Ярилцлага

Б.Идэрсайхан: Гол дүрүүд үхэж, хэний ч төсөөлөөгүй хүн төмөр сэнтийд сууж магадгүй

Жорж Мартины “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Game of Thrones” буюу “Хаан ширээний тоглоом” цуврал нь өдгөө дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулж буй бүтээл юм. Дөрөвдүгээр сарын 14-нд тус цувралын төгсгөлийн бүлэг буюу наймдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болох билээ. Ингээд цувралын талаар “Хаан ширээний тоглоом” хуудсын админ, Фэйсбүүк дэх “Game of Thrones сонирхогч монгол залуус” группийн үүсгэн байгуулагч Б.Идэрсайхантай ярилцлаа. 

-“ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ”-ЫГ ӨӨР ТҮВШНИЙ КИНО БАЙНА ГЭЖ БОДСНООР ХҮЛЭЭЛТ УЛАМ ӨНДӨР БОЛСОН-

-“Хаан ширээний тоглоом” кино бүтсэн түүх тун сонирхолтой. Зохиол бичигдсэнээсээ хойш хорин жилийн дараа кино болсон гэж уншиж байсан юм байна?

-Энэхүү цуврал нь 2011 онд HBO телевизээр үзэгчдийн хүртээл болж байсан. Киноны эх зохиол “Гал мөсний дуун” цувралыг Америкийн зохиолч Жорж Мартин 1991 онд бичиж таван жилийн дараанаас уншигчдын гар дээр очсон. Ном худалдаанд гарсан цагаас хойш олон нийтийн анхаарлыг татаж, кино хийх тухай яригдсан. Зохиолын хувьд маш баялаг. Өрнөл, өгүүлэмж, зохиолчийн санаа, төсөөлөл гээд маш сайн зохиол. Кино хийнэ гэвэл зохиолтойгоо дүйцэх хэмжээний кино хийхээс өөр аргагүй. Мэдээж олон удаа номын зохиогчид кино хийх санал тавьсан ч тэрбээр “Миний зохиолыг эрэмдэглэх шаардлагагүй” хэмээн эсэргүүцэж байсан юм. Түүний энэ бодлыг найруулагч Дэвид Бениоф, Д.Б. Вэйсс нар өөрчилж чадсан. 

-Киног Английн язгууртнуудын бодит түүхээс сэдэвлэсэн хэмээн яригддаг?

Өөрийн тань хэлснээр киноны төдийгүй зохиолын үйл явдал Английн язгууртнуудын “Сарнайн дайн” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн хаан ширээний төлөөх тэмцлээс сэдэвлэсэн. Энэ нь III Эдуард хааны үр удмуудын хооронд өрнөх хаан ширээний дайн юм. Нэг талд III Эдуард хааны дөрөв дэх хүү болох Иорк удмынхан, нөгөө талд III Эдуард хааны хоёрдугаар хүү болох Ланкастр удмынхан хоорондоо Английн хаан ширээний төлөө дөрвөн үеийн турш хоорондоо дайтсан гэдэг. “Хаан ширээний тоглоом” киноны санааг энэхүү бодит үйл явдлаас олсон хэмээн уншигчид таамагладаг. Түүхэн үйл явдлуудаас сэдэвлэж кинон дээр дүрсэлсэн хэсгүүд цөөнгүй бий. Тухайлбал кинон дээр гардаг улаан хуримын үйл явдал Шотландын “Хар оройн зоог” үйл явдалтай зүйрлэдэг. Мөн луунуудын бүжгийг Английн түүхэн дэх “The Anarchy”-тэй зүйрлэдэг гэх жишээний. 

-Зохиолыг уншсан үзэгчид киног эх зохиолтой нь харьцуулахаас аргагүй. Зохиолыг нь уншсан фэнүүд киног голонгуй байх шиг санагддаг?

- Мэдээж, кино үзэгчдийн хүртээл болж эхэлсэн цагаас харьцуулалт яригдсан. Зохиолыг нь уншаагүй үзэгчдийн хувьд маш сайн кино болсон гэж үнэлэгдэх нь аргагүй. Харин зохиолыг уншсан үзэгчид бэлхнээ харьцуулалт хийж эхэлдэг. Мөн киноны зарим үйл явдлуудад сэтгэл гонсгор үлдэх нь ч бий. Цуврал киноны хувьд зохиолтойгоо яв цав нийцүүлье гэсэн ч төсөвтөө баригддаг шүү дээ. Учир нь жилдээ ганцхан бүлэг хийгддэг учраас энэ хугацаанд үйл явдлуудыг базах, зохиолын онцлох зүйлүүдийг харуулахын тулд зохиол дээрх үйл явдлууд, дүрүүдийг хасах зэрэг чамгүй сорилттой тулгарсан нь яалт ч үгүй зохиолоосоо дутуу болсон гэдэгтэй уншигчид санал нэгдэх байх. Миний хувьд эх зохиолыг уншсан. 

Тиймээс кинон дээр харахыг хүссэн зарим үйл явдлуудыг хассан тохиолдлууд цөөнгүй байсан. Гэхдээ кино бол уран сайхны аргаар харуулж буй учраас зохиолд байхгүй үйл явдлыг мөн сонирхолтойгоор харуулсан нь ч бий. Тухайлбал, хоёрдугаар бүлэгт гардаг Аръяа болон Тайвин Ланнистер хоёрын уулздаг хэсэг байна. Энэ үйл явдал эх зохиол дээр байдаггүй ч кинон дээр оруулж ирсэн нь тун сонирхолтой байсан. Миний хувьд зохиол илүү гэж хэлнэ. Харин киноны тухайд уран сайхны талаасаа харуулж байгаа учир ололттой зүйлүүд мэдээж бий. Тулааны хэсгүүдийг кинон дээр ном уншид байхдаа төсөөлж байснаас илүү дүрслэн харуулсан байх жишээтэй. Харилцан бие биенээ нөхдөг. 

-Киноны эхний бүлэг дээр үзэгчид хэдийнэ Старкийнхныг, тэр дундаа эцэг Старкийг гол дүр гэж итгэж байтал тэр үхчихдэг. Эндээс л кино үзэгчдийн анхаарлыг илүү татаж эхэлсэн болов уу?

-Миний хувьд 2013 онд киноны анхны бүлгийг үзэж байсан. Тухайн үед үйл явдал бүр хоорондоо нарийн зангилгаагаар холбогдож, дүрүүдийн онцлогийг харуулж байгаа нь анхаарал татаж байлаа. Үнэхээр ч эхний бүлгийн есдүгээр анги дээр Эддард /Нед/ Старкийг цаазаар авсан нь бүр ч гайхшруулсан. Учир нь үнэхээр түүнийг гол дүр гэж бодож байсан учраас эцсийн мөч хүртэл Эддард Старкийг яаж ийгээд амьд үлдэх байх гэсэн хүлээлттэй байсан ч тэр үхдэг. Энэ үед л “Хаан ширээний тоглоом”-ыг өөр түвшний кино байна даа гэж бодож дараа дараагийн хүлээлт улам өндөр болсон. 

-Эддардын араас түүний эхнэр болон том хүүг нь хөнөөдөг. Энэ үйл явдал нь үзэгчдийг мөн л цочирдуулсан гэж болно. Старкийн томчуул үхсэнээр үндсэндээ найдлага өөр тийш эргэж, гол дүр нь өөр нэгэн байж гэсэн бодол төрж байсан шүү?

-Энэ үеэс киноны хүлээлт бүрэн арилсан гэж болно. Хэн нэгнийг гол дүр юм байна гэж оноохоо больсон. Цаашид гарах ангиуд болон бүлгүүдээс гол дүрийн талаарх хүлээлт, таамаг алга болсон гэх үү дээ. 

-“ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ” ЦУВРАЛД ЭСРЭГ ДҮР ГЭЖ БАЙХГҮЙ-

-“Хаан ширээний тоглоом” цуврал бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралын гуравт ороход юу нөлөөлсөн гэж үздэг вэ?

-Эх зохиол өөрөө “Бөгжний эзэн” зохиолтой эн зэрэгцэж яригддаг. Кино зохиолчийн ур чадвар, арга барил тун онцгой. “Хаан ширээний тоглоом” кино бол долоон хаант улсын төмөр сэнтийн төлөөх тулаан учир дайны сэдэв голчилдог. Гэтэл кинонд дан ганц тулааныг гэхэд л тун сүр жавхлантайгаар үзүүлж чаддаг. Түүнчлэн тулаанаар зогсохгүй дүрүүдийн хайр сэтгэл, өш хонзон, амьдрал, дотоод үзэл санаа, хаант улсуудын улс төрийн бодлого, удмынхны гэр бүлийн дэг жаягийг ч хүртэл нарийн дүрслэн харуулдаг нь киног маш баялаг болгож чадсан. Түүнчлэн киноны дүрүүдийн харилцсан яриа, диалогиудыг хэлж болно. 

Бусад цувралуудаас ялгагдах онцлог гээд хэлвэл маш олон зүйлийг хэлж болох ч дүрүүдийн харилцан ярианы цаана нэг том үйл явдал, нууц оршиж байдаг. Өөрөөр хэлбэл бид киног үзэхдээ дүрүүдийн харилцан ярианаас хүртэл шинэ зүйлийг олж авч чаддаг гэх үү дээ. Кино сайн болж чадсаныг гэрчлэх нэг зүйл нь киноны дүрүүдийн карьер амжилтаас мөн харагддаг. “Хаан ширээний тоглоом” цуврал 2011 онд анх дэлгэцэнд гарч байхад уг цувралд ганц л алдартай жүжигчин тоглож байсан нь Эддард Старк /Sean Bean/ байсан. Бусад жүжигчдийн хувьд залуу, дөнгөж карьерээ эхлүүлж байсан. “Хаан ширээний тоглоом” кинонд тоглосноор шинэ, залуу жүжигчдийн хувьд өөрсдийгөө хөгжүүлж, карьерээ ахиулсан гэж болно. Уг цувралд тоглож, олонд танигдсаны дараагаар киноны дүрүүдэд кинонд тоглох саналууд ирж, бүлгээс бүлгийн хооронд нэр хүнд нь тасралтгүй өсч байгаа гэж болно. 

-Дүрүүдийн онцлогийг үнэхээр нарийн гаргаж чаддаг гэдэгтэй санал нэг байна. Долдугаар бүлэг хүртэл амьд үлдэж чадсан /инээв/ дүрүүд энэ хүртэл өөрийн онцлогоо харуулах гэж чамгүй хичээсэн шүү?

-Аливаа кинонд дүрийн хөгжил гэдэг зүйл маш чухал санагддаг. “Хаан ширээний тоглоом” цувралын тухайд дүрүүдийн хөгжил маш сайн гэж хэлж болно. Ийм учраас өнөөдрийг хүртэл амжилттай яваа цувралын нэг болсон биз. Тухайлбал, киноны эхний бүлгүүдэд Жэйми Ланнистер үзэгчдийн хамгийн дургүй дүрүүдийн нэг байсан. 

Гэтэл бүлгээс бүлгийн хооронд түүний дүр эерч, долоон бүлгийн дараа Жэйми үзэгчдийн хайртай дүрүүдийн нэг болох жишээтэй. Гэхдээ бүх дүр хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөн нь харагддаг. Аръяа, Санса гэх мэт дүрүүд бүгд л өөрийнхөө хэмжээнд хөгжиж чадсан. Харин миний хувьд ганц хөгжөөгүй дүр гэвэл Жон Снөү. Тэр анх ямар л байсан яг тэр хэвээрээ байгаа гэж хардаг. “Хаан ширээний тоглоом” цувралд эсрэг дүр гэж байхгүйг эндээс харж болно. Киноны нэг филисофи бол муу дүр бүрийн цаана учир шалтгаан бий гэж тайлбарлан харуулсанд байдаг. 

-Миний хувьд уг цувралаас хамгийн таалагддаг дүр бол Сэм, Бриэнн, Ходор, Аръяа нар.  Чиний хувьд?

-Миний хувьд киноны дүр гэвэл Рамсэй Болтон. Түүхэн гэвэл Эйгон Таргаръяан. Ер нь Таргаръяаны гэр бүлийнхэнд дуртай. Гэхдээ Дэнэрист бол тийм ч дуртай биш. 

-Тийм үү. Үзэгчид Жоффрэйг үхсэний дараа Рамсэйг үхэхэд баярласан болов уу гэж боддог? 

-Рамсэй Болтоны хувьд түүний эцэг Рүүс Болтон анд явах үеэрээ жирийн ард эмэгтэйтэй учирснаар Рамсэй Снөү төрдөг. Түүний эцэг Рамсэйг бусад лордуудын л ижлээр дэргэдээ авалгүй нууцаар өсгөсөн. Рамсэйгийн эцэг ээжид нь туслуулахаар Рик гэх эрийг тэднийх рүү илгээсэн бөгөөд хүүг багаас нь элдэв амбицаар тархийг нь угаасан гэж үздэг. Хэдийгээр нэр нь Болтон биш ч үйлдлээрээ Болтон шиг байхын тулд тийм харгис, хэрцгий нэгэн болох гэж хичээдэг байсан. Кинон дээр Рамсэй дайсныхаа арьсыг өвчиж байгаа нь тэдний удмынхны уламжлал байдаг гэх үү дээ. Гэхдээ Рамсэйгийн хувьд эцэгтээ тоогдохын тулд л тийм хэрцгий нэгэн болж хувирсан гэж үздэг. Мөн түүнийг өөрийн эцэг нэгт ах Доминик Болтоны нууцлаг үхэлд буруутай ч гэдэг. 

-ЭХНИЙ ТУЛААНД ГОЛ ДҮРҮҮД ЯЛАГДАЖ, ОЛОНХ НЬ ҮХЭЖ ДАРААГИЙН ТУЛААНД ХҮЧЭЭ ШАВХАЖ МАГАДГҮЙ-

-Старкийнхны үхлийн шалтгаан болоод Серсиагийн уур, хонзонг нэмэгдүүлэхэд лорд Бэйлиш хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн шүү дээ. Кинон дээр гардаг хамаг л дайны шалтгааныг Бэйлиш өрдөж байсан гэж хардаг?

-Яг тийм. Петер Бэйлишийн эцсийн зорилго бол төмөр сэнтий буюу хаан болох хүсэл. Энэ хүсэлдээ хүрэхийн тулд хаант улсын хоёр хүчирхэг гэр бүл болох Старк, Ланнистерыг хооронд нь эвдрэлцүүлдэг. Киноны эхний бүлгүүдэд гардаг таван хааны дайны үндсийг тавьдаг. Кэтилин Старк өөрийнх нь хүүг алуулахаар алуурчин хөлсөлсөн хүнийг олохоор нийслэлд ирэхэд Бэйлиш өөрийнхөө хутгыг гэж хэлээд бооцоонд Робертод алдсан ч Трион Ланнистерд алдсан гэж хэлдэг. Үүнээс болж Кэтилин Старк Трионыг олзолж авч явснаар киноны туршид үргэлжлэх дайн эхэлдэг. Киноны эхэнд гардаг Жон Аароны үхэл бол Петер Бэйлиш зохион байгуулсан байдаг. Үүнийгээ Ланнистерууд хийсэн мэтээр харагдуулахын тулд ЛайзаАароноор Кэтилин рүү захиа бичүүлсэн байдаг. 

-Киноны нэг сонирхолтой дүр нь улаан шулам. Долдугаар бүлэг дээр улаан шулмыг ганцаараа биш шашны бүлгэм гэж ойлгосон? 

-Улаан эмэгтэй нар бол гэрлийн бурхан шүтдэг шашины хуваргууд юм. Гэрлийн бурхан нь Эсосс тивд дэлгэрсэн шашин ба кинон дээр Торос, Мелисандра, Кинвара болон Волантис хотод нэг эмэгтэй,  нэг залуу гардаг. Тэдний домогт ертөнцийг аврах Азор ахай гэж баатар гардаг ба хуварга бүр хувьдаа хэн нэгнийг тэр баатраа гэж бодсоноор эсрэгцдэг.

-Киноны талаар олон таамгууд үзэгчдийн дунд явдаг. Сүүлд л гэхэд Браныг өөрөө цагаан алхагч гэж яригдаад эхэлсэн?

-Фотошопчид маань энэ сэдэв дээр их ажилласан байх шүү /инээв/. Шөнийн хаан өөрөө варкын /зөнч/ чадвартай байсан болохоор Бран Шөнийн хаан уу гэсэн яриа гарсан байх. Гэхдээ кино өөрөө таамаглах боломжгүй гэдгээрээ өнөөг хүрсэн учраас Шөнийн хааны хамгийн том дайсан болох Бран өөрөө тэр нэгэн нь болж хувирахын бол ёстой л нэг “Хаан ширээний тоглоом” болж харагдах учраас ийм таамаг гарсан ч байж болно. Кинонд өнөөдрийг хүртэл санаанд оромгүй үйл явдлууд болсоор ирсэн шүү дээ. 

-Винтерфилл дэх бунханд Бранаас бусдынх нь бунхан байсан нь тун сонирхол татсан?

-Яг тэр хэсгийг харахад зохиолтойгоо огт авцалдаагүй санагдсан. Яагаад гэхээр Винтерфиллийн бунханд зөвхөн өвлийн хаад эсвэл Старкийн лордуудын хөшөө байдаг. Уг нь эмэгтэй хүний хөшөө байх ёсгүй байдаг ч ганц эмэгтэй хүний хөшөө байдаг нь Лиана Старк. Өөр эмэгтэй хүний хөшөө бол байх ёсгүй угтаа. Бран гурван нүдэт хэрээ болсон учраас тэнд хөшөө нь байгаагүй гэж би бодож байгаа. Хүмүүсийн хувьд бол Бран өөрөө Шөнийн хаан гэсэн таамагтай байх шиг байсан. Киноны найруулагчид цувралын төгсгөлд үзэгчдийн хүсч, хүлээж байгаагаар Браныг Шөнийн хаан болгож төгсгөвөл миний хувьд таалагдахгүй ч үзэгчдийн хувьд бол хүлээсэн төгсгөл байж магадгүй юм. 

-Үзэгчдийн анхаарлын төвд байгаа нэг зүйл нь Снөү, Луугийн эх хоёрын харилцаа? 

-Дэнэрисийн ах Рейгор Таргаръяан гэж байсан. Тэр Жон Снөүгийн аав болж таарч байгаа. Ингэхээр Дэнэрис Снөүгийн авга гэсэн үг. Снөү Дэнэрисээс нэг жилийн өмнө төрсөн учраас авга дүү нь гэж хэлж болохгүй. Хайр сэтгэлийн харилцаатай болж, гэрлэхэд тэдний хувьд саадгүй гэх үү дээ. Учир нь Таргаръяаны удмынхан эртнээс үеэл, ах дүү нар хоорондоо гэрлэсээр ирсэн нь удмынхаа цагаан үс, ягаан нүдийг хэвээр нь хадгалж үлдэх зорилготой нь холбоотой юм. 

-Сүүлийн бүлэг гарах хугацаа ойртсоор байна. Үзэгчид төмөр сэнтийд хэн суух бол гэдэг асуулт дүүрэн хүлээж байгаа байх. Мэдээж олон дүрийн өрсөлдөөн байгаа. Роберт хааны бутач хүүд жишээ нь  боломж бий юу?

-Төмөр сэнтийд хууль ёсны залгамжлагч гэж байхгүй болсон. Роберт хааны  дүү нар болон түүний хүүхдүүд бүгд үгүй болсон. Ингэхээр хууль ёсны залгамжлагч гэхээс илүүтэй хэн хүчирхэг цэрэг армитай, дэмжлэгтэй байгаа нь л хаан ширээнд суух боломжтой. Төмөр хаан ширээг Таргаръяаны удмынхнаас Баретоны удмынхан булааж авсан учраас Таргаръяануудын хувьд залгамжлал ярих нь утгагүй. Роберт хааны бутач хүү хэрвээ дэмжигчидтэй болж чадвал хаан ширээнд суухыг үгүйсгэхгүй. Гэхдээ хаант улсуудын хувьд бутач нэр тийм ч сайн нэртэй байдаггүй болохоор боломж тун бага байх. 

-Долдугаар бүлгийн төгсгөлд Серсиа их тулаанд нэгдэхгүй гэдгээ Жэймид хэлдэг. Энэ нь киноны бүхий л улиралын турш хамт байсан Жэйми, Серсиа хоёрыг тэрсэлдүүлэх шалтгаан болсон нь үзэгчдийн анхаарлыг татсан. Төгсгөлийн бүлэгт Серсиа хэрхэх бол гэдэг тун сонирхолтой байгаа?

-Серсиа “Алтан нөхөд” хөлсний цэргийн бүлгэмийг хөлслөхөөр болсноо хэлдэг. Тэд бол киноны үйл явдал болж байгаа Эссос тивийн зүүн талд байрлах тивийн хамгийн алдартай хөлсний цэргийн бүлгэм. Арван мянга гаруй цэргийн хүчтэй гэж эх зохиол дээрээ гардаг. Энэ хүчийг Серсиа ашиглах талаараа хэлдэг. Миний хувьд энэ хөлсний цэргийн бүлгэм кинон дээр хэрхэн дүрслэгдэн гарах бол гэдэг тун сонирхолтой санагдаж байгаа. Тэд бол Вестериорсоос цөлөгдсөн хүмүүсийн үр удмынхан юм. 

-Төгсгөлийн бүлгийг хэрхэн төсөөлж байна вэ. Их тулааны талаарх таамгаа хуваалцаач?

-Одоогийн байгаа гол дүрүүдээс ихэнх нь үхэх болно гэж бодож байгаа. Киноны төгсгөлд төмөр хаан ширээнд хэний ч төсөөлөөгүй хүн суух болов уу. Хоёр том тулаан болж магадгүй. Эхний тулаанд гол дүрүүд ялагдаж, олонх нь үхэж дараагийн тулаанд хүчээ шавхаж магадгүй юм. Эхний тулаан мэдээж Винтерфиллийн ойролцоо болох болов уу. Хоёр дахь тулаан урагшаа голын хөндийд ч болж магадгүй. 

-Киноны Монгол дахь фэн клуб бий юу. Цувралын талаарх хамгийн сонирхолтой мэдээлэл, нийтлэлүүдээр үзэгчдийн дунд хэлэлцүүлдэг өрнүүлдэг “Хаан ширээний тоглоом” пэйж болон “Game of Thrones сонирхогч Монгол залуус” групп хэзээнээс идэвхжиж эхэлсэн бэ?

-Фэн клуб гэхээсээ илүү фэйсбүүк групп илүү идэвхтэй ажилладаг. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 24 мянга гаруй гишүүдтэй, байнгын идэвхтэй үйл ажиллагаатай байна. 2018 онд цувралыг IPTv-нүүд кино сандаа орчуулгатайгаар оруулж ирснээр үзэгчдийн пэйж хуудас, групп дэх идэвх улам бүр нэмэгдсэн. Эдгээр группээс гадна олон жижиг группууд сонирхол, сэдвээрээ салаалсан байгаа. Цувралыг үзэж байгаа болон үзэхээр төлөвлөж байгаа хүмүүст хэлэхэд төгсгөлийн бүлгээс өмнө үзээд групп, пэйжээс илүү сонирхолтой мэдээллүүд олж уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой шүү гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button