ЯРИЛЦЛАГА

Орхон голын хөндийгөөс 13-14-р зууны үеийн ЭРТНИЙ СУУРИН илрүүлсэн Г.Гантогтохтой ярилцлаа

Өнгөрөгч 2020 онд Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг илрүүлсэн гайхамшигт үйл явдал Монголын археологийн түүхэнд тохиолдсон билээ. Үүнээс тун өмнөхөн буюу мөн оны нэгдүгээр сард, Хархорум хот байсан газрын ойролцоо нутгаас гар урлал эрхэлдэг байх магадлалтай хэсэг хүмүүсийн амьдарч асан суурин олджээ.

Сонирхолтой нь 13-14-р зууны үед хамаарах тус сууриныг ЕБС-ийн түүхийн багш Г.Гантогтох хойч үе, хүүхэд залуустаа нутаг нугынх нь түүхэн өв дурсгалыг мэдүүлж, таниулах ажил хийе хэмээн зорьж, ном гаргахаар ажиллаж явахдаа илрүүлжээ. “Энд байж магадгүй” гэж таамаглахад нь багадаа биеийн тамирын багшаасаа сонссон аман яриа хийгээд нутгийн малчдын өгсөн мэдээ ч нөлөөлжээ. Түүнтэй цөөн хором ярилцсандаа хүргэе.

Суурины байршил: Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс урд зүгт шулуунаар 6 км-т, тус сумын Дойт багийн нутаг Орхон голын баруун хөвөө, түүний нэгэн салааны баруун хажууд орших жижиг толгойг нутгийнхан Сарлаг толгой хэмээн нэрлэнэ. Тус суурин Хархорум хотын тууриас баруун хойд зүгт 49 км-т, Дойтын балгаснаас зүүн хойд зүгт 8 км-т оршино.

-Ярилцлагын эхэнд өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Г.Гантогтох гэдэг. МУБИС-ийн түүхийн салбарыг 2006 онд төгссөн. Төгсөөд Төрийн түүхийн Төв музей, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль гэхчлэн голдуу соёл, боловсролын байгууллагуудад ажиллаж байсан. Одоо бол 24-р дунд сургуульд түүхийн багшаар ажилладаг.

-Археологийн судалгааны ажлаар хөдөө, гадаа явж байсан байсан удаа хэр олон бий вэ?

-2002 оноос эхлээд судалгааны археологийн экспедицүүдэд туслах ажилтнаар, их сургуулиа төгсөөд эрдэм шинжилгээний ажилтны хувиар ажиллаж  ирсэн цөөнгүй удаа бий. Зуны саруудад гадаадын эрдэмтдийн хамтарсан экспедицүүдэд ажилласан нь дийлэнх.

-Архангай аймгаас уг сууриныг нээж илрүүлсэн энэ явдал Хүннү гүрний нийслэл Луут хотын тухай мэдээ зарлахаас өмнөхөн, нэг жилд тохиосон юм байна.

-Тийм ээ. Луут хотыг илрүүлэх олон жилийн судалгааны ажил хийгдсээр 2020 оны зун албан ёсоор олон нийтэд мэдээлэгдсэн шүү дээ.

Харин бид тухайн жилийн нэгдүгээр сард нь уг дэлхэц нутагт суурины туурь байгааг баримтуулж авсан, өөрөөр хэлбэл баталсан. Мөн 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон. Үүгээр “Хархорум – 800” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал болсон юм. Уг хуралд оролцож, илрүүлээд буй сууриныхаа тухай танилцуулах зорилгоор илтгэл тавьж, тэгж анх мэдээлэгдсэн юм.  Хархорум хотын дагуул суурин, түүхэн ач холбогдол нь их байж болох юм гэдэг утгаар илтгэл тавьсан.

-Уг сууринтай ямар тохиолоор холбогдсоноо бидэнд хуваалцаач?

-Суурин маш санамсаргүй ч гэмээр байдлаар олдсон л доо.

-Энэ талаар ярилцъя?

-Би өөрөө Өгийнуур сумд төрж, өссөн хүн юм. Ийм учраас археологийн судалгаа, шинжилгээнд оролцох явцдаа төрсөн сум орон нутагт минь ямар түүхэн дурсгалууд байдгийг олж мэдэх, зураг хөргийг нь авч цуглуулах ажлыг оюутан байхаасаа хийж байсан. Тэр үүднээс хөнгөн судалгаа хийж явахдаа илрүүлж таарсан.

Өөрөөр хэлбэл энэ бол нарийвчилсан судалгаа биш юм. Ийм судалгааг соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр, зөвхөн мэргэжлийн байгууллын эрх бүхий судлаачид хийдэг. Харин энэ нь анхан шатны буюу сум орон нутгийнхаа түүхийг судлах, эргээд хүүхэд багачуудад мэдээлэл өгөх, таньж мэдүүлэх зорилготой ажлын хүрээнд болсон явдал гэж болно.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хүрэл, төмөр зэвсгийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Д.Батсүх бид хоёр хамтран “Орхон, Тамирын бэлчрийн түүх соёлын өв” гэсэн эрдэм, шинжилгээний шинжтэй каталог бэлдэж буй. Яг тодорхой хэлбэл энэ каталогийн судалгааны ажлыг хийж яваад сууриныг илрүүлсэн.

-Тэр хавьд усанд дарагдаж алга болсон суурин байдаг тухай нутгийн аман яриа бий гэж уншсан?

-Тийм. Бид сууриныг нэгдүгээрт зайнаас тандаж магадалсан юм. Үүнээс гадна сонирхолтой нь, нутгийн иргэдийн дунд нэг аман яриа байдаг. Түүнийг би 4, 5-р ангид, Өгийнуурт сурагч байхдаа биеийн тамирын багшаасаа сонсож байлаа.  Багш бид хоёр Хархорин сум руу явж байхдаа Дойтын цагаан нуурын дэргэдүүр гарсан юм. Тэгэхэд багш, Дойтын цагаан нуурын байгаа газар их хот байж байгаад үерийн усанд автаад алга болчихсон юм гэнэ билээ. Хур бороо багатай, ширгэсэн үед нь ирж сонирхвол зүгээр гэсэн зүйл ярьсан. Тэр их сонирхолтой санагдаж, бага байхад мартагдаад л өнгөрсөн. Харин сая зураг хөрөг авч, судалгаа хийж явахад дахин санаанд орсон. Нөгөө талд зайнаас тандан судлахад тухайн газар суурин байж мэдэхээр байсан тул энэ хоёрыг холбож, таамаглал дэвшүүлсэн маань үнэн болж таарсан хэрэг.

-Яг дэргэд нь очиход суурин байж гэж танигдахааргүй л дэлхэц нутаг бий байсан болов уу?

-Очоод нүдээр үзэхэд шууд танигдаж, мэдэгдэх зүйлгүй. Элс, шороо бүхий овгор, товгор хэсгүүдтэй л газар. Онцлог нь маш тэгш бөгөөд Орхон голын суваг салааг түшсэн байрлалтай. Дойт багийн уяачид энд морь үсэргэдэг, газар тариалан эрхэлж болмоор тэгшхэн тал байгаад байгаа юм.

Нөгөө гаргалгаа нь нутгийн малчин н.Даваажавынх өвөлжөөнийхөө шонг ухаж байхад малын яс, эртний ваар савны хагархай хэсгүүд гарч байсан тухай ярьж, мэдээлсэн. Ингээд энд суурин байж гэдэг нь тодорхой болсон.

-Цаг хугацааны хувьд 13-14-р зууны үед хамаарахыг нь юун дээр үндэслэж магадалсан бэ?

-Тухайн газрын хөрсөн дээрээс ил түүврээр олдож буй шаазан эдлэлийг аваад үзэхэд Хархорум хотыг малтан судалж байхад гарч ирж байсан 13-14-р зууны үеийн шаазан эдлэлүүдтэй ижилсэж байгаа юм. Шаазан эдлэлүүдийн хувьд нэг онцлогтой байдаг. Хятадаас оруулж ирж байсан шаазангууд болон эндээ үйлдвэрлэж байсан гэж. Харин эндээс олдсон шаазангууд нь Хятадад үйлдвэрлэдэг байсан шаазангуудтай ижилсэж байгаа. Тэгэхээр он цаг нь 13-14-р зуун болж байна.

-Суурин гэхээр хэмжээ, багтаамжийн хувьд хотоос арай багавтар ойлголт уу. Хэдий хэр том нутаг хамарсан суурин бэ?

-Суурины баруун урд зүгт 119х90 хэмжээтэй хэрэм байсан ором бий. Тэр нь давхар тасалгаатай хэрэм хашаа байгаа юм. Түүнээс зүүн хойшоо 800 м газар баруунаас зүүн тийш чиглэсэн 300 м гүнзгий суваг бий. Сувгийн хоёр талаар эртний барилгууд байсан бололтой үлдэц байгаа. Тэдгээр нь он цагийн уртад мэдэгдэхгүй болсон. Харин агаарын зургаар тод харагдаж буй.

-Таамаглал агаарын зургаар батлагдахад эрдэмтэн хүний хувиар ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-2020 оны нэгдүгээр сард Өгий нуур сумд өвлийн амралтаараа очиж, дээрээс зургийг нь авч баталсан л даа. Цастай байсан тул газар дээрх шаазангийн олдворууд төдийлөн мэдэгдэхгүй байсан. Дараа нь дөрөвдүгээр сард цас ханзарсан хойно очиж үзэхэд дээврийн тосгуур, нөмрөг ваарууд цухуйсан харагдаж байсан. Тэгэхэд их сайхан сэтгэгдэл төрсөн л дөө. Энд үнэхээр хэрэм бүхий суурин байж гэж үнэмшихэд их сонирхолтой санагдсан. Яг суурин байсан газарт ваар, савны хагархай их олноороо байсан. Анхны мэдрэмж бол, түүхийн үүднээс нэлээд ач холбогдолтой олдвор байж болох юм гэдэг бодол. Дээрээс нь Өгийнуур сумд одоо хүртэл нээгдээгүй суурин байж гэдэг нь бахархал сэтгэл төрүүлэм байсан.

-Сууринд голцуу хятад хүмүүс амьдардаг байж гэж дүгнэж болох уу?

-13-14-р зууны үед Их Монгол Улсын бүрэлдэхүүнд хятад, дундад ази гаралтай маш олон иргэд байсан. Тэд тус тусын аж ахуй эрхэлнэ, ваар сав үйлдвэрлэнэ, дархчууд нь дархны ажлаа хийнэ. Харин энд ваар сав үйлдвэрлэдэг газар байжээ. Үүндээ зарим төрлийн шаазан эдлэл үйлдвэрлэдэг байсан нь батлагдаж байгаа юм. Учир нь газрын хөрсөн дээр, хулсан савхаар шатаасныхаа дараа хатгаж, чанарыг нь шалгасан нүхнүүдтэй шаазангийн хэлтэрхийнүүд олдсон. Хятадад үйлдвэрлэсэн шаазангуудыг авчирсан бол ийм нүхтэй гологдлуудыг нь олон км газар зөөж авчрах боломжгүй. Тэгэхээр ийм гар урчуудын суурин байж, мөн эргэн тойронд нь газар тариалан эрхэлдэг байсан нь мэдэгдэж буй. Тэгэхээр нэг тийм аж ахуй өрнөсөн л газар байж.

Археологийн түүхэнд Хархорум хотын үед хамаарах суурин олдсон тохиолдлууд хэр олон байдаг вэ?

-Хархорум хотын ойролцоо дагуул шинжтэй сууринууд нэлээд олон байсан. Монголын ууган археологич Х.Пэрлээ 1950-аад оноос эхлээд судалсан ба 14-р зууны үед цэрэг, гар урчуудын суурин хэрхсэн тухай сурвалж бичигт тодорхойгүй байгаа талаар бичиж үлдээсэн. Ингэхдээ Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаас хэд, хэдийг олж илрүүлсэн л дээ.

Мөн 2008 онд МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн оюутны дадлагын хүрээнд Хархорин сумын Бага нарийн ам хэмээх газар нэг суурин нээж олсон бөгөөд 2011-2013 онд Монгол-Германы хамтарсан “Эртний нийслэл Хархорум орчмын гар урлал, төмөрлөгийн түүхийн судалгаа” төслийн баг малтан судалсан байдаг. Археологич У.Эрдэнэбат энэ тухайд “Орхоны ойролцоох Хархорумын гар үйлдвэрлэлийн суурингууд нь 13-14-р зууны, хэрмээр хүрээлүүлсэн хотоосоо 5-6 км орчим хол зайд оршиж байна” гэж онцлон бичсэн нь бий.

Бас нэг сонирхолтой мэдээ байгаа нь Хятадын аялагч Чжан Дэ Хуэй Хархорум хотыг чиглэн аялахдаа Булган аймгийг дайраад Өгийнуурын өмнүүр гарч явахдаа Орхон гол дагасан хөндий орчимд тариалан эрхлэгчдийн суурин байгааг нүдээрээ харсан байдаг. Шар будаа, амуу тариа гэхчлэн хүнсний ногоо тариалж буй ийм тариаланчдын сууринтай тааралдаад цааш Хархорум хотод очсон. Тэгэхээр түүний харсан суурин энэ байх магадлалтай байгаа юм.

-Уг сууриныг олж нээсэн явдал нь археологи талаасаа чухам ямар ач холбогдолтой вэ. Цаашид нарийсган судлах боломж нь хэр вэ?

-Бидний урьдчилан таамаглаж буйгаар энэ суурин нь 13-14-р зууны үед Орхон голыг түшиглэж байгуулагдсан гар урлал, газар тариалангийн чухал ач холбогдолтой газар байжээ. Тус сууринд ваар сав шатаах зуух ажиллаж зарим төрлийн шаазан эдлэлийг үйлдвэрлэж байсан болов уу гэж үзэж байна. Газар зүйн байрлалын хувьд Хархорум хотоос хойд зүгт ямар нэгэн бартаа саадгүй цэлийх Орхоны хөндийн төгсгөл хэсэгт орших ба эдүгээ нээгдээд буй  13-14-р зууны сууринуудын хамгийн хойд захынх болж байна. Харин түрүүнд дурдсан давхар тасалгаа бүхий том хэрэм нь сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн хаадын улирлын орд байх магадлалтай.  Ялангуяа Намрын орд хамгийн хойд захад оршин байсан гэх Японы судлаач Н.Ширайшигийн санал бидний таамаглалд сонирхолтой холбоос болох бөгөөд цаашид археологийн нарийвчилсан судалгаа хийсний үр дүнд тодорхой болох юм.

Бидний судалгаа бол өнгөцхөн гэдгийг дээр дурдсан. Сум орон нутгийнхаа түүхэн олдворыг баримтжуулж авах, таниулах зорилготой ажил хийж яваад л бараг санамсаргүй илрүүлсэн хэрэг. Иймд бидний өмнөө тавьсан зорилго ерөнхийдөө ингээд биелсэн гэж болно. Харин цаашид нарийвчилсан хайгуул, малтлага судалгааны ажлыг яг эрх бүхий мэргэшсэн судлаачид нь хийгээд явах байх аа.

-Харин та цаашид багшилсаар байх бодолтой юу?

-Би ЕБС, Их дээд сургуульд ажиллаж үзэх, сурагч, оюутнуудад хичээл зааж, мэдээлэл солилцох хүсэлтэй хүн л дээ.  Яг үүгээрээ ч ажиллаж байна. Цаашид мэдээж археологийн салбарын эрдэмтэдтэй суурь судалгааны төслүүд дээр хамтарч ажилласаар байх болно.

Хамгийн чухал нь, хүн төрж өссөн сум орон нутгийнхаа түүхийг сайн мэддэг байх хэрэгтэй. Техник технологи хөгжөөд, сумдад байшин барилга баригдаад л явна. Харин энэ хөрсөн дээр ямар түүхтэй улсууд оршин байсныг мартчихвал харамсалтай яа. Хамгийн гол нь сурагч, хүүхэд багачуудад учир холбогдлыг нь таниулмаар санагддаг юм. Түүхийн хувьд өндөр ач холбогдолтой суурин оршин байсныг нь мэдэж амжилгүй насыг барчихвал харамсалтай шүү дээ. Миний хувь судалгааны чиглэл бол ийм байдаг. Иймдээ ч орон нутгаа судалж, баримтжуулж явах үеэрээ энэ сууриныг нээлээ. Сурагч, оюутнууд маань л техник технологи дэвшихийн хэрээр эрт үеийнхээ түүхээс битгий алсарч, мартаасай гэж боддог.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Орхон голын хөндий НҮБ-ын түүхт өв сангийн бүртгэлтэй байсан. Орхон голын усыг урагшаа уурхай ухах ажилд татаж хэрэглэвэл голын хөндийн экологийн нөхцөл ихээхэн өөрчлөгдөж энэ мэт эртний түүх дурсг####ын олдворуудын хадг####агдаж ирсэн горим ####дагдах магадл####тай гэдэг. УЦС-ын инженерүүд ч тийм байхгүй л цэцэрхэндээ. Дээд сургууль төссөнөөсөө хойш мэргжлийн ном сөхөөгүй олон цэцэрхэгчид энэ улсыг б####лана шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button