НийгмийнТодруулга

А.Сонинбаяр: Духнаас хөлс дусалсан 40 хэмийн халуунд ч ханан дээр зурж зогссон

Бидний багад байшингийн ханан дээр хэн бичиж, зурсан нь тодорхойгүй элдэв үг, гаж зургууд их байдаг байж билээ. Харин одоо тэдгээр сараачсан үгс, базаахгүй зургуудыг “арилгадаг” ид шидтэй ах, эгч олон болжээ. Тэр тусмаа буйдхан хөдөөгийн сууринд очиж, гэр хорооллын хаашаан дээр зураг зурж, хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх ажил их хийдэг болж. Тэдний нэг бол Амгаланбаатарын Сонинбаяр. Тэрбээр өнгөрсөн сард Өмнөговь аймгийн нэгэн орон сууцны хана болон худаг дээр зураг зурсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-ХАНАН ДЭЭР ЗУРСАН ЗУРАГ ӨМНӨГОВИЙНХОО ТҮҮХТ ОЙД БАРЬСАН БЭЛЭГ БАЙСАН-

-Таны зурсан зургийг цахим сүлжээнээс харсан. Чухам яагаад Өмнөговь аймагт очиж, орон сууцны ханан дээр зураг зурах болов?

-Миний өсөж, төрсөн нутаг л даа. Тэр утгаараа Даланзадгадынхаа 11-р байрны ханан дээр зураач Э.Ганзориг болон хоёр шавьтайгаа хамтран зураг зурсан юм. Энэхүү бүтээлээ өмнө нь Улаанбаатарт Хүнсний I дэлгүүрийн ойролцоо “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” уриатайгаар зурж байсан. Мөн Сэлэнгэ аймагт “Мэргэжил бүхэн сайхан” нэртэй зурж байлаа. Энэ удаа бид бага зэрэг л өөрчилж зурсан.

“Говь гурван сайхан” уулын домогт гардаг гурван бүсгүйгээс гол зохиомжоо авсан. Мөн Өмнөговь аймаг дахь барилга болон ирээдүйд хийгдэх бүтээн байгуулалт, ховордсон ан амьтдыг зурагтаа багтаасан. 5-6 хоног зарцуулсан.

-Уран бүтээлч хүнд урмын үг хүч тэнхээ бэлэглэдэг. Зурсан зургийг тань хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Өмнөговь аймгийн засаг дарга олон нийттэй харилцах хаягаараа дамжуулж баярлсанаа илэрхийлсэн байна лээ. Сэтгэгдүүдийг нь харахад, бүгд орон нутгийн өнгө үзэмжийг нэмж, гэрэл гэгээтэй өнгөлөг болгосонд талархсан байсан.

Биднийг зураг зурж байх явцад хажуугаар өнгөрсөн хүмүүс ялангуяа залуу үеийнхэн их баяртай байгаа харагдсан. “Баярлалаа ах аа, гоё зураг болж байна. Манай нутагт ийм гоё зураг зурж өгсөнд...” хэмээн хэлцгээж байсан. Анзаараад байх нь ээ, хүүхэд залуус шинэ соргог зүйлсийг талархаж, хүлээж авдаг болсон байна лээ.

-Халуун цай, хоол бариад ирсэн хүн олон байсан болов уу гэж бодогдоно. Манайхан зочломтгой, найрсаг хүмүүс шүү дээ...

-Тэгэлгүй яахав. Зөрөөд өнгөрч буй хүмүүс ундаа, зайрмаг бариад ирнэ. Биднийг зураг зурсан өдрүүдэд ид халуун, +40 градус хүрч халж байсан. Духны хөлс бурзайн дуслаж байхад ч бид зургаа зураад л зогсож байлаа.  Ер нь хийе гэсэн сэтгэл байвал ямар ч ажлын арга олддог. Би тэгж л боддог.

Залуу хүний хувьд ханан дээрх дүрслэх урлагийг эргэн тойрондоо хүргэх зорилготой. Тайлбар, орчуулгагүйгээр шууд хүнд ойлгогддог. Өөрийн хэлтэй урлаг.

-Халуун наранд хөлсөө дуслуулж зогсох хэнд хэрэгтэй юм бэ гээд асуучихвал арай л бүдүүлэг байж магад. Гэхдээ тэнэг асуулт гэж байдаггүй гэдэг шүү дээ. Ингэж зураад танд эдийн засгийн хувьд ашиг гарсан уу?

-Энэ удаагийн ханан дээрх зураг бол аймгийнхаа 90-91 жилийн ойд зориулсан миний бэлэг л дээ. Будаг нь ойрын 5-10 жилдээ ямар ч асуудалгүй. Баталгаатай будгаар зурсан гэсэн үг.

Зураг зурахад аймгийн удирдлагууд өргөгч машин өгч тусалсан. Ер нь бол олон хүний сэтгэлийн дэмээр зурагдсан.

-Өндөрт гараад зураг зурах нь хэр эрсдэлтэй вэ?

-Анх өндөрт гараад зурах эвгүй байдаг байсан. Сүүлдээ дасчихдаг юм билээ.

-ДҮРСЛЭХ УРЛАГ БОЛ ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ-

-Ханан дээр зураг зурахын сайхан нь юу вэ?

-Дүрслэх урлаг бол хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх хүчтэй зэвсэг. Тэр ч утгаараа ханан дээр зурсан зураг сайн сайханд бусдыг дуудах хүчтэй. Тиймээс би ханын зураг буюу “Mural art” төрлөөр зурж эхэлсэн.

Нэгэн түүх сөхөхөд, 2007 оны хавьцаа би Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт худаг дээр зураг зурж байх үед их олон хүүхэд цуглаад “Хамт зуръя. Яаж зурдаг юм бол. Зураач болох хэр гоё байдаг вэ” хэмээн намайг асуултаар “бөмбөгдсөн” дөө. Зураг зурж байх энэ явц ч гэсэн дүрслэх урлагийн талаарх ойлголт бусдад өгч байгаа байхгүй юу. Энэ үед би хүн олноор цугладаг энэ мэт газрууд өнгө зүсгүй, “царай муутай” байвал түүнийг харж буй хүүхдүүдэд хэцүү гэдгийг ойлгосон юм. Тиймдээ ч сая Өмнөговь аймагт байрны ханан дээр зураг зурахаас гадна худгуудынх нь өнгийг аавтайгаа хамт зассан.

-Аав тань ч гэсэн зураг зурдаг байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Миний аав зургийн багш. Аавынхаа зураач болох хүслийг сэтгэлдээ ганзагалаж явсаар энэ салбар руу эргэлт буцалтгүйгээр орсон.

Зураач хүн урландаа зураг зурж кайф аваад суух биш,  түрүүлж алхаад зааж өгөх, бусдад ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа би хэд, хэдэн сургуульд зургийн багшаар ажилласан. Харин одоо бол Урчуудын эвлэлийн хорооны Удирдах зөвлөлд ажиллаж байгаа.

-Та өөрийн бие даасан үзэсгэлэн гаргаж байсан уу. Энэ асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Нутагтаа “Өмнийн сайхан говь” гэх төсөл хэрэгжүүлдэг. 2019 онд эхлүүлсэн юм. Төслийнхөө хүрээнд 20 орчим зураачтай Өмнөговь аймгаар аялахын хажуугаар уран бүтээлээ хийж, үзэсгэлэн гаргадаг. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээ аймаг, орон нутгуудад бэлэглэдэг.  Соёл урлагийн хөгжилд өөрийнхөө чадахаар хувь нэмэр оруулаад л явж байна даа.

Г.БАЛЖИННЯМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-08-11 11:51

Г.Б####жинням сэтгүүлчдээ баярл####аа. Ийм сайхан өөдрөг мэдээг уншихад сайхан юм. Энэ з####уутай яаж холбогдох вэ? Зураг зуруулмаар байна, холбогдох утасны дугаарыг нь өгөөч, сэтгүүлч ээ

Зочин
Зочин
2022-08-11 12:11
Reply to  иргэн

Сайн байцгаана уу. EGUUR.MN баярл####аа. Та 88115002 дугаараар юм уу FB:Soninbayar Amgalanbaatar холбогдож болно

Зочин
Зочин
2022-08-11 14:57

Oron nutagtaa ard tumendee urlagiin saixan buteel tuurvin beleglej baigaad chin setgeleesee xaluun bayar xurgei Umnugovi aimag edgeer zuraachdiin buteeleer nutag ornoo chimeed xuuxed zaluuuchuud ni bayar baysagalantai baigaa daa

Зочин
Зочин
2022-08-11 21:03

Мундаг зурдаг авьяастнууд юм. Уран зураг гэдэг бол зурах авьяас чадвараас гадна сэтгэн бодох чадвар ихээр шаарддаг.Цаашдын уран бүтээлд нь амжилт амьдр####д нь аз жарг#### хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x