Нийгмийн

Эхнэрээ хөнөөсөн гэх Засаг дарга хэргээс мултрахын тулд сэтгэцийн эмгэгтэй болж жүжиглэсэн үү

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж өнгөрсөн тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө эхнэр, 38 настай Б-гийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр энэ талаар тодруулга өгөхдөө:

“38 настай, эмэгтэй Б нь гэртээ гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай байсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй. Уг гэмт хэрэгт түүний нөхөр 36 настай Д-г холбогдуулан шалгаж байна. Үүн дээр цагдаагийн байгууллага гэрч болон бусад нотлох баримтаар шалтгаалах зүйлүүдээр үндэслэн яллагдагчаар таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ авч, хэргийг мөрдөж байна” гэсэн.

-Р.ДАВААДОРЖ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ, ХЭРЭГ ХАРИУЦАХ ЧАДВАРГҮЙ БОЛЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙГАА ЮУ-

Харин олон нийтийн сүлжээ болон хэвлэлээр цацагдсан мэдээллүүдэд Р.Даваадоржийг талийгаач эхнэрээ удаа дараа зодож, хүчирхийлэл үйлддэг байсан, хүчирхийлэл нь даамжирснаар амь насыг нь хөнөөх хэмжээнд хүрсэн гэж хардаж буй. Харин сүүлийн үед олон нийтийн мэдээллийн сувгуудаар Р.Даваадоржийг сэтгэцийн өөрчлөлттэй болж жүжиглэн, хэрэг хариуцах чадваргүй болж эхэлсэн, мөн урьд өмнө ч мөн ийн жүжиглээд холбогдсон хэргээсээ мултарч байсан хэмээх мэдээлэл түгэх боллоо. Үүнийг дагаад харамсалтайгаар нас барсан залуу бүсгүйн нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгох вий хэмээх хардлага иргэдийн дунд одоо ч байсаар буй.

Иймээс бид тухайн мэдээлэл үнэн эсэх, тус хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж буй тухай бодит мэдээллийг албаны болон эх сурвалжуудын мэдээллээр уншигчдадаа хүргэхийг зорилоо.

“Р.ДАВААДОРЖИЙН СЭТГЭЦИЙГ ШАЛГУУЛЖ БАЙГАА, ДҮГНЭЛТ НЬ ГАРААГҮЙ”

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс хэргийн тухай тодруулахад:

“Шалгагдаж буй хэргийн явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгосон бол тухайн үед цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөх болно. Одоогоор бидэнд тийм мэдээлэл ирээгүй байна. Зарчмынхаа дагуу хүн амины хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн сэтгэцийг шалгуулдаг юм. Түүний сэтгэцийг шалгуулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хандсан. Дүгнэлт нь хараахан гараагүй байгаа” гэлээ.

-ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ СУМЫНХАА ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРЛЫН АЛБЫГ ХАШДАГ БАЙЖЭЭ-

Харин эх сурвалжуудын өгч буй мэдээллээр: Засаг дарга Р.Даваадоржийг эл хэрэгтэй холбогдуулан албан үүргээс нь түр чөлөөлж, аймгийн цагдаагийн байгууллагад цагдан хорьж шалгаж байгаа гэнэ. Түүний ажлыг орлогч нь гүйцэтгэж байгаа аж. Мөн талийгаач эмэгтэй сумынхаа “Төрийн банк”-нд захирлын албыг хашдаг байсан. Эл харамсалтай хэрэг гардаг өдөр ажлынхныгаа гэртээ урьж, дайлсан гэх. Ингэхдээ бүгд согтууруулах ундаа хэрэглэж байсан бөгөөд тухайн үед Р.Даваадорж гэртээ ирж, хамт уусан гэх мэдээлэл байна.

-Р.ДАВААДОРЖ ХАРДАЛТЫН УЛМААС ЭХНЭРИЙНХЭЭ АМИНД ХҮРСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Талийгаач бүсгүй Б нь сумандаа танигдсан царайлаг, ажил хэрэгч бүсгүй байсан гэнэ. Залуучууд ч ихээхэн шохоорхдог байсан гэх. Иймд талийгаачийн нөхөр, өдгөө эхнэрийнхээ үхэлд сэжиглэгдээд буй Засаг дарга Р.Даваадорж эхнэрээ үргэлж ажлын хамтрагчид болон сумын залуучуудтай харддаг байсан гэв. Мөн тус асуудлаас болж хосуудын дунд хэд хэдэн удаа томоохон маргаан үүсэж байсныг эх сурвалж хэлэв.

Харин талийгаачийг мэддэг байсан гэх эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Б нь ажил хэрэгч, хамт олноо үргэлж манлайлдаг байсан, зан харилцааны хувьд ч мөн тогтуун, тун найрсаг нэгэн байжээ. Түүнчлэн талийгаачтай хамаарал бүхий ойрын эх сурвалжуудын мэдээлснээр ч гэсэн тэрбээр цэвэрч, нямбай, ямар нэг муу зуршилгүй нэгэн байсан гэв.

-ТАЛИЙГААЧИЙН ГУРВАН ХҮҮХДИЙГ АЙМГИЙН ГБХЗХГ АНХААРАЛДАА АВЧЭЭ-

Талийгаачийн 2-13 насны гурван хүүхдийг Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөг хүртэл анхааралдаа авч, гэр бүлийнхэнтэй нь уялдаатай ажиллаж буй.

Ямартай ч Тонхил сумын засаг дарга Р.Даваадоржийг хүчирхийлэгч эсэх, мөн эхнэрийнхээ үхэлд буруутай эсэхийг хууль хяналтын байгууллагынхан тогтоохоор ажиллаж байна. Түүнийг сэтгэцийн асуудалтай гэх дүгнэлт гарсан гэдэг нь одоогоор ХУДАЛ гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-06-20 10:59

ЖҮЖИГЧИН СДААГ АЛААЧ

Холбоотой мэдээ

Back to top button