“Эгүүр” брэнд“Эгүүр”-ийн сэдэв

“ЭГҮҮР”-ИЙН СЭДЭВ: Гадаадад гацсан иргэдээ гачлангүй татахыг хүлээсэн 10.600 ЗҮРХ

Коронавирусийн халдварын улмаас харийн оронд гацсан монголчуудын амьдрал хугацаа алдах тусам хэцүүдсээр. “Бие муутай, нялх хүүхэдтэй, зайлшгүй шаардлагатай хүмүүс нь эхлээд эх орон руугаа буцаг” гээд эхэндээ тайван, хүлээцтэй хандсан тэдний тэсвэр алдарсаар, байдал улам дордсоор. Монгол Улс иргэдээ боломжийнхоо хэрээр татан авч, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдахгүй хэрэгжүүлэхийг хичээж буйгаа онцолдог. Бүх иргэнээ татан авахад тусгаарлах байр, онгоцны хүрэлцээнээс авхуулаад олон бэрхшээл тулгарч буйг хэлдэг, зөндөө олон зовлон тоочдог.

Нөгөө талд гадаадад хүнд байдалд орсон иргэд “Засгийн газар өдөр бүр 11.00 цагт “Халдвар илэрлээ, хариу нь сөрөг гарлаа” гэхээс өөр гавьтай зүйл хийхгүй, бидэнд санаа зовохгүй байна. Гадаадад гацсан монголчууд коронавирус биш” гэж шүүмжилдэг. Түүгээр ч үл барам эх орондоо аль болох бушуухан буцахын тулд жагсан, бүхий л гаргалгааг эрэлхийлж байна. Гадаадад эмчлүүлэхээр очоод гацсан өндөр настан, аав, ээжээ санан санан бэтгэрч буй үрс, хонох газар, идэх хоолны мөнгөгүй болчихоод цөхөрч суугаа олон монгол иргэн хүний нутагт цөхөрч сууна. Ядуу оронд төрсөн нь тэдний буруу биш байлтай. Тэгвэл цаашид хэрхэх нь зөв бэ. Монгол Улс гадаадад буй иргэдээ бүгдийг нь татаж явахад яг ямар бэрхшээл тулгарч байна вэ.

“Eguur.mn” сайт “ЭГҮҮР”-ийн СЭДЭВ” цуврал контентынхоо ээлжит дугаарт эл сэдвийг онцоллоо. Бид энэ удаагийн нийтлэлээс өмнө “Хөндүүлсэн ураг хаачдаг вэ”, “Чимээгүй хотод бүслэгдсэн улаанбаатарчуудын утааны дайтай асуудал”, “Ч.Улааны “алагчлал” буюу ноолуурын үнийг Сүхбаатарт 105.000-д, Увс, Баян-Өлгийд 75.000-д хүргэх төлөвлөгөө” сэдвийг хөндсөн нь олны талархал хүлээн, зарим нь шийдвэр гаргах түвшинд акц болж чадсан. Нийтлэлээрээ дамжуулан уншигчдад болон эрх бүхий албан тушаалтнуудад бодит дүгнэлтийг гарц гаргалгаатай нь хүргэх нь бидний гол зорилго юм.


НЭГ. ГАДААДАД ГАЦСАН ИРГЭД ЮУ ЯРЬСАН БЭ

Тайланд улсад дөрвөн сар гаруйн хугацаанд гацаад буй Монгол Улсын иргэн Б.Ууганбаяртай ярилцлаа.

-АЖИЛ ХИЙЖ, ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖ ЭНД БҮРЭН ХААГДМАЛ-

Тэрбээр “Филиппин улсад суралцаж байгаад коронавирусийн цар тахал дэгдэхэд транзит нислэгээр эх орондоо очихоор Тайландад ирсэн ч цааш явах боломжгүй болсон. Учир нь Тайландаас ОХУ, ОХУ-аас Монгол руу нисэх ганцхан боломж байсан. Гэвч ОХУ хилээ хааснаар тэгэх боломжгүй болов.

Эндэх монголчууд нийлээд байр түрээсэлж, хоолны мөнгөө хувааж төлсөөр өнгөрсөн хугацааг өнгөрөөлөө. Гараад ажил хийх, хөдөлмөр эрхлэх боломж бүрэн хаалттай тул зарим хүнд санхүүгийн том хүндрэл учирч байна. Гэр бүлээсээ тэтгэмж авдаг 19 настай охин, цалингийн зээлээ аргагүйн эрхэнд сунгасан нэгнээс авхуулаад байдал энэ чигээр үргэлжилбэл орлого нь тасрах хүн олон.

Тайланд улс дотооддоо халдвар алдаагүй. Тусгай үүргийн нислэг хөөргөж иргэдээ татсаар байгаа. Гадаадын иргэдийг албадан гаргах гэх мэт дарамт үзүүлээгүй, харьцангуй тайван байна.

-"МӨНГӨГҮЙ Л БОЛ ҮХ” ГЭСЭН ҮГ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА-

Би долдугаар сарын 28-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр буцах хүмүүсийн тоонд дөрвөн сарын дараа сая нэг багтлаа. Багтаагүй үлдэж байгаа хүмүүс ч олон бий. Иргэдийг таван шалгуур тавьж сонгож буй гэх ч эндэх нэг өндөр настан лав багтаж чадалгүй дөрвөн сар болчихлоо.

Нислэгийн төлбөрөө бид өөрсдөө төлнө. Бангкок-Сөүл чиглэлийн нислэгийн үнэ 1 сая, 200 мянган төгрөг. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ 1 сая, 400 мянган төгрөг. Энгийн үед Улаанбаатар-Сөүл чиглэлд, хоёр талдаа 1 сая төгрөгөөр нисдэг байсан. Харин ийм хүнд үед нэг талдаа нислэгийг яагаад 2-3 дахин өндөр үнээр үйлдэж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Очоод тусгаарлах байрын мөнгөнд 1 сая төгрөг, явахаас өмнө хийлгэх коронавирусийн шинжилгээнд 400 орчим мянган төгрөг төлнө. Ингээд нийт 4 орчим сая төгрөг хувиасаа төлж байж эх орондоо очих болж буй. Үүнийг “Мөнгөгүй л бол үх” гэсэн утгатай юм байна гэж ойлгож болмоор. Монгол хүн эх орондоо үнэ цэнгүй юм байна. Энэ мөнгийг төлж чадахгүй л бол тусгай үүргийн нислэгт хамрагдах боломжгүй. Ингээд жагсаалт дахь дараагийн хүнийг шууд оруулчихдаг.

-НЭГ Ч ГЭСЭН ХҮН ХАЛДВАРГҮЙ ИРВЭЛ ЗАРДАЛ МӨНГӨНИЙ ХУВЬД Ч ХЭМНЭЛТТЭЙ БАЙМААР-

Өнөөдрийг хүртэл тусгай үүргийн нислэгээр ирэх болсон иргэдийн нэрсийг зарлаагүй. “Нууцлаарай” гэдэг даалгаврыг ЭСЯ-уудад өгдөг гэх. “10 сая төгрөг өгвөл нислэгт багтаана” гэдэг шуум ч явсан, бидний чихэнд хүрсэн. Таван шалгуурт нь нийцэхгүй, бидний л адил гацсан байсан Л.Гүндалай ганцаархнаа нисээд л явчихсан.

Бидний хувьд Зүүн Өмнөд Азид буй 300 орчим иргэнээ нэг мөсөн татах тусгай нислэг гаргавал зөв шийдэл гэж үзэж байгаа. Үүнийгээ албан бичиг хэлбэрээр холбогдох газруудад хүргүүлсэн ч “Боломжгүй” гэсэн хариу өгсөн. Нэг мөсөн нисвэл замдаа өвчин тусалгүй, эрүүл очих магадлал нь их болно. Халдварын голомтгүй улсаас голомттой БНСУ-д очиж, тэндээсээ нааш ирнэ, хамт орон орноос ирсэн хүмүүстэй сууна гэхээр халдвар авах эрсдэл нэмэгдэнэ. Нэг ч гэсэн хүн коронавирусгүй ирвэл зардал мөнгөний хувьд ч хэмнэлттэй баймаар. Дээрх бүгдээс ажиглахад “Но” байна гэж харагддаг” гэв.

М.ТЭНГИС


Япон улсад буй Монгол Улсын иргэн А.Жамъяандоржтой ярилцлаа.

Би Япон Улсад нэг жилийн визтэйгээр 2019 оны наймдугаар сард ирсэн. Нэг жилийн хугацаатай гэрээгээр ажилласан тул удахгүй ажилгүй болох нь. Одоогоор ажлаас олгосон ажлын байранд амьдарч байгаа. Виз дуусаж байгаа болохоор эндээсээ хөөгдөж эхэлсэн. Одоо орлогогүй, амьдрах байргүй болох дээрээ туллаа, нөхцөл байдал хүнд байна.

Хийдэг ажил маань хүнд. Гурав хоногийн өмнө угаалга хийж байгаад нуруугаа гэмтээчихсэн. Японд гурав хоног дараалан амралтын өдрүүд таарсан тул эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй. Хөдөлж, явж ч чадахгүй, тонгойж газраас юм авч чадахгүй болчхоод л байж байна.

Коронавирусийн халдвараар Токио нэгдүгээрт жагсаж байна. Харин миний амьдардаг Канагава хот эрсдэлээрээ хоёр, гуравдугаарт. Амны хаалтаа зүүж, гараа сайн ариутгаад эмнэлгээр явахаас өөр аргагүй нөхцөлд байна. Гэхдээ энд хичээл, сургууль гэх мэтчилэн бүх зүйлсээ нээчихсэн. Харин Монголыг гайхаад байх юм.

Тусгай үүргийн онгоцоор явах хүсэлтээ зургадугаар сарын 20 хавьцаа гаргасан. Одоо болтол сураггүй, ямар нэгэн хариу ирээгүй. Элчин сайдын яамнаас асуухаар "Нутаг буцах хүсэлт гаргасан хүмүүсийн хариуг УОК мэднэ. Тэд шийднэ. Бид мэдэхгүй” гэхээс өөр дорвитой хариу хэлэхгүй юм. Миний хувьд буцах хүсэлтээ гаргаад, 1.8 сая төгрөгөөр тийз захиалчихсан байгаа.

Иргэдийг сонгохдоо ямар шалгуур тавьж байгааг нь мэдэхгүй юм. Ямартай ч журмынх нь дагуу бүртгүүлж, тийзээ захиалсан.

П.УРНАА


ХОЁР: БУСАД ОРНУУД ГАДААДЫН ИРГЭДЭД ХЭРХЭН ХАНДАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА ВЭ

“Гадаадын орнууд визээ сунгахгүй, хугацаа нь дуусангуут өөр улсын иргэдийг албадан нутаг буцаана” гэх мэдээлэл цахим орчинд тархсан нь харийн орноос эх орноо харуулдан, Монголдоо ирэх боломж гарахыг хоног туулан хүлээж суугаа монголчуудын санааг улам зовоож байгаа нь мэдээж. Үнэндээ энэ мэдээлэл ор үндэслэлгүй биш.

-АНЭУ, ИНДОНЕЗ УЛС ВИЗНИЙХЭЭ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ, ГАДААД ИРГЭДИЙГ АЛБАДАН ГАРГАНА-

"Covid-19” халдварын улмаас дэлхийн бүхий л орны нөхцөл байдал дордож буй. Цаашид бусад улс ч мөн гадаадын иргэдийг албадан нутаг буцаах шийдвэр гаргах эсэхийг үгүйсгэх аргагүй. Учир нь өрөөлийг байтугай өөрсдийгөө яая гэж байгаа улс дэлхий дээр олон байгаа шүү дээ. Хэрвээ бусад орон АНЭУ, Индонез улс шиг шийдвэр гаргавал яах вэ. Ялангуяа, гадаадаас иргэдээ яст мэлхийний хурдаар зөөж байна гэж шүүмжлүүлж буй Монгол Улс хэрхэх бол.

Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Бид бүхий л боломж, бололцооныхоо хэрээр, гадаадаас иргэдээ аль болох богино хугацаанд зөөж дуусгахын төлөө ажиллаж байна. Мэдээж цаашид гарах эрсдэлийг сайтар тооцоолж байгаа. Одоогоор АНЭУ, Индонезоос өөр орон визний талаар ямар шийдвэр гаргаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй байгааг тодотгоё. Хэдийгээр дээрх орнууд руу тусгай үүргийн нислэг хэзээ хөөргөх одоогоор тодорхойгүй ч ямар ч байсан иргэдээ заасан хугацаанаас нь өмнө татаж авна” гэлээ.

Б.БУЯНДАЛАЙ


ГУРАВ: ГАДААДАД ГАЦСАН ИРГЭДЭЭ ТӨР БҮРЭН ТАТАЖ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ЯМАР ШАЛТГААНТАЙ ВЭ

Энэ бол хамгийн их хөндөгдөж буй асуулт. Иргэдээ татаж авахад  агаарын тээвэр, тусгаарлах байр, эм, эмчилгээний зардал тэргүүтэй асуудлууд эдийн засаг талаасаа чухлаар тавигдаж буй. Тэгвэл эдгээр асуудлуудыг улс хэрхэн шийдэж байгаа вэ?


https://www.facebook.com/eguur.mn2/videos/569710717035490/
https://www.facebook.com/eguur.mn2/videos/1118868318486190/

Нэгтгэсэн тайлбар: Одоогоор улсын хэмжээнд 65 тусгаарлах байранд 3170 орчим иргэн тусгаарлагдаж буй. Харин гадаадын 55 орноос 10600 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Эдгээрийг насны ангиллаар нь задалбал:

  • 1,800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
  • 740 нь өвчний магадлагаатай,
  • 797 нь өндөр настан,
  • 240 гаруй нь жирэмсэн,
  • 1,553 нь оюутан,
  • 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч,
  • 13 нь хүүхэд 
  • Бусад 4,300 гаруй нь жирийн иргэн байна.

Иргэдээ бүрэн татан авахад агаарын тээвэр, эм, эмчилгээний зардал зэрэгтээ зохицуулалт хийх боломжтой. Хамгийн хүндрэлтэй асуудал нь, тусгаарлах байр гэнэ. Нийслэлийн хэмжээнд 260 орчим зочид буудал байгаагаас байрны багтаамж, хоол үйлдвэрлэлийн чадамж, харуул хамгаалалт гаргах боломжтой зэрэг үзүүлэлтэд 27 нь л тэнцжээ. Гэвч эдгээр 27 зочид буудал тусгаарлалтын үйл ажиллагаа ажиллагаа явуулахаас татгалзсан байна. Учир нь,

-50 мянган төгрөгөөр өрөөний зардлаас гадна гурван удаагийн хоолоор үйлчлэхэд хүрэлцэхгүй,

-Олон улсын зэрэглэлтэй зочид буудлаа иргэдийг тусгаарлах байр болгон ашиглуулахад бизнесийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлнө,

-Томоохон зочид буудлуудад монгол иргэдийг байрлуулахаар тавилгыг нь эвддэг. Ариутгалын бодис тавилга, хивсэнд нь толбо үлдээдэг гэх мэт шалтгаанаар.

Ж.МЯДАГБАДАМ, П.УРНАА


ДӨРӨВ: БИДЭНД ИРГЭДЭЭ ТАТАЖ АВАХ НӨӨЦ, БОЛОМЖ БИЙ ЮҮ

“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

“Hunnu Air” компани өөрсдийн зардлаар тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад гацсан иргэдээ авчрах хүсэлтийг УОК-т тавьсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд түгсэн. Бид энэ асуудлаар тус компанийн хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтантай холбогдож тодрууллаа.

Ингэхэд “Хамгийн сүүлд Унгар улсад сурдаг монгол оюутнуудын холбооноос манай компанид хүсэлт тавьсны дагуу УОК-т албан бичиг хүргүүлсэн. Хэрэв зөвшөөрөл олговол өөрсдийн онгоцоор, өөрсдийн зардлаар тус нислэгийг үйлдэхэд бэлэн байгаагаагаа илэрхийлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. 

Үүний өмнө ч хэд хэдэн удаа адил хүсэлт тавьж байсан. Өөрөөр хэлбэл “Ийм оронд суугаа монголчуудаас бидэнд хүсэлт тавилаа. Хэрэв зөвшөөрөл өгвөл бид энэ нислэгийг үйлдэж болно” гэсэн утгатай хүсэлт гэсэн үг.

Харин онцлоход, бидэнд БХЯ хүсэлт тавьж, УОК зөвшөөрөл олгосны дагуу Афганистанаас энхийг сахиулагч монгол иргэдээ хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр татаж авчирсан.

Унгарын өмнө Тайван дахь монголчууд бидэнд хүсэлт тавьсан, бид үүний дагуу УОК-т албан бичиг хүргүүлсэн. Унгар, Тайванд холбогдох албан бичгийн хариу ирээгүй байна. Харин өмнөх албан бичгүүдэд зөвхөн МИАТ компанийн онгоцыг хөөргөнө, боломжгүй гэсэн утгатай хариу өгч байсан” гэлээ.

М.ТЭНГИС


ААН: УЛСДАА ТУСЛАХААС ИЛҮҮ АЖЛЫН БАЙРАА ХАДГАЛЖ ҮЛДЭХ ИЛҮҮ ЧУХАЛ БАЙНА

Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэж буй өнөө цагт Монголын аж ахуй нэгжүүд цаашид үргэлжлүүлэн туслах боломж, нөөцтэй юү. Энэ талаар зарим аж, ахуй нэгжийн байр суурийг сонирхлоо.

О.ЦОЛМОН


ТАВ: БУСАД ОРНУУД ХЭРХСЭН ТУРШЛАГА

С.АНУЖИН


ЗУРГАА: ИРГЭД УГ АСУУДАЛ ДЭЭР ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ

https://www.facebook.com/eguur.mn2/videos/278749796744146/

О.ЦОЛМОН, Ц.МЯГМАРСҮРЭН


ДҮГНЭЛТ: ЗӨВХӨН МОНГОЛЧУУДДАА ХИЛЭЭ НЭЭЕ, ТЭД КОРОНАВИРУС БИШ

Одоогоор нөхцөл байдал ямар байгаа, харийн орноос иргэдээ татаж авахад ямар саад, бэрхшээл тулгарч буй нь нэг иймэрхүү. УОК гадаадаас иргэдээ татаж авахад ийм бэрхшээл тулгарч байна, тусгаарлагдсан иргэн тэглээ, ингэлээ гээд түмэн зовлон тоочдог. Нөгөө талаар иргэдийн гаргасан зан байдлыг олон нийтэд зарлаж, ард түмний дургүйг албаар хүргээд байх шиг. Өөрсдөө болохоор өндөг шиг өөгүй мэт аяглах. Хэдэн сарын өмнө УОК нэгэн хуралдааныхаа үеэр “Нэг эмэгтэй мөөгтэй хоол идэхгүй гэсэн” хэмээсэн. Тэгэнгүүт иргэд “Юун цамаан юм бэ. Жаргалаа хөөж гадаад явчихаад ирсэндээ дуугүй баярлаж суухгүй” гээд баахан шүүмжилсэн. Гэтэл өнөөх иргэн нь жирэмсэн эмэгтэй байсан юм билээ.

Мөн саяхан УОК-ын хурлын үеэр “Тусгаарлалтад байгаа нэг иргэн зөвхөн цэвэр усаар хоол хийлгэнэ гэсэн” хэмээн иргэдэд ээлжит “хов”-оо зөөсөн. Иргэд яах вэ, өнөөх зангаараа баахан шүүмжилсэн. Гэтэл өнөөх залуу нь гадаадад хорт хавдраа эмчлүүлээд ирсэн Г.Батзаяа байсан шүү дээ. Гам барьж байгаа тул хоолондоо заавал цэвэр ус ашиглахыг эмч нар түүнд зөвлөж, захиж л дээ. Гэтэл өнөөхийг нь иргэд ойлгохгүй, яагаад тэгснийг тунгаахгүй шүүмжилсэн юм билээ. Хамгийн гол нь УОК олон нийтэд иймэрхүү мэдээлэл хүргэхдээ жаахан учиртай хандмаар байна.  Уг нь УОК, ЭМЯ гээд бүхий л улсын байгууллагууд ажлаа л хийж байгаа шүү дээ. Гадаадаас иргэдээ авчран, тусгаарлаж, ямар нэгэн халдвараас урьдчилан сэргийлэх нь тэдний үүрэг. Тэд хийх ёстой ажлаа л хийж байгаа. Цаашид ард түмнийг хооронд нь турхируулж, гадаадаас ирж буй иргэдийг үзэн ядуулдаг хандлагаа УОК одоо болих хэрэгтэй.

Монгол Улс гадаадад гацсан бүх иргэнээ татаж авахын тулд цаашид хэрхэх нь зөв бэ. Мэдээж гарц, гаргалгаа юу юунаас илүү чухал. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй, УОК-ын шаардлагад тэнцсэн 27 зочид буудал нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Олон улсад нэр хүнд нь унана, ариутгалын бодис хивс, эдлэлд нь толбо үлдээнэ гэх мэт аар, саархан шалтгаар гэдийж суухаа боль. Хэрвээ эдгээр зочид буудлууд иргэдийг тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрвөл гадаадаас монголчуудыг татах ажлыг хоёр дахин нэмэх боломжтойгоо албаныхан учирлаж буй. Үүний сацуу эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл, тухайн тусгай үүргийн онгоцонд хэн, хэн ямар шалтгаанаар багтсаныг олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тусгай үүргийн нислэг, гадаадад иргэдээ авчирж буйтай холбоотой олон хардлага иргэдийн дунд үүсээд буй. Коронавирусийг далимдуулж бизнес хийж байна, иргэдийн зовлонгоор далимдуулан томоохон албан тушаалтнууд хөлжиж байна гэж хардаж, шүүмжилж буй хүн олон байгаа нь үнэн. Засгийн газар, УОК тэргүүтэй харьяа байгууллагууд өөрсдөдөө дүгнэлт хийн, алдаа, оноогоо цэгнэх нь чухал.

Ядуу орны зовлон их. Мэдээж улсад мөнгө санхүүгийн бэрхшээл ч мөн тулгарч байгаа нь лавтай. Хүний нутагт цөхөрч байгаа олон иргэн “Гадаадад гацсан иргэдээ гачлангүй авдаг төртэй ч болоосой” хэмээн санаа алдан сууна. Ядуу оронд мэндэлсэн нь тэдний буруу бишийг дахин тодотгоё. Гадаадад гацсан монголчууд коронавирус биш. Яг одоо төр засаг тэдэнд төмөр нүүрээ бус улсын халамж, хайр энэрлийг үзүүлэх цаг. Зөвхөн монголчууддаа хилээ нээн, хүний нутагт гацсан иргэдээ эх орондоо оруулахыг уриалъя. Гадаадын цөөнгүй орон ийм аргаар иргэдээ татаж буй. Дотооддоо халдвар алдаагүй Монгол Улс яагаад тэгж болохгүй гэж.

Б.БУЯНДАЛАЙ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-30 14:42

Корона гэнра�##� гэж нөхөрт хариуцлага тооцох учиртай.

Зочин
Зочин
2022-12-05 18:06

1

Холбоотой мэдээ

Back to top button