ЭРҮҮЛ МЭНД

Түймэр унтрааж яваад хүндээр түлэгдсэн аврагч ард түмнээсээ тусламж хүсэв

Албан үүргээ гүйцэтгэж яваад галд түлэгдсэн Онцгой байдлын аврагчдын ар гэрийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг:

Э.ҮНЭНБАТ АМРАЛТЫН ӨДРӨӨР БАЙШИН БАРЬЖ, ЭХНЭР ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭДЭГ БАЙВ

“Босоо хөх Монгол” ТББ-аас А.Мөнгөнцэцэг ба түүний нөхөр Э.Үнэнбатын гэр бүлд тохиолдож байгаа асуудлаар мэдээлэл өгөхөөр ирээд байна. Орхон аймаг дахь ОБЕГ-ын ажилтан ахлах дэслэгч Үнэнбат нь онцгой байдлын албанд 19 жил ажиллаж, цаг наргүй зүтгэж яваад Булган аймгийн Сэлэнгэ суманд гал унтрааж яваад маш хүнд хэлбэрийн шарх авч, түлэгдсэн.

Эхнэр нь группт байдаг, тогтмол эмчилгээ хийлгэж, ажил хөдөлмөр хийх боломжгүй эмчийн хяналтад байх шаардлагатай. Дөрвөн хүүхэдтэй айл юм. Төрийн төлөө, Монгол улсын төлөө үнэнчээр зүтгэж, гал ус руу орж явсан залууд хэн туслах вэ гуйлга гуйх ёстой юу? ОБЕГ-ын 5000 албан хаагч бүгд ийм золиосон дээр байдаг юм байна. Эрсдэлийн сан гэж байдаггүй. Ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд 30 сая төгрөгийн тэтгэмж байдаг. Хүнд зэрэгтэй гэмтсэн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж гэж нэг сая болон таван сая төгрөгөөс өөр тэтгэмж өгдөггүй юм байна. Үнэнбат нь амралтын өдрөөр байшин барьж, эхнэр хүүдүүдээ тэжээгээд явдаг байж.  Одоо биеийн байдал хоёр гарын арван хурууны хумс бүгд унасан, бүрэн ажиллагаагүй байгаа. Монголын эмч нар  гарыг нь тайрна гэж байгаа бол БНСУ-ын эмнэлэг энэ гарыг ажиллагаанд оруулж болно гэсэн хариуг ирүүлсэн. Эмчилгээ хийлгэхийн тулд зардлаа төлөх шаардлагатай хэмээжээ. Манай ТББ-аас аян өрнүүлэхээр төлөвлөж байна. Үйл ажиллагааг маань дэмжин ажилладаг хувь хүн, албан байгууллагыг дэмжээсэй гэж хүсье.

Эхнэр А.Мөнгөнцэцэг

НОЙР ХООЛГҮЙ, ЭРСДЭЛ ХҮЛЭЭЖ АЖИЛЛАДАГ АЛБА ХААГЧДАД ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА

Манай нөхөр онцгой байдлын албанд 19 жил ажилласан. Бид гэр бүл болоод дөрвөн хүүхдийн аав, ээж болоод 17 жил ханилсан. ОБЕГ-ын 5000 албан хаагч тэдгээр хүмүүсийн эхнэрүүдийн төлөөлөл болон ард түмэн, төр засагт дуу хоолойгоо хүргэж байна. Эдгээр 5000 албан хаагч цаг нар, нойр хоолгүй эрсдэл хүлээж, баяр наадмын үеэр ар гэр байхгүй мэт ажилладаг хүмүүсийн өмнөөс нөхөр минь бодит жишээ болчихсон байгаа учраас та бүхэнтэй уулзаж байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаад хохирсон хүн ард түмнээсээ гуйлга гуйгаад, үнэхээр хэцүү. Онцгой байдлын албан хаагчдад эрүүл мэндийн, амь насны, эрсдэлийн даатгал гэж байдаггүй юм байна.

2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажил үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн. Нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар бүтэн түлэгдэж, Орхон аймгийн эмнэлэгт анхны тусламж авсан. Орхон аймгийн гэмтлийн эмч н.Болд “Юуг нь үздэг юм, би насаараа түлэнхий үзсэн, долоо хоног болоод хоёр гарыг нь тайрна” гэж хэлсэн. Хэзээ ч нөхөж болшгүй, хүний эд эрхтэнг тэр хүн эмчийн эрх мэдлээр тайрах ёстой юм уу? Эсэн мэнд ирсэн тохиолдолд яагаад эмчилгээ сайн хийгээд өгч болдоггүй юм бэ?

Эрхэм Засгийн Газрын хүмүүсээ, эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ. Би Засгийн Газарт долоон сарын 1-нд миний нөхрийн эмчилгээнд тус болооч гээд өргөдөл өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг өргөдлийг өгөх гэж төрийн ордны гадаа хэдэн өдөр хүүхдээ тэврээд бороонд норж, наранд наршиж суусан. Миний өргөдлийг хүлээн авсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таны өргөдлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн” гэсэн. Л.Оюун-Эрдэнэ нь Шадар сайдад шилжүүлсэн гэж Шадар сайд нь албаны хүмүүст шилжүүлсэн гэсэн хариуг өгсөн. Дахин асуухад “өргөдлийг судалж байгаа шийдэх гээд ярилцаж байна” гэдэг. Онцгой байдлын албан хаагчид цас зуд, усны үер, гал түймэр гээд бүх эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Үүргээ гүйцэтгээд явахад нь бид нөхөргүй юм шиг явж байсан.

Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт арьс нөхөх хагалгаа хийлгээд арьс нь хүрээгүй. Одоогоор биеийн байдал нь нүүр, нурууны хэсгээр сорвижилттой, хоёр гар нь ажиллагаагүй байна. Эмчлэх боломж арга чарга хайж маш олон газруудад хандсан. АНУ, Япон маш өртөг өндөртэй байдаг юм байна. БНХАУ-аас ямар ч хагалгаа хийгээгүй тохиолдолд бид эмчлэх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн. БНСУ-ын нэлээн олон эмнэлэг рүү хандсан. 2-3 эмнэлэг манайх ийм хүнд хагалгаа, хүнд гэмтэл авдаггүй гэсэн хариу өгсөн. БНСУ-ын нэг эмнэлгээс эмчлэх боломжтой. Гэхдээ нэг удаагийн хагалгаагаар шийдэгдэхгүй нэлээн олон удаагийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн хариуг хүлээн аваад байна.

Ингэхэд төлбөр нь дор хаяж 250 сая төгрөг болохоор байгаа. Энэ ар гэрийг тэжээдэг эцэг, нөхрийнхөө гарыг тайруулмааргүй байна. Бүрэн эдгэрэх боломжтой гэсэн тул солонгос руу эмчилгээнд явах хүсэл байв ч мөнгө төгрөггүй тул ард түмнээсээ хандивын тусламж хүсэж байна” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button