Нийгмийн

Б.Жавхланбаяр: Шүүх хуралдаан маргааш үргэлжлэх төлөвтэй байна

НЭМЭЛТ: 21:00 ЦАГТ

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хаалттай шүүх хуралдаан Төв аймгийн сум дундын шүүхэд наймдугаар сарын 12-ноос эхлээд гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Шүүх хуралдаан 18:00 цагт түр завсарлан, шүүх танхимын гадаа хуралд оролцогчид гарч ирж салхилсан бөгөөд хурал 22 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байсан юм.

Тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаярын мэдээлснээр шүүх хуралдаан өнөөдрийн 15 цагийн орчимд 50-60 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд шүүгдэгч болон хохирогч нарыг асууж дууссан. Гэрч нараас асуулт асууж байна. Шүүх хуралдаан маргааш үргэлжлэх төлөвтэй байна хэмээсэн билээ.


НЭМЭЛТ: 14:30 ЦАГТ

Б.Жавхланбаяр: Шүүгдэгч болон хохирогч нарын асуулга дууссан

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралтай холбогдуулан Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн прокурорын газраас маш нууцын зэрэглэлтэй ирсэн учраас энэ хэргийг хаалттайгаар хэлэлцэж байна. Шүүх хурлын явцаас мэдээлбэл, шүүгдэгч болон хохирогч нарын асуулга дууссан. Одоо гэрч нарыг асууж байна. Шүүх хуралдаанд нийтдээ 49 оролцогчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Түүнчлэн маргааш ч бас үргэлжлэх төлөвтэй байна” гэлээ

Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Өчигдрийн хуралдааны үеэр хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн даралт нь ихэссэн гэх үндэслэлээр эмчид үзүүлсэн. ШШГЕГ-аас хохирогч Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нартаа хамт ирсэн эмч байгаа учир тухайн эмчид цаг тухайд нь үзүүлж байгаа. Ухаан алдсан юм байхгүй энэ бол ташаа мэдээлэл. Биеийн байдал сайн байгаа. Өнөөдрийн байдлаар эмчид хандаж үзүүлээгүй байна.

-Шүүх хуралдаан болж байгаа танхим 54.5 мкв талбайтай. Хамгийн том танхимдаа шүүх хуралдааныг хийж байна. Гурван цонхтой, салхи орох боломжтой. Цонх онгойлгож, хааж байна. Байнга нээлттэй байлгах боломжгүй, нууц алдагдана гэлээ.


НЭМЭЛТ: 14:30 ЦАГТ

Б.Хурц нарын шүүх хурал дахин хоёр өдөр үргэлжлэх магадлалтай гэв

хурц hurts

13 цагт завсарласан шүүх хурал эргэн хуралдлаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар шүүх хурал дахин хоёр өдөр үргэлжлэх магадлалтай хэмээлээ.


НЭМЭЛТ: 13:10 ЦАГТ

Б.Хурц нарын шүүх хурал завсарлав

Дөнгөж сая шүүх хурал завсарлахаар болж, шүүгдэгчид болон шүүгчид цайндаа орохоор хуралдааны танхимаас гарлаа.

Хурал одоогоор хэдий хэр хугацаанд хойшлогдсон нь тодорхойгүй байна.


НЭМЭЛТ: 12:20 ЦАГТ

Н.Төгсжаргал: Б.Хурцыг шийтгэлээ гээд энэ хэрэг эцэслэгдэхгүй

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн хоёр өдрийн хуралдаанаар хурлын явц 50 хувьтай явж байгаа гэх мэдээлэл бидэнд олдсон билээ. Түүнчлэн өчигдрийн шүүх хурлыг хүлээж буй хүмүүс харьцангуй нам гүм хүн цөөнтэй байсан юм.

Үүнээс тодруулбал, иргэний хөдөлгөөнийхөн цугларсан байлаа. “Тэд бид бусад жагсагчид шиг нүүрээ дарж хааж зогсохгүй, ил тодоор тэмцэж зогсоно. Бидний хувьд шүүх хурлын шийдвэр гартал жагсах болно. Энэ удаагийн шүүх хурлаас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мухарлах ёстой. Б.Хурцын талаас гэрчээр Ц.Элбэгдоржийг дуудахыг шаардаж байгаа юм билээ” гэсэн юм.

Мөн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Хэд хоносон ч хамаагүй шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Хамгийн гол нь үнэн зөвөөр шийдэгдээсэй. Эрдэнэтээс хүүхдүүдтэйгээ ирсэн. Өнөөдөр /2019.08.13/ бэртэйгээ үлдээд бусдыг нь явуулчихлаа” хэмээн ярив.

Түүнчлэн Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр “Миний нөхрийг гэнэт авч явснаас хойш дөрвөн жил гаруй боллоо. Энэ хугацаанд манай гэр бүлийнхэн хүмүүст нүд үзүүрлэгдэж үгээр илэрхийлж боломгүй зовлон зүдгүүрийг туулсан ч нөхөртөө итгэх итгэлээ алдаагүй. Хүүхдүүдээ зодуулаад хамраас нь цус гараад орж ирэхэд зугтчихмаар санагддаг юм билээ. Сүүлдээ цөхөрсөн. Одоо бол хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэдэгт л итгэж байна. Энэ удаагийн шүүх хурлаар үнэн зөв нь тогтоогдож нөхрийг авч явахаар ирсэн. Хүүхдүүддээ аавыг нь аваад очино гэсэн зорилготой ирсэн” хэмээн ярьсан байлаа.

Харин өчигдрийн шүүх хуралд Б.Хурцын авга ах Батсүх, үеэл Н.Төгсжаргал, хүргэн ах нар нь болон Г.Эрдэнэбатын гэр бүлийнхэн ирсэн байв. Б.Хурцын үеэл үеэл Н.Төгсжаргал нэгэн хэвлэлд ярихдаа

“Шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа. Ц.Нямдорж сайд захиалагчийг мэдэж байгаа бол хурдхан зарлаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нэг мөр эцэслэсэн нь дээр. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн ихэнх нь нууцаас гарсан. Тиймээс захиалагчийг зарлаж, эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг улсын нууцаас гаргаж шүүх хурлыг нээлттэй явуулахгүй л бол улсын нууц гээд шүүх хуралд орж байгаа хүмүүс хэзээ ч үнэнийг ярьж чадахгүй.

Энэ хэрэг Б.Хурцыг тагнуулын байгууллагад ажиллахаас өмнө болсон. Тагнуулын байгууллагын өмнөх даргыг С.Зоригийн хэргийг будлиулахын тулд шоронд хийсэн. Гэтэл одоо Б.Хурцыг бас л цагдан хорьж байна. Б.Хурцыг шийтгэлээ гээд энэ хэрэг эцэслэгдэхгүй. Тиймээс ул суурьтай хандах ёстой. Нууцлаад байгаа баримт мэдээллийг ил болгох хэрэгтэй” хэмээн ярьсан байв.


ЭХЛЭЛ: 10:29 ЦАГТ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

хурц hurts

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал энэ долоо хоногийн даваа гаригт Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс 25 жилийн ял авсан Б. Содномдаржаа, Т. Чимгээ болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган оролцож байгаа. Харин гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар оролцож байгаа юм.

Тэгвэл хоёр дахь өдрөө үргэлжилсэн шүүх хурлын үеэр буюу орой Б.Содномдаржаагийн өмгөөлөгч, ялтан Т.Чимгээ нарын бие муудаж шүүх хуралдаан нэг цаг орчим завсарлаж, хуралдсаар оройн 21 цаг хүргээд завсарласан. Өнөөдөр шүүх хуралдаан 09:00 цагт эхлэн үргэлжилж байна.

Эх сурвалж шүүх хурлыг 50 хувийн үйл явцтай гэж мэдээлсэн юм.

Б.ТОГТУУН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-17 19:29

Cialis One Day Erezione Viagra Dove Acquistare [url=http://leviinusa.com]levitra wholesale no prescription[/url] Kamagra Sildenafil

Холбоотой мэдээ

Back to top button