Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин, В.Путин нар айлчлал угтсан нийтлэлдээ юу гэж бичив?

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин ОХУ-д хийх гурван өдрийн айлчлалаа өнөөдөр эхлүүлэх билээ. Айлчлалаар хөндөгдөх асуудлууд, талуудын харж буй өнцөг, байр суурийн талаар бид өмнө нь “Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлал: А-гаас Я хүртэл...” хэмээх мэдээлэл оруулсан. Тэгвэл энэ удаад хоёр удирдагч нүүр тулж уулзахаасаа өмнө бичсэн нийтлэлдээ юу гэж бичсэнийг товчлон хүргэж байна.   

Владимир Путин: Энхийг тогтоох үйл явц амжилттай байх эсэх нь талууд асуудлыг геополитик давамгайлсан бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, нухацтай ярилцахад бэлэн байхаас хамаарна

БНХАУ-ын “Жэньминь Жибао” сонинд зориулсан нийтлэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгч:

“БНХАУ Украинд өрнөж буй үйл явдлуудын үндэс суурь, бодит шалтгааныг ойлгож, асуудалд бодитой, тэнцвэртэй хандаж байгаад бид талархаж байна. Хятад улс хямралыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг бид сайшааж байгаа.

Манай улс хятад найз нөхдийнхөө нэгэн адил НҮБ-ын дүрмийг чандлан сахиж, олон улсын эрх зүй, хүмүүнлэгийн хэм хэмжээг хүндэтгэхийн төлөө байна. УАЦЭ-ийн зүгээс илт зөрчиж буй аюулгүй байдлын зарчимд бид үнэнч байна.

Мөн түүнчлэн дэлхийн цөмийн аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хариуцлагагүй, аюултай үйлдлүүдэд нь гүнээ санаа зовж байна. Нэг талын санаачилгаар тавигдсан, хууль бус хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй.

ОХУ Украины хямралыг улс төр-дипломат яриа хэлэлцээрийн аргаар зохицуулахад нээлттэй. 2022 оны дөрөвдүгээр сард зогссон энхийн хэлэлцээрийг манай талаас зогсоогоогүй. Энхийг тогтоох үйл явц хэр амжилттай байх нь асуудлыг геополитик давамгайлсан бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, нухацтай ярилцахад бэлэн байхаас л хамаарна. Харамсалтай нь, манайд хаягласан шаардлага нь ийм бодит байдлаас хол, өнөөгийн нөхцөл байдлаас гарах арга замыг хайх сонирхолгүй талаас л асуудалд хандаж байна”.

Ши Жиньпин: Украины хямралаас гарах оновчтой арга зам, дэлхий дахинд тогтвортой энх тайван, бүх нийтийн аюулгүй байдалд хүрэх зам олдоно гэдэгт бид итгэлтэй байна

"Российская газета"-д гарсан нийтлэлдээ БНХАУ-ын удирдагч:

“Хятад улс Украинд энх тайван тогтооход хүчин чармайлт гаргаж, асуудалд бодитой, шударга байр сууринаас хандаж ирсэн. Миний өмнө нь хэлсэн олон үзэл баримтлал нь Украины асуудлыг зохицуулахад Хятадын баримтлах үндсэн зарчим юм. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг дагаж мөрдөх, улс орнууд аюулгүй байдлынхаа талаар үндэслэлтэйгээр санаа зовж буй байдлыг хүндэтгэх, Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжих, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах зэрэг болно.

Саяхан танилцуулсан Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах Хятадын байр суурь нь талуудын оновчтой санааг харгалзан үзэж, Украины хямралыг даван туулах Дэлхийн хамтын нийгэмлэгийн үзэл бодлын нэгдмэл байдлыг дээд зэргээр тусгасан. Энэхүү баримт бичиг нь хямралын үр дагаврыг саармагжуулах, улс төрийн зохицуулалтыг дэмжихэд бүтээлч хүчин зүйл болж байна.

Нарийн төвөгтэй асуудалд энгийн шийдэл байдаггүй.

Хүн бүр нийтлэг, иж бүрэн, хамтарсан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага болгож, харилцан яриа хэлэлцээ, зөвлөлдөөнийг эрх тэгш, ухаалаг, прагматик байдлаар үргэлжлүүлбэл Украины хямралаас гарах оновчтой арга зам, дэлхий дахинд тогтвортой энх тайван, бүх нийтийн аюулгүй байдалд хүрэх зам олдоно гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button