ДЭЛХИЙ

Нүүр, гар шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийжээ

Нью-Йорк хотын эмч нар нүүр болон хоёр гар шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анхны удаа амжилттай хийсэн байна. 22 Настай Жо ДиМео өнгөрсөн наймдугаар сард 23 цагийн турш үргэлжилсэн мэс засалд орсон юм. Тус мэс засалд 140 гаруй эмнэлгийн ажилтан оролцсон байна.

ДиМео 2018 онд авто осолд орж түүний биеийн 80 хувь нь гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлтэй болж гэмтсэн юм. Тэрбээр шөнийн ээлжээс буугаад гэртээ харьж байх замдаа зүүрмэглэж машин нь осолджээ. Түүний хурууны үзүүрийг тайрч авсан бөгөөд уруул, зовхи нь хайлсан байна.

ДиМео түлэнхий тасагт дөрвөн сар хэвтэж хэсэг хугацаанд команд орсон юм. Тэрбээр 20 гаруй нөхөн сэргээх мэс засалд орсон боловч үүний үр дүнд гар болон нүүрээ бага зэрэг ашиглах чадвар л суусан байна. Харин 2019 онд ДиМео Нью Йорк хот дахь “NYU Langone” эрүүл мэндийн төвд хэвтэж өнгөрсөн наймдугаар сард нүүр, хоёр гар шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.

Нүүр шилжүүлэн суулгах төслийн захирал Эдуардо Родригес хэлэхдээ “Бид энэ мэс заслаар түүний гадна төрхийг нь сайжруулаад зогсохгүй гар нь сайн ажилладаг болгоход анхаарсан” хэмээсэн байна.

ДиМео тус мэс заслыг өөрт нь хоёр дахь боломж олголоо хэмээсэн юм. Мэс заслын дараа тэрбээр эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтсэн байна. Одоо ДиМео дасгал хийж өөрөө хоол хийх чадвартай болжээ.

Өмнө нь нүүр, гар шилжүүлэн суулгах мэс заслыг хоёр удаа хийж байсан боловч хоёул бүтэлгүйтсэн байдаг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button