Өнцөг: Эцэг эхийн бус гэр бүлийн тэмцээн болгоё

Ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ сургах эцэг эхчүүдийн дунд спортын тэмцээн хийгээд урлагийн наадам зохион байгуулж байгаа нь цахим орчинд нийгмийг хоёр талцуулж буй. Тодруулбал, сурагчдын дунд өрнөх спорт өдөрлөг, урлагийн наадам намрын улиралд болсон бол хаврын цагт эцэг эхчүүдэд зориулсан үйл ажиллагааг сургуулиас зохион байгуулдаг ажээ.
Уг үйл ажиллагааны гол агуулга нь хүүхэд, эцэг эх, багш гурвын хамтын ажиллагаа хэмээн тодорхойлдог.
Манай улсын хувьд эдгээр үйл ажиллагааг эцэг эхчүүдийн дунд зохиодог ч олон улсын жишгээр харвал хүүхэд болон эцэг эх хамтдаа урлагийн үзүүлбэр үзүүлж, эсвэл тэмцээнд хамтдаа өрсөлддөг нь дээрх хамтын ажиллагааг бий болгодог байна. Ингэснээр хүүхэд гэр бүлтэйгээ илүү дотно болж, эцэг эхчүүд ч хүүхэдтэйгээ харилцах харилцаанд нөлөө үзүүлдэг ажээ. Тиймээс дэлхийн бусад улс оронд "Family day" эсвэл "Family Art Festival" гэх мэт гэр бүлийн нэршлээр нэрлэж, зохион байгуулдаг аж.
Эцэг эх хийгээд сургуулийн ч зөв. Хэнийг ч буруутгах боломжгүй. Харин зохион байгуулах үйл ажиллагаа нь өөрөө буруу байгаа хэрэг.
Үүнд хамгийн ихээр хохирдог хүмүүс багш нар. Нэг талаас эцэг эх, нөгөө талаас удирдлагуудын дарамтад өртдөг тэдний хувьд тайлан, бичиг цаасны ажлаас эхлээд ажлын ачааллууд байх хэдий ч удирдлагуудаас даалгах элдэв янзын үйл ажиллагаа, арга хэмжээнд эцэг эхчүүдийг уриалах шаардлагатай болдог. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэж тэднийг нэрлэж болохоор.
Товчоор бол минут цаг бүр хүмүүсийн хувьд үнэ цэнтэй болсон үед эцэг эхчүүдийн зүгээс уг үйл ажиллагаануудыг цаг үрсэн зүйл хэмээн харж байна. Харин сургуулийн зүгээс эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж байгаа ажил хэмээн хардаг. Багш нарын хувьд ердөө энэ хоёр харилцааг холбох гүүр болж буй. Хүүхдүүдийнхээ сургуульд өнгөрүүлэх мөчид нь дурсамж үлдээхийг хүсэж байгаа бол тэднийг эцэг эхтэй нь хамтад нь оролцуулна уу гэхээс зөвхөн эцэг эхчүүд оролцох нь өнөөгийн нийгэмд хэр тохиромжтой зүйл вэ, бодох л хэрэгтэй.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэггүй үйл ажиллагаа явуулж хүмүүсийн амр�##�тын ажлын цаг үрэх хэрэггүй.