Ярилцлага

Г.Пүрэвхүү: МАА-г хөгжүүлсний дараа малчдаа хотоос хөөх хэрэгтэй

-МАА-ГАА ҮЙЛДВЭРИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛЭЭГҮЙ БАЙЖ МАЛЧДАА ХОТООС ХӨӨЧИХСӨН-

Улаанбаатар хот орчим амьдардаг малтай айл өрхүүдийг нийслэлийн ногоон бүсээс гаргах шийдвэр гаргаж, улмаар ээлж дараалсан арга хэмжээгээр нүүлгэн шилжүүлж байна. Бид энэ удаад нийслэлийн ногоон бүсээс “хөөгдсөн” малчин айлыг зорьж уулзлаа. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Г.Пүрэвхүү гуай 1974 оноос хойш мал маллаж байгаа аж. Бидний яриа зөвхөн ногоон бүсээс нүүлгэн шилжүүлсэн малчдын асуудлаар зогссонгүй богинохон хугацаанд олон сэдвээр ярилцаж амжлаа.  

-Нийслэлийн ногоон бүсээс малтай иргэдийг гаргах шийдвэр ажил хэрэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Нийслэлээс гарсан малчид маань зүг чигээ олж буй бололтой. Таны хувьд?

-Миний хувьд бол зүг чигээ алдсан гэж хэлнэ. Энэ бол төр засгийн, дарга нарын бодит амьдралыг мэдрээгүй буруу бодлого шүү дээ. Нэгэнт МАА-г үйлдвэрлэлийн хэмжээнд байгуулж чадаагүй байж хотын иргэдэд оргиналь мах, сүүг нь идүүлдэг хэдэн малчдаа хөөчихсөн. Ногоон бүс, ногоон бүс л гээд өвс ногоотой газруудыг хайслаад хаячихсан. Тэр өвсийг чинь мал л иднэ. Монгол хүн газрынхаа үр шимийг хүртэж буй нь энэ. Одоо гэтэл яаж байна. Хагдраад гандаад өнжсөн өвс гал түймрийн эх үндэс болж байгаа биз дээ. Ийм ард түмэнд шууд хамаатай асуудлыг эрүүлээр, бодитоор бодох хэрэгтэй.

-Танайх нийслэл орчимдоо байхдаа болоод л байж тийм үү?

-Тэгэлгүй яахав. Эхнэр бид хоёр 40 гаруй жил мал маллаж явна. Бид хоёр 1982-1992 оны хооронд улсдаа 12 мянган төл бүрэн бүтэн бойжуулж өгсөн байдаг. За тэгээд зах зээлийн нийгэмд шилжээд бужигнаад ирэхээр хоёулаа хувьдаа хэдэн сайхан малтай болсон. 2011 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Насаараа мал дагасан бид хоёрт малаас өөр хийж чадах юу байхав. Найрамдал зуслангийн тэр өөд арваад саалийн үнээтэй суурьшаад авлаа. Ойр тойрныхондоо сүү, өрөм, тарагаа худалдаад, хүүхдээ сургуульд сургаад хот хөдөө хослоод сайхан байсан. Гэтэл ногоон бүсийг малгүй байх шийдвэр гараад 60 км алсад ирчихээд сууж байна. Энэ их олон муу урхагтай шийдвэр. Гэр бүл хүртэл хоёр хуваагдаад эдийн засгийн хувьд ачаалал нэмэгдчихлээ. Нөгөө хэдэн литр сүүгээ хот руу зөөж зардал нэмэгдэж байгаа учраас үнийг нь нэмэхээс өөр аргагүй боллоо.  Уг нь малчин хүмүүс чинь малаа л яаж тарган цатгалан тэнхээтэй  байлгах вэ гэж бодож явдгаас энэ хэдэн модыг хөрөөдөөд авчихъя гэж хэзээ ч боддоггүй. Хамгийн зөв  сэтгэлгээтэй хүмүүс бол малчид. Малчдынхаа үгийг сонсох хэрэгтэй. Өөрсдөө шийднэ, шийдхээрээ буруу шийднэ. Одоо ногоон бүсийн асуудал бүр тэлээд л  хаана жаахан модтой газар л харагдана тэнд мал байлгахгүй гээд хөөгөөд эхэллээ.  Одоо бас нэг өдөр хөөгдөх л байх. Монголчууд үнэн хэрэгтээ малын буянаар л амьдарч яваа. Монголчуудыг Оюу толгой, Тавантолгой биш, хэдэн мал нь тэжээж тэтгэж байна. Тэгэхээр нь хөрсөн дээрх бодит амьдралд хөлд тавьж үзэхгүйгээр шийдвэр гаргадаг асуудлаа дарга нар эргэж нэг хармаар л санагдах юм.

-Та малаа дагаж энд ирээд гэргий тань хотод үлдэж дээ?

-Бид хоёр гурван хүүхэдтэй, том болцгоосон. Ач зээ нараа сургуульд суулгах гээд хоёр тасарч байна. Хөгшин маань ач охиноо цэцэрлэгт нь зөөгөөд хотод, би энд. Хүүхдүүд тус тусын ажил төрлөө хийнэ. Найрамдалд малтайгаа байхад сайхан байсан. Тэр өөд дандаа л төрийн томчууд алдартай хүмүүс. Манай хөгшнийг тэд их сайн танина, сүү цагаан идээг нь худалдаж авна.  Хэдэн литр сүүгээ зовлонгүй зараад нэг дороо сайхан байлаа. Одоо тэгээд яахав, хоёулаа ээлжлээд л хот хөдөө рүүгээ зөрөөд л амьдарч байна.

-Малчид хамгийн баян хүмүүс л гэдэг. Махны үнийг тогтоон барьж дийлэхээ болиод байна. Малчин хүнд өөрт нь бас хэлэх үг байгаа байх?

-Би 1974 онд Говь-Алтай аймагт арван жилээ төгсөөд шалгалтаа онц өгсөн. Тэгээд ангиараа багш нарын хурлаар ороод зогслоо. Эхлээд хөдөө аж ахуйн шууд үйлдвэрлэл дээр саналаараа гарах хүүхэд байна уу  гэхэд хамгийн түрүүн би урагшаа нэг алхсан. Хүүхдүүд инээлдээд намайг шоолоод малчин болохоор хамгийн түрүүн урагшаа алхсан, чи тэнэг юмуу гээд л байж билээ. Би яагаад энэ тухай яриад байна гэхээр цаг хугацаанд,  хүний эрхшээлд хавчигдана гэж байхгүй малчин хүний амьдрал ямар сайхан бэ. Малчин хүн л байгаль дэлхийгээ бүрэн бүтэн ойлгоно. Малчин хүн эерэг сэтгэлгээтэй, холч ухаантай байдаг. Ганц санаа зовдог зүйл нь сайхан зун болоосой, өнтэй өвөл ирээсэй, намар хэсэг сайхан налайгаад өгөөсэй гээд байнга байгаль ээжийгээ гуйж аргадаж явдаг хүмүүс. Би найман настайгаасаа өдий 60 гартлаа мал дагаж явна. Надад мөнгө цаас, хоол унд яанаа гэж санаа зовж байсан удаагүй. Ном, сонингоо уншаад хэдэн малаа дагаж явах шиг жаргал хаа байхав. Махны үнийн тухайд энэ ченж гэж аюултай эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой.  Хоёр буруу өгье гэхээр туранхай, жижигхэн байна гэсээр байгаад 250 мянгаар авна. Цааш нь өлхөн  500 мянган төгрөгөөр зарна. Малчид үнэрхээд, баяжиж хөлжих гээд махныхаа үнийг нэмээд байгаа юм биш. Нөгөө л төр засгийн маань дутуу дулимаг бодлогын хар гай шүү дээ.

-Та өнөөдөр хэчнээн тоо толгой малтай байна?

-Хэсэг үхэртэй л байна. Хотын орчимд өөр ч арга алга.  Ер нь энэ монгол улс  жаран сая малтай л гэдэг чинь худлаа шүү. Манайд малын тооныхон ирдэг, хэдэн үхэртэй вэ гэж асуугаад л биччихнэ.  Дээр үед яг тоо толгойгоор нь тулгаж тоолдог байлаа. Одоо бол малчин хүний амнаас гарсан тоогоор малын тоо гарч байгаа шүү.

-АМЬДРАЛЫН ДАДЛАГА, ТУРШЛАГА ХЭЗЭЭ Ч ХОЦРОГДДОГГҮЙ ЮМ-

-Та нээрээ малдаа явахдаа номоо уншаад бас дандаа явган явдаг гэсэн...?

- Ах нь насаараа ердийн хөсөг л хэрэглэж яваа хүн. Эсвэл явган алхана.  Өнөөдөр миний дөрвөн мөч эв эрүүл. Ном сонинг бол уншина шүү.  Нутагтаа мал малладаг байхдаа сумын төв ороод баахан ном авна, багийн дарга ирэхээр хэвлэлээ захиална. Ц.Гайтав, Д.Пүрэвдож, Б.Явуухулан, Д.Нацагдорж гээд бүгдийнх нь ном зохиолыг шимтэн уншихын зэрэгцээ малаа маллаж байсан. Өнөөдөр ном уншдаг, хэвлэл захиалдаг айл байхгүй болсон. Тэгэхээр бүх нийтээрээ боловсролын хомсдолтой болчихож. Би хааяа гадуур явахаараа залуучуудаас “Манай улс хэдэн кв м газар нутагтай юм. Энэ дэлхий дээр хэдэн улс орон оршдог вэ, өнөөдөр доллар юань хэдэн төгрөгтэй тэнцэж байна вэ?” гэх мэтээр асуухаар ямар сонин өвгөн бэ, тэр хэнд хамаатай юм бэ гэж хэлдэг. Юу ч мэдэхгүй, юу ч уншихгүй. Хүн өөрөө өөрийгөө л хөгжүүлэхгүй бол хүнийг хүчээр сургаж хүмүүжүүлдэг тэр нийгэм халагдаад удаж байна.

-Та залууст хандаад юуг хэлмээр байна?

-Оюунаа л хөгжүүл. Үгүй бол та цэнэггүй утас л гэсэн үг. Оюун ухаандаа мөнгө зар. Хөгшчүүлийн үгийг сонсож бай. Монголчууд соёл, оюун ухааны чадамжаараа олон улсаас дэндүү хоцорч яваа. Сайхан залуус автобусны буудал, гудамжинд шүлсээ хаяна, тамхиа татаад шидчихнэ. Бие засна. Хараал хэлнэ. Энэ бүхнийг тархи хоосон учраас үйлдэж байна. Намайг залуустай үг солихоор та хоцрогдсон байна гэдэг. Би олон жилийн туршлага, олон жилийн амьдралаас эрүүл мэнд, байгаль дэлхий, суурин иргэншлийн амьдрал гээд бүх зүйлийг гадарлана шүү. Амьдралын туршлага, дадлага хэзээ ч хоцрогддоггүй юм.

-Буурлаас үг сонс гэдэг. Өнөөдөр олон залуу гэр бүл хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна?

-Ажил хөдөлмөрт дуртай болго.  Хоол унд хийдэггүй, хувцас хунараа угаадаггүй, орчин тойрноо цэвэрлэдэггүй бол хүн шиг хүн болоход тун хэцүү шүү. Хөдөлмөр хийж байгаа хүний тархи зөв ажилладаг, ихийг боддог. Нүүдэлчин монголчуудын үр садыг хөдөлмөр л хүмүүжүүлнэ. Насыг нь бага гэж бүү гол, нас, биед нь тохирсон ажил хийлгэж л хүмүүжүүлнэ шүү. 

Г.ҮҮЛТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button