НИЙГЭМ

Баривчлах байранд коронавирус туссан иргэнийг "Битгий биеэ чагнаад бай" хэмээн үл тоожээ

Монель орчимд байршилтай ШШГЕГ-ын харьяа баривчлах байранд шийтгэл хүлээгээд гарсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Баривчлах байранд шийтгэл хүлээхээр ирж буй иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч, хариунд үндэслэн нэвтрүүлж буй. Эх сурвалж долдугаар сарын 26-ны орой ирсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан тул нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл коронавируст тусаагүй байхдаа ирсэн.


Гэвч түүнд зургаа хоногийн дараа, энэ сарын 01-ний өдөр халуурах зовуурь илэрчээ. Эх сурвалжийн хүлээх шийтгэлийн хугацаа зовуурь илэрсний нь маргааш (2022.08.02) дууссан тул баривчлах байрнаас гарсан дороо PCR шинжилгээ өгөхөд ийн халдвар авсан нь батлагдсан байна.

Түүний хэлж буйгаар, долоодугаар сарын 31-нд, нэг өрөөнд шийтгэл хүлээж байсан иргэн нь өдрийн турш халуурчээ. Харин маргааш нь эх сурвалж өөрөө, мөн тус өрөөний өөр нэг иргэний хамт халуурч эхэлсэн байна.

Тодотгоход, халуурах зовуурь илэрч буй тухайгаа энэ гурван иргэн холбогдох албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдсэн ч "Зүгээр байна. Битгий биеэ чагнаад бай. Санаа дагаад байгаа юм биш үү" зэрэг хариулт өгч, өвчин намдаах эм ч өгөөгүй аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, бусад өрөөнд шийтгэл хүлээж байсан иргэд хоолой өвдөж, бие зарайх болсон тухайгаа хэлж байжээ. Коронавируст халдварын тохиолдол ихсэж буй цаг үед халуурах зовуурьтай байгаагаа хэлсэн иргэдэд ийн ач холбогдол өгөөгүй нь цаг алдах эрсдэлтэй.

Битүү орчин, нийтийн бие засах газар, тогтмол ариун цэвэр сахих боломж багатай баривчлах байранд вируст халдвар харьцангуй хурдан тархана. Гэвч зовуурь хэлсэн иргэдийг үл тоосноор эрт илрүүлэг, ариутгал халдваргүйжүүлэлт хийх цаг хугацааг алдаж байгаа юм.


Одоогоор Монель дэх ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд 200 орчим иргэн баривчлах шийтгэл эдэлж байна. Тус байранд Зөрчлийн тухай хууль зөрчсөн буюу:

  • Жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн
  • Хулгай хийсэн зэрэг иргэд 7-30 хоногийн баривчлах шийтгэл эдэлдэг. Өөрөөр хэлбэл тэд гэмт хэрэгтэн, ялтнууд биш, Зөрчил хянан шийдвэрлэх хуулийн дагуу баривчлах шийтгэл эдэлж буй иргэд юм. Баривчлагдсэн этгээдүүдийн эдлэх эрхэнд "Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах" гэж заасан байдаг ч ийн эрхээ эдэлж чадаагүй нь харагдаж байна.

Хэрэв эх сурвалж ийн шийтгэлээ эдэлж дуусаад, PCR шинжилгээ өгөөгүй бол баривчлах байрны ажилтнууд коронавируст халдвар тархсаныг мэдтэлээ хугацаа алдан, халуурсан иргэдийг "Битгий биеэ чагна" хэмээн явуулсаар байх дүр зураг харагдаж буйг тэмдэглэе.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-03 14:53

Короно ч жихшиг гадуур х####уурсаг холой өвдөгсөн ханиад л их л бнлээшд

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x