НийгмийнНИЙГЭМ

"Хол аймгууд руу явдаг тээвэрчдийг 22.00 цаг хүртэл хорилгүй, эрт гаргадаг болоосой"

Монголдоо л ганц. Байхгүй юм байхгүй газар бол Нарантуул зах. Эндээс л бүх аймаг, орон нутгууд хүнс, ахуйн бараа, хувцас хэрэглэлээ татаж, амжиргаагаа залгуулдаг гэхэд болно. Тэдгээрийг хөлсөө цувуулж, махран тээвэрлэх хүмүүс бол ачааны “тэрэг”-ний жолооч нар. Харин энэ хүмүүст ямар хүндрэл бэрхшээл учирдаг талаар Улиастай-Нарантуул хоорондын ачаа тээврийн жолооч, иргэн Д-тэй ярилцлаа. Түүнтэй Нарантуул захын зогсоол дээр таарсан юм.

-Баруун аймаг чиглэлийн ачааны машины жолоочтой хамгийн түрүүнд таарч, ярилцсан нь та байлаа. Тогтмол ачаа ачиж, хол газар явах хэр хүндрэлтэй вэ?

-Хүнд шүү. Маш хүнд. Миний хувьд 20 орчим жил ингэж яваа хүн. Хүйтэнд хөрж, халуунд нь халан бэргэлгүй өдийг хүрлээ. Анх эхэлсэн хэдэн жилүүдэд “Авто тээврийн бааз”-тай байсан юм. Тэр үед бид ачаа тээш, бензин, цалин хөлс бүх юмаа баазаасаа авчихна. Бүр дугуйгаа хүртэл солиулчихдаг байлаа. Харин одоо бол бүгд эсрэгээрээ. Хувь хүн бүх зүйлээ өөрөө хариуцдаг болсон цаг. Хоолтой хоолгүй, өвдөж зовсон, машин тэрэгний асуудал, зам харгуй, цаг агаар гээд энэ бүгдийг шүд зуугаад өнгөрөх үе олон бий. Үүнийхээ хүчинд ч, жолооч бид нар амьдралаа авч явдаг. Бас хөдөө нутгийн амьдралыг. Учир нь хоол хүнс, бараа материал, хувцас хунараас авхуулаад бүгдийг нь бид дөхүүлж, өгч байгаа юм чинь.

Сүүлийн үед бараа таваарын үнэ өсөж байгааг хэн хүнгүй л туулж байна. Ялангуяа жолооч бидэнд бензиний үнэ өсөх маш хүндрэлтэй. Нэг төгрөгөөр нэмэгдэхэд л талх, тариа авах мөнгөө алдах дээрээ тулна. Дагаад ачааныхаа үнийг нэмэх гэхээр “Та нар л үнэ нэмлээ” гэж уурладаг. Үнээ нэмэхээр ачаа олдохоо ч больчихно. Тийм болохоор бараг л нэмж чаддаггүй. Уурлаж байна гээд өрөнд уналтай нь биш. Одоогоор аль аль талаа харж жил гаруйн өмнөхөөс 50-60 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Байнга бараа тавьдаг наймаачид шүүмжлээд л байгаа. Яг үнэндээ манай аймгийн тээвэр хамгийн бага зардлаар ачаа ачдаг.

-Завхан аймаг, Улаанбаатар хотоос хол байгуулагдсан. Нэг талдаа хэдий хугацаанд туулж өнгөрүүлдэг вэ

-Баруун таван аймаг бүгд мянган километрээс наашгүй хол шүү дээ. Манай завхан л гэхэд 1023 километр. Би бол багадаа хоёр хоног зарцуулчихдаг. Уг нь хотоос гарчихвал засмал замтай нэг хоноод л орчихдог юм. Тэр болтол их юм болно оо. Учир нь нарантуулаас 22:00 цаг өнгөрсний дараа л “том” машин гарах ёстой. Тэрнээс нааш гаргадаггүй. 

Түгжрэлээ бодож гаргасан шийдвэр ч гэсэн ядахдаа хол аймгууд руу явдаг тээвэрчдийг эртхэн гаргах шийдэл олох л хэрэгтэй. Тэгэхгүй бол аль өглөө ачаа нь дүүрчихсэн жолооч яах билээ. Өдөржингөө хүлээгээд орой түгжрэл багассан гээд гарсан ч бахь байдгаараа л байдаг. Арай гэж гараад цаг харахаар шөнийн 1-2 цаг өнгөрчихнө. Эрсдэлээ бодоод ихэнхдээ унтах тал руу хэвийнэ дээ. Энийг нь мэдэхгүй ачаа тавьдаг хүмүүс бас л уурлана. Удлаа, барилаа гэдэг. Бид чинь адилхан л гэр орон, хань ижил рүүгээ хурдхан очихоор яарч байгаа хүмүүс.

-Баруун аймгууд руу ачаа тээврийн машин жолоодож явахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Миний хувьд удаан хугацаанд хот хооронд явж байна. Өөрөөсөө ч илүү замаа мэддэг хүн юм шүү /инээв.сурв/. Ер нь бол жолоогоо барих мөч бүр минь амиа дэнчин тавиад явж байгаа шүү дээ гэж хааяа бодогддог. Бусдаар манай баруун тийшээ замууд харьцангуй шинэ.

-Жолооч нарын хамгийн түрүүнд анхаарууштай асуудал юу байна гэж боддог вэ?

-Гэхдээ нэг асуудал гардаг нь жолоочид замынхаа даацын хэмжээг хэтрүүлдэг. Ялангуяа уул уурхай, том оврын ачааны машин. Машиных нь өөрийн нь жин 30-40 тн, ачаа нь мөн адил болчихоор нийлээд бараг 80 тн болчхож байна шүү дээ. Хажууд нь бид нарын ачааны машин тултал ачаад ч бүх жин нь 30-40 тн хүрдэггүй. Өөрийн харсан бодит жишээг дурдъя л даа. 4-5 жилийн өмнө хятад улсаар би зорчиж байсан юм. Явж байхад тухайн зам дээр явах боломжгүй, даац хэтэрсэн ямар ч машиныг шууд тэр дор нь зогсоогоод жолоочийг нь буулгадаг юм билээ.

Энэ мэтээр манай улс ч гэсэн үүнийг тогтмол хатуу чанга баримтлах хэрэгтэй. Тэгэхгүй бол замыг ямар нэг байдлаар эвдэлж орхидог. Худлаа, үнэн нөхдөг ч, эгэл догол болгоод орхичихдог. Үүнээс үүдээд хөдөө орон нутагт машинаа эвдлэхгүйг хичээгээд сүлжиж явах, хурд хэтрүүлж байгаад осол аваар гаргах ч тохиолдлууд бий. Машин даацаараа явна. Тээврийнхээ хөлсийг төлнө. Тэгэхгүй бол явуулахгүй. Ийм л зохицуулалт хийх хэрэгтэй. Тэгэхээр үүнийг хянах боломжтой байгууллага, газрууд нь тогтмол шалгах нь зүйтэй юм шиг санагддаг.

анай аймагт нийт хэдэн хот хоорондын ачаа тээвэрт явдаг жолооч байдаг вэ?

-Манай аймгийн хувьд яг нарантуулд зогсдог 30-40 машин тогтмол нааш цааш явдаг. Бүр том, жижиг ачааны машинаар тооцвол 150 давсан байдаг болов уу. Ингэж бодохоор манай нарантуулын зогсоол дээрх ачаа ачдаг бүх машин 250 гарах байх. Энэхүү зогсоолыг анх барихдаа богино, жижиг оврын машинуудад зориулж барьсан юм билээ. Гэтэл одоо дандаа урт, том машинуудаар солигдсон. “Truck” буюу 9х60 хэмжээтэй машинууд бол “хөөрхөн” их ачаа багтдаг.

Дийлэнх жолооч нар ч гэсэн ийм хэмжээтэйг “барьдаг” болсон. Харин эд нараас том хэмжээтэй тийр, “Volvo” машинуудыг оруулж ирмээргүй байгаа юм. Тиймэрхүү машинууд орж ирэхээр зогсоол ховордоод, түгжрэл үүсгэчихдэг. Тусад нь зогсоодог бол асуудал бага ч гэсэн цэгцрэх байх. Тэгдэггүй юм гэхэд зогсоолын татвараа нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Татвар гэснээс жолооч нар нэг явалтаараа хэчнээн төрлийн татвар төлдөг вэ?

-Сая хэлсэнчлэн Нарантуулын зогсоол татвартай. Хэд хонохоос шалтгаалаад гарах үед төлдөг. Дунджаар арван мянган төгрөг өгнө. Уг нь гурван мянгаар татуу байсан юм. Үнээ нэмэхгүй л бол болохгүй байдаг юм байлгүй дээ. Мөн аймгуудын пост, шалган нэвтрэх товчоогоор дамжихад зам ашигласны татвар төлдөг. Дээр нь хууль бус ачаа, бараа тээвэрлэсэн тохиолдолд тухайн зүйлээсээ шалтгаалан их багаар торгууль гарна.

-Танд торгууль байсан тохиолдол хэр их вэ?

-Надад нэг торгуулж байсан тохиолдол байдаг юм. Завхан аймгаас наашаа гараад хотод ирээд 22-ын товчоон дээр шалгуулахаар боллоо. Шалгуулах үед бүхээгийн хамгийн цаана тавьсан хүний ачаанаас тарвага гарч ирдэг байгаа. 800 мянган төгрөгөөр тэр үедээ торгохоор болсон. Гэхдээ би биш тэр ачаан дээрх дугаарын хүн. Хэрвээ тэр ачаан дээрх дугаартай хүн утсаа аваагүй бол би өмнөөс нь хариуцлага хүлээнэ шүү дээ.

Ийм асуудал маш их гарч харагддаг. Ялангуяа намрын идэш тэжээлийн үеэр. Шуудайтай мах гэж хэлээд л бидэнд өгчихнө. Шалгахаар махныхаа аль нэг хэсэгт нь хэдэн тарвага хийчихсэн л байдаг. Тийм болохоор энэ тал дээр бид нар дээр ачаа тавьдаг хүмүүс хууль дүрмээ мөрдөхийг хүсмээр байна.

Г.БАЛЖИННЯМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Goy egch
Goy egch
2022-08-12 12:07

Үнэхээр зөв зүйлийг хөндсөн сэдэв байна. Б�##�жинням сэтгүүлчид баярл�##�аө

Холбоотой мэдээ

Back to top button