НИЙГЭМ

"Хошгируулах" урлаг

Дэлхийн том улс гүрнүүд давамгай байдлаа хадгалахын тулд олон улсыг хамарсан механизмуудыг ажиллуулдаг. Тэгвэл улстөрчид нэр хүндээ өсгөхийн тулд төр, олон нийтийн байгууллагыг ашигладаг. Энэ ажлаа олон нийтэд хүргэх, тархи угаахдаа харин олон нийтийн сүлжээг ашиглаж байна.

“Нийгмийн сэтгэлзүйг зөв удирдсанаар хүнийг идэх хоолгүй, өмсөх хувцасгүй байсан ч аз жаргалтай амьдруулж болно. Улстөрчийг ажил хийхгүй байсан ч нэр хүндтэй байлгаад байж дөнгөнө”

Хошгируулах хэмээх нэршил ба хар пи ар

Хошгируулах гэдэг үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-д тарвагыг хөөргөх, хүний хөөргөж, хуурч мэхлэн хэргээ гүйцээхийн нэр хэмээн тайлбарлажээ. Хоёр дахь буюу хүнийг хөөргөх утга нь манай улстөрчдийн хамгийн анхаарал хандуулдаг салбар болоод байгаа хар пи ар, нийгмийн сэтгэгдлийн удирдлага /impression management/-тай холбоотой.

Тарвагачилж буй анчин багныхаа ачаар олзныхоо анхаарлыг өөртөө татан, өөр юу ч анзаарах сөхөөгүй болгож байгаад аятай байрлалаас буудаж унагадаг. Улстөрчид ч өөрийн бүрдүүлсэн "баг"-аараа сонгогчдыг  хошгоруулж байгаад нэр хүндээ өсгөж, эрх мэдлээ хадгалахыг эрмэлздэг. Анчны хувьд баг хийхдээ чонын арьс төдийхнийг ашигладаг бол  бол улстөрчид нийгэмд нэр хүндтэй хүмүүс, янз бүрийн зорилготой ТББ-ууд, тэр бүү хэл төрийн яам, агентлагуудыг ашигладаг юм. Анчин золиосоо шууд алдаг бол улстөрчид алахгүй ч иргэдээс заяагдмал болон бусад эрхүүдийг нэг, нэгээр нь булааж авдаг.

Нийгмийн сэтгэгдэл зүй, түүнийг улс төрийн зорилгоор ашиглах нь

Нийгмийн сэтгэгдэл зүй түүнийг улс төрийн зорилгод ашиглахыг социологич Питер Холл 1972 онд анх тодорхойлжээ. Тодруулбал, тэрээр нийгмийн сэтгэлзүйгээс улс төрийн сэтгэлзүйг салаалуулан гаргасан байна. Түүний үндэслэсэн ухааны гол агуулга нь улстөрчийг олон нийтэд сайн, сайхан, нэр хүндтэй харагдуулах явдал юм.

Хөгжингүй орнуудад бол хэрэгжүүлэхдээ соёл, ёс зүйг баримталж шинжлэх ухаанч байдлаар ханддаг. Ихэнхдээ сонгуулийн кампанит ажлын хугацаанд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж явуулдаг байх жишээтэй.

Харин Монголд сонгуулиас сонгуулийн хооронд буюу ялсан намын нэр хүндийг дараагийн сонгууль хүртэл унагахгүй байх хүнд даалгаврын дор бүтэн дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилдэг.

Энэ маягаар сонгуулиас сонгуулийн хооронд тасралтгүй үргэлжлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна ёс зүйгүй, худал мэдээлэл тараах боломжтой суваг болох сошиал орчин, өөр бусад субъектүүд, тэр бүү хэл төрийн яам, УИХ-ыг ч ашиглахад хүргэж, увайгүй, эрээ цээргүй, худал хуурмаг арга хэрэглэхээс өөр аргагүй болгодог. 

Биологийн хичээл дээр “Хүн бол биологи нийгмийн амьтан” гэж сургадагийг бүгд сайн мэдэж байгаа байх. Дасан зохицох асар өндөр чадвартай амьтан болохыг үүгээр илэрхийлжээ. Чонотой өсвөл чоно л болно. Хүмүүстэй өсч байж л хүн болно.

Тэгэхээр, хүний хувьсах, хүлцэн тэвчих чадвар зэрлэг адгуусаас соёлт хүн хүртэлх өргөн хүрээг хамарч чадаж байгаа юм чинь, хүн төрөл дотроо баян, ядуу, эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй зэрэгт бол өлхөөн дасан зохицно л доо.

Африкийн үгээгүй ядуучууд, Ойрхи Дорнодын төрөлхийн цэргүүд орчноо голохгүй амьдраад байдгийн учир энэ. Гагцхүү өөр боломж бололцоо байдаг гэдгийг нуух, байсан ч нэг, нэгээр нь булааж авах нь дарангуйлагчдын гол зорилго юм.

Нийгмийн сэтгэгдэл зүйг улс төрчид хэрхэн ашигладагийг ухаарч ойлговол нийгэмд болж буй улс төрийн процесс, үйл явцын нэлээд хэсэг нь хуурамч буюу тавилттай гэдгийг олж мэдэх болно. Сошиал орчинд “Цалин нэм” гэсэн нэгнийгээ “Дэмий юм ярих юм, төсөвт мөнгө байхгүй гээд байхад”, “Ажлын байр нэмэгдүүл” гэсэн нэгнийг “Ажлын байр зөндөө л байна” гэж адалдаг болсны учир ч тодорхой болоод ирэх вий. 

Хүн эд зүйлсээ булаалгасан бол буруутай этгээдэд хариуг нь тэр дор нь өгнө дөө. Гэтэл эрхээ алдчихсан хэрнээ түүнийгээ мэдэхгүй, харин ч аз жаргалтай, сэтгэл хангалуун үлддэг учир бас байна. Улс төрчид иргэдээ чухам ийм болгохын тулд нийгмийн сэтгэл зүй, улс төрийн сэтгэгдэл зүйн ухааныг ашигладаг байна. “Цалин хасна” гэж айлгаад “За та бүхний аргагүй байдлыг бодоод болье, бид тэсье” гэчихэд л хүмүүс хөдөлмөрийн үнэлэмжээ дэлхийн жишигт хүргэхийг шаардах зүй ёсны эрх”-ээ хулгайлуулсан хэрнээ “Хасуулаагүй нь яамай” гээд сэтгэл хангалуун болчихдог.

Татварыг хэт өндөр хувиар нэмэх гэж байснаа хэн нэгэн “сайхан сэтгэлт” эрх мэдэлтний шийдвэрээр болих зэрэг нь дээрхтэй ижил зорилго үр дүн дагуулдаг.

Монголд бол эрх баригчид сонгуулийн өмнө их зүйл амладаг мөртлөө сонгогдсоныхоо маргаашнаас “Мөнгө байхгүй, төсөв хүрэлцэхгүй” гэж ярих нь бараг жам болсон. Энэ нь эрх баригч намууд иргэдээ хангалуун амьдрах бололцоогоор хангах үүргээсээ санаатайгаар зайлсхийж, ядуу гуйланчлалтай байдалд дасгаж байгаа хэрэг мөн.   

Улстөрчдийн ашигладаг байгууллага, тэднээр дамжуулан иргэдийн эрхийг хязгаарласан тохиолдлууд

“Надад тулах цэг өгчих, тэгвэл би дэлхийг хөдөлгөё” гэж эрдэмтэн Архимед хэлсэн гэдэг. Тэр тулах цэг нь хөшүүрэг бөгөөд Нарнаас ямар ч билээ, од хүртэл урт хөшүүрэгтэй байсан бол хэлсэндээ хүрэх байжээ” гэж эрдэмтэд хожим тодорхойлсон нь бий.

Тэгвэл улстөрчдөд “Надад өгчих, тэгвэл би...” гэж боддог субъектууд  бий. Шүүх, цагдаа, бүртгэл, статистик гэх мэт. Үүнээс гадна иргэн, ТББ-ууд ч багтана. Дээрх субъектуудыг ашиглаж иргэдийг ямар, ямар эрхээс нь салгаж байсныг тус бүр нэг жишээтэйгээр дор сийрүүлье.

Иргэн, ТББ: Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөө эргүүлж авах, баялгаа эзэмших эрхийг хязгаарлав 

Хувь хүн үзэл бодлоо илэрхийлж бичсэн хүсэлт, захидлаар далимдуулж “Хамтын тэтгэврийн хууль” хэмээх нийгэмд маш их хүлээлттэй байсан хуулийг цуцалсан тохиолдол 2016 онд гарч байлаа. Тухайн үед Сангийн сайд нь “Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Нас барсан хүнийхээ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал их ирүүлж байгаа учир хуулийг хойшлулах санал гаргасан юм” хэмээн хэлж байв.

Тийм бодолтой иргэд байхыг үгүйсгэхгүй ч  хуульдаа өргөдөл бичсэн хүмүүст өгөх зохицуулалт хийчихэд л болох байсан.  Үнэндээ бол хэдий сүсэг бишрэлтэй хүн байлаа ч нас барсан хөгшнийхөө тэтгэврийг авахгүй байхаас илүү авчихаад буны үйл хийх сонирхол давамгайлах байсан болов уу.

Иргэдийн өөрсдийнх нь саналаар нэр төрөө хаацайлах явдал бас бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаад хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл хүсэлт гаргасны дагуу шийдвэрээ цуцалсан нь үүний нэг жишээ юм.   

Улстөрчид зүгээр хийчих ажлыг заавал асуудал болгож, ТББ-уудаар олон нийтийн анхаарлыг татуулж байж хийдэг жишиг тогтсон. Үүнээс үүдээд халаасны ТББ-ууд олноор бий болжээ.  

Агентлаг: Цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардах эрхийг хязгаарлав

Үндэсний статистикийн хороо бол эрх баригчдын нөлөө хамгийн ихтэй байгууллага. Бүх л тоон үзүүлэлтийг аль болох ашигтайгаар зохицуулдаг. Олон жишээ бий.   

МҮЭХ 2013 онд Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой цалин нэмүүлэх асуудлаар гурвалсан хэлэлцээрт орох бэлтгэл болгож, улс даяар өргөн цар хүрээтэй судалгаа явуулсан байдаг. Ингээд олон сар үргэлжилсэн судалгаагаа дуусгаж, нэг тоотой болж аваад (600 мянга орчим) яг хэлэлцээртээ орох гэтэл Үндэсний статистикийн хорооноос “Дундаж цалин 900 мянган төгрөг болсон” гэж зарласан. Энэ нь судалгааны дүнгээс хол зөрсөн тул ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь “Дундаж цалин хэдийдээ 900 мянган төгрөг болчихов” хэмээн ярилцлага өгч байв.

Үр дүнд нь Засгийн газар хэлэлцээрт давуу байдал бүрдүүлсэн. Иргэд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах эрхээ хязгаарлуулсан юм.

Дундаж цалинг тооцохдоо 3 саяас дээш нарийвчилдаггүй. Нарийвчилбал нүд орой дээр гарахаар цалинтай улсууд байдгийг мэдчихнэ гээд зарладаггүй. Дундаж цалин өндөр гараад байгаа нь тэдний нөлөө. Сонгуулийн жил ялангуяа их ажилтай байдаг. Аль ашигтай аргаар тооцоолж, хэрэгтэй хэсгээ мэдээлдэг.    

Интернэт орчин, олон нийтийн сүлжээ

Глобал шинжтэй үйл явцуудын заримыг монголчууд бусдаас арай өөр, хэт гүнзгий тусгаж аваад байгааг уншигч та анзаарсан уу. Үүнийгээ монголчууд хэтэрхий сэргэлэн, ухаантай учраас тусгаж авахдаа сайн гэж дөгөөж байхыг ч сонсож л байсан биз. Олон нийтийн сүлжээний хэрэглээ тал дээр энэ байдал илүү тод мэдрэгдэнэ. Бүгд сошиалд донтож, хэрэгтэй хэрэггүй түм буман мэдээлэл дунд төөрч будилж явцгаадаг.

Угтаа бол дэлхийн улс үндэстэн бүр шашин, соёл, генийн шинж чанарын хувьд хоорондоо ялгаатай учир аливаа өөрчлөлтөд өөр, өөр хариу үйлдэл үзүүлэх нь мэдээж. Үүнийг анх Францын сэтгэл судлаач, социологич, антропологич Гюстав Лебон “Ард түмэн ба олон нийтийн сэтгэл зүй” хэмээх бүтээлдээ тодорхойлсон.

Манай нийтлэлийн сэдэвт хамааралтай гэж хэлж болох Зохион байгуулалттай олны зан үйлийн тухай хуулийг анх боловсруулсан хүн бол Г.Лебон юм. Тэрээр олон нийт ба олон нийтийг бүрдүүлж буй хувь хүний байдлыг “Олон хүн нэргүй болохоор хариуцлага хүлээдэггүй. Тиймээс хүмүүсийг үргэлж хязгаарладаг үүрэг хариуцлагын мэдрэмж олон түмэнд бүрмөсөн алга болдог”, “Олны дунд мэдрэмж, үйлдэл бүр нь халдвартай байдаг.

Тухайн хувь хүн хувийн ашиг сонирхлоо хамтын ашиг сонирхлын үүднээс маш амархан золиосолдог”, “Олон түмэн бусдын санал болгонд мэдрэмтгий болдог, энэ үед хувь хүний хүсэл зориг байхгүй болж автомат төхөөрөмж шиг болдог” гэхчлэн тодорхойлсон юм. Сошиалд хэт донтсон олныг зохион байгуулалттай цөөнхөөр удирдуулж болно гэсэн санаа.

Сүүлийн үед улстөрчид, төрийн байгууллагууд олон нийтийн сүлжээгээр шийдвэр гарсан мэтээр мэдээлэл хэргээр тарааж иргэдийн хандлагыг тандаад таагүй байвал үгүйсгэдэг болсон байна лээ.    

Өнөөдөр монголчууд сошиалд хэт донтож, байгаа байдалтайгаа эвлэрч байна. Харин улстөрч, эрх мэдэлтнүүд баялгаас иргэдэд хуваарилах ёстой хэсгийг хэмжээнд нь барьж, гарсан өсөлтийг бүтээн байгуулалт нэрээр төсвөөс гадагшлуулдаг. Төсвөөс мөнгө гардаг бүх цоргон дээр улстөрчид болон тэдний хамааралтай этгээдүүд суучихсан шимэгчлээд байж байдаг. Ард түмэн үүнийг мэдэхгүй, нийгмийн сүлжээнд сууж, өдөр тутам бэлдэж өгдөг өгөөш (шуугиантай мэдээлэл, мэдэгдэл)-ийг хэмлэцгээнэ.

Нийгэмд шуугиан тарьсан олон мэдээллүүд өнгөрсөн цаг дээр байдгийг та нэг анзаараарай. Ялангуяа АТГ, прокурор, жагсааалаар мэргэшсэн авгай нарын гаргаж ирсэн кэйсүүдийг. Тэгээд өмнө нь ямар хэрэг дээр анхаарал төвлөрч байснаа бодоорой. Нэг дуулианыг нөгөөгөөр дарахын тулд аливаа хэргийг хадгалж байгаад хэрэгтэй цагт нь зарладаг болохыг илтгэдэг. Бид маргааш юу мэдэх, юуны тухай ярихыг хэн нэгэн урьдчилж бэлтгээд байна гэж төсөөлөх гээд үз дээ. Жилийн 365 хоногийг ийм байдлаар нэг нь нөгөөгөө мартуулж чадах шуугиант мэдээллээр дүүргэвэл юу болох вэ.

Өнгөрсөн 20 жилд Төсвийн хэмжээ 100 дахин нэмэгдчихээд байхад цалин 10 дахин нэмэгдэж ч чадаагүй. Гэсэн ч бид тайван хүлцээд суугаа нь сэтгэлзүйгээрээ тоглуулсных.

Болсон, болж байгаа энэ процессыг нийгмийн сэтгэлзүйн үүднээс харвал хардлага, айдас зэрэг төрнө. Бид улстөрчдийн бод гэснийг бодож, мэд гэснийг мэдэж, байгаа байдалдаа хангалуун байхыг албадуулж мал шиг амьдарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-28 08:21

Хошгоруулах нь Элбэгдоржийн мэргэжил мөн биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button