соёлын дээд сургуульд магистр хамгаалсан. Тэгээд ер нь нэлээд ухаж үзсэн юм аа. Япон хэл, соёлын ертөнцийг нэлээд нүхэлж үзсэн гэх юм уу. Энэ нь нүхлээд цаана нь гарчихсан гэсэн утгаар биш шүү. Маажиж, малтаж үзсэн л. Тэр гайхалтай ертөнцийг маажиж, малтаж, хуруугаа дүрж үзнэ гэдэг өөр мэдрэмж. Тэр мэдрэмжээс салж чадахгүй явж байхад минь Мүраками учирсан. Тэр утгаараа таатай санагддаг.

Хоёрт гурав, дөрвөн мянган хуудас зохиолтой нь ноцолдсон хүн бол энэ хүний тухай бодитой ойлголтыг авна л даа. Шинэ гарсан бүтээлийг нь уншихгүй байж чадахгүй. Тэрийг бол манайхны ярьдгаар “Хаана ч хэлнэ” /инээв. Сурв/. Шинэ юм өгөөд байдаг учраас надад орчуулах дур хүрдэг. Яваандаа орчуулна гэхээсээ уншдаг болж магадгүй. Мүраками ер нь долоон жил болоод нэг том роман гаргадаг л даа. Одоо цаг нь ойртож л байна, юу гаргах юм бүү мэд.

-Танд Мүракамитай уулзах, захидлаар ч болов харилцах боломж тохиож байв уу?

-Үгүй, үгүй. Ер нь бол би энэ хүнтэй таарахгүй юм сан л гэж бодож явдаг юм.

-Яагаад вэ?

-Яагаад гэвэл оюун санаа руу нь толгойгоо шургуулж үзсэнийх, бие биенээ харахгүй байж байгаад дууссан нь дээр юм шиг санагддаг. Ер нь бол Мүраками өөрөө хүнийг гаднаасаа гэхээс илүү дотроосоо татдаг хүн. Түүний нүдэнд үзэгдэж байснаас үзэгдэхгүй байсан нь надад азтай явдал гэж хэлмээр байна.

-Торгон цэргийн хороон даргын аллага хоёр боть болж гарах ёстой юм байна. Хоёр дахийнх нь орчуулга дууссан уу?

-Дуусаагүй шүү. Явж л байна.

-Тэгвэл орчуулгынхаа атмосферт автчихсан л яваа байх нь?

-Завгүй өдрөө хоёр цаг, завтай өдрөө 4-5 цаг яс сууж байна. Аль болох өдөр болгон л өөрийгөө үүнтэй холбохыг хичээдэг. Сэтгэлийн гэхэд биш, оюун санааны холбоос хийж байж ажилладаг.

Нэг үгээр хэлэхэд, би одоо энэ хүнийг /Мүраками Харүкиг хэлж байна, Сурв/ таньдаг болчхоод байна шүү дээ. Оюун санаагаа уудалж бичсэн бүтээлүүдтэй нь сүүлийн тав, зургаан жил холбогдож явлаа. Үүний адил эргээд Мүракамийн зохиол бас намайг таньдаг болж байна гэж хэлж болно. “Одоо л ингэнэ дээ” гэтэл яг тэр санаснаар минь үйл явдал өрнөж байх жишээтэй. Тийм холбоо үүсэж байж нэлээн гүн гүнзгий орчуулга хийгдэнэ.

-Таныг уран зохиолын хорхойтон гэж хэлж болох уу?

-За, яг ч тэгж хэлэх нь юу юм. Харсан номоо заавал өнгийж хардаг хобби бий, бий.

-Сайн зохиол уншигчдын сэтгэлийг хөдөлгөж, сэтгэлд нь үлдэж, шинэ мэдрэмж өгч байдаг. Миний хувьд уулын орой дээрх тэр байшин, тэнд ганцаар суугаа эрийн амьдрал цоо шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөл байсан. Танд энэ романаас уншигчийн хувиар сэтгэл хөдөлгөсөн элемэнтүүд нь юу байсан бэ?

-Ер нь Мүракамигийн өгүүлбэр бүртэй нь харьцаад ирэхээр яваандаа гөлийдөг. Тооцоотой болж эхэлдэг. Сэтгэл хөдлөх гэхээс илүү тооцоолдог болдог. Нэгт романы үйл явдлыг эргэцүүлэх. Хоёрт Мүракамигийн өөрийнх нь санааг төсөөлж үзэх. Гуравт би өөрөө өөрийнхөө оюун сэтгэлээр төсөөлж мэдрэх гэсэн гурван янзын бодол дунд хөлбөрдөг. Иймд дандаа тооцоо энэ дотор байна.

-Гөлийдөг гэж хэлэхэд тань би яг ойлголоо. Хамгийн эхэнд танаас шинэ номоо өлгийдөөд хэр догдолж байна гэж асуухад догдолсон гэж хариулаагүй. Дараа нь орчуулгын атмосфертоо хэр автаж байна вэ гэхэд автдаггүй гэлээ. Юу нь таны сэтгэлийг хөдөлгөв гэхэд бас л... Тэгэхээр ер нь ийм болчихдог юм байна?

-Би сая орчуулагчийн хувьд өвөрмөц арга барил гэмээр зүйлээ цухасхан дурдлаа шүү дээ. Дээрх гурван өөр өнцгийн бодрол, эргэцүүллээс орчуулга төрж мэндэлдэг. Тийм учраас надад биш та нарт сонирхолтой, сэтгэл хөдлөм, автам болж очиж байна.

-Бас орчуулга гэдэг онгод орж суугаад л хэдэн өдөр автаж, сэтгэлийн хөөрлөөр хусаад дуусгачихдаг эд биш юм гэдгийн нэг баталгаа энэ байх?

-Тийм, тийм.

-Романд “Торгон цэргийн хороон даргын аллага” нэртэй уран зураг гардаг. Гүүгл орчноос хайхад уншигчид өөрсдөө төсөөлж зурсан бололтой зургууд гарч ирж байна билээ. Энэ уран зураг романы утга санааг зангидаж байх шиг санагдсан. Та хэрхэн тайлав?

-Тэр зураг дотор нэг урт нүүртэй эр байгаа шүү дээ. За яахав, юуны өмнө “Торгон цэргийн хороон даргын аллага” гэж дуурь бий. Манайд бас тавигдаж байсан дуурь шүү. Тэр дуурийн өгүүлэмж зурагт мэдээж туссан байгаа. Дуурийн агуулгаар энэ зураг зурагдсан, нэгдүгээрт. Харин газар доороос нэг урт нүүртэй эр шагайгаад, болж буй явдлыг хараад байж байдаг. Энэ л уран зураг нь, санаа нь. Түүнээс Анна Донна нь байна, Дон Жуан нь байна. Дон Жуанд охиноо өгөхгүй гээд алагдаж байгаа Анна Доннагийн эцэг байна. Харин тэр эр яагаад газар доороос цухуйв. Газар доороос гэхээр нүх байж таарна. Нүх гэдэг нь уншигчид руу шидэж буй санаа юм, миний төсөөлж байгаагаар. Нүх харанхуй, чийгтэй, сүүдэртэй байдаг. Хүн амьдралынхаа бараан, сүүдэртэй талаа нууж хэрэггүй. Харин тэр лүүгээ зоригтой орох хэрэгтэй гэсэн санаагаар Мүраками дотроо бодож бичсэн болов уу гэж. Миний тайллаар нэг ийм. Энэ бол нэг л хувилбар шүү.

-Гол дүрийн баатар эхнэрээсээ салсан. Гэхдээ одоо хэр түүндээ хайртай юм байна гэж би ойлгосон.

-Тийм.

-Эхнэрээсээ салаад зурж чадахаа ер байчихсан байсан даа. Дараа нь гэв гэнэтхэн зураад эхэлдэг. Үүнийг та юу гэж ойлгосон бэ?

-Өнгөцхөн тайлбарлахад амьдралын хүлээс тавигдсан явдал юм даа. Ахуй амьдралын төлөө явсаар байгаад өөрийн мөн чанарын хамгийн гоё юмыг гаргаж чаддаггүй хоцордог харамсалтай түүхүүд бий. Ямар ч хүний амьдралд ийм түүх байдаг. Нэг мэдэхэд л юу ч бүтээж чадаагүй, сэтгэл дотор нь байдаг гоё зүйлс өөртэй нь хамт хөгширчихсөн байдаг. Иймэрхүү зүйл. Нөгөөтээгүүр тэр залуу эхнэртээ бас өс санаж, хонзогнож болно шүү дээ.

-Зарим хүмүүс уран зохиол өгөөжтэй байх ёстой, уншаад дуусахад ямар нэгэн зүйл ойлгогдох ёстой гэж ханддаг. Нэгэн бодлын Мүракамийн зохиолыг уншаад дуусахад юу ч ойлгоогүй юм шиг мэдрэмж төрөх нь олонтаа. Ямар үүрэгтэй нь үл мэдэгдэх хачин сонин дүрүүд огтлолцоод л. Энэ романд Мэншики гэж нөхөр бий. Тэр бас ямар үүрэгтэй дүр юм бол. Эсвээс ер Мэншикийн тухай роман ч юм шиг?

-Хүнд очсон, цугласан баялаг гэдэг хүнд байдаг, хөнгөхөн биш. Үүнийг л харуулах гэж оролдсон мэт. Мэншики бол маш баян хүн. Маш баян мөртөө маш ганцаардмал хүн. Тэр эхнэргүй байна, ганцаараа байна. Харин энэ нь бидний дараагийн үеийн хүмүүсийн хувьд амьдралын аятайхан хэв маяг байж магадгүй. Бид л өөрсдийн амьдрал шигээ санаж, ганцаардал гэж харж байж болох. Ер нь баялаг гэдэг хүний амьдралын хэвшлийг өөрийн эрхгүй өөрчилдөг гэдгийг харуулж буй байх. Баялгийн хүнд жин бол хүний хөнгөн жинтэй харьцуулахад маш сүүдэртэй, бас нүхтэй ойлголт гэдгийг л. Энэ бол зөвхөн нэг хувилбар шүү. Ер нь хараад байхад хүний амьдрал дахь ганцаардлын гоё талыг харуулсан байгаа шд. “Ганцаардана гэдэг муухай юм биш ээ”. Энэ бас нэг хувилбар.

Ингэж өөрийнхөө л юмыг хийж байгаа юм шиг дасаж ирж байгаа нь аюултай зүйл л дээ. Өөрөөр хэлбэл зохиолыг гурван янзаар тайлбарлаж чадаж байна гэдэг сайн юм биш. Та нарт хэдий сайн юм болж очиж байгаа ч, миний хувьд, уншигчийн хувьд хэцүү байхгүй юу.

-Уншигчийн хувьд.

-Тийм, хувь уншигчийн хувьд.

-Ер нь уран зохиол уншигчийг өөрөөр нь бодуулах эхлэлийг тавиад л төгсөв цэгээ хатгадаг эд шүү дээ?

-Тийм. Ялангуяа Мүраками хүний бодох эрх чөлөөний тунхаг болгож зохиолоо бичдэгээрээ дэлхийд танигдсан. Нэг ёсны давраад, бид нараар ингэж зохиолоо бичүүлж байна шүү дээ. Уран зураг гэсэн сонирхолтой сэжмийг барьж авч бичээд, тэгээд бидний бодох эрх чөлөөн дээр тоглоод байгаа байхгүй юу. Тийм болохоор л гүүгл дээр зургууд гарч ирээд байгаа биз дээ /инээв. Сурв/.

-Мүраками өөрөө бас ёроолгүй уншдаг хүн шиг байгаа юм.

-Ёроолгүй уншдаг, бас сонсдог.

-Тийм, сонсдог. Зохиолуудад нь хөгжмийн тухай дүрслэлүүд, чимэг зүүлтүүд ороод ирэхээр би тун баярладаг. Танд дагаад Мүракамийн хөгжмийн мэдрэмжид автаж байсан удаа бий л байх?

-Байна, байна. Би Тазаки Цүкүрү дээрх Френц Листийн хөгжимд донтоод орчихсон байсан. Өглөө бүр сонсохгүй л бол надад их сонин санагддаг болчихсон байсан. Одоо ч гэсэн би Мүракамиг шалгадаг. Зохиол дээр нь гарч байгаа хөгжмийг заавал сонсож байж, хаширын мэдрэмж надад байна уу үгүй юу гэж өөрийгөө шалгана. Хоёрдугаарт Мүракамиг бас шалгахыг оролддог. Өөртэй нь бол ярилцмааргүй л байна л даа /инээв. Сурв/. Өөртэй нь яримааргүй байна.

Мүраками өөрөө гэртээ 10 мянга гаруй пянзны цуглуулгатай хүн шүү дээ. Хөгжимгүйгээр амьдарч чадахгүй болчихсон хүн. Залуудаа жазз баар ажиллуулж байсан учраас жазз хөгжимд дуртай, ер нь бүхий л жанраар сонсдог. Дэлхийд байхгүй цуглуулгатай. Тэгээд Мүракамийн шинэ ном гарахад дотор нь байгаа хөгжмийн цомог дэлхий даяар маш их борлуулагддаг учиртай.

-Мүракамийг нэг өгүүлэмжээ давтдаг гэж шүүмжилдэг талаар хоёул дурдаад өнгөрсөн. Хөгжмийн өгүүлэмж, муур, ганцаардмал эмэгтэй, гэрийн хоол гээд л үргэлжилж өгнө. Ингэж зохиол бүртээ адил зүйлсийг давтаад байдгийн учрыг нь та юу гэж боддог вэ?

-Би энэ “Шар шувуу шөнө дүлээр нисдэг” гэж Каваками Миэкогийн номыг уншиж байна. Акугатавагийн шагнал авчихсан, Япондоо нэлээд танигдаж буй залуу эмэгтэй зохиолч л доо. Түүний Мүракамитай хийсэн ярилцлагын цуглуулга энэ ном болж хэвлэгдсэн. Үүнийг уншиж суух нь ээ, тэр давталт бол тэгж бодож байгаа хүмүүсийн л асуудал. Миний бодлоор Мүраками өөрийнхөө ертөнцөд бий болгосон зүйлээ улам лавшруулж, төгөлдөржүүлэхийн төлөө л явж байгаа хэрэг. Өөрийнхөө бий болгосон ертөнцийг цааш нь аваад явахын төлөө амьдарч буй хүн болохоос “Мүраками юу ч биш” гэж ярих сагсуу хүний төлөө амьдраагүй.

-Би өмнө нь уншиж байгаагүй монгол үгнүүдээ таны орчуулгаас олдог. Тэгж мэдэж авсан, хэрэглэдэг болсон үгс надад хэд гурав бий шүү.

-Тэр бол Мүракамийн үг. Би зүгээр л Монгол дээр буулгаж байгаа юм. Би хөдөө өссөн, Хөвсгөлийн хүүхэд л дээ. Тэгээд их сургуулийн Монгол хэлний ангийг давхар сурч төгссөн. Тухайн үед сайн орчуулагчдыг бэлтгэх гэсэн бодлого байсан байх л даа. Монгол хэлний баялаг гэдэг юм байхгүйгээр орчуулга хэзээ ч явахгүй. Мүраками нэг үг хэлэхэд би түүнд нь хариу үгтэй байх ёстой. Тэгж байж орчуулга явна. Тэр утгаараа Мүракамийн л хэлсэн үг.

-Таны орчуулга, Японоор нь уншихад яг л ийм байдаг байх даа гэмээр чөлөөтэй, дүрэмгүй тоглодог. Ялангуяа энэ роман бол редактор гэж хүн ер хянасан юм уу гэмээр этгээд, найруулгын хувьд алдаатай гэж хармаар өгүүлбэрүүдтэй. Энэ бас л Мүракамийн бичлэг үү?

-Алдаа байвал хүн өөртөө хүлээх ёстой. Харин сэтгэлгээний хэв янзын задгай байдлыг илэрхийлж буй үг, өгүүлбэр бол түүгээрээ л байх учиртай. Засаж гоё болгох эрх ч байхгүй, дордуулж чадан ядан буулгах ч эрх байхгүй. Энэ хоёроос ангид явж байж л сайн орчуулга болно. Харин найруулгын алдаатай өгүүлбэрүүд байвал надтай холбоод л ойлгочих.

-Хоёр дахь боть мөн таны орчуулгаар гарах нь. Харин дараагийн Мүраками дахин таны орчуулгаар гарах болов уу?

-Ер нь бол одоо уншина. Хүлээж уншина. Орчуулах эсэхээ тухайн үед л шийднэ дээ. Гэхдээ нэг хүний гурав, дөрвөн мянган хуудас бүтээлийг орчуулна гэдэг ч... эсвэл нэг мөр Мүракамигаа дагаад явах хэрэгтэй... Гэж бодогдох үе гарна л даа. Энэ бол “1Q84”-өө давсан бүтээл учраас надад орчуулахад урамтай, сонирхолтой байсан.

-Минийхээр Мүраками гэж хүний бүтээлд ингэж удаан автах, таны хувь чанарт нөлөөгөө тусгаж эхэлсэн баймаар. Танд Мүракамигаас авч, суугдсан өөрчлөлт гэмээр зүйл байдаг болов уу?

-Нөгөө гөлийнө гэгчээр тийм зүйл байхгүй ээ. Гэхдээ мань хүн хүний нервт нэлээд нөлөө үзүүлдэг л дээ. Донтох, монтох гэх мэт зүйлс яригддаг л юм. Тэр нь ч юу юм, даган дуурайх мэтийн зүйл бол залуу хүмүүст байдаг л байх. Хаа нэг нөлөөллийг бол бий л гэж хэлнэ. Харин амьдралын хэвшилд суусан нөлөөлөл гэмээр зүйл байхгүй.

-Нас тогтсон хүн мань Мүракамиг юм л бол барьж аваад байхаар надад бага сага сонин санагддаг. Энэ хүний дотор Мүракамилаг зүйл байдаг болоод л ингэж дурлаж байна гэмээр. Ер таны дотор өөр нэг сонирхолтой хүн нуугддаг байх гэх бодол төрөөд болохгүй байна.

-Тэгээд ямар байна. Надтай ингээд яриад үзэхээр. Хэцүү эгч байна уу. Миний хувьд бол сайн юмыг сайн л хийх хэрэгтэй. Мүраками уран зохиол гэдэг юмыг сайн хийж байгаа. Тэр нь намайг орчуулахад түлхдэг гэх юм уу. Яахав, салахгүй явж л байна. Хашрын бүх зохиолыг би сайн гэж хэлэхгүй л дээ. Янз янзын л бүтээлүүд байдаг. Гэхдээ тэр утга зохиолын ертөнц гэдэг юманд хүн маш аз жаргалтай амьдарч болдог, чаддаг гэдгийг өөрийнхөө амьдралаар харуулж буй. Тууштай, дандаа баяжуулж, хөгжүүлж туурвина. Ер нь урт удаан хугацаанд амжилтаа хадгална гэдэг эхэлж амжилт олохоосоо хэцүү.

-Японоос олон зохиолч Нобель авдаг. Мүраками жил бүр дэвшдэг хэр нь ээ авдаггүй.

-Мүраками шагнал авахгүй байсан нь хүмүүст бараг хэрэгтэй. Заавал Нобель авах шаардлага байхгүй шд. Өөрөө ч бас хэлсэн байна билээ. Дэвшмээргүй байна, битгий дэвшүүлээд бай л даа гэж. Ер нь шагнал авсан, аваагүйн ялгаа гэдэг нимгэн зүйл шүү дээ. Нэг их асуудал биш.

-Та ер нь өөрийн орчуулгаа хэр сайн болсон гэж үнэлдэг хүн юм бэ?

-Хүнд өөрийн гэсэн багцаа байдаг шүү дээ. Гэхдээ тэр нь дэврүүн, оргилуун сэтгэлээр биш, зөв тооцоолсон барагцаа байх хэрэгтэй. Миний хувьд энэ ажилд хэр зэрэг хугацаа зарцуулж байна вэ гэдэг нэг шалгуур. Ингэж үзэхэд би бол муугүй. Зарцуулсан сэтгэл, мэдрэмж, урт удаан хугацаа бүхнийг тооцоолоод үзэхэд ер нь сайн л гэж хэлнэ дээ. Яагаад гэвэл цастай, бороотой, халуун, хүйтэн ертөнцийн өдөр болгоны 2-3 цагийг орчуулгад зарцуулна гэдэг хэн бүхний хийх ажил биш. Өөрийгөө магтаж юм уу, онгирч сагсуурч байгаа хэрэг биш шүү. Үүнийг харин чамд анхаарууллаа шүү, ялгааг нь сайн гаргаж бичээрэй.

-Ихэнх орчуулагчид өөрсдөө зохиол биччих шахам дүрэлзсэн, хөвсөлзсөн улс байдаг шиг санагддаг юм. Мүракамийн зохиол хүйтэн, албажуу, хөндий бичлэгтэй. Та бас нэг тийм технократ маягийн хүн харагдаад байна. Энэ хоёр шинж чанар нь таардаг болохоор өдий хүртэл ганзага нийлүүлээ юу гэлтэй. Магадгүй өөр нэгэн амь халуун, уран гоёчлол ихтэй зохиолыг та тийм ч сайн орчуулахгүй байх гэмээр?

-Ер нь бол жинхэнэ утга зохиол гэдэг хүний оюун санааг чөлөөлж өгч байдаг эд шүү дээ. Барьцалдуулах биш чөлөөлж өгдөг. Тэр чөлөөлөлт гэдгийг бид олон янзаар хүлээж авдаг шиг байгаа юм. Нэг хэсэг нь уран зохиол гэдгээр. Нөгөө хэсэг нь утга зохиол гэдгээр. Үүгээрээ надад уран зохиолоос илүү утга зохиол нь таардаг, тохирдог. Би ингээд үзэг аваад зохиол бичвэл одоогийн энэ романчдаас нэг их дутахгүй зохиол бичих боломж бол байна. Яагаад гэвэл би өөрөө хэлний, хэл соёлын хүн учраас дутаад байх юм байхгүй. Гэтэл зүрх ерөөсөө хүрдэггүй байхгүй юу. Хүнд хэрэг болдоггүй юм аа гэхэд гай болохооргүй юмыг оюун санааны талх болгож, бичих хэрэгтэй шүү дээ. Тэр өдөр нөхөртэйгөө хэрэлдсэн ч байдаг юм уу, тэр бухимдлаараа шүлэг биччихлээ гэхэд юу болох юм бэ. Технократ гэж чи намайг аягүй зөв хэлж байгаа байхгүй юу. Би их хүйтэн хүн биш ч гэсэн, утга зохиолд их хүйтэн ханддаг. Тэр бол хөгзийсэн хүйтэн хандлага гэхээс илүү агуулга, цар хүрээ, үр өгөөжийг нь тооцоод байгаа хэрэг л дээ. Дор хаяж Мүраками шиг бичихгүй бол үзэг, цаас нийлүүлээд яах юм гэдэг зүйл бага залуу насанд минь суучихсан. Мүраками суулгасан хэрэг биш л дээ. Японы уран зохиолын ертөнц рүү дэндүү залуу насандаа хуруугаа дүрчихээр материаллаг юм бүтээе гэхээс илүү хайрлах хайр түлхүү болдог. Ертөнцийн хайраас илүү уран бүтээлчийн бүтээсэн юмыг хайрлах хайр эрт суучихдаг. Тэр утгаараа үзэг шүүрч аваад л бичээд унамааргүй л байна.

-Монголчууд ер нь жаахан хүүхэд шиг хүмүүс шүү дээ. Та бол насанд хүрсэн хүн шиг буурь зааж өөдөөс хараад сууж байна. Бодсон, нээрэн таны ард Япон хэл, соёл байж. Мүракамийн нөлөө гэж дайрахаас илүү япон хэл соёл бол танд жинхэнэ нөлөөлсөн байх.

-Юуг хийж болохгүй вэ гэдэг нь түлхүү суучихдаг. Юуг хийж чадах вэ гэдэг нь дараа.

-Япончууд өөрсдөө амь халуун чанараа гээчихсэн улс шиг харагддаг. Жаахан харамсалтай талдаа.

-Орчин үе өөрөө хуулийн системийг бий болгосон. Харин хуулийн дотор багтаж амьдарна гэдэг бол хатуу л даа. Бид бол хуулиа гууль болгочихсон ард түмэн учраас нүх цоорхойгоор нь шургаад, шургаад явчихдаг л улс шүү дээ. Яг хатуу хуулин дотор амьдарна гэдэг хүнийг хатуу л болгодог. Орчин үе гэдэг юмны хүн төрөлхтөнд өгч буй л зүйл. Буруушаах хэцүү.

-Яг юунаас аз жаргал авч амьдраад байдаг бол гэж гайхмаар байдаг юм. Тан дээр ч гэсэн буулгаж асуумаар шиг.

-Би тийм гунигтай амьдралтай хүн биш байхгүй юу. Эмэгтэйчүүдэд  толгой баяны эхнэр болдог ч юм уу, тиймэрхүү амьдралын зам байдаг даа. Би тийм биш. Яг өөрөө өөрийнхөө аз жаргалтай амьдралыг цогцлоогоод явж буй. Япон гэдэг орны хэл соёл, утга зохиол, нийгмийн баялагт өөрийнхөө хэт их цагийг зарцуулж байгаа нь монгол хүний л төлөө юм шүү дээ. Япон хүний төлөө биш. Тэд бол баялгаа бүтээчихсэн, түүгээрээ хэдэн зуун жил хооллож амьдрах боломжтой болчихсон улс. Бид бол тэгж чадаагүй. Миний цоолсон жижигхэн нүхээр туяа гэрэл нь тусаж л байна. Цаашаа яваад л, яваад л байна. Энэ бол надад харамсах зүйл биш. Биш учраас надад нэг их амьдралыг хүндээр хүлээж авж ч юм уу, улс орны байгаа байдалд гутраад байдаггүй. Миний цоолсон жижигхэн нүх томроод л байгааг би мэдэрсэн. Тэглээ гээд 5000 хуудас ном орчууллаа, надад шагнал өг гэдэгггүй. Юмыг тоохгүй амьдарна гэдэг сайхан.

-Эхлээд Мүраками, дараа нь япон хэл соёлтой холбож таныг төнхлөө. Тэгтэл аль нь ч биш бололтой. Танд ерөөс аав ээжийн, хөдөө багын хүмүүжил л одоо хэр яваа болов уу гэж харлаа.

-Манай аав ээж хоёр сэхээтэн хүмүүс л дээ. Социализмын үеийн байдаг л сэхээтнүүд. Зөндөө их номтой айл байлаа. Тэр жаахан нөлөөлсөн байлгүй дээ. Намайг боловсролтой хүн болгох гэж ээж, аав хоёр их ч хичээсэн. Японд сурч ирээд сайхан хүмүүсийн дунд ч их ажиллалаа. Би гурван ерөнхийлөгчийн багт ажиллаж үзсэн хүн. Н.Багабанди гуайтай долоон жил, Н.Энхбаяр гуайтай дөрвөн жил, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй хоёр жил болоод өргөдлөө өгөөд гарсан. Тэр миний орчин биш байсан. Гараад шууд Мүраками руу орсон. Энэ харин намайг нээсэн. Цаг олдохгүй, завдахгүй байсан зүйлийг маань надад өгч, зөндөө сайхан бүтээлүүд төрлөө шүү дээ.

-Мүракамиг одоо залуу үе л ихэвчлэн уншиж байна даа. Залуу үе өнөөдөр их ганцаардуу болсон. Түүндээ ч Мүракамигийн туж ганцаардал дундуур туулсан зохиолыг унших дуртай байдаг юм уу. Харин та юуг зорьж Мүракамиг орчуулдаг юм бэ?

-Хүний оюун санаа гэдэг дан ганц бөөрөнхий хэлбэртэй эд биш шүү дээ. Олон янз хэлбэртэй, гонзгой, дөрвөлжин, бөөрөнхий. Оюун санааны тэр олон хэлбэрүүдээс монгол хүн хамгийн сайныг нь шүүж авах эрхтэй гэж бодоод л тэр. Миний сонголт бол нийгмийн сайн сайхан, гэрэл гэгээ рүү ханддаг. Надаар дамжиж олон мянган залууст унших, бодох, сонгох эрх чөлөө нь олон янз хэлбэртэй байгаасай л гэж боддог юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд ярих юм сан гэж бодсон зүйл үлдэв үү?

-Дэлхийн энэ бэлэн оюуны соёлууд дотроос өргөн дэлгэр сонголт хийж, сэтгэлгээнийхээ хэв маягийг тэлж байгаарай гэж залуустаа хэлмээр байна. Хэлбэр хоёрдугаарт, агуулга нэгдүгээрт. Энэ бол бидний тогтсон ойлголт. Гэхдээ оюун санааны хэлбэр гэдэг агуулгынхаа дараа тавигдах зүйл ерөөс биш. Оюун санааны хэлбэрээ олон янз байлгаасай. Япон уран зохиол гэдэг бол мөн нэг л хэлбэр нь юм.

Бидний яриа ердөө Мүраками, "Торгон цэргийн хороон даргын аллага” О.Жаргалсайхан гэж хувь хүний талаар өнгөцхөн өрнөөд дуусахад хэдий нь хоёр цаг өнгөрсөн байв. Гагц утга зохиол гэлтгүй нийгэм соёлын талаар хөөрөлдөхөд зузаан ном болох түүнтэй дахин уулзах, дахиж ярилцахаар тохироод бид нэгнээ үдэв. Тэр надад "Хайрын ааш” нэртэй чамин, жижигхэн нэг номоо дурсгаад салахдаа япон хүн лугаа адил хөнгөхөн мэхэлзсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-19 11:23

Сонирхолтой ...

Зочин
Зочин
2020-05-19 11:42

goy yriltslaga baina bayrlla e guur

Зочин
Зочин
2020-05-19 12:00

Ном орчуулах патентаа яаж авдаг юм болоо

Зочин
Зочин
2020-05-19 18:42

taalagdlaa.. (oun sanaanii helberee olon yanz bailgaasai)

Zochin
Zochin
2020-05-20 08:53

Sain bolson baina. Ukhaantai emegtei bailaa. Amjilt khusie.

Tugs
Tugs
2020-05-20 09:07

Ухаар�##� өгөх ярилцлага болжээ...

Зочин
Зочин
2020-05-20 15:05

орчуулга нь муу санагддаг. найруулга муутай, түг таг гэсэн. зохиол нь тийм гэж Муракамийг доромжилсон юм шиг ярих юм. орос, англи бусад орчуулга нь уншихад урамтай, сайхан. монгол нь яг л япон хэл сурч байгаа оюутан хийсэн юм шиг.

Bla
Bla
2020-07-05 18:28
Reply to  Зочин

Asuudal ni uurt chine l bna gsn vg l dee yr ni bol

Зочин
Зочин
2020-05-21 14:06
Reply to  Зочин

хаха

Зочин
Зочин
2020-05-21 17:50

Үнэхээр сайхан ярилцлага болсон байна. Мундаг орчуулагч. Орчуулсан бүтээлүүд нь маш чанартай.

Соко
Соко
2020-07-07 13:39

Би япон өгүүллэг, тууж, романд дуртай. Их уншсаар сайн муу орчуулгыг нэлээн таньдаг болжээ. Жарг�##�сайхан орчуулагчийн ном сайн шүү. Жишээд уншаад үзээрэй. Би их феминист юм шиг байгаа юм. Эмэгтэй хүн байсанд маш их баярлаж байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button